Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2020/00957/И |
Дугаар | 001/ХТ2022/00481 |
Огноо | 2022-04-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00481
Г.Дэжидмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02199 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128 дугаар магадлалтай,
Г.Дэжидмаагийн нэхэмжлэлтэй
Констракшн энд буйлдинг суплайс ХХК-д холбогдох
Худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Дэжидмаа, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Дэжидмаа Констракшн энд буйлдинг суплайс ХХК-д холбогдуулан тус байгууллагын худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас: ...Г.Дэжидмаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хүсэлт гаргаснаас хойш 1 сарын дараа 2019.12.23-ны өдөр захирлын 19/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02199 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Констракшн энд буйлдинг суплайс ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Дэжидмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Дэжидмаа, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасны дагуу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг шаардлагыг хангуулах хүсэлтэй байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн талаар.
Г.Дэжидмаа би ШУТИС-н барилгын архитектурын сургуулийг барилгын менежмент мэргэжлээр 2016 онд төгссөн. Тэгээд Констракшн энд буйлдинг суплайс ХХК-д 2017.04.03-ны өдрөөс Худалдааны зөвлөхөөр ажилд орж ажиллаж байсан бөгөөд миний бие барилгын менежментийн мэргэжлээрээ буюу барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтэй байгаагаа захирал Наран-Очирт илэрхийлсэн бөгөөд барилгын төсөвчний сургалтад сууж мэргэжлээ дээшлүүлээд барилгын төсөвчнөөр ажиллах боломжтой гэсэн хариу өгч, би компанийн санхүүжилтээр 2019.04.08-нд 10 хоног, 2019.11.13-наас 10 хоног суугаад барилгын төсөвчний сертификатыг авсан. Уг сургалтын хооронд буюу 2019.04.08-д би 04 сартай жирэмсэн байсан бөгөөд 2019.09.27-ны өдөр төрж охинтой болсон. Ийм учраас энэхүү сургалтыг завсартайгаар суралцаж төгссөн юм.
Би 2019.08.06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-т жирэмсний амралтаа авч 2019.09.27-ны өдөр төрсөн бөгөөд ийнхүү жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байхдаа 2019.11.13-ны өдрөөс 10 хоног байтал барилгын төсөвчний сургалтад сууж байхад Констракшн энд буйлдинг суплайс ХХК-иас захирал Наран-Очир 2019.11.21-ний өдөр ярьж барилгын мэргэшсэн төсөвний сертификат авч, барилгын төсөвчнөөр ажиллах шаардлагатай тул худалдааны зөвлөхийн ажлаас чинь чөлөөлж, барилгын төсөвчний ажилд томилох шаардлагатай байна гэсэн. Би жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байгаа болохоор өөр ажилд томилох юм бол одоохондоо ажиллах боломжгүй гэдгээ хэлэхэд захирал худалдааны зөвлөхөөр ажиллуулах шаардлагатай, чи өөрөө барилгын төсөвчин болно гээд компанийн зардлаар сургалтад суусан одоо ажлыг нь солиод амаржсаны амралтаа дуусгаад ирээд он гарахаар шинэ ажлаа хийнэ гэж хэлсэн. Би анх худалдааны зөвлөхөөр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул амаржсаны чөлөө дуусаагүй байхад өөр ажилд орох боломжгүй, би амаржсаны чөлөө дуусахаар үргэлжлүүлээд хүүхэд асрах чөлөөгөө авна гэж нягтлан бодогчид хүсэлтэй өгсөн байгаа гэсэн боловч компанийн зардлаар сургалтад суучихаад одоо яг санал болгосон ажилд томилох гэхээр шалтаг тоочлоо эсхүл бүр ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан. Би арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019.11.21-ний өдөр бичиж фэйсбүүк чатаар захирал Наран-Очир руу 2 хүсэлт чатаар нь явуулсан. Эхний хүсэлтийг сургалтанд сууж байсан болохоор яаруу сандруу байдлаар худалдааны зөвлөхөөр ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичиж явуулахад Наран-Очир захирал утсаар дахин залгаж, баллаж сохолсон байна, худалдааны зөвлөхийн ажлаа болиод барилгын төсөвчнөөр шилжүүлэн томилж өгнө үү гэж өөрчилж бич гэсний дагуу эхний бичсэн хүсэлтийн ар талд 2 дахь хүсэлт барилгын төсөвчний ажилд шилжүүлж өгнө үү гэж бичээд дахин чатаар утсаараа зургийг нь дараад явуулсан. Энэ бичсэн 2 хүсэлтээ олохгүй байгаа тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа юм.
Хариуцагч тал миний чатаар явуулсан 2 хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр шүүхийн мэдээлэл лавлагаа аваагүй байсан, харин тэгтэл 2020.03.31-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч Оюунбилэг хариуцагчаас энэ хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчаас худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж өгөхөд нотлох баримтын шаардлага хангаагүй хүсэлтийг шүүх нотлох баримтаар шүүхэд хэлэлцүүлж, нэхэмжлэгчээс энэ чатаар явуулсан хүсэлт чинь мөн үү гэж асуусан. Нэхэмжлэгч эхний явуулсан хүсэлт мөн байна, Наран-Очир захирал баллаж сохолсон байна, худалдааны зөвлөхийн ажлаас барилгын инженерийн ажилд шилжүүлж өгнө үү гэж засаад ахиж явуул гэсний дагуу явуулсан тэр хүсэлт байхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тайлбарлаж хэлээд байхад үүнд шүүх дүгнэлт хийгээгүй нотлох баримтаар тооцож авсан. 2021.10.12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд мөн хавтаст хэргийн 49-р хуудсанд шүүх өөрөө үнэлээд авсан нотлох баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн зүйлийн 44.4-т зааснаар хариуцагч байгууллага уг фэйсбүүк чатаар ирсэн хүсэлтийг үндэслэн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөх тушаалыг гаргасан бол төрийн байгууллага бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж, шүүхэд нотлох баримтыг гаргах хуулийн зохицуулалттайг тайлбарлаж, хариуцагч байгууллагаас 49-р хуудсанд байгаа хүсэлтийг ажил олгогч үндэслэж 2019.12.23-ны өдрийн 19/07 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалын эх сурвалж бол тухайн байгууллагын ирсэн бичигт бүртгэгдсэн бүртгэлийн дэвтрийг, мөн хүсэлтийг хүлээж авсан дардас, байгууллагын архиваас уг баримтыг гаргасан бол хуулбар үнэн дардас зэрэг нь байхгүй, нотлох баримтыг хуульд зааснаар ажил олгогч шүүхэд гаргаж өгөөгүй байгаагаас үзэхэд Г.Дэжидмаагаас 2 хүсэлтийг ажил олгогч шаардан авсан гэдэг нь Г.Дэжидмаагийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна. Г.Дэжидмаа ажлаас чөлөөлөх хүсэл зоригийг илэрхийлээгүй, харин өөр ажилд шилжүүлэн томилуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангахгүй хүсэлтийг түүний хүсэл зоригийн эсрэг хууль бусаар тайлбарлаж, шүүхээс Г.Дэжидмааг ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдсан гэж тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхээс Г.Дэжидмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 104-р зүйлийн 104.1-т зааснаар амаржсаны чөлөөний 60 хоногийн хугацаа дууссан байхад Г.Дэжидмаа нь ажилдаа ороогүй, хэрэв энэхүү хугацаа дуусан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлийн 106.1-т зааснаар хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид гаргах ёстой байтал үүнийг гаргаагүй тул түүнийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч гарсан мэтээр үндэслэлгүйгээр тайлбарласан. Г.Дэжидмаагийн хувьд захирал Наран-Очиртой 2019.11.21-ний өдөр утсаар ярихдаа 2020.01.01-нээс ажилдаа орох хүсэлтээ байгаагаа илэрхийлж, тэр хүртэл хүүхэд асрах чөлөөгөө авна гэдгээ илэрхийлсэн, мөн нягтлан бодогчид үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авна гэдгээ утсаар мэдэгдсэн бөгөөд Г.Дэжидмааг хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ илэрхийлснийг ажил олгогч хүлээн зөвшөөрч, түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа учраас ажил олгогчоос 2019 оны 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, уг баримт хэрэгт авагдсан бөгөөд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь нотлогдож байхад шүүх энэхүү баримтад дүгнэлт хийгээгүй байна. Гэтэл шүүх Г.Дэжидмааг хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид гаргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм.
Мөн шүүхээс Г.Дэжидмаа нь цалинтай ээжийн материалд компанийн санхүүгээс тодорхойлолт асуусан, ажилдаа 2020.01.01-ээс ороогүй зэрэг нь түүнийг ажлаас халагдснаа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасныг давхар нотлож байгаа, нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй мэтээр шийдвэрт тайлбарлаж бичсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар маш тодорхой тайлбарласан. 2019 оны 12-р сард хорооны нийгмийн ажилтан нэхэмжлэгчийн гэрт нь ирж амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй ээжүүд цалинтай ээж тэтгэлэгт заавал хамрагдах ёстой энэхүү эрхийг нь эдлүүлэхээр зорилгоор хорооны айлуудаар явж мэдээлэл өгч байгаа бөгөөд цалинтай ээж хөтөлбөрт ажил эрхэлдэг хүн хамрагдахгүй гэсэн зүйл байхгүй, Засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгал төлдөг бүх эхчүүд хамрагдахаар зохицуулсан байсан талаар тайлбарласан бөгөөд Г.Дэжидмаа нь 2019.12.26-нд компаниасаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа талаарх тодорхойлолт асуухад түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэдгийг мэдсэн.
Хариуцагчаас Г.Дэжидмаагийн нийгмийн даатгалын дэвтэрт барилгын инженерээр ажилд авч, ажлаас чөлөөлсөн гэж худал мэдээллийг бүртгэсэн, мөн 2018.03.26-ны өдөр барилгын төсөвчнөөр ажилд томилсон хуурамч тушаал нөхөн гаргасан байхад хариуцагч нь нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шүүхэд өгч байгаа зэрэгт дүгнэлт хийхгүй, дээрх үндэслэлээр хариуцагч тал илтэд зөрүүтэй нотлох баримт, нотлох баримтын шаардлагагүй хангахгүй баримт зэргийг өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2-т заасныг зөрчсөн талаар.
Анхан шатны шүүхийн 2020.03.31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр шүүхийн мэдээлэл лавлагаа аваагүй Г.Дэжидмаагийн ажлаас чөлөөлөгдөх 2019.11.21-ний өдөр цахимаар гүйцэтгэх захирал Наран-Очир руу явуулсан баримт нь энэ байна, шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй учир өгөхгүй боломжгүй байна гэж хэлэхэд даргалагч шүүгч Оюунбилэг хариуцагчаас уг нотлох баримтыг авч, хавтаст хэргийн 49-р талд хавсаргаж, нэхэмжлэгчээс тулгаж асуулт асууж байсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн гэж дүгнэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т хариуцагч өөрөө нэхэмжлэлийн шаардлага няцаасан нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргах өгөх үүрэгтэй байтал шүүх нотлох баримтыг шүүх хуралдаанд шаардаж авч, өөрөө үнэлэн, нэхэмжлэгчээс нотлох баримтын талаар ул суурьтай дүгнэхээр асуухгүй тулгаж, чиний бичсэн зүйл мөн үү гэх мэтчилэн нэг талд хэтэрхий илтэд давуу байдлыг олгохоор нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэн, үнэлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-т тодорхойлохдоо хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримт гэж хуульчилсан, өөрөөр хэлбэл шүүгч сайн дураар нотлох баримтыг шууд өөрөө авч үнэлж тогтоохгүй гэдгийг хуульчилсан ойлголт юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, нотлох баримтыг үнэлүүлэх, үнэлэх, нэхэмжлэгчээс тулгаж асуулт асуусан шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдөж, энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн 2022.03.18-ны өдрийн 001/ШХ2022/00283 дугаартай тогтоолоор хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч Г.Дэжидмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Констракшн энд буйлдинг суплайс ХХК-д 2017.04.03-ны өдөр худалдааны зөвлөхөөр ажилд орсон, барилгын менежмент мэргэжилтэй тул мэргэжлээрээ буюу барилын төсөвчнөөр ажиллах хүсэлтээ захиралд илэрхийлэхэд барилгын төсөвчний сургалтад сууж мэргэжлээ дээшлүүлээд ажиллах боломжтой гэсэн хариу өгч, 2019 оны 04 сар, 11 сард компанийн санхүүжилтээр барилгын төсөвчний сургалтад сууж, барилгын төсөвчний анхан шатны сертификат авсан.
Энэ хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сард жирэмсний амралтаа авч, 2019.09.27-нд төрөөд, хүүхдээ асарч байхад ажлаас ярьж мэргэшсэн төсөвчний сертификат авсан тул худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж, барилгын төсөвчний ажилд томилох шаардлагатай байна гэсэн ба жирэмсний амралттай байгаа тул одоохондоо ажиллах бодомжгүй талаар хэлэхэд амралтаа дуусгаад шинэ ажлаа хийнэ, иймд худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсэн тул хүсэлтийг чатаар явуулсан. Захирал Г.Наран-Очир намайг өөр ажилд шилжүүлэн томилно гэж хуурч мэхлэн худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлүүлэх хүсэлт бичүүлж авснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн тул уг тушаалыг хүчингүй болгож, худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Дэжидмаа нь 2019 оны 10 сараас ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн, удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгож байсан боловч 2019.11.21-ний өдөр захирал Г.Наран-Очиртой утсаар холбогдож, ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж, хүсэлтээ бичиж явуулсан тул хүсэлт гаргаснаас хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Компани өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй... гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
9. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэжээ. /тодорхойлох хэсгийг 4.1, 4.2/
Хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлавал:
Констракшн энд буйлдинг суплайс ХХК-ийн захирлын 2019.12.23-ны өдрийн №19/07 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг үндэслэн худалдааны зөвлөх ажилтай Гэрэл овогтой Дэжидмааг 2019.11.21-ний өдрийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж тус тус зохицуулсан байна.
Хэргийн 49 дүгээр талд нэхэмжлэгч Г.Дэжидмаагаас ...өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийн хуулбар авагдсан байх бөгөөд хүсэлт бичсэн талаар нэхэмжлэгч маргаагүй боловч дээрх хүсэлтийг өөр ажил, албан тушаал буюу барилгын төсөвчний албан тушаалд шилжүүлэн томилно гэж хууран мэхэлж бичүүлсэн гэж тайлбарлажээ.
9.1. Хоёр шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэхдээ тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг адил агуулгаар, ямар нэг зөрүүгүй, нэг ойлголтоор тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн... талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Ажилтан ажил олгогчийн шаардлага, шахалтаар хүсэлт бичсэн, ажил олгогч хууран мэхэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх гомдлыг хангахгүй.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн маргаанд холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02199 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Дэжидмаа, түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД