| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/1901/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 190
М.О, О.Цнарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Сансар,
шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Г.Баатарсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Г.Баатарсүрэн, шүүгдэгч М.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.О, О.Цнарт холбогдох эрүүгийн 1906036671846 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны Өршөөл үзүүүлэх тухай хуулиар хорих ялын хугацаа хасагдаж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
М.О, О.Цнар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны баруун талын төв зам дагуу явж байсан 18 насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын 408,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-7 эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.О, О.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: р нарыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, О.Цнарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.О, О.Цнарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, М.О, О.Цнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.О,О.Цнар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О, О.Цнараас 215.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Г.Баатарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэргийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хэрэг үйлдэгдсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч А.Лхагва-Очирын “...гар утсаа халааснаасаа гаргаж ирээд гартаа барьчихсан явж байсан. Тэгтэл сайн уу? ахын дүү гэсэн, тэгэхээр нь би таныг таних бил үү гэхэд намайг таних албагүй гэж хэлээд гарт байсан утсыг булаагаад Баянмонгол хорооллын зүгт зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 15/,
Шүүгдэгч М.Оын гэрчээр өгсөн “...тухайн хүүхэд гар утсаа гаргачихсан зогсож байхаар нь би булааж аваад Баянмонгол чиглэлтэй гүйсэн. Харин Цогтбаяр миний араас дагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх 23/,
Шүүгдэгч М.Оын “...Бид хоёрын урд талд нэг арван жилийн сургуулийн хүүхэд гар утсаа гартаа барьчихсан явж байхаар нь би шууд араас нь очоод гартаа барьсан утсыг булааж аваад чигээрээ гүйсэн. Миний араас Цогтбаяр гүйсэн...” гэх мэдүүлэг, мөн уг мэдүүлгийн “Дээрэм хийх талаар хэн санаачилсан юм бэ?” гэх асуултад “...Би гар утсыг нь булаахыг санаачилж, булааж аваад цаашаа гүйсэн...” гэх мэдүүлэг /хх 45/,
Шүүгдэгч М.Оын шүүх хурапдааны явцад мэдүүлсэн “...Би О.Цт туслая гэж бодоод хэлэлгүй ийм хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Цогбаярын гэрчээр өгсөн “...Оргил мөнгө хэрэгтэй байгаа, энэ утсыг авчихъя гэж хэлээд тухайн хүүхдийн араас нь гүйгээд гарт нь байсан утсыг аваад цаашаа гүйхээр нь би хамт явж байсан болохоор араас нь дагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх 19/, уг мэдүүлгийн “Та Оргилыг тухайн хүүхдийн гар утсыг булаан авч, зугтана гэдгийг мэдэж байсан уу?” гэх асуултад “Би мэдээгүй байсан. Оргилыг аваад зугтчихаар нь би хамт явж байсан учир гайхаад дагаад араас нь гүйсэн” гэх мэдүүлэг /хх 20/,
Шүүгдэгч О.Цын “...Бид хоёр хоорондоо ярьж тохироогүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 4 дүгээр хуудас/, “...Оргил урд явж байсан хүүхдийн гар утсыг булаагаад зугтаахаар нь би сандраад араас нь дагаж гүйсэн...” гэх мэдүүлэг /хх 51/, мөн уг мэдүүлгийн “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх санааг хэн гаргасан юм бэ?” гэх асуултад “...Оргил гэнэт урдах хүүхдийн гар утсыг булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 50, 51/,
Дээрх мэдүүлгүүдээс үзвэл, миний үйчлүүлэгч О.Цнь тухайн хэргийг шууд үйлдэх санаа зорилгогүй байсан, хэргийг шүүгдэгч М.О нь өөрөө санаачилж гүйцэтгэсэн болох нь тогтоогдоно. Шүүгдэгч О.Цнь найзынхаа хийсэн үйлдлийн золиос болж 2 жил хоригдох ял шийтгүүлээд байна. Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ёстой байтал энэ нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр шууд ижил хэмжээтэй ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоолд “...шүүгдэгч М.Оыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай...” гэмт хэрэг үйлдсэн гэх /хх 95, 96/ баримт байна. Тухайн хэргийг үйлдэхэд шүүгдэгч О.Цбайлцсан хэдий ч түүнтэй адил үйлдэл гаргаагүй болох нь уг тогтоолоос харагдана. Шүүгдэгч М.О нь илүү ноцтой байдлаар энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг, хэргийг санаачлан гүйцэтгэдэг гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой.
2. Эрүүгийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар ямар нэг гомдол саналгүй байна. Үүнд: Хохирогч А.Лхагва-Очир болон түүний хууль ёсны төлөөлөгч В.Өнөр нарын “хавтас хэргийн материалтай танилцлаа, гомдол санал байхгүй” гэх тайлбар /хх 84/, хохирогчийн аав Г.Амгалангийн “миний төрсөн хүү А.Лхагва-Очирын биед ямар нэг гэмтэл учраагүй ба одоо хохиролгүй (санал гомдол байхгүй)” гэх тайлбар /хх 83/,
Иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярын “...гомдол гэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх 28/ зэргээс үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй гэж мэдүүлж буй учир шүүхээс хөнгөн ялыг сонгон оногдуулах боломжтой.
О.Цын яллагдагчаар өгсөн “...Маш их гэмшиж, харамсаж байна. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй амьдрахаа баталж байна. Хөнгөн ял шийтгэж өгөөч гэж гуйж байна...” гэх мэдүүлэг /хх 51/, шүүх хуралдаан дээр хэлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг цалин буухаар төлнө.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 3 дугаар хуудас/ зэргээс үзвэл шүүгдэгч нь хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа ухаарч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Мөн шүүгдэгч О.Цнь гэрчийн мэдүүлэг өгөхөөс эхлээд бүхий л мэдүүлгийн туршид гэм буруугаа хүлээсэн. Тиймээс шүүх түүний сайн дураар бүх мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсныг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой.
Гэрч Ц.Мөнхцоожийн “...Миний хувьд Цогтбаярыг бол сайн мэднэ. Цогтбаяр нь ямар нэг элдэв ааш араншин байдаггүй, төлөв томоотой, ажил амьдралын төлөө явдаг хүүхэд байгаа юм. Ер нь бол ар гэрийн амьдрал муу. Цогтбаяр эгч дүү нараа тэжээж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх 24/ нь шүүгдэгч О.Цыг засрах боломжтой хүн гэдгийг илтгэнэ. Харин түүнийг хорих ялаар шийтгүүлсний улмаас түүний орлогоор амь зуудаг ар гэрийнхэн нь хүнд байдалд ороод байна.
Мөн шүүгдэгч О.Цнь сүрьеэ өвчнөөр өмнө нь өвдөж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд одоо ч бүрэн эдгэрээгүй уушиг нь толботой байгаа. Түүний хувьд хорих ялаар шийтгэгдэх нь өвчнийг нь сэдрээх, бүрэн эдгэрч чадахгүй байснаар өвчин нь улам хүндрэх магадлалтай. Шүүх хуулийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай холбоотой зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.
3. Улсын яллагч “...Шүүгдэгч М.О, О.Цнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зургаан сар хорих ялыг тус тус оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэж санал гаргасан.
Гэтэл шүүх улсын яллагчийн 1 жил зургаан сар хорих ял оногдуулах саналыг ямар үндэслэлээр 2 жил хорих болгон нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй байна. Нөгөө талаас шүүх ялыг оногдуулахдаа миний үйлчүүлэгч О.Цын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэхгүйгээр хэргийг гүйцэтгэсэн шүүгдэгч М.Отой яг адил хэмжээтэй ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Шүүх шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирол төлбөрийг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж, шүүгдэгч Отгонцэцэгийн Цогтбаярт оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэний нэхэмжлэгч Эрхэмбаярын хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө барагдуулж дуусгахаа амлаж байна. Ийм учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч М.О нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Мөн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, засарч хүмүүжихээ илэрхийлж байгаа. Шүүгдэгч нар нь өөрсдийн хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байсан. Өнөөдрийн байдлаар иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулах хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгч Эрхэмбаяр ямар нэг гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр энэ нь дээрмийн гэмт хэрэг хэдий ч нийгмийн аюулын шинж чанар, хор хохирлоор бага, ял шийтгэл хөнгөрүүлэх боломжтой харагдаж байна. Г.Баатарсүрэн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд М.Оыг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэж байна. Ингэж ойлгох нь өрөөсгөл юм. Учир нь М.О нь хэлбэрийн хувьд энэхүү гэмт хэргийг санаачлан гүйцэтгээд байгаа боловч гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа, зорилгын хувьд тийм биш байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, М.О нь О.Цт мөнгө хэрэгтэй байна гэдэг үүднээс энэхүү гэмт хэрэгт холбогдсон. Мөн утсыг зарсан мөнгийг М.О ашиглаагүй, О.Цт өгсөн байдаг. Түүнчлэн өмнөх шийтгэх тогтоолыг иш татаж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн гэмт хэрэг тухайн цаг хугацаандаа шийдэгдээд өнгөрчихсөн учир энэ гэмт хэрэгт хамаарал байхгүй. М.О нь Анагаах Ухааны Их сургуулийн уламжлалт анагаахын ангийн 4 дүгээр курсийн оюутан. Сургуулиа төгсөхөд 1 жил дутуу байгаа. Ээж, аав нь группд байдаг ар гэрийн хүнд хэцүү нөхцөлд байдаг зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Боломжтой бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгөөч гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Цтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тайлбар байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэв.
Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...М.О, О.Цнарт холбогдох хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон. Прокурорын зүгээс ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Учир нь, эдгээр шүүгдэгч нар нь урьд өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан. Олон жил найзласан хэнийхээ буруу үйлдэл хийгээд байдгийг ялгаж, буруу үйлдэл нь зөвлөгөө өгөх хэмжээний чадвартай хүмүүс байгаа. Гэмт хэргийг хэн нэгэн гардан үйлдсэнээрээ илүү ял авах, ард нь үлдсэнээрээ бага ял авах хууль зүйн гаргалгаа байхгүй. М.О, О.Цнар нь үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул ялыг ялгамжтай оногдуулах үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
М.О, О.Цнар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны баруун талын төв зам дагуу явж байсан 18 насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын 408,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-7 эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын: “...Миний бие Энканто хотхонд байрлах усан бассейны сургалтанд хамрагдчихаад эргээд гэртээ харихаар явж байтал Оргил худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд төв зам дагаад алхаж явсан. Тэгтэл үл таних 20 орчим насны 2 эрэгтэй хүн гэнэт гарч ирсэн, тухайн үед би ээжтэйгээ утсаар ярих гээд гар утсаа халааснаасаа гаргаж ирээд гартаа барьчихсан явж байсан. Тэгтэл “сайн уу ахын дүү” гэсэн, тэгэхээр нь “би таныг таних билүү” гэхэд “намайг таних албагүй” гэж хэлээд гарт байсан гар утсыг булааж Баянмонгол хорооллын зүгт зугтаасан... 2017 оны 8 сард ээжтэйгээ хамт Солонгос улс руу явсан юм. Тэгэхдээ Солонгосоос 350.000 воноор худалдаж авч байсан... Миний биед гар хүрээгүй, цохиж зодоогүй, ямар нэгэн гэмтэл шарх байхгүй...” /хх 15/,
С.Эрхэмбаярын иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн “... өндөр нуруутай залуу нь голчлон яриад үнэ хөлсийг нь тохирох гээд “230.000 төгрөгөөр авахгүй” гэхэд “215.000 төгрөгөөр авчих” гэхээр нь утас нь хэвийн ажиллагаатай байсан ба би хаширлаад “иргэний үнэмлэхний зургийг чинь дарж авна” гэхэд хоёр залуу нь иргэний үнэмлэхээ өгч зургийг нь дарсан. Өндөр нуруутай залуу нь иргэний үнэмлэхгүй байсан... 215.000 төгрөгөө авчихвал сайн байна...” /хх 28/, гэрчээр мэдүүлсэн “Би Орон зай худалдааны төвийн 3 давхарын С-7 павилонд гар утас засвар ажилуулдаг ба 2018 оны 11 дүгээр сарын дундуур 20-25 орчим насны 3 залуу ирээд “Самсунг галакси эс-7 эдж загварын гар утас авах уу, зарна шүү” гэхээр нь 215.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гар утсыг худалдаж авахдаа тухайн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхийн зургийг дарж авсан бөгөөд 1 дэх нь Отгонцэцэг овогтой Цогтбаяр /РД: Й395122810/, 2 дахь нь Цагаан овогтой Мөнхцоож /РД: МХ95071315/ байсан...” /хх 17/,
гэрч Ц.Мөнхцоожийн: “...ямар хэрэг хийж авсан утас гэж хэлээгүй, өөрсдийнхөө утсыг зарж байна гэсэн. Би тийм юм байх гэж л бодсон...” /хх 24-25/,
М.Оын яллагдагчаар мэдүүлсэн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр найз Цогтбаярын хамт цагийн ажил хийхээр хайгаад явж байсан юм. Тэгээд бид хоёр Энканто хотхоны орчимд төв замаар явж байсан /16 цагаас 17 цагийн хооронд байсан байх/ цаг хэд болж байсныг бол мэдэхгүй байна. Бид хоёр хоорондоо тоглоом хийгээд “хүний юм булааж аваад гүйчихвэл балрах байхдаа” гэж тоглоод ярьж байсан юм. Тэгсэн чинь бид хоёрын урд талд нэг арван жилийн сургуулийн хүүхэд явж байсан. Гар утсаа гартаа барьчихсан явж байхаар нь би шууд араас нь очоод гартаа барьсан утсыг булааж аваад чигээрээ гүйсэн. Миний араас Цогтбаяр гүйсэн. Тэгээд бид хоёр Бөмбөгөр худалдааны төв рүү шууд яваад найз Мөнхцоожийг дуудсан юм. Тэгээд Мөнхцоожийг дуудаад ирэхээр нь Бөмбөгөр худалдааны төвд байх нэг гар утасны лангуун дээр очиж булааж авсан gold өнгөтэй Самсунг эс-7 эдже гар утсыг 210.000 төгрөгөөр зараад уг мөнгөнөөс Цогтбаярын өр болох 30.000 төгрөгийг Мөнхцоожид өгсөн юм. Тэгээд үлдсэн 180.000 төгрөгийг би зээл төлнө гэсэн учраас чи ав гэж хэлсэн ба бид гурав нийлээд 20.000 төгрөгөөр хоол идчихээд үлдсэн 160.000 төгрөгийг Цогтбаяр авч явсан. Гар утсыг нь буцааж хүлээлгэн өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй тул хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсэж байна...” /хх 44-45/,
О.Цын яллагдагчаар мэдүүлсэн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед ажлаасаа гараад удаагүй, ХААН банкнаас цалингийн зээл авсан байсан юм. Тэгээд цалингийн зээлээ төлөх болчихоод мөнгөгүй болчихсон байсан ба Оргил бид хоёр цагийн ажил олж хийхээр хамт ажил хайгаад явж байсан юм. Тэгтэл тэр өдөр 16 цагаас 17 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхоны тэнд явж байхдаа Оргил бид хоёр “хүний юм булаагаад авчихвал бөөн асуудал болох байх даа” гэж тоглоом маягаар яриад явж байсан юм. Тэгтэл Оргил урд явж байсан хүүхдийн гар утсыг гарнаас булаагаад зугтаахаар нь би сандраад араас нь дагаж гүйсэн. Тэгээд Бөмбөгөр худалдааны төвийн тэнд байх гар утас засварын газарт орж утсыг 210.000 төгрөгөөр зарсан юм. Би утас зарж байхад арай зайтай зогсож байсан учраас юу гэж хэлж зарсныг мэдэхгүй байна. Ер нь бол олсон гэж хэлнэ гэж байсан. Ингээд 210.000 төгрөгнөөс би Мөнхцоожид 30.000 төгрөгийн өрөө өгч, хоол идэхээр болоод 20.000 төгрөгөөр нийлж хоол авч идээд үлдсэн мөнгийг нь би цалингийн зээлэндээ тушаасан. ... Гар утсыг нь буцаан хүлээлгэн өгсөн...” /хх 49-50/ гэх мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б31-19-09 дугаартай “....Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлээр үнэлгээгээр нийт 408,000 /дөрвөн зуун найман мянган төгрөг/-р үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх 31-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.О, О.Цнарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн...” гэсэн бүлэглэн гүйцэтгэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгчид оногдуулбал зохих “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас анхан шатны шүүх М.О, О.Цнарт тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан байх ба оногдуулсан ялын хэмжээ, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь М.О, О.Цнарын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгод тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Г.Баатарсүрэн “...О.Цнь тухайн хэргийг шууд үйлдэх санаа зорилгогүй байсан, хэргийг шүүгдэгч М.О нь санаачилж үйлдсэн, О.Цын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, шүүгдэгч М.О “...ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан цугларсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй нотлох баримтуудаар “...М.О, О.Цнарын бүлэглэн насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” дээрэмдэх гэмт хэргийн үйл баримт нотлогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Г.Баатарсүрэн, шүүгдэгч М.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярт олгохоор заасан 215,000 төгрөгийг шүүгдэгч М.О 110,000 төгрөгийг, шүүгдэгч О.Ц105,000 төгрөгийг тус тус давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж, баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Г.Баатарсүрэн, шүүгдэгч М.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч М.О 110.000 төгрөгийг, шүүгдэгч О.Ц105.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярт тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ