Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 14                Дугаар 2020/ДШМ/08                  Номгон баг

  Х.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Л.Батбаяр

Шүүгдэгч Х.Б

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бын гаргасан давж заалдах гомдлоор Х.Б холбогдох эрүүгийн 1914004140336 дугаар хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,    Х.Б, 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Х.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 57-94 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотор 73 настай А.П хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж улмаар бэлгийн замын халдварт өвчин болох заг хүйтэн трихомиониаз өвчин халдаасан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,       

Баянхонгор аймгийн прокурорын газраас Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч    Х.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч    Х.Быг гурван /3/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар ялтан Х.Б гурван /03/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Х.Бын эзэмшлийн верна аксент маркийн тээврийн 57-94 БНХ улсын дугаартай хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч эзэмшигч Х.Б хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөс эхлэн өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Намайг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 73 настай А.П хүч хэрэглэн хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Би А.Птэй бэлгийн харьцаанд орсоноо хүлээн зөвшөөрч байна. Харин түүнд өвчин халдаасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.П нь тухайн өдөр надтай унтаад өвчин авсан гэдэг нь худал юм. Би эхнэртэйгээ ханилаад 21 жил хамт амьдарч байх хугацаандаа нэг ч удаа бэлгийн замын халдварт өвчин авч байгаагүй, эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байгаагүй. Өөрийн болчимгүй, ухаангүй зангаас болж ийм хэрэгт холбогдчихоод эхнэртээ ч хэлээгүй явсаар өдий хүрсэн.

Намайг 3 жилийн хорих ял аваад хоригдоход эхнэр маань даанч яав даа чи гээд уйлж уйлж явсан. Би А.Птэй бэлгийн харилцаанд орохоос өмнө орсоны дараа ч эхнэртэйгээ бэлгийн харилцаанд орсон. Эхнэр болон надад өнөөдрийг хүртэл ямар ч зовиур байхгүй. Хэрэв байсан бол эхнэр энэ явдлыг аль эрт мэдэх байсан. Би А.П надаас өөр хүнээс өвчин авсан гэж бодож байна. Тэр намайг цагдаад өгчихөөд байнга мөнгө нэхэж дарамталдаг байсан. Би ийм хэрэгт хөгширсөн хойноо холбогдож ар гэрийнхнийгээ зовоож байгаадаа маш их шаналж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогдсон Х.Б холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Х.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Миний үйлчлүүлэгч Х.Б нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 73 настай А.П хүчиндэх гэмт хэргийг үйлдэж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад шүүхээс гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан байх бөгөөд хохирогч А.П нь сүүлийн 3 жилийн хугацаанд нөхөртэйгээ бэлгийн харилцаанд ороогүй гэж мэдүүлж байгаа боловч энэхүү байдлыг эцэслэн шалгаагүй байдаг.

Мөн түүнчлэн миний үйлчлүүлэгч Х.Б холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулах үед түүнээс шинжилгээ авсан боловч ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин илрээгүй болох нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог нь хэргийн зүйлчлэл үнэн зөв эсэхэд эргэлзээг төрүүлж байна. Х.Бын хувьд урьд өмнө эмчид үзүүлж байгаагүй, ямар нэгэн байдлаар бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байгаагүй гэдгээ аль ч шатанд илэрхийлсээр байтал түүний эхнэрээс энэ талаар тодруулж мэдүүлэг аваагүй бөгөөд эхнэр нь түүнийг ийм хэрэгт холбогдсоныг ч мэдээгүй явсаар шүүхээс хорих ял шийтгүүлэхэд л анх мэдсэн юм. Хэргийн энэхүү байдлууд нь эргэлзээ төрүүлж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх нь хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Птэй бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ өвчин халдаагаагүй гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хувьд бэлгийн замын халдварт өвчинтэй байсан гэдэг нь тогтоогдсон. Харин тус өвчнийг Х.Б халдаасан эсэх нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бэлгийн замын халдварт өвчнийг хэн халдаасныг нарийн шинжилгээ хийж тогтоогоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү эв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Х.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн 57-94 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл дотор 73 настай А.П хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж улмаар бэлгийн замын халдварт өвчин болох заг хүйтэн трихомиониаз өвчин халдаасан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914004140336 дугаар хэрэгт авагдсан хохирогч А.П, гэрч Э.Болортуяа, Д.Саранзаяа, Ж.Алтанцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №374 тоот “...А.П нь бэлгийн харьцаанд орох боломжтой. А.П нь бэлгийн замын халдварт заг хүйтэн, трихомиониаз өвчтэй байна. Уг өвчин халдварлагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, Х.Б нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Х.Б нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж улмаар бэлгийн замын халдварт өвчин болох заг хүйтэн трихомиониаз өвчин халдаасан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нар нь хохирогчид бэлгийн замын халдварт өвчин болох заг хүйтэн трихомиониаз халдаагаагүй гэж давж заалдах гомдол гаргадаг боловч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр тус бэлгийн замын халдварт өвчин болох заг хүйтэн трихомиониаз нь 7-14 хоногийн дотор шинж тэмдэг нь илэрдэг, энэ үед нь өвчтөн нь өөрөө дур мэдээд эмчлэх боломжтой, эмчилгээ хийлгэснээс хойш 7 хоногт бүрэн эдгэрэх боломжтой гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан, дээрх нөхцөл байдлын талаар бичсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Х.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 14-ний хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 


 

                                   

               ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    М. МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД                           Б. БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                                   Г. УЛАМБАЯР