Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00407

 

 Н.Хонгорзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00508 дугаар шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 214/МА2022/01 дүгээр магадлалтай,

 

Н.Хонгорзулын нэхэмжлэлтэй

Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Хонгорзул, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Хонгорзулаас Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...сургууль 1 ерөнхий нягтлан бодогч, 1 тооцооны нягтлан бодогч гэсэн 2 нягтлан бодогчтой байсан ба 1 нягтлан бодогчтой болох шаардлага үүссэн учраас тооцооны нягтлан бодогчийн орон тоон дээр ажиллаж байсан Н.Хонгорзулыг ажлаас нь чөлөөлсөн. 2020.09.11-нээс 10 сарын 16-ны хооронд ямар нэгэн гомдол гаргаагүй тул ажил эгүүлэн томилох боломжгүй гэж маргажээ.

 

2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00508 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Хонгорзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 214/МА2022/01 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Хонгорзул, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, 172.2.3-т шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Хонгорзул нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалаас халагдсан үндэслэлд дүгнэлт хийх бөгөөд харин нэхэмжлэгчийн урьд эрхэлж байгаагүй өөр ажил, албан тушаалд томилуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн тухайд анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үед өөрийнх нь ажиллаж байсан ажил, албан тушаалынх нь орон тоог цөөрүүлсэн, хасагдсан эсэх талаар мэдээгүй байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс нь хойш буюу 2020.09.14-ний өдөр орон тоог өөрчилсөн бичиг баримт болох А/185 дугаартай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал нь гарсан байдаг.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн, хасагдсан эсэх талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж ирүүлсэнтэй танилцаад нэгэнт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь орон тооны цомхотголд орж байхгүй болсон тул өөрийнх нь эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулах хүсэлттэй байгаагаа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээр тодорхойлсон байдлыг ойлгох ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг. Үүний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон ямар учир шалтгаантай болох талаараа тодорхойлсон. Уг үндэслэлд тулгуурлан хариуцагч Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх анхаарч үзсэнгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнх нь ажиллаж байсан ажил, албан тушаалын орон тоо нэгэнт цомхотгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон түүний шаардлага буюу нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх шалтгаан нь хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэж үзэх боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласныг ямар шалтгаанаар тодруулж байна гэж үзэх боломжгүй ба өөрчилж байна гэж үзсэн талаараа шийдвэр, магадлалдаа тусгаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь ялгаатай ойлголт болохыг 2 шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, урьд ажиллаж байгаагүй албан тушаалд томилуулах шаардлага гаргах үндэслэлгүй боломжгүй гэж тайлбарласан нь буруу болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргалаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Мөн түүнчлэн Монгол улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэх шүүхийн эрхэм зорилгод нийцээгүй үйлдэл боллоо. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэж тухайн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн нь маргааны эрх зүйн актад бодитоор хууль зүйн дүгнэлт хийхээс илтэд зайлсхийж байна.

4.2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул гэж шийдвэрлэсэн. Тухайн маргааны үйл баримт болох нэхэмжлэгч Н.Хонгорзулыг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн баримт бичиг болохынхоо хувь хуульд нийцэж шаардлага хангасан байх нь зүйтэй. Гэтэл уг тушаал анхан шатны шүүхийн тайлбарласанчлан зохих шаардлагыг хангаагүй юм.

4.3. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэх боловч тухайн тушаалд энэ талаараа огт дурдаагүй. Хариуцагч нь тушаалдаа хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ажлаас нь чөлөөлсөн боловч яг аль үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаагаа тушаалдаа тусгаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг нь 3 агуулгаар буюу аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх байдлаар хэрэгждэг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа тухайн 3 үндэслэлээс яг аль үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаагаа дурдаагүй. Гэтэл 2 шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий тушаалыг тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэмжээтэй нийцсэн байна гэж шийдвэрлэсэн.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006.07.03-ны өдрийн 33 дугаартай Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлалаа. Уг тайлбарт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж тайлбарласныг шүүх анхааралгүй өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан гомдлыг хэлэлцээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.03.04-ний өдрийн 001/ШХТ2022/00256 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Нэхэмжлэгч Н.Хонгорзул Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн шийдвэрээ танилцуулалгүй орон тоо цөөрсөн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч: ...Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар батлагдсан цалингийн сан, тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох захирлын бүрэн эрхийн хүрээнд нягтлан бодогчийн орон тоог нэг болгох, өмч хөрөнгийн бүртгэл хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор няравын орон тоог хоёр болгох тухай асуудлыг хэлэлцэж, нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсох ажиллагааг 2 удаа явуулж, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог цөөрүүлж, хуульд заасан хугацаанд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн, ...нэхэмжлэгч нь тушаалыг зөвшөөрч 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг хүлээн авсан, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

8. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2018.05.01-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор түр томилогдож, 2018.10.22-ны өдрөөс жинхлэн ажилласан, 2020.09.02-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар зарим орон тоог цөөрүүлэх тухай хэлэлцэж ажил олгогчийн санаачилгаар нягтлан бодогчийн орон тоо 2 байсныг 1 болгож цөөрүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2019.09.11-ний өдөр Н.Хонгорзулд орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээлгэн өгч, тус төвийн захирлын 2019.10.16-ны өдрийн Б/75 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Н.Хонгорзулыг ажлаас нь чөлөөлж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 1,359,346 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогджээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж, 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус зохицуулжээ.

 

10. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

11. Шийдвэр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзлээ.

 

11.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх гомдлын талаар:

 

Өмгөөлөгч гомдолдоо: ...нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тооцооны нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн, хасагдсан эсэх талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримттай танилцаад нэгэнт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал байхгүй болсон тул өөрийнх нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд томилуулах хүсэлтэй байгаагаа тайлбарлаж тодруулсныг шүүх анхаарч үзсэнгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж дүгнэн, урьд ажиллаж байгаагүй албан тушаалд томилуулах шаардлага гаргах боломжгүй, үндэслэлгүй гэж тайлбарласан нь буруу болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргалаа, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн... /тодорхойлох хэсгийг 4.1./ гэжээ.

 

11.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

 

Нэхэмжлэгч Н.Хонгорзул Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тус төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

11.1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж, 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдснаар хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах тухай ажил олгогчийн үүрэг нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад хэрэгжих үйл ажиллагаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...нэгэнт ажлын байр цомхотголд орж байхгүй болсон бол адил чанарын өөр ажил, албан тушаалд томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

11.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг удирдлага болгосон боловч дээрх зүйлд 3 үндэслэл байгаа бөгөөд яг аль үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа тушаалд тусгаагүй байхад хоёр шатны шүүх маргаан бүхий тушаалыг тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн байна гэж шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаартай албан ёсны тайлбарт дурдсан ...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэснээс өөрөөр тайлбарлалаа... гэжээ.

 

Орон тоо цомхотгох шийдвэр гарсны дараа ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд орон тоо цомхотгосон гэх үндэслэлээ тодорхой дурдсан бөгөөд хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээс бусад буюу аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан үйл баримтын талаар зохигч мэтгэлцээгүй тул хуулийн 40.1.1-д заасан орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтныг ажлаас халсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг тушаалыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан байх тул тушаал хууль зөрчөөгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт ...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэсэн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00508 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 214/МА2022/01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Хонгорзулаас 2022.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД