| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2019/0527/Э |
| Дугаар | 242 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 242
2020 2 20 2020/ДШМ/242
Б.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, А.Бүдханд, Т.Золбоо,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, А.Бүдханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бт холбогдох 1802004810286 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шарнууд овгийн Б.Б, 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Анома хотхоны 72 дугаар байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧС82122674/;
Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 4.9740 грамм "шавар" гэх нэршилтэй “дельта-9 тетрогидроканнабинол”-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй Лизергид /lysergide LSD/- ийн агууламжтай 2 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 2 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нидерланд Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан 0.9720 грамм МDМА /Меthylenedioxemethamphemine/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0390 грамм Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0399 грамм Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Их Британи Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан гялгар уутны хамт 8.8126 грамм Метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нидерланд Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан гялгар уутны хамт 0.9207 грамм Метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /Шавар/ гэх нэршилтэй мансууруулах бодис, амыг нь тугалган цаасаар таглан цоолсон бохирлогдсон тетрагидроканнабинолын бодис агуулсан хуванцар сав болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай LSD гэх нэршилтэй 0.5x0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван Оргил хорооллын 63 дугаар байрны гадаа 38-19 УНЯ улсын дугаартай Ауди А-6 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зиплок түгжээ бүхий уутнууд, тэдгээрт хийсэн зүйлүүд, А4-ийн хэмжээтэй цагаан өнгийн цаасан дугтуй, жижиг цаасан уут болон цэнхэр өнгийн гялгар уут, эрээн цаас мэт зүйлүүд, дугтуйнууд дотор байх цагаан өнгийн цааснууд, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн хуванцар сав, бор шаргал өнгийн дугтуй, саарал өнгийн жижиг гялгар уут зэрэг зүйлс /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эрүүгийн 1802004810286 дугаартай хэргийн хамт ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 20 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар орж, шүүгч Мөнхбаяр нь шүүх, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласан этгээдээр тогтоогдсон. Тухайн ажиллагаа нь нууцын зэрэглэлтэй учир уг хэргийг одоо Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Зарим хамааралтай этгээд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн нь үнэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хамтран ажилласан этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс чөлөөлж өгнө үү.
Мөн миний бие 2002 онд Өнчин тархины хорт хавдар гэх нэн ховор өвчнөөр Оросын Холбоон Улсын Екатеринбург хотын 2 дугаар эмнэлгийн оношоор тогтоогдсон. Тухайн үед би баруун бөөрний дээд булчирхайгаа авахуулсан. Хоригдож байх хугацаанд толгой маш их өвдөж, даралт ихсэх, бөөр өвдөж эмчийн хяналтад байнга байна. Мөн хоригдсоноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 2 удаа хэвтсэн. Уг өвчин нь маш ховор өвчин тул хэвтэн эмчлэгдэх боломжгүй, заавал хагалгаанд орох өндөр аюултай тул хавдрыг томрох аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хавдрын томролтыг удаашруулах зориулалтаар маш үнэтэй эм, тариа хийж, тайван орчинд байлгах шаардлагатайгаас гадна Тайланд Улсад нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг болно.
Тухайн үед уг бодисыг гадаадын сэтгүүл болон интернет сайтаас үзэж, хавдрын ургалтыг удаашруулдаг, томролтыг зогсоодог гэж бичсэн байсны учир хэрэглэж үзье гэх зорилгоор захиалсан. Иймд удаан хугацаагаар хоригдвол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чадалгүй, эрүүл мэндийн байдал минь өдрөөс өдөрт дордож, уг хавдрын өвчнөөс болж оногдуулсан шийтгэлээ дийлэлгүй нас барна.
Мөн миний бие эхнэр, хүүхэдтэй болоод удаагүй бөгөөд ганц охин маань 2 настай, хамт амьдрахад цөөхөн хугацаа өнгөрсөн байгаа тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар зарж борлуулдаг зохион байгуулалттай бүлэг этгээдийг илчилсэн учир Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр “хамтран ажиллах этгээд”-ээр тогтоосон тухай шүүхийн шийдвэр гарсан. Энэ тухай нотлох баримт нь хэргийн хамт ирүүлсэн “мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтууд”-д байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбар хэсэгт "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх нь хуулийн дээрх заалтыг хэрэглэж шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь оногдуулах ялаас чөлөөлөөгүй.
Шүүгдэгч Б.Б нь бага насандаа бөөрний доод булчирхайн хавдартай болж, түүнийгээ хагалгаа хийлгэж авахуулснаас болж нүд, өнчин тархинд нөлөөлж одоо өнчин тархиндаа хавдартай учир “Интермед”, 3 дугаар эмнэлэг болон Тайландын “Bumrungrad” эмнэлгийн хяналтад байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн энэ хүндрэлтэй байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасныг хүлээн аваагүйд гомдолтой байна.
Б.Б нь байнгын эмнэлгийн хяналтад байдаг ба хорих ялыг биеэр эдлүүлэхэд саад болохуйц эрүүл мэндийн шалтгаан, үндэслэл тогтоогдож байгааг харгалзаж үзэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/752 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Бт ял оногдуулсан хэргийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хэрэгт авагдсан тодорхой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлийг буй болгосон. Б.Б нь өнчин тархины уйланхайтайн улмаас толгой тархи нь байнга өвдөж шаналгадаг зовиураа намжаах зорилгоор гадаадын зарим улсад эмчилгээнд хэрэглэдэг зүйлийг үнэгүй зар сурталчилгаанаас олж мэдээд гадаадын улс /ХБНГУ, АНУ, Их Британи, Нидерландын Вант улс/-аас интернет дэлгүүрээр захиалан авч хэрэглэх зорилго агуулсан байдлыг шүүх хуралдааны дүгнэлтэд анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал, Б.Б нь:
1.Өнчин тархины уйланхайтай энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа,
2. Түүний даралт ихсэж, толгой тархи нь байнга өвдөж, зовиур шаналал учруулдаг,
3. Тухайн сэтгэцэд нөлөөт бодис өвдөлтийг намжаах үйлчилгээтэй болохыг интернетээс олж мэдсэн,
4. “Drеаm market” гэх сайт руу орж захиалсан,
5. Сэтгэцэт нөлөөт бодис нь шуудангийн илгээмжээр ирсэн,
6. Сэтгэцэт нөлөөт бодисыг зөвхөн өөрөө л хэрэглэх гэсэн зэрэг шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлөхүйц нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.
Үүний улмаас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 /улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/, мөн хуулийн тусгай ангийн 20.7 /мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ зэрэг зүйл, заалтыг дараах байдлаар буруу ойлгон тайлбарлан хэрэглэжээ.
1. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжийг “Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол” хэмээн заасан, уг сэтгэцэд нөлөөт бодис гадаадаас шуудангийн илгээмжээр ирсэн учир Б.Б тэдгээрийг Монгол Улсын болон гаалийн хилээр хууль бусаар өөрөөр хэлбэл, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж, хуурамч баримт бичиг үйлдэж нэвтрүүлсэн гэх ямар нэгэн үйлдэл огт үйлдээгүй байна. Түүнчлэн интернет дэлгүүр дэлхийн улс орнуудад хөгжсөн өнөөгийн нөхцөлд Б.Бын өвчнөө намжаах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх гэсэн санаа нь улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлж байгаагаа ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно/ гэм буруутай гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна.
2. Б.Б нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийнхөө өвчин зовиурт хэрэглэхээр интернет дэлгүүрээс захиалсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэж заасан бөгөөд өөрөө “хэрэглэх” гэсэн заалт байхгүй байна. Түүнчлэн уг сэтгэцэд нөлөөт бодис нь шуудангийн салбараас хураагдсан тул анхан шатны шүүх Б.Бын “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" гэм буруутайд тооцож, ял халдаасан нь үндэслэлгүй байна.
Мөн Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлэхэд прокурортой хамтран ажиллаж байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг буй болгожээ. Өмнө дурьдсан нөхцөл байдлыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч анхаарч, Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, харин мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах үндэслэл бүхий санал тавьсан байна.
Гэтэл анхан шатны шүүх Б.Быг хүнд гэмт хэрэг үйлдсэн нь торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчжээ.
Ийнхүү Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 2, “түүний толгой тархи байнга өвдөж, зовиур шаналал учруулдаг”, 1, 2-т заасны дагуу Б.Быг гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/752 тоот шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Т.Золбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж” үйлдсэн гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэм хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж гэсэн нь “улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэсэн хэм хэмжээний диспозицийг Монгол Улсын шүүхийн практикт Улсын Дээд шүүхийн тайлбарын дагуу хуульд нийтэлж заасан дээрх зүйлийг Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчиж Монгол Улсын хилээр гаргасан, оруулсан, дамжуулан өнгөрүүлсэн үйлдэл хэмээн ойлгодог. Гэтэл Б.Б нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн үйлдэл хийгээгүй, хавтас хэрэгт дээрх үйлдлийг хийсэн гэснийг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хилийн дүрэм, журмыг зөрчсөн гэсэн түүнийг тогтоосон нотлох баримт байхгүй байна. Энэ нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэх нөхцөлийг үүсгэж байна. Учир нь, бодит байдалд Б.Б нь Хилийн тухай дүрэм, журмыг зөрчөөгүй, хилээр оруулж гаргаагүй байхад шүүх үүнтэй холбоотой ямар ч нотлох баримтгүйгээр хилийн тухай дүрэм, журам зөрчсөн хэмээн үзсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хэм хэмжээнд заасан Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг Улсын хилээр барааг оруулсан үйлдэлтэй төсөөтэй хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нөхцөлийг бий болгож байна. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх нөхцөл буюу үйлдэл нь бараанд холбогдох хилийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх эсхүл хориглосон барааг биедээ нууж хилээр орох болон гарах үйлдлээр илэрдэг. Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг үндэслэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинжийг хангаагүй байна гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй учир анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн шалтгаантай байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт нууцын материалтай холбоотой маргаан их үүссэн. Тухайлбал, Б.Быг хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь агуулгын хувьд үндэслэлгүй байна гэж үзэж, өөр шалтгаанаар буюу тусгайлсан эрх олгосон шүүгч шийдвэрлээгүй үндэслэлээр хүчингүй болгосон. Шүүгдэгчийг ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлэх тухай захирамжид тусгаагүй, зөвтгүүлэхээр гаргасан прокурорын гомдлыг хянан хэлэлцэхдээ зөвхөн тэр үндэслэлээр хүчингүй болгосон. Миний хувьд дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байгаа. Энэ хэргийн талаарх шүүх хуралдааны зараас мэдсэн цагаасаа хойш нууцтай холбоотой материалуудтай танилцсан. Тэгэхэд анхнаасаа хамтран ажиллах этгээдээр тогтоохдоо буруу явагдсан байсан. Шүүгдэгчийн мэдүүлгийг гэрчээр илээр авахад тухайн Золжаргал гэх хүнтэй холбоотой Хар тамхитай тэмцэх газар ажиллаж байсан албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан талаар мэдүүлсэн байдаг. Тусгай албаны ажилтан хар тамхины хууль бус хэрэглээтэй холбоотой хэрэгт оролцсон этгээдээс хамтран ажиллах этгээдээр тогтоохоос өмнө илээр мэдүүлэг авсан байсан. Хожим нь хамтран ажиллах этгээдээр тогтоолгох саналаа шүүхээр шийдвэрлүүлээд явсан. Шүүгчийн захирамж гарснаас хүчингүй болох хүртлэх хугацаанд Б.Баас ямар ч гэрчийн мэдүүлэг аваагүй. Хамгийн сүүлд 7 сард мэдүүлэг авсан байсан. Саяхан Авлигатай тэмцэх газраас дээрх хэргийг шалгаад прокурор яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ....” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Бт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 4.9740 грамм "шавар" гэх нэршилтэй “дельта-9 тетрогидроканнабинол”-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй Лизергид /lysergide LSD/- ийн агууламжтай 2 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 2 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нидерланд Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан 0.9720 грамм МDМА /Меthylenedioxemethamphemine/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0390 грамм Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0399 грамм Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Их Британи Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын жагсаалтад багтсан гялгар уутны хамт 8.8126 грамм Метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нидерланд Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан гялгар уутны хамт 0.9207 грамм Метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,
мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /Шавар/ гэх нэршилтэй мансууруулах бодис, амыг нь тугалган цаасаар таглан цоолсон бохирлогдсон тетрагидроканнабинолын бодис агуулсан хуванцар сав болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай LSD гэх нэршилтэй 0.5x0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван Оргил хорооллын 63 дугаар байрны гадаа 38-19 УНЯ улсын дугаартай Ауди А-6 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Б.Бын яллагдагчаар өгсөн “...Миний машинд байсан шавар болон LSD гэх бодисыг би машиндаа авч суугаад шууд Цагдаагийн байгууллагад баригдсан. Тухайн бодисыг интернет сайт ашиглан захиалж авсан нь үнэн. Гэхдээ би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Badral гэсэн We chat хаягтай хүний бүтэн нэрийг нь Золбадрал гэдэг. Бадралтай 2005 онд Оросын Холбооны Улсаас ирсний дараа танилцаж байсан. Ганзориг гэх залуугаар дамжуулан танилцаж байсан. Харин Gas гэсэн Viber-ын хаягтай хүн нь Бадрах гэж дууддаг зүс таних найз маань. Бадрахын бүтэн нэрийг нь мэдэхгүй. Abdulla El Khadid гэсэн хаягаас надтай Золбадрал харьцаж байсан бөгөөд энэ хаяг нь түүний хаяг байх. Золбадрал нь ер нь байнга өөр өөр нэртэй хаягнаас зурвас бичиж харьцаж байсан. Золбадралын утасны дугаарыг мэдэхгүй. Өөр өөр дугаараас залгаад байдаг болохоор дугаарыг нь хадгалдаггүй. Бадралын гэрт нэг удаа очиж байсан. Би гэрийг нь зааж өгч чадах байх. Санаабат гэх залуугийн гэр нь Цэцэг төвийн ойролцоо байдаг. Санаабатын гэрт байх үед Бадрал ирж Dream market хаягны талаар хэлж байсан. Дээрх хаягнаас эд материал болон гадаад улсад зарж байгаа бүх барааг захиалах боломжтой талаар хэлж гар утсан дээрээсээ харуулж байсан. Гэхдээ дээрх хаяг руу орж сонирхож байгаад би саваагүйтэж шавар болон LSD гэх зүйлийг захиалсан. LSD гэх зүйлийг интернет цахим ертөнцөөс харж мэдсэн. Түүнийг хэрэглэхээр хүний онгодыг хөгөлж, экологийн шинэ санаа болон ололт, амжилтыг төрүүлдэг гэж ойлгон хэрэглэж үзэхээр санагдсан. ...2018 оны 8 дугаар сарын дунд үеэр санагдаж байна. Dream market гэх сайтын талаар мэдсэний дараа тухайн сайт руу орж, комьютерийн вирусны талаарх мэдээлэл харж байх үед Free simple /үнэгүй дээж/ гэсэн утгатай хэсэг байхаар нь орж үзэхэд MDMA гэсэн бичиглэл бүхий хар өнгийн зурагтай эд зүйл байхаар нь гэрийнхээ хаягаар захиалж үзсэн. Тухайн эд зүйл нь аль улсаар ирэхийг нь мэдээгүй. Гэхдээ түүнийг захиалаад бараг 3 сар гаруй болж байхад надад ирсэн илгээмж байхгүй байсан тул худал юм байна гэж бодсон. Харин намайг энд цагдан хоригдож байх үед манай гэрийн хаягаар ирсэн бололтой. Би тухайн зүйлийг үнэгүй гэхээр нь захиалсан. Ер нь тухайн сайт руу ороход сайтаар дамжуулж худалдаа наймаа хийх гэж байгаа хүмүүс нь эхлээд зарах гэж байгаа зүйлийнхээ дээжийг хүмүүст үнэгүй байдлаар тарааж сурталчилж, Like авч, үнэлэмжээ өргөх аргатай байдаг юм шиг байсан. Тухайн бодисыг мөн Dream market хаяг руу орж захиалсан. Энэ хаяг нь дэлхийн ямар ч улсаас бараа материал захиалан авах боломжтой сайт байсан. ... Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбар дээрээс өөрийн нэр дээр Америкын Нэгдсэн Улсаас ирсэн илгээмжийг хүлээн авч машиндаа суугаад Цагдаагийн байгууллагад баригдсан. Тухайн илгээмж дотроос 5 грамм гашиш буюу шавар, 4 ширхэг LSD гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодис илэрч тухайн хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдож шалгагдаж байгаа. Би сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр буюу дээрх мансууруулах үйлчилгээтэй эд зүйлийг Dream market цахим сайтыг ашиглан орж, гашиш буюу шавар гэх зүйлийг захиалж, хүлээн авах хаягтаа өөрийн гэрийн хаяг, овог нэрийг бичиж оруулсан. Үүний адил дээрх хаягаар 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, MDMA мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай free simple /үнэ төлбөргүй дээж/ гэсэн хэсэг рүү орж ямар нэгэн үнэ төлбөр өгөлгүй захиалсан. Ирэх үгүйг нь баттай сайн мэдэхгүй байсан. Харин тухай бодис нь Нидерландын Вант улсаас ирснийг хураан авсан талаар надад мэдэгдэж, шинжилгээ хийх тогтоолыг танилцуулж байсан ба шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Харин 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг цагдан хорих 461 дүгээр ангиас түр авч, “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбар дээр очиж Америкийн Нэгдсэн Улсаас миний нэр дээр ирсэн 2 ширхэг энгийн захиа бүхий илгээмжийг хураан авч, үзлэг явуулахад дотроос нь тус бүрээс нь 2 ширхэг LSD гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй зүйл илэрсэн. Уг LSD гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй цаасыг Dream market сайтаас өмнө нь захиалсан байсан. 4 ширхэг LSD гэх цаастай зүйлийг хүлээн аваад сайт руу орж хүлээн авсан гэсэн товчлуурыг дарж дундын дансанд байрласан өмнөх захиалгын мөнгийг худалдаалагч талын данс руу оруулж амжаагүй байсан тул худалдаалагч талаас дахин 4 ширхэг LSD гэх зүйлийг явуулсан гэж бодож байна. Уг нь би 2 ширхэг LSD-ийг 8 доллароор 2018 оны 10 дугаар сард захиалж байсан боловч бонус гэж 2 ширхэг тусдаа ууттай илгээмжээр ирж 4 ширхэг болсон. Энэ 4 ширхэг LSD ч гэсэн дээрх байдлаар ирсэн гэж бодож байна. ...Би өөр сайт ашиглаж, өөр өөр улсаас мансууруулах үйлчилгээтэй бодисыг захиалан авсан зүйлгүй. ...” /1хх-183-184, 185-186, 187-188, 189-190, 191-192/,
гэрч Б.Өлзийхишигийн “...Б.Б гэх хүнийг ажилд орохоосоо өмнө таньдаггүй байсан. Харин ажилд орсныхоо дараа ажлын шугамаар зүс мэддэг болсон. Учир нь, Б.Бын гэр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Анома хотхоны 72 дугаар байрны 5 дугаар давхарт байдаг. Намайг ажилд орсноос хойш би Б.Бын гэрийн хаягаар олон удаа энгийн захиа /Монгол Улс болон гадаадын улсаас ирж байгаа захиа/, албан бичиг /RD гэсэн дугаарын араас кодтой Монгол Улс болон гадаад улсаас ирж байгаа албан бичиг, захиаг ойлгоно/, баталгаат боодол /гадаад улсаас ирж байгаа илгээмжийг хэлнэ/, интернет дэлгүүрээс авсан онлайн захиалгын бараа зэргийг манай салбарт гэрийн хаягаар болон утасны дугаартай ирсэн тохиолдолд хүргэж өгдөг байсан. Мөн Б.Б нь 88806600 гэсэн дугаар руу зарим үед холбогдож илгээмж ирсэн байгаа талаар хэлэхэд өөрөө ирж авдаг байсан. Энэ мэт байдлаас болж гэрийн хаягийг нь сайн тогтоосон. Мөн байнга би өөрөө хүргэж өгдөг учраас зүс, царайг мэддэг болсон. ...” /1хх-136-137/ гэх мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн №42 гэж дугаарласан шавар мэт зүйл, 45 дугаартай хуванцар сав зэрэгт дельта-9- тетрагидроканнабинол илрэв. 43 дугаартай эрээн цаас 2 ширхэг, 44 гэж дугаарласан эрээн цаас 2 ширхэг зэрэгт ЛСД /Lysergide LSD/ илрэв. 46 дугаартай чулуу 3 ширхэг, 47 дугаартай нунтаг зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Буянэмэхийн Батбаатар РД:ЧС82122674” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ тус тус илрэв. .../ 12332 дугаартай дүгнэлт /1хх-146-148/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-148-150/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд цайвар өнгийн талстлаг бодисоос МDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ байна. ...” 12835 дугаартай дүгнэлт /1хх-151-153/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-154/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээ ирүүлсэн “№90” гэж хаягласан эрээн цаас, “№91” гэж хаягласан эрээн цаас тус бүрээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “90” гэж хаягласан эрээн цаасны жин нь 0,0390 шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,0196 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн “91” гэж хаягласан эрээн цаасны жин нь 0,0399 грамм шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,0189 грамм болов. ...” 61 дугаартай дүгнэлт /1хх-155-157/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-158/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйл нь 8,8126 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. ...” 137 дугаартай дүгнэлт /1хх-160-161/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-162/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “1”, “2” гэж дугаарласан 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphemine/ илэрч байна. Метамфетамин /methamphemine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. ...” 190 дугаартай дүгнэлт /1хх-164-165/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-166-167/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15-18/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-19-20/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-23-29/, гадаад паспортад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-32/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-33/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-34/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-36/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-37-39/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-40-48/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1хх-53-54, 55/, илгээмжээр ирсэн эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-57-59, 60-61, 69-70, 71-72, 75-76, 77-78, 89-90, 91-92, 98-100, 101-104, 108-109, 110-112/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-62, 63-66, 79, 80-84, 93, 94-95/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-116, 117-120/, эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-121, 122-123, 125, 126-127/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Мөрдөн шалгах нууц ажиллагааны 20 хуудас баримтыг хэргийн хамт ирүүлсэн бөгөөд уг баримтад шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан ямар гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн, яаж оролцсон талаарх нотлох баримт авагдаагүй, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд гэрчээр, эсхүл өөр байдлаар оролцсон гэж үзэх нотлох баримт үгүй, түүнийг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд идэвхитэй оролцсон гэж үзэх боломжгүй байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлээс 13.7 дугаар зүйлүүдэд зааснаар Б.Быг хамтран ажиллах этгээдээр тогтоосон хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй болно.
Шүүгдэгч Б.Бын “...миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, надад торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Намжилцогт, А.Бүдханд нарын гаргасан “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Бын 8 удаагийн үйлдлээр улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн, мансууруулах төрлийн бодисыг биедээ болон машиндаа хадгалсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгч, хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан бөгөөд хавтас хэрэгт Б.Бын эрүүл мэндийн байдлын талаар баримт авагдаагүй байх тул шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үедээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” гэж, Шуудангийн тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд “Шуудангаар дараах зүйл илгээхийг хориглоно:” 24.1 дэх хэсгийн 24.1.3-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд” гэж тус тус заажээ.
Хэргийн материалыг судлахад, Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, өөртөө хэрэглэх санаа зорилгоор Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Нидерланд Улс, Их Британи Улсаас интернет сайтаар дамжуулан захиж, шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбар дээрээс өөрийн нэр дээр ирсэн илгээмжийг хүлээн авч, биедээ авч явсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, А.Бүдханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 2019/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, А.Бүдханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ