Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2020/01030

 

 

 

 

 

    2020           03            30                                                 184/ШШ2020/01030

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж-2, Ш/Х 840 тоот хаягт байрлах “И сан” ТББ /рд:111/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б /рд: 222/,

Хариуцагч: М.А /РД: 333/ нарт холбогдох

15,898,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч Г.Б, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И сан” ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын хэрэгцээт сургалтын бараа материалыг БНХАУ-аас худалдан авахад тусалдаг манай түнш бөгөөд Бээжин хотод амьдардаг БНХАУ- ын иргэн Сэцэн /өвөр монгол/ гэдэг хүн бидний хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг сканер худалдан авч бидний шилжүүлсэн 15,898,000 төгрөгийг тухайн үеийн ханшаар юань болгон төлсөн. Ингээд эдгээр сканерыг Монгол Улс руу, Улаанбаатар хот руу хүргүүлэхээр Хятад Улсын Бээжин хотод байрлан амьдарч байсан өвөр монгол иргэнтэй гэрээ байгуулж мөнгийг нь төлөөд, 2 сканераа өгсөн. Эдгээр иргэд нь Монгол Улсын иргэдтэй хамтран Хятад Улсын Бээжингээс Эрээн хот руу ачуулж, Эрээн хотод хүлээн аваад монгол улсын иргэдэд дамжуулан өгч тэдгээр нь мөн бусад хамтрагч нартаа өгч Улаанбаатарт өөрсдөө тээвэрлэн авчраад иргэдэд ачааг нь тарааж төлбөр авдаг. Хятад Улсаас Улаанбаатар хот руу хүргэх ачаа тээврийг зуучлах, дамжуулан ачих зэрэг үйлчилгээг хувийн журмаар эрхэлдэг бөгөөд үүнийг нь иргэд хүлээн зөвшөөрч үйлчилгээг нь авсаар уламжлал тогтсон олон жилийн туршлагатай хувийн бизнес байсан. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ачаа ирсэн тул ачаагаа ав гэж 80744946 дугаар бүхий утаснаас залгаж манай байгууллагын нягтлан бодогч Б.Цолмонд мэдэгдсэний дагуу очиж авах гэсэн боловч ачаа байгаагүй тул авч чадаагүй болно. Учрыг тодруулахад дээр дурдсаны дагуу иргэн М.А, Г.Б нарын хүмүүс хамтран Замын-Үүдээс Улаанбаатарын хооронд бусдын ачааг авч машинд ачуулж тараах /карго/ үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүстэй холбоотой бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумаас ачуулсан “И-Эс-Пи сан”-д ирэх ёстой дээр дурдсан сканерыг (бор өнгийн 40*60 харьцаатай, хайрцагтай), Замын Үүд суманд иргэн Ж.Батсүхээс М.А нь хүлээн авч, бүртгэж 40-10 УБН улсын дугаартай “volvo” маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан. Харин Улаанбаатар хотод ачаа тараах ажлыг иргэн Г.Бид хариуцуулсан байна. Иргэн М.А ачааг 40-10 УБН улсын дугаартай “volvo” маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан боловч ачааг эздэд нь тараах явцад манай ачаа гарч ирээгүй гэж Г.Б мэдүүлж байгаа нь М.Аптантулга ачааг Улаанбаатар хот руу хүргүүлэх, Г.Б нь барааг хүлээн авч, бусдад тараах үүргээ хариуцлагатайгаар хийгээгүйгээс бидний захиалсан сканер алдагдаж, “И” санд нийт 15,898,000 төгрөгийн  хохирол учруулаад байна. Иймд иргэн Г.Б болон иргэн М.Аптантулга нарыг дээрх хохирлыг нөхөн барагдуулах хамтран хариуцагчаар татаж учирсан хохирлоо тэгш буюу 50:50 хувь тэнцүүлэн төлүүлэх шаардлага гаргаж байна. “ИЭСПИ сан” нь Г.Б, М.Аптантулга нартай дээр дурдсан ачааг хүргүүлэх тухай гэрээг амаар хийсэн гэж үзэж байна. Тээвэрлэлтийн гэрээг манай компанийн төлөөлөгч Сэцэнтэй эдгээр хариуцагч нар байгуулсан. Тээвэрлэлт хийж чадна гэж авчхаад бусдын хөрөнгийг алга болгосон тул хариуцах ёстой. Хариуцагч нар нь дундаасаа алга болгосон гэдгээ цагдаагийн байгууллагаар шалгуулж байхдаа хэлдэг. Ер нь Замын-Үүд боомтоор тээвэрлэлт хийдэг хүмүүс зөвшөөрөлгүй хирнээ сайн дураараа хүний ачааг тээвэрлэн, алга болгох явдал их байгаа. Манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй, даатгалтай болгох талаар холбогдох газруудад асуудал тавина гэж бодож байгаа. Иргэн М.А ачааг 40-10 УБН улсын дугаартай “volvo” маркийн автомашины хойд талын чиргүүлд Улаанбаатар руу ачиж явуулсан нь уг бараа Улаанбаатар хотод тараах үед алдагдсан байх магадлалтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу иргэн Г.Бийн оршин суугаа газрын харьяалах шүүх буюу Сонгинохайрхан дүүргийн шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хайрцагт байсан тархины эм болох 178,000 төгрөгийг хасан, 15,720,000 төгрөгийг тэнцүү хувааж буюу тус бүр 7,860,000 төгрөгийг буюу М.А, Г.Б нараас гаргуулж “И сан” ТББ-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Б миний бие нь Улаанбаатар хотод Хятад улсаас тээвэрлэгдэн ирсэн ачааг эзэнд нь хүргэж өгдөг ажлыг 2015 оноос хойш хувиараа эрхлэн гүйцэтгэж ирсэн ба энэ олон жил ачаа тарааж байхад ердөө ачаа бараа дутдаггүй байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хятад улсын Эрээн хотоос 112 хүний ачаа ирж тэдгээрийг эзэнд нь 7 туслах ажилтны хамт хүргэн өгсөн харин эдгээр ачаа дотроос “ИЭСПИ “сангийн Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг сканер ирээгүй дутсан юм. Уг ачаа ирээгүй талаар Эрээн хотоос ачааг ачуулсан М.Ад “И” сангийн ачаа ирээгүй талаар ачаа авсан Б.Мөнхжаргал 12 цагийн орчим, би 15 цагийн үед утсаар ярьж мэдэгдсэн болно. Миний тухайд хүний ачаа барааг дутагдуулж авч ашиглах ямар ч хэрэггүй үнэн шударгаар амьдарч яваа жирийн ажилчин хүн. Энэ ачаа Улаанбаатар хотод ирээгүй нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд: 1 .Улаанбаатар хотод ирсэн ачааг задлан хүргэхэд би ганцаараа байгаагүй надаас гадна Б.Мөнхжаргал, н.Ганбаа, Г.Мангал, Б.Пүрвээ, Б.Цэрэнчимэд, н.Бямбасүрэн, н.Тэрбиш гэх 7 хүн хамт байлцан ачааг хүргэсэн түл “ИЭСПИ “сангийн 2 ширхэг сканер ирээгүйг гэрчилнэ. 2. Эрээн хотоос ачаануудыг хүлээн авч ачуулсан М.А уг хайрцагтай ачааг задарсан ирснийг үзээгүй скочдоод нэг болохоор авжур дээр тавьсныг груушикууд ачуулсан гэж хэлдэг. Мөн би өөрөө ачааг голд нь тавьсан гэж 2 янзаар зөрүүтэйгээр хэлдэг юм. Мөн задарсан онгорхой ирсэн ачааг М.А бүрэн эсэхийг нь үзэж нягтлалгүй ачуулсан буруутай. 3. Би ачаануудыг машинаас гарган ачуулдаггүй хүргэлтээр явдаг байсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Эрээнээс М.А над руу утсаар яриад “маргааш очих ачааг задлах хүн олдохгүй байна чи задлаад өгөөч гэж” гуйхаар нь би ачаануудыг задлан эздэд нь хүргүүлсэн юм. Яагаад заавал дутуу ачааг надаар задлуулах гэсний учрыг мэдэхгүй байна. 4. Дээрх 2 сканерыг хийсэн гэх 40x60 см-ийн хэмжээний хайрцагт 2 ширхэг сканер багтахгүй хэмжээний хайрцаг байсан ба цаанаас Эрээн хотод ачаа ачиж ирсэн жолооч Ж.Батсүх нь 2 сканер байсан гэх хайрцгийг “ 2 сканер багтах хайрцаг биш зургийн аппарат маягийн жижиг 2 бор хайрцагтай юм байсан гэж ярьж байсан юм. Тэгэхээр бүр цаанаас дээрх 2 сканер ирээгүй гэсэн үг. 5. Хятад улсын дээрх Fujitsu Fi-7180 маркийн сканерын зах зээлийн үнийг судлахад 1 сая гаран төгрөгөөс хэтрэхгүй байтал 7,949,000 төгрөгөөр хэт өндөр үнээр үнэлсэн байна. Улсын хилээр орж ирж байгаа бараанд татвар төлдөг. 15 орчим сая төгрөгийн бараа оруулж ирсэн бол гаалийн татвар төлсөн бичгээ харуулан үнийг нь тодорхой болгох ёстой шүү дээ. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад хэдэн төгрөгөөр авсан гэдгээ нотол гэхэд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авсан баримт авчирдаг.  6. Эрээн хотын ачаа ачуулсан каргоны газрын камер нь ачаа ачуулдаг өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17-оос 23 цагийн хооронд эвдэрсэн гээд бичлэг үзэж болохгүй байгаа юм. Заавал энэ өдрийн ачаа ачуулдаг цагт камер эвдэрдэг нь зориудаар хийсэн зүйл биш үү гэж сэжиглэхэд хүрч байна. 6. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд “чи сканер хулгайлсан байна “ гэж цагдаагаас дуудан дарамталсаар бүр битүүний урд өдөр Замын-Үүдийн цагдаагаас дуудан, ирэхгүй бол хорино, цагдана гэж сүрдүүлэн хийгээгүй хэргийн төлөө ажил амьдарлаа алдан хохирч байна. 2019 оны 1-3 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас намайг дээрх 2 ширхэг сканерыг хулгайлсан дутаасан хэргээр шалган мөрдлөг явуулаад гэмт хэрэг үйлдээгүй, намайг 2 сканерыг дутаагаагүйг тогтоосон байхад дээрх 2 сканерын үнийг төлүүлнэ гэж “И” сангаас нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-үүдээс Улаанбаатар хот руу ачаа ачиж явуулсан нь үнэн. Ж.Батсүх гэдэг жолоочоос ачааг хүлээж аваад каргоны машин буюу Батсүх гэх жолоочтой 40-10 УБН улсын дугаартай “volvo” маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн ачаа Улаанбаатар хотод очиход Г.Б ачааг задалсан. Тус ачаанаас нэг ширхэг бор хайрцагтай ачаа дутаасан. Эзэнтэй нь холбогдоод ачааныхаа паданыг явуулаач гэхэд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн падан үзүүлсэн. Ачаа нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орж ирсэн байхад эзэн нь дараа өдрийн падан үзүүлсэн. Би ачааг хүлээж аваад хүлээлгэж өгсөн. Мөн хайрцагтай ачаа байсан, дотор нь юу байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

             Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ТББ нь Г.Б, М.А нараас 2 ширхэг сканерын үнэ 15,898,000 төгрөгийг гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 178,000 төгрөгөөр бууруулан 15,720,000 төгрөг буюу тус бүр 7,860,000 төгрөг гаргуулна гэжээ.   

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээг амаар байгуулсан бөгөөд тээвэрлэлтийн явцад 15,720,000 төгрөгийн үнэ бүхий Фүжици (Fujitsu) Fi-7180 маркийн 2 ширхэг сканер алдагдсан хэмээн үнийг шаарджээ.

Хариуцагч М.А нь татгалзах үндэслэлийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэдэг 42-78 ДГО улсын дугаартай автомашинтай Ж.Батсүхээс ачааг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүлээн авч Улаанбаатар хот хүргүүлэхээр 40-10 УБН улсын дугаартай автомашинтай н.Нямдоржид хүлээлгэн өгсөн, ачааг задлан эздэд нь хүлээлгэн өгөх үүргийг Г.Б хүлээсэн тул хариуцахгүй гэжээ.

Хариуцагч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас ирсэн н.Нямдоржийн 40-10 УБН улсын дугаартай автомашины чиргүүлд ачсан ачааг Улаанбаатар хотод задлан нэр, хаягийн дагуу түгээх үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ачуулсан ачааны жагсаалт бүхий дэвтэр дээр 40х60 см хэмжээтэй бор хайрцагтай эд зүйлийг бүртгэсэн боловч ачаанаас гарч ирээгүй.  Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас ачаанд хийсэн эсэх нь эргэлзээтэй, 40х60 см хэмжээтэй хайрцагт 2 ширхэг сканер байх үндэслэлгүй, нэхэмжлэгч тал 15,898,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг сканер байсан гэдгээ нотолж чадаагүй гэж маргажээ. 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан бичгийн баримтаас үзэхэд ачааг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл Ж.Батсүх тээвэрлэсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд М.А хүлээн аван Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл н.Нямдорж тээвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотод ачааг задлан эздэд хүргэх үүргийг Г.Б хүлээсэн байна. /хх-8-9, 11-22/

Бичгээр хийсэн гэрээ, дагалдах бичиг, ачааны төрөл зүйл, шинж чанар, тоо хэмжээг тодорхойлсон баримт, хариуцагч нарт хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ачаа илгээгчийн, хариуцагч нар тээвэрлэгчийн эрх, үүрэг тэдгээрийн хооронд үүссэн гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хэдийгээр талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй ч хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хөрөнгө шаардахын тулд шаардах эрхтэй этгээдэд учирсан хохирол, уг зүйлийг олж авсан этгээдийн ашиг шалтгаант холбоотой байх учиртай. 

Эрүүгийн хэргийг шалгах явцад “И сан” ТББ-ын дэд захирал Д.Мөнхбатын өгсөн гэрчийн мэдүүлэгт “. . . БНХАУ-аас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн ачаанд 15,720,000 төгрөгийн үнэ бүхий Фүжици (Fujitsu) Fi-7180 маркийн 2 ширхэг сканер байсан” гэх боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ нь гэрчийн мэдүүлгийн хэмжээнд үнэлэгдэхгүй, түүнчлэн нэхэмжлэгч талын ижил байр суурьтай этгээдээс гаргаж буй мэдээлэл тул үүнийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хайрцагтай ачааг М.А хүлээн авч, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл 40-10 УБН улсын дугаартай автомашинтай н.Нямдорж тээвэрлэсэн байтал Г.Б, М.А нар ачааг алга болгосон, олж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд “И сан” ТББ-ын нэхэмжлэлтэй Г.Б, М.А нарт холбогдох 15,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И сан” ТББ-аас хариуцагч Г.Б, М.А нарт холбогдуулан гаргасан 15,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.НЯМСҮРЭН