Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2018/00763/И |
Дугаар | 00205 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 00205
2020 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2020/00205 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Их булан 4 дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Б овогт А-ын А / /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Х //-д холбогдох,
Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй 153/2018/00763/и дугаар индекстэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Ж.Хиналган, Б.Жанболат /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд /Хуучнаар Баян-Өлгий аймаг дахь багшийн коллеж/-д түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажилласан хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн. 2018 оноос 2019 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийн хувиарлаж өгсөн. Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн утсаар захирлын өрөөнд хуралтай гэж дуудаж, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хиналган чамайг ажлаас халсан, тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэл тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн. 2017 оноос 2018 оны хичээлийн жилд манай сургуульд нийгмийн ухааны тэнхим 4 багшийн орон тоогоор хичээлийн хуваарь батлагдсан. Энэ хуваарийн дагуу миний бие 2017 оноос 2018 оны хичээлийн жилд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нийгмийн багшийн орон тоон/ ажиллаж байсан. Гэтэл ахлах багш намайг ажлаас чөлөөлсөн мөртлөө надаас сүүлд орсон багш нарыг авч үлдэж миний заадаг цагийг уг багш нарт хувиарлаж өгсөн. Ямар шалтгаанаар хэд хэдэн багш нарын дотроос намайг сонгож хөдөлмөрийн гэрээг маань цуцалж байгааг захирал Хиналганаас удаа дараа асуусан боловч тоймтой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн уг тушаалд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн ба уг хурал нь бүрэн бүрэлдэхүүнээр болоогүй. Иймд ажилтан миний ажлын байр хасагдаагүй байхад ажил олгогч үндэслэлгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж намайг ажлаас чөлөөлсөн ХИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаагаар гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд элсэлт багассаж оюутны тоо цөөрсөнтэй холбогдуулан ажиллаж байсан дөрвөн багшийн кредитыг тооцож үзэхээр хоёр багш ажиллах нормтой байгаа. Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас ирсэн саналыг үндэслээд Ховд их сургуулийн захирлын зүгээс багш нарт мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудсыг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгөөд Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд А.Аийг багшийн ажлаас чөлөөлсөн. Ховд их сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөөд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тушаал гарч Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Түүх нийгмийн ухаан, Байгалийн ухааны тэнхимийг нийлүүлээд Байгаль, Нийгмийн ухааны тэнхим болсон. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны элсэлт маш их цөөрсөн. Нийгмийн ухааны багш боловсруулах хөтөлбөрөөр 2019-2020 оны хичээлийн жилд нэг ч оюутан элсээгүй. Өнөөдрийн байдлаар 14 оюутан суралцаж байгаа. Багш нарын цаг хүрэлцэхгүй байгаа учраас орон тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаад А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг урьдчилж мэдэгдээд ажил олгогчийн санаачилагаар цуцалсан. А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль хуулийн этгээдийн эрхгүй манай салбар сургууль байгаа. Салбар сургууль санал өгөхдөө заавал бичгээр, албан тоотоор өгдөггүй. Бид нар утсаар ярьдаг, и-мэйлаар, электрон шугамаар саналаа авдаг. Тэнхимийн багш нарын хурлуудаар урьдчилаад А.Аийг чөлөөлөх санал байгаа учраас урьдчилж мэдэгдэх хуудсыг явуулсан....Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн багш нарын хурлын тэмдэглэл байгаа....2010 онд Засгийн газрын тогтоол гарч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж нэр өөрчлөгдсөн....2018-2019 оны хичээлийн жил эхэлсэний дараа сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөж тэнхимүүдээ өөрчилсөн. Нийгмийн ухааны багшийн албан тушаал дээр дөрвөн багш ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь одоо нэршил өөрчлөгдөөд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны тэнхимийн багш гэдэг нэртэй болсон. Нэхэмжлэгчийг чөлөөлсөн, Дареже багш докторт суралцахаар чөлөө авсан....Элсэлт багасаад оюутнуудын тоо цөөрөөд ирэхээр хичээл заах цагийн норм багш нарт хүрэхээ болиод ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.....Захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүтэц орон тоо баталсан тушаалаар профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн зэрэглэлээр нэршил өгөөд, ийм албан тушаалд ажиллаж байгаа учир нийгмийн ухааны багш гэсэн албан тушаал байхгүй байгаа....Тушаал гарах үед Х.Дареже багш чөлөөтэй байсан. Хавар доктороо хамгаалаад ирсэн. Тушаал гарах үед Х.Дареже багш ажиллахгүй байсан....А.Аь багш ахлах багшийн зэрэгт ажиллаж байсан докторын зэрэг байхгүй. Ажил дүгнэсэн үзүүлэлт доогуур байсан, мөн салбар сургуулийн саналыг үндэслэсэн... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь Хд холбогдуулан Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч А.А нь ... миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй, ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн... гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимд элсэх оюутны тоо буурсан, нийгмийн ухааны багшийн орон тоог цөөрүүлсэн, нэхэмжлэгч А.Ад захирлын тушаал гарахаар 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.... гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч А.А нь Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн захирлын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар 2005 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд багш, түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийн захирлын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай Багш ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар,
Нэхэмжлэгч А.Аийг ...элсэлт багасч, Багш, нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсонтой холбоотойгоор Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн саналыг үндэслэн... гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Ховд их сургуулийн дүрэм-ийн 3.14.2, 3.15, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.8 дахь заалтыг тус тус баримтлан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Ажил олгогч нь ажилтантай түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Хариуцагч нь Ховд их сургуулийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/275 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр түүх, нийгмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч А.Ад мэдэгдсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэл-ээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч Х нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийг 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ нэхэмжлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдснээс хойш 25 дахь өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, 27 дахь өдөр нь ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгч, ажлыг нь хүлээлцүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчжээ.
Ховд их сургуулийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/275 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд түүх, нийгмийн ухааны багшийн ажлыг эрхэлж байсан байхад Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд нэхэмжлэгчийг нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тушаал гарган цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байна.
Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулан өгсөн болон нэхэмжлэгч ажлаа хэзээ хүлээлгэн өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан .... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзнэ гэсний дагуу ажил олгогч нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
Иймд ажил олгогчийн ажилтан А.Аийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч А.А нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 12 сар ажилгүй байжээ. Ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн бичилтийг үндэслэн тооцвол нэхэмжлэгч А.Ад олгох олговрын нийт хэмжээ 14,113,523 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 14,113,523 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 14,113,523 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 228518 төгрөг нийт 298,718 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын нарын хэргийн материалтай танилцахыг шүүхээс удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын нар нь хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй, урьд нь танилцсан тул дахин танилцахгүй гэх тайлбар, хүсэлтийг гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Базархул овогт Авзалын Аийг урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,113,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ад олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,113,523 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 14,113,523 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 228518 төгрөг нийт 298,718 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ