Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/00682

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр                             Дугаар 183/ШШ2020/00682                                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД-ийн ,,,,,,,,,,,,тоотод оршин суух А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................... тоотод оршин суух, Б-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь Хан-Уул дүүргийн ,,,,,,,,,,,,,,,,,, орон сууцны өмчлөгч. Гэтэл энэ орон сууцанд 2016 оноос Б....... нь хууль бусаар оршин сууж байрыг суллаж өгөхгүй, өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд улсын эрхийн бүртгэлийн .................. дугаартай бүртгэлтэй орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа Б...-г албадан нүүлгэж, байрыг чөлөөлүүлж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд тайлбар гаргаж, мэтгэлцэхээс татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн .......................... тоот хаягт байршилтай .......... м.кв талбайтай .... өрөө орон сууцыг Я-өөс 2016 оны 06 сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч хариуцагч Б нь тус орон сууцыг эзэмшээд сулалж өгөхгүй байна.” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан ба маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр Я бүртгэлтэй байсан нь баримтаар тогтоогдож байна. /хх-41/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б болон Я нарын хооронд 2016 оны 06 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ  байгуулагдаж, маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн .................. орон сууцны өмлөгчөөр 2016 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А бүртгэгдэж, ............. дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /хх-6/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан ба нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн .................... орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилэн 70200 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 837 750 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, харин түүний гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байршилтай ........ м.кв талбайтай ...... өрөө орон сууцыг хариуцагч Б-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 837 750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ