Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

А.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Б.С,хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Дашдорж /цахим сүлжээгээр/, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим сүлжээгээр/, *******,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч нарын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор А.Б холбогдох эрүүгийн 1914005130327 дугаар хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Б, 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

А.Б нь 2018 оны 10 дугаар сард, 2019 оны 3 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутагт Б.С удаа дараа хүчиндэхээр завдсан,

 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,       

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдах, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч А.Бын эзэмшлийн LXAPCK004JC080174 арлын дугаартай Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгож, хохирогч талаас 3.040.098 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2.534.059 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Боос 506.039 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт 3 дугаар багг оршин суух хаягтай Б.С, Б.С нарт олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Б эзэмшлийн LXAPCK004JC080174 арлын дугаартай Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоцикль, 5 тооны ямаа зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон А.Б холбогдох хэрэгт хохирогч Б.С, Б.С нарын өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэргийн талаар: Анхан шатны шүүхээс Х.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдах, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон.

Гомдлын талаар: Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ гэж заасан. Гэвч шүүхээс А.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг анхаараагүй гэж үзэж байна.

А.Б нь 2018 оны 10 дугаар сард болон 2019 оны 3 дугаар сард 2 удаагийн давтан үйлдлээр миний үйлчлүүлэгч нарыг хүчиндэх болон хүчиндэхийг завдах гэмт хэргүүдийг үйлдэхдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, нэрээ бодно биз, алчихаад булна гэх мэтээр сэтгэл санаанд нь айдас түгшүүрийг бий болгох замаар үйлдсэн байдаг.

Түүний үйлдсэн гэмт хэргийн хувьд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй атал шүүхээс хариуцлага оногдуулахдаа хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хохирогч Б.Сийн хувьд өнөөдрийн байдлаар сэтгэл санааны хүнд байдлаас гарч чадаагүй, хүчирхийллийн эсрэг төвд сэтгэл заслын эмчилгээнд байгаа, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдааны дараа амиа хорлохыг завдсан нөхцөл байдалтай байна.

Мөн хохирогч нар болон түүний ар гэрийн зүгээс өнөөдрийг хүртэл маш их гомдолтой байгаа гэдгээ илэрхийлж байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч А.Б анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч А.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээгээгүй, хохирлыг төлөөгүй зэргээр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан, мөн хохирогч нарт учирсан хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг ч нээлттэй заагаагүй орхигдуулсан зэргээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болон дүү Б.Сд оногдуулсан 3 жилийн хорих ял хангалтгүй. Бид маш их хохирсон, биднээс уучлалт ч гуйгаагүй, хийсэн хэргээ хүлээгээгүй, гэмшээгүй. Манай дүү маш хэцүү байгаа, хичээл номондоо явахгүй, дургүй болж, хэнтэй ч харьцахгүй байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сд сэтгэл зүйн зөвөлгөө өгөөд ч байдал сайжрахгүй байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ялд сэтгэл дундуур байна. Хэт нэг талыг барьж хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Энэ хэрэгт нэг айлын 2 хүүхэд хохирогч болсон бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдаг тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:                                                   

 Хохирогч нарын өмгөөлөгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Прокуророос А.Б нь 2018 оны 10 дугаар сард, 2019 оны 3 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутагт Б.С удаа дараа хүчиндэхээр завдсан,

 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэж Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоов гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан зохицуулалтуудыг журамлан А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх  ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоов гэж бичсэн үндэслэлдээ тодорхой дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлын үндэслэл нь тодорхой бус буюу өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй, энэ талаар бичсэн өмгөөлөгч *******ын гомдол үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч А.Б холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

             зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/300 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                          М. МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД                            Т.ДАВААСҮРЭН

                                                   Б. БОЛОР-ЭРДЭНЭ