Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч  Э.Чингис, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх  хуралдааны  нарийн бичгийн дарга О.Болор,

улсын яллагч Г.Батбаяр,

           шүүгдэгч нарын өмгөөлөгч  Б.Баясгалан ҮД:08-93,  Г.Оюунцэцэг /ҮД:02-87/,

           хохирогч   Б.Уранчимэг,

           хохирогчийн  өмгөөлөгч Ц.Дэлгэрням  ҮД:03-17,            

           шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13/а/-26 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн 17-р хороо , 59 дүгээр байрны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Халзан овогт Цогтбаатарын Мөнхцэцэг /РД: ХБ78012385/

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш  мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, нөхөр, 1-3 насны 3  хүүхдийн хамт  Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13а-26 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор  Баянгол дүүргийн  17-р хороо 59 дүгээр байрны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Халзан овогт Цогтбаатарын Мөнхтуул /РД: ХБ87101581/нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1780 дугаартай 105/2016/0299/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь бүлэглэн  2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Б.Уранчимэгээс 141.194.000 төгрөгийг итгэл эвдэн хуурч мэхлэх залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

1.Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: Намайг Уранчимэг эгч намайг дүүтэйгээ бүлэглэж залилсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2003 оноос эхлэн наймаа хийж эхэлсэн ба тухайн үедээ 4-5 лангуутай байсан. Бүх бараагаа Хятад улсаас татдаг байсан ба бэлэн хувцас, цүнх авчирч ирж зардаг байсан. Уранчимэг эгчийг би 2010 оноос эхэлж мэднэ. Тэр үед мэндийн зөрүүтэй, цуглаанд цуг явдаг байсан. 2012 онд би цуглаан дээр байж байхдаа Уранчимэг эгчийг хүнд мөнгө зээлүүлдэг гэж сонссон. Тэгээд би Уранчимэг эгч дээр очоод би наймаа хийдэг, 4-5 лангуутай, таныг хүнд мөнгийг зээлүүлдэг гэж сонссон гээд хэлсэн. Тэгэхэд Уранчимэг эгч чи надаас авч байхгүй юу даа, би мөнгө гаргадаг гэж хэлсэн. Бид хоёр 2012 оноос зээлийн харилцаагаа эхэлсэн. Би Хятад улс руу явж бараагаа их хэмжээгээр татах гээд бүх зүйл дээр бид хоёр хоорондоо ярилцаж хийдэг байсан. Би бараандаа явж бараагаа худалдагч нарт тараадаг байсан. Миний ажил улам ихсэх болсон. Тухайн үед миний дүү жирэмсэн 2 ихэр хүүхэд тээж байсан. Надад арын ажлыг минь даагаад явах итгэл даах хүн хэрэгтэй байсан. Тэгээд дүүдээ би эгчийнх нь ажил ихсээд байна эгчдээ туслаад арын ажлыг минь хийгээд өгөөч гэж гуйсан. Би 4-5 лангууныхаа худалдагч нарт цалин өгч ажиллуулж байсан. Дүүдээ бусад худалдагч нараас илүү цалин олгохоор болж ажиллуулж эхлэхээр болсон. Намайг Хятад улсад явж байхад араас мөнгө шилжүүлэх, Улаанбаатар хотод ажил ихтэй явж байхад дүүгээрээ мөнгө авахуулах, өгүүлэх зэрэг ажилдаа туслуулж эхэлсэн. Мөнхтуулын дансаар мөнгө орж гарч байсан ч гэсэн тухайн мөнгийг надад л авчирч өгч байсан. Өөртөө ашиглаж, хэрэглэсэн зүйл байдаггүй. Үүнийг Уранчимэг эгч өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Тухайн үед Уранчимэг эгч рүү залгаад би одоо завгүй болчихсон юм чинь манай дүү рүү шилжүүлчих, эсхүл би Мөнхтуулыг явуулъя гэдэг ч юм уу ингэж бид хоёр харилцдаг байсан. Би 2012-2015 оны хооронд Уранчимэг эгчээс нийт 201.000.000 төгрөгийг дансаар авсан. Үүнээс дүүгийнхээ нэрээр 85.000.000 төгрөгийг, өөрийнхөө нэрээр 110.000.000 төгрөгийг авсан. Нийт авсан 201.000.000 төгрөгөнд хүмүүсийн нэрээр авсан 14.100.000 төгрөг орж байгаа. Мөн энэ хугацаанд буцаан төлөлт хийсэн. Буцааж төлөхдөө бэлэн мөнгөөр болон дансаар буцааж өгч байсан. Дансаар буцааж өгөхдөө өөрийн нэрээр 42.000.000 төгрөгийг, дүүгийнхээ нэрээр 75.000.000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Мөн бэлэн мөнгөөр 82.000.000 төгрөгийг Уранчимэгт өгсөн. Надад хөтөлдөг 2 хар дэвтэр байдаг. Энэ дэвтэр дээрээ би бүх үйл явдлыг бичдэг байсан. Уранчимэг эгч ч бас өөрийнхөө дэвтэр дээр хөтөлдөг байсан. Би буцааж Уранчимэг эгчид 118.000.000 төгрөгийг дансаар, 82.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Намайг 141.000.000 төгрөгийг залилсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх бүх мөнгийг өгөөд дуусчихсан. 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ямар ч эргэн төлөлт хийгээгүй гэж мэдүүлсэн байсан. 2012 оноос 2013 оны 03 дугаар сарын 07-ны хооронд би 20.000.000 төгрөг авсан байдаг. Үүнээс 13.000.0000 төгрөгийг буцаан төлөлт хийсэн. 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны хооронд Уранчимэг эгчээс би 181.000.000 авч, дансаар 108.000.000 төгрөгийг, бэлнээр 79.000.000 төгрөгийг өгсөн. Намайг ямар ч үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж байгааг  хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхтуул мэдүүлэхдээ:   Уранчимэг эгч бэлэн мөнгө авч байгаагүй гэж мэдүүлж байна. Би хагас, бүтэн сайн, намар, хавар сүмийн цуглаан дээр уулзахдаа эгчийнхээ өг гэсэн мөнгийг нөхрийнхөө машин дотор, хөгжмийн өрөө, ариун цэврийн өрөөнд өгдөг байсан. Уранчимэг эгч өөрийнхөө хар цүнхээ үүрээд ирдэг байсан. Намайг энэ хэрэгт миний данс руу мөнгө орж байсан гэдэг үндэслэлээр яллаж байгааг мөн надаас 41.000.000 төгрөг нэхэмжилж байгааг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 10 дугаар сарыг хүртэл би эгчийнхээ лангуун дээр зогсож байсан. Энэ хугацаанд Уранчимэг эгчээс орж ирсэн мөнгийг би авч Мөнхцэцэг эгчид өгч байсан. Мөнхцэцэг эгчийн хий гэсэн мөнгийг банк дээр очоод л хийж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд миний дансанд 24 удаа мөнгө орсон байдаг. Намайг ажил хийхээ болих үед миний данс руу мөнгө орохоо больчихсон. 2014 онд миний дансанд 6 удаа мөнгө орсон байдаг. Энэ нь намайг төрчихөөд 3-4 сарын хугацаа өнгөрчихсөн байхад Мөнхцэцэг эгч цагаан сар, март 8 гээд ийм үеүүдэд Хятад улс руу явчихаад лангуу дээрээ намайг өдрийн хагас цагаар түр сууж өгөөч гэж хэлж байсан. Цаг хугацааны хувьд 2 дугаар сарын 25, 3 дугаар сарын 3, 3 дугаар сарын 28, 4 дүгээр сарын 12, 5 дугаар сарын 8-ны өдөр тус тус миний данс руу мөнгө орсон байдаг. 2014 онд 6 удаа, 2013 онд 24 удаа, нийт 30 удаа миний данс руу 85.950.000 төгрөг орсон байна. Би 40 удаагийн үйлдлээр 75.991.450 төгрөгийг Уранчимэг эгч рүү шилжүүлсэн. Энэ хоёр мөнгөний зөрүү нь 9.103.550 төгрөг байна. Мөнгө зээлж байсан Мөнхцэцэг нь уг мөнгийг наймаандаа хэрэглэж байсан. Мөнгө зээлж, зээлүүлж байгаа хоёр хүний тооцоо нийлэхгүй болохоор төлөх хүн нь 2 хүн болчихож байна. Би болон манай гэр бүлийн хүмүүс хүнийг залилаад байдаг хүмүүжилтэй хүмүүс биш. Би 2004-2012 оны хооронд 3 их сургууль төгссөн. Би зүгээр гэртээ байж байхаар гээд эгчдээ туслъя гэж бодсон гэв.

3. Шүүхийн  хэлэлцүүлэгт  хохирогч   Б.Уранчимэг  мэдүүлэхдээ: Мөнхтуул, Мөнхцэцэг нар нь нийт 71 удаагийн үйлдлээр 248.885.000 төгрөг надаас авсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 226, 4 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байх хохирлын тооцоогоор тогтоогдож байна. Өөр хүний дансаар мөнгө авч байгаагүй гэж байгаа боловч надаас 16.100.000 төгрөг авсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 137-139, 145, 149, 2 дугаар хавтаст хэргийн 155, 162 дугаар хуудсанд байх гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Надад 33 удаагийн үйлдлээр 141.194.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөнхтуул нь “ХААН” банкаар 9 удаа, Төрийн банкаар 1 удаа нийт 10 удаагийн үйлдлээр 41.224.000 төгрөгийг авсан. Мөнхцэцэг нь “ХААН” банкаар 15 удаа, Төрийн банкаар 6 удаа, бэлнээр 2 удаа, нийт 23 удаагийн үйлдлээр 99.950.000 төгрөгийг надаас авсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд байх хохирлын тооцоогоор нотлогдож байна. Би 2016 онд анх “Есүс” чуулганд явахаар болсон. 2008-2015 онд хүүхдүүдийн цуглаанд би багшаар ажилладаг байсан. 2010 оны үеэс Мөнхбаяраа гэх пастор ирсэн юм. Тэр үеэс Мөнхбаярааг таньдаг болсон. Хамгийн анх 2012 оны 6 дугаар сарын үед Мөнхбаяраа пастор надаас гуйх зүйл байна гэж хэлсэн. Лавлаад асуухад “манай дүү Мөнхцэцэг, Мөнхтуул хоёр наймаа хийх гэтэл мөнгө дутаад байна” гээд 1.000.000 төгрөг 7-10 хоногийн хугацаатай зээлээд өгөөч гэсэн. Би тухайн үед Мөнхбаяраа пасторт итгээд л 1.000.000 төгрөгийг өгсөн. Сарын дараа 1.100.000 төгрөг болгож өгсөн. Би зээлсэн 1.000.000 төгрөгөө аваад 100.000 төгрөгийг нь бурхан та нарт өгч байгаа юм гээд эргүүлээд өгсөн. Би 2006-2012 он хүртэл сүмд явж байхдаа Мөнхцэцэгийг огт харж байгаагүй. Мөнхтуул нь тухайн үед оюутан байсан болохоор магтаалд үйлчлэх гэж ирдэг байсан. 2013 оны дунд хэсэгт Мөнхтуул надтай хамт хүүхдийн цуглаанд багшаар үйлчлэх болсон. Энэ үеэс эхлээд Мөнхбаяраа пастор өөрийн хоёр дүү Мөнхтуул, Мөнхцэцэг хоёрыгоо бараандаа явах гэж байна гээд л 1.000.000-5.000.000 төгрөгийн хооронд мөнгө аваад удаалгүй эргүүлж өгдөг байсан. Нэг удаа Мөнхтуул, Мөнхцэцэг хоёр над дээр ирээд Уранчимэг эгчээ “Бөмбөгөр дээр бид хоёртой хамт наймаа хийдэг хүмүүс 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн асуугаад байна” гэхээр нь би “та хоёроос өөр хүнд мөнгө зээлмээргүй байна” гэхэд бид нар Эрээнээс Бээжин хүртэл автобусаар явдаг. Таньдаг хүмүүстэй хамт явбал аюул бага байдаг та тус болооч, авсан мөнгөө буцаагаад өгдөг шүү дээ, Мөнхбаяраа пастор байгаа болохоор бид нар танд худал хэлэхгүй гэж хэлсэн. Би тухайн үед наймаа эрхэлдэг байсан болохоор наймаа хийдэг хүний зовлонг мэднэ мөн Мөнхбаяраа пастор Мөнхцэцэг бүх бараагаа шатаалгаж байсан, ээж нь болох Наранмандах эгч нь хүүхдийнхээ байр авах гэж байсан мөнгөө хүнд залилуулж байсан гэж хэлж байсан болохоор нь би энэ хүмүүст итгэж мөнгөө өгсөн. Заримдаа хүмүүсийн дансны дугаар өгдөг байсан. Энэ данс тооцоог Мөнхтуул нь барьдаг байсан. Мөнхцэцэг нь сүмд явдаггүй, Мөнхтуулыг төрснөөс хойш сүмд явж эхэлсэн. Харин Мөнхтуул нь сүмд явдаг байсан. Над руу өөр хүний дансны дугаар явуулдаг байсан ба би уг мөнгийг хэлсэн данс руу нь хийдэг байсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 137, 138, 139, 141, 145, 149, 2 дугаар хавтаст хэргийн 155, 162 дугаар хуудсанд байх гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэрчийн мэдүүлгээр Мөнхтуулын хадам ээж нь мэдүүлэг өгсөн байсан. 139 дүгээр хуудсанд байх Ш.Нямаагийн мэдүүлэгт Мөнхтуул нь манай бэр, Бөмбөгөр худалдааны төвд наймаа хийдэг. Бөмбөгөрт наймаа хийдэг хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг байсан гэж байсан1 дүгээр хавтаст хэргийн 149, 140, 143, 147, 151, 155, 162 дугаар хуудсануудад мөнгө шилжүүлсэн баримт, мөнгө шилжүүлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Мөнхтуул, Мөнхцэцэг хоёр нь Алтжин дэлгүүрт метр квадрат нь 10.000 долларын үнэтэй 6х 6 метрийн лангууг авах гэж байна. Та надад туслаач гэж цувуулж мөнгө авч байсан. Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын 26 дугаар байрны 13 тоотын байрыг түрээслэдэг байсан. Энэ байрыг худалдаж авах гэсэн юм. Та надад байрны урьдчилгаа болгож мөнгө зээлээч гэж байсан. 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ХААН банкны дансаар 6.300.000, 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа Хөгжлийн  банкны дансаар 10.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж хэлж авсан. Нийт 16.300.000 төгрөгийг надаас авсан. Гэхдээ Мөнхтуул байр авах гэж мөнгө авсан биш өөрийнхөө зээлийн данс руу уг мөнгийг хийлгэсэн байсан. Тухайн мөнгийг Цогтбаатар гэж хийгээрэй гэж хэлсэн. Би Цогтбаатар гэж хийдэг нь ямар учиртай юм бэ гэхэд гэр бүлийнхээ хүний нэрээр хийлгэхгүй бол зээл гаргаж өгдөггүй юм гэж хэлж байсан. Мөнхцэцэг нь Баянгол дүүргийн 59  дүгээр байрны 6 тоот байрыг авна гэж урьдчилгаа болгож Худалдаа Хөгжлийн  банкны 452580125 дансаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 27.000.000 төгрөгийг,  Туул, Урнаа гэдэг нэрээр хийгээрэй гэж хэлж байсан. 8 дугаар сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг авч 8 дугаар сарын 11-ний өдөр Мөнхбаяртай хамтарч орон сууцны зээл авсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 97, 98 дугаар хуудсанд байх баримтуудаар тогтоогдож байна. Энэ мөнгийг буцааж өгөхдөө юу гэж хэлж надад итгэл үнэмшил төрүүлсэн бэ гэхээр анх байраа Мөнхцэцэгийн нэр дээр авчихаад буцаагаад таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Гэвч надад нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй. Сарын дараа Мөнхцэцэгээс зээлээ авсан бол эгчийнхээ мөнгийг өгөх болж байна уу гэж асуухад би зээл авсныгаа байр авсан хүнд өгчихсөн. Мөнхжаргалыг Солонгос улсаас ирэхээр нь Мөнхжаргалын нэр дээр шилжүүлээд, зээл аваад өгье гэж хэлсэн. Тухайн байр банкны барьцаанд байсан. Банкны барьцаанд байгаа байрыг Мөнхжаргалын нэр дээр шилжүүлэх боломжгүй байхад надад ингэж хэлж итгэл үнэмшил төрүүлсэн. Мөнгө авахдаа л надад анхнаасаа худал хэлж байсан. Мөнхтуул ч гэсэн байр худалдаж авна гэж байсан боловч уг мөнгийг зээлийн данс руугаа шилжүүлж зээлээ хаалгуулсан байсан. 2014 оны 5 дугаар сараас үе үе миний хамарнаас цус гарах болсон. Тухайн үед би 2 барилгын компанитай гэрээ хийсэн байсан учраас цусны шинжилгээ өгөөд үзэхэд элэгний өөрчилттэй гэж гарсан. Мөнхжаргалыг ирэхээр ХААН банкнаас зээл авч өгнө гэж байсан. Би 4 удаа цус алдаж сэхээнд орсон. Намайг мөнгөө нэхэхэд Мөнхтуул мессежээр мөнгө авсан хүмүүсийн зарим нь он гаргаад өгье, зарим нь цагаан сараас хойш лангуугаа зараад өгье гэж бичсэн байсан. Дараа нь Мөнхцэцэг хоёр хүн нь зугтаагаад алга болчихсон гэж хэлсэн. Би хаашаа яагаад зугтаагаад алга болсон юм бэ гэж хэлэхэд нэг нь Сэлэнгэ аймаг руу, нөгөөх нь Солонгос улс руу гараад зугтсан гэж хэлсэн. Иргэний үнэмлэх нь байгаа юм чинь харъяа дүүргийн цагдаагийн газар мэдэгдье гэж хэлэхэд тийм юм байхгүй гэсэн. Намайг мөнгөө нэхээд эхлэхэд Мөнхтуул, Мөнхцэцэг нарын яриа нь зөрж эхэлсэн. Ийм учраас би ярианы бичлэг хийж эхэлсэн. Би Мөнхцэцэгийг гуйгаад чи эгч дээрээ ирээд уулзаадах үнэнээ ярьж байж хоёулаа учраа олох байх гэхэд Мөнхцэцэг манайд ирсэн. Мөнхтуул нь утсаа унтраагаад алга болсон. Мөнхцэцэгт би миний дүү эгчдээ үнэнээ хэлчих өөр хүмүүс аваагүй та хоёр л авсан биздээ гэхэд Мөнхцэцэг тиймээ, таны бие муу байсан учраас бид нар хэлж чадаагүй юм. Бид хоёр энэ мөнгийг бүгдийг авсан гэж хэлсэн. Одоо яаж төлөх гэж байна вэ гэхэд Мөнхжаргалыг ирэхээр төлнө гэсэн. Мөнхжаргал нь хүрч ирээд зээл хөөцөлдөж байна гэсэн боловч овог нэгтэй учраас зээл бүтсэнгүй гэж хэлсэн. Мөнхтуулын нэр дээр бизнесийн зээл авахаар болсон гэж надад хэлсэн. Мөнхтуул руу залгахад ажилтай байна дараа залгая гэж хэлж байсан. Мөнхцэцэг нь зээл бүтсэнгүй гэж хэлсэн. Гэвч 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Транс Капиталаас 39.800.000 төгрөгийн зээл авчихсан байсан ба уг мөнгө нь ХААН банкных нь данс руу орчихсон байсан. Одоо яаж мөнгө олох гэж байна вэ гэхэд Алтжин худалдааны төвд байх 6 х 6 метрийн лангуугаа зарна гэж хэлсэн. Сандэй -Плаза, Бөмбөгөр худалдааны төв дээр өмдний худалдаа эрхэлдэг залуу 5.000.000 төгрөг урьдчилгаанд нь тавиад явсан. Дараа долоо хоногт зээл бүтвэл би танд мөнгөө аваад эргүүлээд өгнө гэж хэлж байсан. Та санаа зовох хэрэггүй, эмчилгээндээ ч явж, хагалгаагаа ч хийлгэнэ гэж хэлсэн. Би тухайн үед Мөнхцэцэгээс уйлаад гуйхад санаа зовох хэрэгггүй гэсэн ч товлосон цаг нь болоход зээл банкнаас гарахгүй байна гэж хэлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000, 4 дүгээр сарын 28-ны өдөр 70.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгөөр Анхцэцэг гэдэг эмэгтэйд уг лангуугаа зарсан ба энэ мөнгөнөөсөө надад нэг ч төгрөг өгөөгүй. Би лангуугаа зарсан гэдгийг 12 дугаар сард хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдсэн. Надад лангуугаа зараагүй гэж хэлж байсан. Лангуу зарагдахгүй байгаа юм бол та хоёр яаж миний мөнгийг төлөх юм бэ гэж асуухад Мөнхтуулын нөхөр Батболдын нэр дээр байх Бичил хороололд байдаг байраа Мөнхжаргалын нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Би ялгаа байхгүй юм биш үү гэхэд овог нь өөр болохоор болно гэж хэлсэн. Би орой нь Мөнхтуул руу залгасан. Мөнхтуулын утаснаас хоёулаа яриад дүүгээ аваад явж байна. Мөнхжаргалын нэр дээр болгоно гэж ярьсан. Орой нь Мөнхцэцэг рүү ярихад Мөнхтуул нь утсаа авч Мөнхцэцэг болж надтай ярьсан. Мөнхцэцэг яасан болоод чи Мөнхцэцэг болж надтай утсаар ярьж байгаа юм бэ гэхэд Мөнхцэцэг эгч ээж, аавыг дагуулаад Бээжин рүү явсан гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй гэж хэлчихээд ээж аавыгаа ямар мөнгөөрөө Бээжин рүү дагуулж явсан юм бэ гэхэд тэтгэврийн мөнгөөрөө явсан гэж хэлсэн. Мөнхцэцэг нь анх мэдүүлэг өгөхдөө надаас 80.000.000 төгрөг авсан. Тэгээд уг мөнгийг 160.000.0000 төгрөг болгож эргүүлээд өгч байсан гэж мэдүүлсэн байсан. Буцааж өгөхдөө “ХАС” банкны дансаар өгсөн гэсэн байсан. Орхигдуулсан мөнгө болох 106.103.000 төгрөгийг огт аваагүй мэт худал мэдүүлэг өгч байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 145, 147 дугаар хуудсануудад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн өөр хүний дансаар авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 138, 139, 145, 149, 2 дугаар хавтаст хэргийн 155, 162 дугаар хуудсанд байх гэрчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Мөнхтуул, Мөнхцэцэг нар нь өөр хүний нэрээр авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 45, 47 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн бэлэн авсан мөнгөө хүлээн зөвшөөрдөггүй. 3 дугаар хавтаст хэргийн 80, 84, 2 дугаар хавтаст хэргийн 164, 3 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөнхтуул нь уг хэрэгт оролцоогүй гэж байгаа боловч надаас авсан мөнгөө юунд зарцуулсан байгааг Мөнхтуулын банкны тооцоонд хийсэн үзлэг хийж үзэхэд өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан байна. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайн үед хил гарсан үгүйг нь шалгахад Мөнхтуул нь 2 удаа л хил гарсан байсан. Би141.194.000 төгрөгөөсөө нэг ч төгрөг аваагүй, энэ мөнгөө нэхэмжилж байна. Би Мөнхцэцэг, Мөнхтуул нарт яагаад итгэсэн бэ гэхээр нь манай нөхрийн аав Мөнхцэцэг, Мөнхтуул нарын аавтай хамт ажиллаж байсан. Энэ мөнгөний асуудлыг аав нь мэдэж байсан. Мөнхтуулыг 2 ихэр хүүхдээ төрүүлэх гээд эмнэлэгт ор байхгүй гээд байж байхад нь Мөнхцэцэг надад Мөнхтуулыг төрүүлэх гэсэн боловч эмнэлэгт ор олдохгүй байна. Та надад туслаач гэж хэлж байсан. Тухайн үед би эмнэлгийн дарга найз руугаа яриад Мөнхтуулыг эмнэлэгт хэвтүүлээд, хагалгаанаас гарах хүртэл ээж, аавтай нь би эмнэлгийн гадаа хүлээгээд зогсож байсан. Хагалгаанаас гараад эрчимт эмчилгээнд ороход нь эмчлэгч эмчтэй нь ярьж байгаад сахиур оруулсан. Намайг хуурч мэхэлнэ гэж бодоогүй. Мөнхбаяраа пастор надад аавын бие муу байна. Хагалгаа нь хойшлогдоод байна та надад туслаач гэхээр нь би тасгийн эрхлэгч рүү нь ярьж байсан. Би ингэж их тус болж байхад намайг хуурна чинээ бодоогүй. Би эдгээр хүмүүст итгээгүй байсан бол юу гэж мөнгөө өгөх вэ дээ. Эмчилгээний зардал хэрэг болсон болохоор банк бус санхүүгийн байгууллагад байраа тавьж эмчилгээний зардлаа өгсөн. Хэрэв тэр мөнгийг өгчихсөн байсан бол би байраа хураалгахгүй байсан. Би үнэхээр их гомдолтой байна. Надад группын мөнгөнөөс өөр орлого алга, Мөнхцэцэг,  Мөнхтуул нар надад миний мөнгийг өгөх нь битгий хэл өөрсдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Баасанжаргалын :. ..Би “Есүс хамгийн эрхэм” сүмд 2009, 2010 оны үеэс 2011 оны сүүл үе хүртэл үйлчлэгчийн ажил хийж байсан. Мөн энэ хугацаанд сүмийн санхүүг нэг хэсэг барьж байсан. Одоо бол сүмд итгэгчийн үүднээс цуглаанд нь тогтмол очдог. Мөнхбаяраа бол манай сүмд 2009 оны үеэс пастороор ирж ажиллаж байсан. Энэ утгаараа л танина. Мөнхцэцэг, Мөнхтуул хоёр Мөнхбаяраагийн төрсөн дүү нар нь, мөн манай сүмийн итгэгч нар юм. Мөнхтуул бид хоёр найз нөхдийн харилцаатай. Мөнхтуул, Мөнхцэцэг нар Уранчимэг эгчээс мөнгө зээлсэн талаар Уранчимэг эгчээс өөрөөс нь сонссон. Тэр хэлэхдээ “Мөнхцэцэг, Мөнхтуул нарт мөнгө зээлсэн чинь өгөхгүй байна гэж хэлж байсан. Би яг нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна.

2010, 2011 оны үед би сүмийн санхүүг нэг хэсэг хариуцаж байсан. Сүмд итгэгчид өргөл гэж мөнгө хандивладаг юм. Уг мөнгийг буяны үйл ажиллагаанд зарцуулдаг. Мөнхтуул өөрийн нөхөр Батболдын хамт “сүмийн өргөлийн мөнгөнөөс авч хэрэглэчихээд буцааж өгье гэж ярьж байсан, хэдэн төгрөг авсан болон буцаан өгч байсан эсэхийг нь би мэдэхгүй байна.

Б.Уранчимэг эгчийг би Япон улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн. Одоо нэг хүүтэйгээ хамт амьдардаг, элэгний хүнд өвчтэй гэдгийг нь мэднэ. Мөн банк бус санхүүгийн байгууллагад хадгалуулж байсан мөнгөө алдаж байсан гэдгийг нь өөрөөс нь сонсож байсан. Б.Уранчимэг эгч хүмүүст мөнгө зээлж байсныг би мэдэхгүй. Ер нь хүмүүст мөнгө зээлдэггүй байх. Сүмийн ойр дотныхоо хүмүүст ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд санаа зовж, туслахыг хичээдэг байдал ажиглагддаг  гэх мэдүүлэг... / 1-р хх-ийн  130-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Болорын : ... Би Уранчимэг, Мөнхтуул, Мөнхцэцэг нар хоорондоо өр авлагатай гэдгийг өөрсдийнх нь ярианаас сонсож мэдэж байсан. Би Мөнхцэцэг, Мөнхтуул нар нь Уранчимэгт бэлнээр мөнгө өгч байсныг нь харж байгаагүй. Энэ талаар мэдэхгүй. Мөнхцэцэг, Мөнхтуул нар Уранчимэгт мөнгө өгөх гэж байна гэж ярьж байхыг нь харин сонсож байсан. Уранчимэг эгчийг хүмүүст мөнгө зээлдэг гэдгийг нилээн дээр сүмийн итгэгч нар хоорондоо ярьж байхыг хальт сонсож байсан. Гэхдээ ямар хүнд, хэдэн төгрөг зээлж байсныг мэдэхгүй...  гэх мэдүүлэг / 2-р хх-н  154-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Азжаргалын: ...2013 оны 10  дугаар сард би “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа эрхэлдэг байсан. Тухайн үед бараа авах гээд мөнгөний хэрэгцээ гарсан юм. Тэгээд Мөнхтуулаас мөнгө зээлэх хүн байна уу гэхэд таньдаг хүнээсээ зээлээд өгье гээд 2.0 төгрөг зээлж байсан. Тэр хүн нь хүүний мөнгө гэж 200.000 төгрөгийг нь суутгаад 1.8 сая төгрөгийг миний Хаан банкны 5007587437 тоот данс руу шилжүүлж байсан. Тэгээд би удахгүй хүүгийн хамт 2.0 төгрөгийг Мөнхтуулд өгч байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн  144-р тал /

Мөрдөн байцалтанд гэрч П.Батсүмбэрийн: ...Би Уранчимэгийг танихгүй. 2013 оны 06 дугаар  сарын 19-ний өдөр миний 5026507980 дугаартай дансанд Уранчимэг гэх хүнээс мөнгө орж ирснийг би мэдээгүй. Тухайн өдөр би данснаасаа мөнгө аваагүй. Би Мөнхцэцэг гэдэг хүнд өөрийн дансны виза картаа ганц нэг удаа өгч байсан. Мөнхцэцэг эгч хүн мөнгө хийх гээд байна миний дүү дансаа өг би очоод мөнгө аваад ирье гэж хэлж миний картыг авч байсан   гэх мэдүүлэг / 2-р хх-ийн  162-р тал /

             Мөрдөн байцаалтанд гэрч Л.Энхбаярын : ...Би “Есүс хамгийн эрхэм” сүмийг анх нээгдэж эхэлсэн үеэс буюу 2003 оноос хойш итгэгчээр явж байгаа. Мөн 2014 оны 05 дугаар  сараас 2015 оныг хүртэл сүмийн санхүүг хариуцан ажиллаж байсан. Яг санхүүг хариуцсан тодорхой албан тушаал байдаггүй. Итгэгч нартаа сүмийн ажлыг хариуцуулж өгдөг юм. Мөнхтуулыг 2003 оноос сүмд явж эхэлсэн үеэс нь таньдаг болсон. Мөнхбаяраа пастор 2009  оны сүүлээр манай сүмд пастороор ирж ажиллаж байсан цагаас таньдаг болсон. Мөнхцэцэгийг 2009, 2010 оны үеэс л таньдаг болсон. Сүмийн шугамаар л эдгээр хүмүүстэй харилцдаг. 2015 оны 5 дугаар сарын үед Уранчимэг эгч надаас Мөнхцэцэгийн Бөмбөгөрийн лангууг асууж байсан. Юу болсон талаар асуухад Мөнхцэцэг, Мөнхтуул нарт нилээн их мөнгө зээлсэн юм, энэ хоёр миний мөнгийг цааш нь хүмүүст зээлдүүлээд эргүүлж авч чадахгүй байна гээд миний мөнгийг өгөхгүй байна” гэж хэлж байсан...Ямар ч байсан сүмийн хуучин эд хогшилыг 2014 оны сүүлээр Мөнхбаяраа пастор байх үедээ Мөнхтуулын нөхөр Батболдын фэйсбүүкээр зар тавьж зарж борлуулж байсан. Тэр зарсан эд зүйлийн орлого нь сүмийн дансанд огт орж ирж байгаагүй. Уранчимэг эгч хүнд мөнгө зээлдэг талаар би мэдэхгүй. Ер нь хүнд мөнгө зээлдэггүй хүн. Миний мэдэхийн сүмийн хамт олны дунд хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн...  гэх мэдүүлэг /1-р хх-ийн  131-р тал /

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: /1-р хх-ийн 33 –р тал/

           -Эд зүйлийн  үнэлгээ / 3-р хх-ийн  77-79-р тал /

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотонд: “Ц.Мөнхцэцэгийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205032473 дугаартай Баянгол  дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазар гудамж, 5-6 тоот орон сууц, Ц.Мөнхтуулын өмчлөлд Ү-2205001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13а байрны 26 тоот орон сууц тус тус бүртгэлтэй байна.  /1-р хх-ийн 219-ртал /

             -Шүүх сэтгэц эмгэг судлалын  №895 тоот  дүгнэлтэнд:

 1. Ц.Мөнхцэцэг нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна.

2. Ц.Мөнхцэцэг нь  сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд  байдаг гэх  баримт мэдээлэл үгүй байна. Цаашид эмнэлэгийн хяналтанд байх шаардлагагүй байна.

            3. Ц.Мөнхцэцэг нь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байна.

            4.Ц.Мөнхцэцэг нь хэрэг хариуцах чадвартай байна. /3-р хх-ийн  134-135-р тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын  №920 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Мөнхтуул нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. Ц.Мөнхтуул нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Сэтгэцийн эмчийн  хяналтанд  байдаг гэх баримт үгүй байна.

3. Ц. Мөнхтуул нь одоо  сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байна.

4. Ц.Мөнхтуул нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /3-р хх-н  143-р тал / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд  болон  шүүгдэгч нар, хохирогчийн  мэдүүлэгүүдээс дүгнэхэд  Ц. Мөнхтуул    2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Уранчимэгээс “ХААН”  банкны  5022411034 тоот дансаар  9  удаа, Төрийн банкаар 1 удаа  нийт  41.244.000  төгрөгийг,  Ц. Мөнхцэцэг   “ХААН”  банкны  50224313 89 тоот дансаар 15 удаа,  Худалдаа  Хөгжлийн банкны  452580125 тоот дансаар  6 удаа , бэлнээр  2 удаа  нийт  99.950.000 төгрөг  бүгд  141.194.000  төгрөгийг  итгэл эвдэн хуурч мэхлэн авсан  гэж  хохирогч Б.Уранчимэг  мэдүүлж байна. /2-р хх-н  102-103-р тал/

  Үүнийгээ  хохирогч Б.Уранчимэг  Ц.Мөнхтуулын “ХААН” банкны  5022411034  тоот  дансанд   2013 оны  03 дугаар сарын  07-ны өдөр  6.300.000 төгрөгийг  / 1-р хх-н 21, 198-р тал /  2013 оны  03 дугаар сарын  14-ний өдөр  1.800.000 төгрөгийг /1-р хх-н 22, 199-р тал / , 2013 оны  06 дугаар сарын 27-ны өдөр  1.530.000 төгрөгийг / 1-р хх-н 201-р тал/, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  3.500.000 төгрөгийг /1-р хх-н  86-р тал /,  2014 оны  03 дугаар сарын 03-ны өдөр  3.000.000 төгрөгий/ 1-р хх-н 24, 206-р тал/, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  5.858.000 төгрөгийг  / 1-р хх-н 25-р тал/ 2014 оны 04 дүгээр сарын 12-нд  5.400.000 төгрөгийг 1-р хх-н 25-р  тал/, 2014 оны 05 дугаар сарын  08-ны өдөр  6.300.000 төгрөгийг  1-р хх-н 26,  208-р тал/,  2014 оны 02 дугаар сарын  25-ны  өдөр  4.000.000 төгрөгийг  1-р хх-н 24, 206-р тал/,  Төрийн  банкаар  2014 оны  09 дүгээр сарын 23-ны өдөр  3. 556.000 төгрөгийг / 1-р хх-н 29,213-р тал/,  Ц.Мөнхцэцэгийн  “ХААН” банкны  5022431389 тоот дансанд  2013 оны 03 дугаар сарын  29-нд  8.000.000 төгрөгийг  1-р хх-н 22,199-р тал/,  2013 оны  10 дугаар сарын 30-ны өдөр  900.000 төгрөгийг / 1-р хх-н 30,  204-р тал/, 2013 оны  12 дугаар сарын  1.350.000 төгрөгийг  /1-р хх-н 64-р тал/, 2014 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр  8.100.000 төгрөгийг /1-р хх-н  23, 205-р тал/,  2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  4.500.000 төгрөгийг /1-р хх-н 23, 205-р тал/,  2014 оны 02 дугаар сарын  23-ны өдөр   900.000 төгрөгийг /1-р хх-н 24, 205-р тал/,  2014 оны 03 дугаар сарын 05-ны  өдөр  4.000.000 төгрөгийг /1-р хх-н 25, 206-р тал/, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  3.000.000 төгрөгийг /1-р хх-н 207-р тал/,  2014 оны  05 дугаар сарын 21-ний өдөр  2.700.000 төгрөгийг/1-р хх-н 26,208-р тал/,  2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3.600.000 төгрөгийг  / 1-р хх-н 26,208-р тал/,  2014 оны  10 дугаар сарын 18-ны өдөр  1.400.000 төгрөгийг / 1-р хх-н 29, 209-р тал/,  2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  1. 000.000 төгрөгийг / 1-р хх-н 29, 209-р тал/,  2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  2.000.000 төгрөгийг/ 1-р хх-н 69-р тал/,  2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  3.6000.000 төгрөгийг,  Худалдаа хөгжлийн банкны  452580125 тоот дансаар  2014 оны 07 дугаар сарын 23-ний өдөр  800.000 төгрөгийг/2-рхх-н 42-р тал/,  2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  17.000.000 төгрөгийг/ 1-р хх-н 27, 210-р тал/,  2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  10. 000.000 төгрөгийг/ 1-р хх-н 211-р тал/,  2014 оны 08 дугаар сарын  11-ний өдөр  8.000.000 төгрөгийг/ 1-р хх-н 28, 211-р тал/,  2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  1.800.000 төгрөгийг /1-р хх-н 28, 212-р тал/,  2015 оны  01 дүгээр сарын 1-ны өдөр  5.000.000 төгрөгийг /1-р хх-н 31, 212-р тал/  өмчлөлд  шилжүүлсэн  болох  нь мөнгө шилжүүлсэн  тухай  гүйлгээний  баримтуудаар  нотлогдож  байна.

Шүүгдэгч  Ц.Мөнхцэцэг,  Ц.Мөнхтуул  нар нь   эдгээр мөнгөнүүдээ эргүүлэн төлсөн талаар   бичгийн баримтаар  нотлож,  няцааж  чадахгүй байна.

Цогтбаатарын  Мөнхцэцэг нь  “ХААН” банканд  5022431389 тоот хугацаагүй  хадгаламжийн  данс,  Цогтбаатарын Мөнхтуул  “ХААН” банканд  5022411034  тоот  хугацаагүй  хадгаламжийн данс тус тус эзэмшдэг  болох нь  “ХААН”  банкны  2015 оны  09 дүгээр  сарын 08-ний  өдрийн  № 5201/ 65 тоотоор  тогтоогдож байна. /  1-р хх-  63-р тал /

            Цогтбаатарын  Мөнхцэцэг нь  “Худалдаа  Хөгжлийн ” банканд  452580125 тоот  төгрөгийн  харилцах   данс,  Цогтбаатарын Мөнхтуул  “Худалдаа  Хөгжлийн ” банканд  452559520  тоот төгрөгийн  харилцах   данс тус тус эзэмшдэг  болох нь  Худалдаа Хөгжлийн   банкны  2015 оны  11 дүгээр  сарын  24-ны  өдрийн № 5 / 5448 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 26-ний  өдрийн № 5 / 5468  тоотуудаар  тогтоогдож байна. /2-р хх- 36,37-р тал /

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  79 дүгээр зүйлийн  79.1... гэмт  хэргийн нөхцөл байдлын талаар  хуульд заасан үндэслэл, журмын дагуу  олж авсан  баримт сэлт мэдээлэлийг нотлох  баримт гэнэ.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  79 дүгээр зүйлийн  79.4... нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг  баримтлаагүй буюу зөрчсөн  бол эдгээр  нь нотлох  чадвараа  алдах бөгөөд  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй  гэж  хуульчилжээ.

           Хохирогч Б.Уранчимэг нь  Ц.Мөнхцэцэгт  бэлнээр  2014 оны 11 дүгээр сарын 06-ны  өдөр 3.800.000 төгрөгийг ,  2015 оны 02 дугаар сарын  07-ний өдөр  8.000.000 төгрөгийг өгсөн, үүнийгээ  хэрэгт  эд  мөрийн   баримтаар авагдсан  Си-ди  дэхь бичлэг, мөн гар утсанд дахь мессеж   зэргээр нотолно  гэж мэтгэлзэж  нэхэмжилж байна.

            Шүүх  эдгээр нотлох  баримтуудыг  хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу  бэхжүүлж  авсан  нотлох  баримт  гэж үнэлэх боломжгүй  гэж үзэж бэлнээр өгсөн  гэх  мөнгийг  шүүгдэгч  Ц.Мөнхцэцэгээс  гаргуулж шийдвэрлэх  боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч  Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул  нар  нь   иргэн Б.Уранчимэгээс   шунахай сэдэлтээр  удаа дараагийн үйлдлээр хүүтэй  зээлж  байна  гэж хуурч мэхлэх  аргаар   мөнгийг  нь өөрсдийн мэдэлд   шилжүүлэн буцааж өгөхгүй ашиглаж,    захиран зарцуулсан үйлдэл  нь  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн   148 дугаар  зүйлд  заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй  байна  гэж үзэв.

Ц.Мөнхцэцэг,  Ц.Мөнхтуул нарын  иргэн  Б.Уранчимэгт учруулсан хохирол  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  29 дүгээр зүйлийн  29.1-т заасан... онц их хэмжээний хохиролд  хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Уранчимэгээс 141,194,000 төгрөгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн болон эд мөрийн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь  урьд ял шийтгэл хүлээж  байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар  нотлогдож байна. /1-р хх-н 179-182-р тал/

Баянзүрх  дүүрэг  дэх Цагдаагийн  нэгдүүгээр хэлтсийн  мөрдөн байцаах тасгийн  мөрдөн байцаагч  цагдаагийн дэслэгч  Б.Батмягмарын  2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Мөнхтуулын өмчлөлийн  Ү-2205001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13а байрны 26 тоот орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Мөнхцэцэгийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205032473 дугаартай Баянгол  дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазар гудамж, 5-6 тоот орон сууцыг тус тус битүүжилснийг хохирогчийн төлбөрт тооцуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн  албанд  шилжүүлэх нь  зүйтэй гэж үзлээ. /3-р хх-н  71, 76-77, 88-р тал/  

Шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь бусдад учруулсан  хохирлоо төлөөгүй тул хохирлыг гаргуулж  шийдвэрлэх  үндэстэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Халзан овогт  Цогтбаатарын Мөнхцэцэг,  Халзан  овогт  Цогтбаатарын Мөнхтуул нарыг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бусдад  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Монгол улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Цогтбаатарын Мөнхцэцэгээс   100.000  /нэг зуун мянган/  төгрөгийг  хурааж  10 /арван/ жил 05 таван сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Мөнхтуулаас  100.000 /нэг зуун  мянган/ төгрөгийн эд хөрөнгө  хурааж 10 /арван/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Мөнхцэцэгт оногдуулсан10 /арван/ жил 5   /таван/  сарын хугацаагаар хорих ялыг Ц.Мөнхтуулд оногдуулсан 10 /арван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар  шүүхийн  шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болохоор  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулга бүхий дэвтэр 1 ширхэг зэргийг Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарт буцаан олгож, 3 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргасугай.

            6.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Мөнхцэцэгээс 99.950.000-3.800.0008.000.000=88.150.000 /наян найман сая нэг зуун тавин  мянган/ төгрөгийг, Ц.Мөнхтуулаас 41.244.000 /дөчин  нэгэн сая  хоёр зуун  дөчин дөрвөн /төгрөгийг тус  тус  гаргуулан хохирогч Бадамжавын Уранчимэгт /РД:УУ72060608/ олгосугай.

            7. Ц.Мөнхтуулын өмчлөлд байх Ү-22005001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13 /а/ байрны 26 тоот орон сууцыг, мөн шүүгдэгч Ц.Мөнхцэцэгийн өмчлөлд байх Ү-2205032473 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазар гудамжны 59 дүгээр байрны 06 тоот орон сууцуудыг тус тус  хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

            8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд    Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуулд урьд бусдын батлан  даалтанд авсан  таслан  сэргийлэх арга  хэмжээг  өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн тоолсугай.

             9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  Ц.Мөнхтуул,  Ц.Мөнхцэцэгт цагдан хорихоор  авсан  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Э.ЧИНГИС

 

             Д.МӨНХТУЯА