Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 137/2020/00086/И |
Дугаар | 001/ХТ2022/00486 |
Огноо | 2022-04-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/00486
Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дундговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2020/00036 дугаар магадлалтай,
Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Б.Баярмаа, Д.Байгалмаа нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,617,836.80 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2015.07.02-ны өдөр байгуулагдсан ЗГ-297 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй, хариуцагч Б.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
1. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Б.Баярмаа, Д.Байгалмаа нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,617,836.80 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...зээл олгох үед Б.Баярмаа нь тухайн байгууллагад ажилладаггүй гэдгийг мэдэх боломжгүй байсан, хариуцагч нарын буруутай нөхцөл байдлаас шалтгаалж банкны зээл барьцаагүй болсон нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй гэж маргажээ.
Хариуцагч Б.Баярмаа ...тус банкны салбарын эрхлэгч Д.Байгалмаа намайг гуйж холбогдох баримт бичиг дээр гарын үсэг зуруулж өөрөө авсан, би энэ зээлээс аваагүй, би хариуцагч биш гэж,
Хариуцагч Д.Байгалмаа ...бичиг баримт хуурамчаар үйлдэж зээл олгосон, зээл хууль бус учир энэ зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгөөч, ...нийт 11,743,677 төгрөг төлсөн, үлдэгдэл 3,256,402 төгрөгийг төлнө гэж тус тус маргаж,
2015.07.02-ны өдөр байгуулагдсан ЗГ-297 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дундговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Баярмаагаас үндсэн зээл 8,225,651.51 төгрөг, зээлийн хүү 1,840,022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368,004 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг, нийт 10,435,677.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,184,159.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Байгалмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хариуцагч Б.Баярмаа, Д.Байгалмаа нарын Б.Баярмаагийн Капитал банктай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ-297 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Баярмаагаас 181,921 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.Баярмаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2020/00036 дугаар магадлалаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмаа, хариуцагч Д.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Баярмаагаас үндсэн зээл 8,225,651.51 төгрөг, зээлийн хүү 1,840,022 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 368,004 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөг нийт 10,435,677.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,184,159.29 төгрөгийг болон хариуцагч Д.Байгалмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд ...хариуцагч Д.Байгалмааг Капитал банкны Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байхдаа цалингийн зээлийн журам зөрчиж зээл олгосон эсэх асуудалд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, банкны ажилтан, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн субьект болохгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын 2018.06.13-ны өдрийн 177 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна, ...хариуцагч Д.Байгалмаа нь банкийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байсан, тэрээр хариуцагч Б.Баярмаагийн зээлийн материалыг хуурамчаар үйлдсэн тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдээгүй боловч ... Капитал банк болон Б.Баярмаа нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан хуулийн этгээдээс зээл олгох гэрээний ерөнхий агуулга, зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй... гэж дүгнэжээ.
Дээрхээс үзвэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлэн банкны эрх ашгийн үүднээс дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.
4.1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд нэг тал гэрээ байгуулах санал тавьж нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрч, талууд өөрсдийн хүсэл зоригийн хүрээнд эрх, үүргийн хувьд холбогдохоор илэрхийлсэн илэрхийлэл байх бөгөөд зээлийн гэрээнд зөвхөн талуудын гарын үсэг зурагдсан, зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл ойлголт гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Капитал банкны Дорноговь салбарын захирлаар ажиллаж байсан Д.Байгалмаа нь иргэн Б.Баярмаагийн өмнөөс хуурамч нотлох баримт /ажил эрхэлдэг гэх тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг гэх баримт... гэх мэт/ бүрдүүлэн 15,000,000 төгрөгийн цалингийн зээл олгож, түүний өмнөөс зээлийн төлбөрт 6,774,348.49 төгрөг, зээлийн хүүнд 4,650,619.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 318,729.22 төгрөг төлсөн, банк Б.Баярмаагаас 1 ч удаа зээлийн эргэн төлөлтийг шаардаж байгаагүй, Б.Баярмаагийн харилцах дансанд орсон гэх 15,000,000 төгрөг нь тухайн өдрөө Д.Байгалмаагийн дансанд шилжсэн, Б.Баярмаа нь ямар ч ажил эрхэлдэггүй бөгөөд банкны зүгээс Д.Байгалмаад холбогдуулан гомдол гаргасныг эрүүгийн журмаар шалган тогтоож, Нийслэлийн прокурорын газрын 2018.06.13-ны өдрийн 177 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэхдээ ...2 дахь заалтад үлдсэн 62 зээлдэгчийн хувьд холбогдох журамд заасан баримт материалыг бүрэн гүйцэд бүрдүүлсэн эсэхийг шалгахад байгууллагын тодорхойлолт байхгүй, байгууллагын тодорхойлолт байгаа боловч тодорхойлолтыг баталгаажуулаагүй, ...нотариатчаар баталгаажуулаагүй гэх зэрэг зөрчил илэрсэн, ...Д.Байгалмаа нь цалингийн зээлийн журам зөрчиж зээл олгосон асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн ...мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад ...Эрүүгийн хуульд Банкны ажилтан, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна гэсэн байдаг.
Дээрхээс үзвэл Капитал банк болон Б.Байгалмаа нарын хувьд цалингийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд учир дутагдалтай болох нь тодорхой харагдана.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх нь цалингийн зээл нь зөвхөн цалинг барьцаалж зээл олгож буй хэлбэр гэж дүгнэн банкны зээл барьцаагүй болсон нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна.
Учир нь Б.Баярмаа нь анхнаасаа ажил эрхэлдэггүй байсан тул цалингийн зээл олгогдох боломжгүй мөн зээл олгосон хэдий ч буцаан төлөгдөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Капитал банкны Б.Баярмаатай байгуулсан гэрээ нь анхнаасаа биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус гэрээ болно.
4.3. Банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нь банкны байгууллага өөрийн болон хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлдэг тул зээлийг буцаан төлөх найдвартай нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд зээл олгох, улмаар хадгаламж эзэмшигчдийн банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгийг алдах эрсдэлийг бий болгохгүй байх үндсэн зорилготой гэж ойлгодог. Гэтэл банк мэдсээр байж буюу зээлийн баримтууд нь хууль тогтоомж, журамд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, холбогдох баримтууд нь хуурамч, зээлдэгч ажил эрхэлдэггүй гэдэг нь ил тод байхад үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж зээл олгож байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарна.
Өөрөөр хэлбэл банкны эрхлэгч, эдийн засагч нь банкны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэн түүний өмнөөс бусадтай гэрээ байгуулж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн хувьд тэдгээр нь банк гэж ойлгогдоно. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн банк зээл олгох үедээ Б.Баярмаа нь ажил эрхэлдэггүй болохыг мэдэх боломжгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд үүний хүрээнд Б.Баярмаатай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь илт хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
4.4. Б.Баярмаагийн хувьд анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхолгүй байсан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул цалингийн зээл авах ч боломжгүй байсан, 15,000,000 төгрөгийг бодитоор захиран зарцуулаагүй, нэг ч төгрөгийн ашиг олж аваагүй байхад түүнээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн гол буруутан болох Д.Байгалмаа нь хариуцагчаар татагдан банкинд учруулсан хохирлыг төлөх боломжтой гэж тайлбарлаад байхад түүнээс хохирол гаргуулах замаар маргааныг шийдвэрлэхгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Б.Баярмаад хариуцуулах үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлын хүрээнд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Б.Баярмаагийн өмгөөлөгч Б.Дагийнамжил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 2-т заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна.
5.1. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд ...Б.Баярмаад гэрээний үүргийг хариуцуулсан нь үндэслэлтэй байна гээд Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 22.1. дүгээр заалтад нийцсэн гэх боловч харин ч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан ...тал бүрээс, бодиттой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл байна.
Давж заалдсан гомдлын гол нэг зүйл нь Энэ зээл нэг талаас нь хууль зүйн дүгнэлт хийхэд Зээлийн гэрээ мэт харагдавч Эрүүгийн журмаар шалгасан бодит байдлаас дүгнэлт хийвэл гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан болох нь тогтоогдоно. Үүнийг хянаад өгөөч гэсэн гомдол байсан.
Давж заалдах шатны шүүх 2 хуулийн заалт тавьчихаад, ...тал бүрээс нь дүгнэсэн нь журам зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн бодит байдалд нийцэхгүй байгаад гомдолтой байна.
Зээл, хохирлыг хэн хариуцах үүрэгтэй вэ гэдэгт ...Б.Баярмаад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцуулан шийдвэрлэж байгаа нь зээлийн авагчийн сэдэлт, санаа зорилго, зээлийг хэн төлж байгаа, зэргийг зөвхөн зээл авсан уу, авсан байна... тэгвэл төлөх үүрэгтэй гэдэг ганцхан талаас нь дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхүүд ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлд заасан ...тал бүрээс нь буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ ...хх-35 Б.Баярмаагийн тайлбар, хх-36 Байгалмаагийн тайлбар, хх-45 Байгалмаагийн гэрчийн мэдүүлэг, хх-81, 82 Байгалмаагийн тодорхойлолт, хх-37 Прокурорын тогтоол, болон энэ зээлийг би хариуцан төлнө гээд байгаа Байгалмаагаар төлүүлэхээр, гэмт хэрэг үйлдэж олсон хор хохирол гэж үзэж Д.Байгалмаагаар төлүүлэх зэргээр тал бүрээс нь дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн давж заалдах болон анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
8. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч Б.Баярмаа, Д.Байгалмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,225,651.35 төгрөг, зээлийн хүү 4,908,081.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 484,103.94 төгрөг, нийт 13,617,836.80 төгрөгийг, нотариатын зардал 2,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Баярмаа эс зөвшөөрч, Д.Байгалмаа 3,256,402 төгрөгийг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан Капитал банкны Дорноговь аймгийн Замын-Үүд салбар, иргэн Б.Баярмаа нарын хооронд 2015.07.02-ны өдөр байгуулагдсан Цалингийн барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч банк зээлдэгч Б.Баярмаад 15,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч нь зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх бөгөөд төлбөрийг цалингаас шууд суутган авахаар харилцан тохиролцжээ.
Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч Б.Баярмаа гарын үсэг зурсан боловч бодит байдалд банк зээлдэгч Б.Баярмаад зээлийг олгоогүй, зээлийг Капитал банкны Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын захирал Д.Байгалмаа өөртөө авч, зээлийн төлбөрийг Д.Байгалмаа төлж байсан үйл баримт тогтоогджээ.
9. Анхан шатны шүүх үйл баримтыг үнэн зөв тодорхойлоогүйгээс хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй, гэрээнд гарын үсэг зурсан үндэслэлээр Б.Баярмаагаас зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцуулж, Д.Байгалмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Б.Баярмаа, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
10. Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хоёр шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үйл баримтаас үзвэл хариуцагч Д.Байгалмаа өөрийн банкнаас өөрөө зээл авсан үйлдлийг халхавчилж, Б.Баярмаагийн нэрээр зээлийн гэрээ байгуулж, бичиг, баримт бүрдүүлсэн, зээлийн төлбөрийг төлж байсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Цалингийн барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэлцэл хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр эсэхийг тус маргаантай холбогдуулан шүүх шийдвэрлэх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй, энэ тохиолдолд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбарын агуулгатай адил боловч хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гарган ...нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, ...нотлоогүй... гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.
Түүнчлэн хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зохицуулжээ.
Хариуцагч Д.Байгалмаа нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тул үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 11,746,697.4 төгрөгийг хасч, үлдэх 3,256,302.4 төгрөгийг төлнө гэж маргажээ.
Хариуцагч Д.Байгалмаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай тул авсан зээлээ буцаан төлөхөөс гадна хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс банкинд учирсан хохирол буюу олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хоёр шатны шүүхийн шийдвэрлэсэн 10,435,677.51 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
12. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2020/00036 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дундговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2020/00316 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар Капитал банкны Дорноговь аймаг, Замын-Үүд салбар, иргэн Б.Баярмаа нарын хооронд байгуулагдсан 2015.07.02-ны өдрийн №ЗГ-297 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Д.Байгалмаагаас 10,435,677.51 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Б.Баярмаад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын ...Б.Баярмаагаас... гэснийг ...Д.Байгалмаагаас... гэж, 5 дахь заалтын Б.Баярмаа нь гэснийг Д.Байгалмаа нь гэж, Тогтоох хэсгийг 3,4,5,6,7,8 дахь заалтын дугаарыг 2,3,4,5,6,7 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Баярмаагаас 2020.12.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД