Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/08

 

Г.Отгонцэцэгт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                       Б.Энхтулга

                               Шүүгдэгч                                        Г.Отгонцэцэг

                               Шүүгдэгчийн  өмгөөлөгч            Г.Энхцэцэг

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 1931000000204 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 8, аав, ээж, нөхөр хүүхдийн хамт, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Боржигон овогт Ганхуягийн Отгонцэцэг, РД:МА97080407,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч: Г.Отгонцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 давхарт байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3900 рубль хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан  шатны  шүүх  Г.Отгонцэцэгт  холбогдох  хэргийг  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 102 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Отгонцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Отгонцэцэгийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонцэцэгт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Отгонцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5. Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг мөнгөлөг өнгийн хутгыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Г.Отгонцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Отгонцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийн үндсэн шинж болох 300.000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй хохирлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг, бодит хохирол хор уршиг учруулаагүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо бие муу, 2 сартай жирэмсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад зулбасан. 5 настай хүүхдээ санаад хэцүү байна. Хоёр удаа харвасан ээж, хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийг минь харж асрах хүн байхгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Г.Отгонцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Учир нь үйл ажиллагаа байнга явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад, бусдын зөвшөөрөлгүй, тусгай хэрэгсэл буюу хутгаар хаалгыг онгойлгож, хувцсыг авах гэж байгаа гэсэн шалтгаанаар гэж дурдаж байгаа боловч хувцасаа аваагүй, бусдын үйл ажиллагаа, албан хэрэгцээний шургуулгаас мөнгө авч, өөртөө авч, ашиглах зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс гэм буруугийн хувьд маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тохирсон ялыг зүйлчлэлийн хувьд оногдуулсан гэж үзэж байна.  ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                               

Шүүгдэгч Г.Отгонцэцэг холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 1931000000204 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Г.Отгонцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 давхарт байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3900 рубль хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Мөнхзул /хх-ийн 17-18-р ху/, насанд хүрээгүй гэрч Н.Эрдэнэцэцэг /хх-ийн 20-р ху/, гэрч С.Мөнхтогтох /хх-ийн 25-р ху/, Г.Ягаанцэцэг /хх-ийн 26-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09-р ху/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-11-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсан байх тул Г.Отгонцэцэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Г.Отгонцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 давхарт байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3900 рубль хулгайлсан боловч өөрийн эзэмшилд оруулж, захиран зарцуулж амжилгүйгээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн Г.Отгонцэцэгийн асрамжинд 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин О.Болормаа байдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д ...Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ... гэж заасны дагуу О.Болормаад хууль ёсны асран хамгаалагч томилж, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэрэгжүүлэхийг Алтанбулаг сумын засаг даргад даалгах шаардлагатай байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2 дугаар заалтуудыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

1 дүгээр заалтыг

“1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Отгонцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дугаар заалтыг

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Отгонцэцэгийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу О.Болормаад хууль ёсны асран хамгаалагч томилж, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэрэгжүүлэхийг Алтанбулаг сумын засаг даргад даалгасугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ