Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00301

 

 

Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01947 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1725 дугаар магадлалтай,

 

Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

Б.Баярмагнайд холбогдох

 

11,009,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Баярмагнайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгээс Б.Баярмагнайд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 11,009,370 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагчаас ...нэхэмжлэгч нь миний төрсөн дүү, ...бэлэн өгсөн гэх 1,200,000 төгрөгийг аваагүй, харин долларыг тухайн үед эцэг, эх, гэр бүлдээ зориулж, түүний малыг 10 гаруй жил маллаж, өр төлбөрийг бүрэн барагдуулсан, ...эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа гомдлыг нь татуулах зорилгоор баталгаа гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01947 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн хариуцагч Б.Баярмагнайд холбогдуулан гаргасан нийт 11,009,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1725 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баярмагнайгаас 11,009,370 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 191,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.Баярмагнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад шүүхээс зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч талаас мөнгө шилжүүлсэн дансны хуулга болон бусад холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн 2018.09.28-ны өдрийн Баталгаа гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгодог. Тухайн баталгаа гэх баримтыг бичиж өгөх болсон шалтгааныг хариуцагч талаас хариу тайлбартаа нотлох баримттайгаар тодорхой дурдсан байдаг. 2018.09.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 1-5 тоотод өөрийн төрсөн дүү нэхэмжлэгчтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт нэхэмжлэгч нь гомдол гаргасан юм. Ингээд цагдаагийн байгууллага дээр дуудаж мэдүүлэг тайлбар авах үед мөрдөн байцаагч нь та хоёр тохиролцчих, нотариат ороод баталгаа бичээд тохиролцвол гомдлоо татаад авна гэсний дагуу 2018.09.28-ны өдөр Баталгаа бичиж цагдаад өгсөн боловч Б.Мөнхцэцэг нь цагдаад өгсөн гомдлоо татаж авалгүйгээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.03-ны өдрийн 2019/ШЦТ/548 дугаар шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч нь миний аваагүй мөнгийг надаас нэхэмжилж байгаад гайхаж байна. Арван тав зургаан жил ганц ч удаа нэхэж байгаагүй. Үнэхээр надаас авлагатай байсан юм бол энэ хугацаанд нэхэмжлэх бүрэн боломжтой байсан. Цагдаагийн байгууллагаас өргөдлөө татаж авна гэж итгүүлэн бичүүлсэн баталгааг нотлох баримт болгон өнөөдөр надаас мөнгө нэхэмжилж байна. Энэ баталгааг надаар бичүүлэхдээ хуурч мэхлэх замаар бичүүлж авсан.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2018.09.28-ны өдрийн гаргасан төлбөр төлөх тухай Баталгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон бол хариуцагч дээрх Баталгааг хуурч мэхлэн бичүүлсэн гэж маргасан байна.

 

Хариуцагчийн бичиж өгсөн Баталгаанд Бямбажав Баярмагнай би 2004 онд 2,500 ам.доллар, 2009 онд 1,000 ам.доллар, онгоцны зардал 1,200,000 төгрөг авсан нь үнэн, 2018.11.01-ний дотор төлж дуусгана гэж бичин гарын үсгээ зуржээ.

 

8. Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь 2004, 2009 онд зээлсэн мөнгөө 2014 онд буцаан төлөх үүрэг хүлээсэн, ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, хариуцагч 2018 онд зээл төлөх баталгаа гаргасан боловч энэ үед шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна... гэх үндэслэл зааж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

9. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7.-д тус тус зохицуулсан.

 

Хариуцагч 2018 онд нэхэмжлэгчид зээл төлөхөө хүлээн зөвшөөрч, Баталгаа гаргасан нь түүнийг зээл төлөхөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох ба нэхэмжлэгч нь 2020.04.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хугацаа хэтрээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ үндэслэлээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

10. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь зээл аваагүй гэж маргах боловч хүлээн авсан мөнгөө буцааж өгөхөө зөвшөөрч баталгаа бичиг бичиж өгсөн, тус төлбөр төлөх тухай баримтыг нэхэмжлэгч нь хууран мэхэлж бичүүлсэн гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Иймд ...зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, ...шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв талаас нь үнэлээгүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1725 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Баярмагнайн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Баярмагнайгаас 2020.09.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД