Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00414

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01040 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1496 дугаар магадлалтай,

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.Ганчимэг, Н.Ганмөнх, П.Мэндбаяр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 113,944,443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч Ч.Ганчимэг, хариуцагч Н.Ганмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХХК хариуцагч Ч.Ганчимэг, Н.Ганмөнх, П.Мэндбаяр нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 113,944,443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

 

Хариуцагч Ч.Ганчимэг: ...зээлийн үндсэн төлбөр 53,305,483 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч П.Мэндбаяр: ...Ч.Ганчимэгийн өр төлбөрийн асуудлыг П.Мэндбаяр миний бие бүрэн хариуцан төлж барагдуулна, үндсэн зээл, хүүгийн төлбөрт 89,000,000 гаруй төгрөг төлсөн, ...үндсэн зээлийн төлбөр болох 53,000,000 төгрөгийг төлөх шийдвэр гарсан тохиолдолд төлөхөд бэлэн, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01040 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч П.Мэндбаяр, Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нараас 113,944,442 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 22-22 УНД улсын дугаартай, Chevrolet Camaro маркийн суудлын автомашин, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байрны 17 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай, 99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 955,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Мэндбаяр, Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нараас 955,822 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1496 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01040 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 113,944,442 төгрөг гэснийг 87,755,649 төгрөг гэж, олгосугай гэснийг олгож, үлдэх 26,188,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагч Д.Мэндбаяр, Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нараас 955,822 төгрөг гэснийг хариуцагч Д.Мэндбаяр, Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нараас 596,728 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2014.07.25-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017.07.25-ны өдөр дууссан бөгөөд 36 сарын хугацаатай, уг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлдэгч нь 42,470,247 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 29,623,242 төгрөгийг зээлийн хүүд төлсөн нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр шаардаж буй хүүгийн хэмжээ 52,504,580 төгрөг болж, төлсөн хүүгийн хамт тооцвол 82,127,822 төгрөг болж гэрээний эргэн төлөх хуваарьт заасан хүүгээс 39,657,757 төгрөгөөр илүү хүүгийн төлбөрийг шаардаж байгааг хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй талаарх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. гэжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар Тогтоолд 2.4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. гэж тайлбарласан байна. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан байна.

4.2. Дээр дурдсан хуулийн холбогдох заалтуудын дагуу нэхэмжлэгч нь хариуцагч зээлийг Зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэмэгдүүлэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаартай тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлап, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.1 дэх хэсэг болон 1 дүгээр хавсралтыг баримтлан Хүү=Зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл*3арласан хүүгийн хувь*Ашигласан хуанлийн хоног/365 гэсэн аргачлалаар тооцож нэхэмжилсэн бөгөөд Хас банкны хувьд тус томьёолол, аргачлалын дагуу тооцоолон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг давж заалдах шатны шүүхээс буруу тооцоолсон гэх ямар ч тодорхой үндэслэлгүйгээр гэрээний эргэн төлөх хуваарьт заасан хүүгээс 39,657,757 төгрөгөөр илүү хүүгийн төлбөрийг шаардсан гэх хууль, журамд заагаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.3. Түүнчлэн магадлалд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг баримтлан хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй талаарх заалтыг зөрчсөн гэжээ. Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд тэгш эрхтэй этгээдүүдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа болно. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс Хас банкны хувьд хууль ёсны давуу байдал байсан гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн хэрнээ иргэний эрх зүйн харилцааны оролцогч хэрхэн давуу байдал өөртөө үүсгэсэн, үүнийгээ хэрхэн зээлдэгчийн эсрэг ашиглаж, эрхийг нь зөрчсөн талаар тайлбарлаагүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Мөн магадлалд Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн гэм буруутай байдлын улмаас төлбөр төлөх хугацаа хойшилсон гэж үзэхээргүй байна. гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор хариуцагчид зээлийн төлбөрийг төлөхөд ямар нэгэн байдлаар саад учирсан нөхцөл байдал байхгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хариуцагч маргаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч зээлийн төлбөрийг төлөх ёсгүй, үүрэггүй байсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байдлаар маргааны нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас 26,188,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нийт 5 үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд эдгээрийн 2-т нь дүгнэлт хийгээгүй, 1-т нь буруу дүгнэлт хийсэн байна.

5.1. Тухайлбал, Хас банкийг төлөөлөн шүүхэд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Г.Эрдэнэбаяр нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байх талаар, мөн Г.Эрдэнэбаяр нь иргэн Д.Батцэнгэлд 2018.02.21-ний өдөр төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгожээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал олгох боломжтой болохоос дамжуулан, албан тоотоор шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож байгаа нь хуульд нийцэхгүй. Энэ дагуу төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах ч эрхгүй талаар,

5.2. Зээлийн гэрээний барьцааны зүйл болсон орон сууц нь иргэн П.Амартүвшингийн өмчлөлд шилжсэн байна. Анхан шатны шүүх уг үйл баримтыг үнэлэхдээ ...бүртгэлийн үнэн зөв эсэхийг бүртгэлийн байгууллага хариуцна гэжээ. Гэхдээ баримтаар барьцаа хөрөнгө нь зээлдэгч нарын өмчлөлд биш, энэхүү хэрэгт оролцоогүй иргэний өмчлөлд байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг барьцаа хөрөнгөөр хангагдах боломж огт байхгүй. Үүргийн гүйцэтгэл болсон барьцааны зүйл нь барьцаанд бүртгэлтэй, энэ нь хүчин төгөлдөр байсан бол уг орон сууцны өмчлөх эрх шилжих боломжгүй юм. Эндээс байхгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй юм.

5.3. Хэдийгээр хэргийн оролцогчид П.Амартүвшинг хэргийн оролцогчоор оролцуулах хүсэлт гаргаагүй ч П.Амартүвшин нь өөрийн өмчлөлөө зээлийн барьцаанд тавиагүйг тооцох ёстой. Иргэний хуулийн 154.1 дэх зохицуулалт нь хэн нэг этгээд өөрийн хөрөнгөө бусдын зээлийн барьцаанд тавьж болох зохицуулалт болохоос өөрт нь тийм хүсэл зориг байгаагүй үед барьцааны бүртгэл хийгдсэнтэй холбоотой зохицуулалт биш юм. Энэ нөхцөл байдлыг тодруулах нь анхан шатны шүүхийн үүрэг юм.

5.4. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч Хас банк ХХК хариуцагч Д.Мэндбаяр, Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 53,305,483 төгрөг, зээлийн хүү 52,504,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,134,379 төгрөг, нийт 113,944,442 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардлага гаргасан, хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 53,000,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014.07.25-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу банк 110,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ч.Ганчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ганмөнх нар зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдөр П.Мэндбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, Доржийн гудамж 18/2-р байрны 17 тоот, 99 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, Ипотекийн гэрээ, Ч.Ганчимэгийн эзэмшлийн 22-22 УНД улсын дугаартай Chevrolet Camaro маркийн автомашиныг барьцаалж, барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт 89,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

8. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

9. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардсан зээлдүүлэгчийн нэхэмжлэл хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нараас 113,944,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нар нь үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 87,755,649 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага болох 26,188,794 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

10.1. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2018.02.21-ний өдрийн байдлаар тооцож, хариуцагчаас 87,755,649 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Тус нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх 2018.10.15-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад 2018.12.14-ний өдрийн 2462 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа хэрэг хянан шийдвэрлэгдэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нь 2019.10.07-ны байдлаар үүргийн гүйцэтгэлийг дахин тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг 26,188,794 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

 

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

Тухайлбал, хэрэг шүүхэд хянагдах явцад буюу анх гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө, 2018.09.07-ны өдөр хариуцагч Н.Ганмөнх нь П.Мэндбаярыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүйн улмаас шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчөөгүй боловч П.Мэндбаяр нь барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, нэхэмжлэгч барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан, шүүхийн шийдвэр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал үүсэх боломжтой гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцжээ.

 

Улмаар 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч нь П.Мэндбаярыг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагчийг дуудан ирүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож, хэргийн материалтай танилцуулсан үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул энэ хугацааны төлбөрийг хариуцагчаас нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

11. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр дээрх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

11.1. Зохигчийн хооронд 2014.07.25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ буюу Ипотекийн гэрээ хүчин төгөлдөр.

 

Зохигч 2014.07.25-ны өдөр Ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа өмчлөгч П.Мэндбаяр 2015.10.02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн хөрөнгийг иргэн П.Оюунбаатарын өмчлөлд шилжүүлж, П.Оюунбаатар 2015.11.27-ны өдөр П.Амартүвшингийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Барьцааны эрх нь үндсэн шаардлагатай салшгүй холбоотой салгаж үл болох эрх бөгөөд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Иймд барьцааны хөрөнгө хэний өмчлөлд шилжсэнээс үл хамааран барьцаалагч барьцааны зүйлийн үнээс үүргээ гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй тул барьцааны хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1496 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хас банк ХХК-иас 2020.08.21-ний өдөр төлсөн 288,894 төгрөгийг, хариуцагч П.Мэндбаяраас 2020.08.19-ний өдөр 955,822 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД