Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 980

 

 

 

 

            2020        03         24

                                 101/ШШ2020/00980

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З-ын гаргасан,

Хариуцагч: О-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч О, өмгөөлөгч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Б.Заас хариуцагч От 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар бичгээр гэрээ байгуулахгүйгээр зээлдүүлсэн. Уг зээлийг хариуцагчийн Х ХХК дахь ******* тоот дансанд “зээл” гэж гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч нь зээлийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буцаан төлөх ёстой байтал үүргээ биелүүлээгүй. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг амаар, эсхүл бичгээр байгуулах боломжтой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн гэрээ болох нь тодорхой байхад хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар хамтран ажиллах гэрээтэй холбоотой нотлох баримт байхгүй, хэрэв хамтран ажиллах гэрээг цуцалж байгаа бол талууд өгсөн, авсан зүйлээ буцаадаг боловч энэ бол тус тусдаа үүссэн харилцаа байсан, хариуцагч О нь үсчинээр ажиллана гэсэн боловч нэг ч хүний үс засаагүй.

Нэхэмжлэгч Б.З, хариуцагч О, мөн н.*******, н.******* нарын хооронд хамтран ажиллахаар харилцан тохиролцоо хийгдсэн ч ашигтай ажилласан тохиолдолд нэхэмжлэгчийн хэлсэн цалинг олгохоор тохирсон. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “.......... хойд ажлаасаа гарсан нь дээр байх, удахгүй урагшаа очих юм чинь...........”, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “.............маргаашнаас эхлээд хойд ажлаа өгье..........” гэсэн байгаагаас дүгнэхэд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хариуцагч үсчингээр ажиллаж, өмнөх ажлынх нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Б.З төлж байсан байна.

Иймд, хариуцагчаас 14,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

“Би, 15 жил үсчин хийж байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.З, Э нартай эртний танилууд, тэдний үсийг засдаг байсан. Эдгээр хүмүүс 2018 оны 04 дүгээр сард надтай хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд миний бие нэхэмжлэгч Б.Зтай уулзаж, өөрийгөө 28,000,000.00 төгрөгийн зээлтэй, сард 3,000,000.00 төгрөг олдог талаараа хэлсэн. Бид хоёр “надад сарын цалин 1,500,000.00 төгрөгийн цалин өгнө, банкны зээлийг төлж барагдуулна, намайг үйл ажиллагааны хөрөнгө оруулалт хийгээд яваарай” гэж тохирсон.

Үүнээс хойш би бүх ажиллагаанд оролцож, бизнесийн судалгааг хийж, ажилчид олсон. Гэтэл нэхэмжлэгч нь тохиролцоогоо зөрчсөн тул би ажиллахаа больсон юм. 2019 оны 02 дугаар сард үйл ажиллагаагаа эхлэх болоход миний бие дахин нэхэмжлэгчтэй уулзаж, үлдэгдэл 14,000,000.00 төгрөгөө авах гэхэд тэрээр тохирсноосоо өөр зүйл ярьж, компаниас өгөх боломжгүй, 1,500,000.00 төгрөгөөр цалинжаад ажил, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэх зэрэг зүйлс хэлсэн тул ажлаа зогсоосон.

Уг 14,000,000.00 төгрөгийг зээлж аваагүй, харин надад 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд миний болоод Э, О, Б.З нарын хамтран эзэмшдэг “Classic beauty” ХХК-нд ажил гүйцэтгэсний хөлсөнд авсан, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.

Нэхэмжлэгч Б.З нь ажлын байртай байсан тул хариуцагч Отай үсчин, гоо сайхны салон байгуулахаар шийдэж, туслалцаа хүссэн бөгөөд хоосон байранд салон байгуулах, цаашид компанийн үйл ажиллагаа явуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн амаар тохирсон байдаг. Хариуцагч нь зөвхөн үсчний ажил л хийдэг өөр орлогогүй хүн, нэхэмжлэгч нь түүнд сард 1,500,000.00 төгрөгийн цалин олгож, зээлийг чинь төлж өгнө, зээл төлсөн мөнгийг ажлын хөлсөнд өгнө гэж тохирсон.

Үүний дагуу хариуцагч тал 30 гаруй салонуудаар явж судалгаа хийж, гоо сайханчаар ямар хүн ажиллуулах, салоны дотоод зохион байгуулалт ямар байх талаар хоорондоо ярилцаж, 3D зураг гаргаж, БНХАУ руу явж тоног төхөөрөмжийг судалж, худалдан авалтыг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид цалин өгөхдөө барьцаалан зээлдүүлэх газрын нэрээр 12,000,000.00 төгрөгийг зээл гэж өгөөд буцааж нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчээс 14,000,000.00 төгрөгийг шилжүүлэхдээ “зээл” гэж шилжүүлсэн боловч энэ төрлийн гэрээний хүсэл зориг огт байгаагүй, харин ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байсан, уг харилцаа 2018 оны 04 дүгээр сараас эхлэн явагдсан, хэрэв зээл гэж үзэж байгаа бол хариуцагч нь өмнөх зээлийг төлж чадахгүй байхад түүнд дахин зээл өгөхгүй байсан.

Иймд, бид нэхэмжлэгчээс зээл аваагүй, харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөө авсан тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Заас хариуцагч От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс тус хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.З 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Оын Х ХХК дахь ... тоот дансанд 14,000,000.00 төгрөгийг “зээл” гэж шилжүүлсэн байна /х.х-ийн 3 хуудас/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

            Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 14,000,000.00 төгрөгийг хүлээж авсан тухай маргаагүй боловч зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин ажил гүйцэтгэх гэрээний төлбөр байсан, намайг хамтран ажиллахад зориулж миний бусад этгээдэд төлөх зээлийг барагдуулахаар өгсөн гэж маргасан.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч А.О нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...-тай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000.00 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 36 сар, ...-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 11,800,000.00 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сар, мөн “Б” ББСБ-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,599,800.00 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай тус тус зээлэхээр тохирчээ /х.х-ийн 34-42 хуудас/.

Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар “Класси бьюти” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Б.З, хариуцагч А.О болон Э.*******, Э.******* нар бүртгэгдсэн байна /х.х-ийн 33 хуудас/.

Өөрөөр хэлбэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2019/00353 тоот захирамжийн дагуу хавтаст хэргийн 45-160 дугаар хуудсанд үзлэг хийхэд зохигчид гоо сайхны үйлчилгээ эрхлэх “К” ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажиллахаар тохирчээ.

            Ингээд хариуцагч А.О нь гоо сайхны үйлчилгээ эрхлэн явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авч ирэх, байрны засвар үйлчилгээг хариуцаж ажиллаж байснаас гадна боловсон хүчин олох зэргээр хариуцагч нь “К” ХХК-ийн гоо сайхны үйлчилгээ эрхлэн явуулахад тодорхой төрлийн ажлыг хариуцан гүйцэтгэж байсан ажээ.

Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн маргаж буй 14,000,000.00 төгрөгийг уг ажлыг хийж гүйцэтгэсний хөлс гэж тохирсон гэсэн хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь энэ талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй.

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлабал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус 14,000,000.00 төгрөгийг хүүгүй, тодорхой хугацаа тохирохгүйгээр зээлдүүлжээ. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан.  

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд “зээлийг буцаан төлөх үүргээ үндэслэлгүй тайлбар хэлж, төлөхөөс татгалзаж байгаа” гэсэн тайлбарыг няцаагаагүй учраас энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй.

Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч А.О нь 14,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.Заас төлөх ёстой ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэдгийг баримтаар нотлохгүй байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 14,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг үндэслэн хариуцагч А.Оаас 14,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 228,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МАНДАЛБАЯР