Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00110

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00110

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 02-17 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Х овогт Ш-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 

2016 оны 1 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сарын дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн скпадын сахиулаар 2013 оны 02 сарын 01-ны өдөр ажилд орсон. Тасралтгүй 6 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний дарга Д.Жаргалтай 2016 оны 01 сарын 04-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.6 Төрийн албаны хууль тогтоомж, хамтын гэрээнд заагдсан нэмэгдэл хөлс, ТҮ-1-1-ийн шатлалаар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар 371016 төгрөгөөр цалинжуулсан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 264 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 418,120 төгрөг болсон. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар ТҮ-1-1 шатлалаар цалин хөлс 432754 төгрөг болж нэмэгдсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын сахиул Ш.Бын 2016 оны 03 сараас 03 сараас 2019 оны 03 сар хүртэлх олгогдоогүй дундаж цалин хөлсний зөрүү 8,553,843.642 төгрөгийг гаргуулж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан ...цалин хөлс авах... эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Б нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складны сахиулын цалин олговрыг ТҮ-1-1 цалинжуулахыг даалгах, 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны дундаж цалингийн зөрүү 8,553,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 12 сарын 02-ны өдөр өөрчилсөн. Үүнд төрийн албаны тухай 2002 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж, Төрийн албаны тухай 2017 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсн баримтаар тогтоогдсон. Ийм байхад хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Ш.Бын дээрх хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлсийг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан цалин хөлс олгох ажил олгогчийн үүрэг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан цалин хөлс авах ажилтны эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Б нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нөөцийн складын сахиулаар томилогдон ажилласан. Ш.Б нь тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-1-ийн 1 дэх шатлал 322623 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар томилсон тушаалд заагдсан байна. Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цалин олговрыг ТҮ-1-1-ээр цалинжуулахыг даалгах гэсэн байна.Сахиул Ш.Бын нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад тус ажилтан нь томилогдсон өдрөөс эхлэн одоог хүртэл ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжиж хуулийн дагуу цалин, нэмэгдэл цалин, илүү цагаар ажилласан хөлс, урамшуулал, хоолны мөнгө зэргийг тухай бүр авч байсан нь харагдаж байна. Тус ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж цалин, нэмэгдэл зэргийг хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртлэх дундаж цалингийн зөрүү болох 8553843 төгрөг гаргуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн ЗДТГ-ын санхүү, аж ахуйн тасагт харьяалагдах нөөцийн складын сахиул Ш.Б нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар томилогдон ажилласан. Ш.Быг тухайн үед ЗГ-ын 2012 оны 78 дугаартай тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-1-ийн 1 дэх шатлал 322,623 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар томилсон тушаалд заасан байдаг. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон цалингийн карт зэргээс харахад томилогдсон өдрөөс эхлэн одоог хүртэл ТҮ-1-1 шатлалаас нэг шатлалаар алгасуулж ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжиж байгаа. Ажил олгогчийн зүгээс ажилтныхаа хууль ёсны эрх ашиг, цалин хөлсний асуудлыг хууль, журмаас дээгүүр тавин заагдсан цалингийн сүлжээнээс илүү нөхцлөөр 6 жилийн хугацаанд цалин хөлсийг олгож ирсэн болох нь тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачлагаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ. Тухайн сахиулын ажил нь өдөр бүр цаг бүртгүүлдэггүй онцлогтой. Иймд илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэл бүрдээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан цалин хөлсний зөрүү 8,553,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан байна.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Ш.Б нь  томилогдсон өдрөөс эхлэн одоог хүртэл ТҮ-1-3 дахь шатлалаар цалинжиж хуулийн дагуу цалин, нэмэгдэл цалин, илүү цагаар ажилласан хөлс, урамшуулал, хоолны мөнгө зэргийг тухай бүр авч байсан, сахиулын ажил нь өдөр бүр цаг бүртгүүлдэггүй онцлогтой. Иймд илүү цагаар ажиллуулсан гэх үндэслэл бүрдэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын аж ахуйн складын сахиулаар ажиллаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулалаас бүрдэнэ, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно. гэж тус тус заасан байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 486 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ажилтан нь 2016 оноос 2019 оны 06 дугаар сарыг хүртлэх хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 9,015,575 төгрөгийг авах ёстой бөгөөд уг цалин хөлсийг аваагүй байна гэжээ. /2 дугаар хх-ийн 30-33 дугаар хуудас/,

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас дутуу олгосон цалин хөлс 9,015,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 144,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 8,553,843 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 144,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ