Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2019/02940/И |
Дугаар | 001/ХТ2022/00503 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00503
“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02571 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар магадлалтай,
“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“СХ” ХХК, Я.Б, Я.С, Я.Г, А.О, Г.Б, Б.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 238,424,516.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатан-Ундрах, хариуцагч Я.С, Б.Б, А.О, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “СХ” ХХК, Я.Б, Я.С, Я.Г, А.О, Г.Б, Б.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 171,165,296.42 төгрөг, хүү 65,774,730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,484,488.98 төгрөг, нийт 238,424,516.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02571 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “СХ” ХХК, Я.С нараас үндсэн зээл 171,165,296.42 төгрөг, зээлийн хүү 65,774,730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,484,488.98 төгрөг, нийт 238,424,516.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох “СХ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204077277 дугаартай ХД-73 байрны 161 тоот, Ү-2204077276 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 53А дугаар байр, 66 тоот Ү-2204051473 дугаартай орон сууц, Я.Г А.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уул 15 гудамж, 35 тоот Ү-2201012403 дугаартай амины орон сууц, Я.Гийн өмчлөлийн Г-2201016851 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,420,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,420,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 723,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гаргаж буй гомдол.
4.1. Зээлийг хугацаанд нь олгоогүй 74 хоногийн хүү тооцсон талаарх гомдол: Талууд 175,300,000 төгрөгийн зээлийн гэрээг 2016.02.07-ны өдөр байгуулж, 175,300,000 төгрөгөөр өмнөх зээлийн үлдэгдлийг хаахаар тохирсон. Гэтэл зээлийн мөнгө 2016.02.07-ны өдөр бус 2016.03.21-ний өдөр компанийн дансанд шилжин ирсэн. Шилжин ирсэн өдрөө “СХ” ХХК-ийн өмнөх зээлийг хаасан байдаг. Ийнхүү 2016.03.21-ний өдөр зээлийг бодитойгоор олгосон байтлаа зээлийн гэрээний үүргийг 2021.01.06-өдрөөс эхлэн тооцож шаардсан байна. Хариуцагч тал 2016.01.06-ны өдрөөс 2016.03.21-ний өдөр хүртэлх зээлийн хүү 6,486,100 төгрөгийг төлөхгүй хэмээн маргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү байдалд бодитой дүгнэлт өгч чадаагүй болно.
4.2. Я.Сгийн зээлийн төлбөрт төлсөн 30 сая төгрөгийн тухай гомдол: Я.С зээлийн төлбөрт 30 төгрөг төлсний 16.5 сая төгрөгийг зээлийн төлбөрт суутган аваад үлдсэн 13.5 сая төгрөгийг “СХ” ХХК-ийн өмнө зээлийн төлбөрт болон сүүлд авсан 175,300,000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгалгүй завсар дунд нь орхисноос 13.5 сая төгрөгийг Улаанбаатар хотын банк завшсан байдаг. Улаанбаатар хотын банк бүтэн жил маргасны эцэст Я.Сг эзгүйд 13.5 сая төгрөгийг Я.С буцаан авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх уг баримтыг Я.Сд танилцуулж тайлбар авах, нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй мэтгэлцүүлэх ажиллагаа явуулалгүй нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг үндэслэл бүхий хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй юм. Энэ алдааг давж заалдах шатны шүүх засаж чадаагүй.
4.3. 90,060,152 төгрөгийг буруу тооцоолон нэхэмжилсэн тухай гомдол: Талууд зээлийн үндсэн төлбөрөөс 81,191,955 төгрөг, хүүгийн төлбөрт 65,364,506 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,484,903 төгрөг, бүгд 148,364,364 төгрөгийн тооцоон дээр маргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “Зээлийн үндсэн төлбөрөөс 81,191,955 төгрөг төлөөгүй зөрчил үүссэн хэмээн бичсэн”. Гэтэл банк 81,191,955 төгрөгийн тооцоон дээрээ ямар ч нөхцөл шалтгаангүйгээр 90,060,152 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгээс 90,060,152 төгрөг, 13,790,000 төгрөг, 6,486,100 төгрөгийг үл зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын бодит тооцоог 110,336,252 төгрөгөөр хариуцагч тал тооцон үлдсэн 112,088,264 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй үнэн, зөв талаас нь үнэлж үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн шаардсан 238,424,516 төгрөгөөс 128,088,264 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
6. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “СХ” ХХК, Я.Б, Я.С, Я.Г, А.О, Г.Б, Б.Б нарт холбогдуулан үндсэн зээл 171,165,296.42 төгрөг, зээлийн хүү 65,774,730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,484,488.98 төгрөг, нийт 238,424,516.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “СХ” ХХК “...зээлийн үлдэгдэл 148,465,364 төгрөг байгааг зөвшөөрнө, хариуцагч Я.Сгийн төлсөн 30,000,000 төгрөгөөс 16,500,000 төгрөг төлбөрт тооцогдоогүй, үүнийг шийдэх зорилгоор талуудад тодорхой хугацаа өгсөн боловч шийдвэрлэж чадаагүй. Мөн 2016.01.21-ний өдөр мөнгийг шилжүүлэн өгсөн атлаа 2016.01.07-ны өдрөөс зээлийн хүү нэхэмжилсэн, энэ зээл бодитоор олгогдоогүй, тус компанийн 2014 онд авсан зээлийг хаах тохиролцоотой байсан, 60 хоногийн дараа буюу 2016.03.21-ний өдөр хааж илүү хүү төлүүлсэн” гэж маргажээ.
Хариуцагч Я.Б, Я.С нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2019.07.26-ны өдрийн байдлаар 81,191,955 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй хэмээн нэхэмжлэлд бичсэн байна. 175,300,000 төгрөгөөс 110,541,618.20 төгрөгийг төлсөн атал нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүтэй байна.” гэсэн байна.
Хариуцагч Б.Бямбадорж, Б.Б нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Я.Б нь миний танил бөгөөд орон сууцыг 3 жилийн хугацаанд банкны барьцаанд тавиулбал ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр барьцаанаас чөлөөлж эргүүлэн өгнө гэж гуйсан болохоор зөвшөөрсөн. Гэтэл орон сууцыг барьцаанаас чөлөөлөөгүй эрсдэл үүсгэн, хохироож байгаад гомдолтой байна” гэжээ.
Хариуцагч Я.Г, А.О нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...эд хөрөнгөө 3 жилийн хугацаатай барьцаалсан, хугацаа нь дуусчихсан учраас энэ хэрэгт хамааралгүй, зээл аваагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй” гэжээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч “СХ” ХХК болон Я.Сгаас зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна.
9. Хэргийн баримтаас үзвэл, “Улаанбаатар хотын банк” ХХК (эрх залгамжлагч “ХХБ”) болон “СХ” ХХК, Я.С нарын хооронд 2016.01.07-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 175,300,000 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаанд зээлэхээр тохиролцсон, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр ба хариуцагч нар төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлж байсан хэдий ч зээлийн хүү болон үндсэн зээлээс зохих хэсгийг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах, улмаар мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээг цуцлах хүртэлх төлөгдөөгүй үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
10. Хариуцагчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй татгалзалд дурдсан зээлийг бодитоор олгоогүй атлаа зээлийн хүү төлүүлсэн, төлсөн төлбөрийн зарим хэсгийг төлбөрт тооцоогүй гэх үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдсэнийг шийдвэр, магадлалд тодорхой заасан байна.
11. Хариуцагч “СХ” ХХК болон хариуцагч Я.С нар зээлийн гэрээ байгуулсан хамтран үүрэг гүйцэтгэгч учир шүүх эдгээр хариуцагчаас зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д заасантай нийцжээ.
12. “Улаанбаатар хотын банк” ХХК болон “СХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр тус компанийн өмчлөлийн болон Г.Б, Б.Б, Я.Г, А.О нарын нийт 4 орон сууц, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар хүчин төгөлдөр ба хариуцагч “СХ” ХХК болон Я.С нар зээлж, төлөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Иймд энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
13. 90,060,152 төгрөгийг буруу тооцоолон нэхэмжилсэн тухай гомдлын тухайд, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хариуцагч нар зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу сар тутам зээлийн хүүг төлөхөөс гадна үндсэн зээлийн төлбөрөөс хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөгдсөн байх ёстой төлбөр нь үндсэн зээл 81,191,955 төгрөг, зээлийн хүү 65,364,506 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,484,903 төгрөг, бүгд 148,364,364 төгрөг байсан” гэж зөрчигдсөн үүргийг тодорхойлсон агуулгатай тайлбар гаргасан байна.
Хариуцагч анх 175,300,000 төгрөгийг (үндсэн зээл) зээлж, үүнээс 4,134,703.58 төгрөг төлж, бусад үүргийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч үндсэн зээлд 171,165,296.42 төгрөг (гэрээний хугацаанд төлсөн байх ёстой 81,191,955 төгрөг+цаашид хуваарийн дагуу гэрээ дуусгавар болох хүртэл төлөх байсан 90,060,152 төгрөг) нэхэмжлэх эрхтэй тул “ямар ч нөхцөл шалтгаангүйгээр 90,060,152 төгрөгийг нэмж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй” гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэв.
14. Иймд хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02571 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “СХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “СХ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр/-ийн 2021.02.10-ны өдөр 723,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД