Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00265

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2020/00033 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй

Д.Нямсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,178,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******гаас*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,178,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

 

Хариуцагч нь ...нэхэмжлэлийн шаардлагаас 1,610,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

 

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Нямсүрэнгээс зээлийн гэрээний төлбөрт 2,178,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтуяад олгож шийдвэрлэжээ.

 

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2020/00033 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Зохигч 2020.03.03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* 3,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч******* гэрээний хугацаа дуусахад зээлсэн мөнгийг төлж барагдуулах, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрт 1,630,000 төгрөгийг төлсөн үйл баримтын тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д нийцжээ.

 

7. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.1., 232.3.-т тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт шаардсан нь хууль зөрчөөгүй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

 

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

9. Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 1,610,000 төгрөгийг алдангийн хамт төлөхтэй маргахгүй гэх боловч үнийн дүнг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн байгуулсан гэрээний хугацаа 2020.05.03-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нь 2020.07.22-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул гэрээний үүрэг биелүүлэх хугацааг 80 хоног хэтрүүлсэн гэж үзнэ, үлдэгдэл төлбөр 1,610,000 төгрөгийн хоногийн 0.5 хувь нь 8,050 төгрөг, хугацаа хэтэрсэн 80 хоногоор үржүүлэхэд 644,000 төгрөг болно, үүн дээр үлдэгдэл төлбөр 1,610,000 төгрөгийг нэмэхэд 2,254,000 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,178,000 төгрөгийг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардсан хэмжээнд буюу хариуцагчаас 2,178,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-д нийцжээ.

 

Иймд шийдвэр, магадлал бодит байдалд нийцээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 585 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2020/00033 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гээс 2020.12.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД