Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00207

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1657 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

Н.Хүрэлбаатар,******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 86,850,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,850,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******эд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч*******: ...2019.05.21-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон учраас дахин хүү тооцох боломжгүй, жилийн 21,600,000 төгрөгийн хүүтэй гэж үзвэл зээлийн хүүд 14,900,000 төгрөгийг төлсөн тул 6,700,000 төгрөгийн хүүний үлдэгдэл байна, ...Д.Отгонсүх хамтран зээлийн гэрээ байгуулж, О.Хулангоо*******ийн эзэмшлийн 99118232 дугаарыг 35,000,000 төгрөгөөр зарж уг зээлээс хасуулахаар тохиролцсон, ...хуульд зааснаар 45,000,000 төгрөгийн 50 хувь буюу 22,500,000 төгрөгийн алданги тооцох ёстой. гэж маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан*******аас 77,550,000 төгрөгийг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч*******эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ү-2206050192 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67 б байр, 806 тоот 53.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1657 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх алдангийг тооцохдоо үндсэн зээлийн төлбөр дээр хүүгийн төлбөрийг нэмж, үүнээс алданги тооцож байгаа нь энэ талаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үндсэн зээлийн үлдэгдлээс алданги тооцох боломжтой ч зээлийн хүүгээс алданги тооцож, яг тэдэн төгрөг гэх боломжгүй юм. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлбол шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тооны мөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт хүү тогтоож болохыг хуульчилсан заалт нь шууд утгаараа гүйцэтгээгүй үүрэгт хамааруулах тухай ойлголт биш гэж үзэж байна. Нөгөө талаар зээлийн хүү гэдэг нь зээлийн үндсэн төлбөр биш бөгөөд уг зээлийн мөнгийг ашигласны төлөө нэмэлтээр тооцогдож байгаа болохоос бодитоор зээлдэгчид олгогдсон мөнгө биш юм. Мөн *******, О.Хулангоо нар*******ийн 9911 дугаарыг 2019 оны 05 сард 35,500,000 төгрөгөөр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, О.Хулангоогийн гэрчийн мэдүүлэгт байдаг. Энэ тооцоог 2018.05.21-ний өдрийн 45 сая төгрөгийн зээлийн төлбөрөөс хасч тооцох ёстой байсан. Үндсэн зээлээс төлсөн төлөлтийг тооцож гаргаагүйгээс алдангийн тооцоолол ч үндэслэлгүй байна. Иймд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн нийлбэр дүнгээс алданги /45,000,000 + 6,700,000 = 51,700,000 төгрөгийн 50 хувь болох 25,850,000 төгрөг нь алданги/ тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүүгийн төлбөр 6,700,000 төгрөгөөс алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөд барьцаалбар хийгдээгүй учраас шууд барьцааны үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Барьцаа хөрөнгө гэдэг үүргийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд үүргийг хангуулах эцсийн арга болохоос төлбөр төлөх эхний боломж биш юм. Ерөөсөө шууд л тэргүүн ээлжинд үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах юм бол*******аас 77,550,000 төгрөгийг гаргуулах шийдвэр шаардлагагүй бөгөөд 77,550,000 төгрөгийн үүргийг уг үл хөдлөх хөрөнгөөр хангуулж шийдэх нь ёстой байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх байгууллагад даалгаж, нэхэмжпэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч **************,******* нарт холбогдуулан 2018.05.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 12,900,900 төгрөг, алданги 28,950,000 төгрөг, нийт 86,850,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хоро, Үйлдвэр гудамж, 67/б байр, 806 тоот 53.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнээс хангуулахаар шаардсаныг хариуцагч нар үндсэн зээлд 45,000,000 төгрөг, хүүд 6,700,000 төгрөг, алдангид 22,500,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх 77,550,000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч*******эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

8. Зохигч 2018.05.21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* 45,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр, гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 67/б байрны 806 тоот 53.3 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалж Барьцааны гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 281 дүгээр зүйлийн 281.1., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д нийцсэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй байна, анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.1., 232.3., 232.4.-т тус тус зохицуулсан.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, ...үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заажээ.

 

9. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр гэрээний дагуу зээлдүүлэгч 45,000,000 төгрөгийг зээлдэгч*******ын эзэмшлийн Хас банкин дахь дансанд шилжүүлсэн, зээлийн төлбөрт зээлдэгч нараас зээлийн хүүд 14,900,000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч нь хариуцагч*******ээс татгалзсан үндэслэлээр хариуцагч*******аас зээлийн төлбөрт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,700,000 төгрөг, алдангид 25,850,000 төгрөг, нийт 77,550,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6, 175 дугаар зүйлийн 175.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх зээлийн хүүнээс алданги тооцсон нь хууль зөрчсөн тул 6,700,000 төгрөгөөс алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү, ... нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргаж барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар шүүхийн шийдвэрт заасан тул шийдвэр, магадлал хуульд нийцээгүй, ...иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

 

10.1. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6.-д тус тус зохицуулсан.

 

Зохигч гэрээний 2.7.-д зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгч талд төлнө гэж тохиролцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн гэрээний хугацаанд гүйцэтгээгүй үүрэг 51,700,000 /45,000,000+6,700,000/ байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн хоногт төлөх алдангийн хэмжээ /51,700,000х0,5/ 258,500 төгрөг байна үүнийг хугацаа хэтэрсэн 112 хоногоор үржүүлэхэд 28,952,000 төгрөг болж байх боловч хуулийн 232.4.-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй үндэслэлээр гүйцэтгээгүй үүрэг 51,700,000 төгрөгийн 50% болох 25,850,000 төгрөгөөр алдангийг тооцсон хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэгт гэрээний хугацаанд төлөх хүүгийн төлбөр тооцогдож байгаа тул хүүний үлдэгдэл 6,700,000 төгрөгт алданги тооцохгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

10.2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 175 дугаар зүйлийн 175.1.-д ...үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэжээ.

 

Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэлт гаргасан бөгөөд барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө тул хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг ...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан... гэж үзэхгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зав тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1657 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагаас 2020.08.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД