Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/02880/и |
Дугаар | 1222 |
Огноо | 2018-05-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1222
Б.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00541 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн төлөөлөгч М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст гэр бүл хөгжлийн мэргэжилтэн албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд Чингэлтэй дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв нь нэршлээ өөрчлөн Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болсон. Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн экспо үзэсгэлэн дээр ажиллаж байтал бие өвдөөд эмнэлэг явсан. Тэгээд намайг өвчтэй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/81 тоот тушаалаар ажлаас халсан байсан. Ажлаас халсан үндэслэл нь өөрийн хүсэлтээр гэсэн бөгөөд миний бие ямар нэгэн өргөдөл хүсэлт бичиж өгөөгүй байхад ажлаас халсан. Миний бие ямар зөрчил гаргасан талаар огт ойлголт байхгүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.С намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Би намайг ажлаас чөлөөлсөн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгосон Б/82 тоот тушаал гарсныг мэдээгүй, шүүхэд ирсэн материалаас л олж мэдлээ. Энэ тушаалыг надад гардуулж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш намайг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзчих тэгвэл би чамайг ажилд чинь буцааж авья гээд байхаар нь би хүсэлтээ гаргаж өгсөн боловч намайг буцааж ажилд аваагүй. Чи намайг сайд руу хүмүүстэй нийлж өргөдөл матаас бичсэн түүн дээр чи гарын үсгээ зурсан байна гээд ажилд авахгүй гэсэн тул би дахин хүсэлтээ гаргаж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С-ыг түр хугацаагаар ажилд авсан боловч ажлын шаардлага хангаж ажиллаж чадаагүй. Над руу 10 дугаар сарын 26, 27-ны үед утасдаж өвчтэй байна гэж хэлсэн ба өвчтэй байгаа тухай баримтаа өгөөгүй учраас түүнийг ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн бөгөөд түүний хүсэлтээр гэж чөлөөлсөн шийдвэр нь буруу гарсан учраас уг тушаалыг хүчингүй болгож шинээр тушаал гаргасан. Б.С-ыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш түүний эгч нь гэж хүн надруу утасдаж эвлэрье гэж хэлсэн тул шүүх дээр ирж нэхэмжлэлээсээ татгалзвал ажилд нь буцааж авья гэсэн боловч намайг шинэ жилийн өмнө ажил ихтэй байх үед ирэхээр нь би ажилд буцааж аваагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ыг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 20 хүртэлх хугацааны олговорт 2 489 448 төгрөг гаргуулж Б.С-д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос Б.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 54 781 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “мөн талуудын хооронд байгуулан хөдөлмөрийн гэрээнд уг гэрээг хугацаатай буюу 3 сараар хугацааг тогтоосон нь Хөдөлмийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай хуулийн заалтын зөрчсөн гэж үзлээ” гэж анхан шатны шүүхээс үзсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 231.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулж болно, мөн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт шинээр ажилтан авсан тохиолдолд 3 сар хүртэлх хугацаагаар туршилтын хугацаатай гэрээ байгуулж болох бүрэн эрхийн олгосон байтал анхан шатны шүүх үнэлж үзээгүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Мөн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр Б.С нь тус хөгжлийн ажилтнаар орсноос хойш өөрөө бие даагаад хийсэн зүйлгүй. Компьютер дээр ажиллаж чадахгүй, төлөвлөгөө, тайлан болон бусад бичиг баримт боловсруулж чадахгүй бусдыг гуйж бичүүлж, хийлгүүлж, цаг хугацаанд нь ажил гараас нь гарахгүй, ийм ажилтан байж болохгүй, мэдээ тайлан хугацаанд нь гаргахгүй, гэр бүл, хүүхдийн хөгжил оролцооны зохион байгуулалтын маш их ажил хойшлогдож байна, сахилгын сануулах шийтгэл өгье, энэ байдал давтагдвал халах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэж ахлах мэргэжилтэн хэлэхэд Д.Дашцэрэн хэлэхдээ Б.С-ын хувьд ахлах ажилтны саналыг дэмжиж байна, өөрөө юу хийхээ мэдэхгүй хүн болгон гуйж алжаа хийлгэж байна гэх мэтээр Ө.Даваасүрэн, М.Ц нар үзэж Б.С-д сануулах арга хэмжээ авсан. Төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой бөгөөд өөрийн ажлыг хийж чадахгүй наад захын компьютерийн програмууд дээр ажиллаж чадахгүй нэг ажил даалгахаар бусдаар байнга гуйлгаж хийлгэдэг, ажлын цаг барьдаггүй гэх мэт алдаа дутагдал гаргасан учраас ажлаас нь халсан. Мөн Б.С нь ажлаас өөрөө сайн дураараа гаръя, энэ ажлыг хийж чадахгүй юм байна, та харин надад нэг сарын тэтгэлэг өгөөч гэж гуйсны дагуу дарга М.Ц нэг сарын цалинтай тэнцэх тэтгэлэг өгч байсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.С хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар гэр бүл, хүүхдийн хөгжлийн ажилтнаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/81 тоот тушаалаар Б.С-ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалаар Б.С нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажил хаяж явсан тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан хуулийн заалт буруу үндэслэж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон тушаал гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-5, 79 дэх тал/
Хариуцагч байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 12.1, 12.2.1, хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасныг тус тус үндэслэсэн байна. /хх-5 дахь тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/72 тоот тушаалаар Б.С-д хариутай бичиг, тайлан мэдээг тогтоосон хугацаанд нь хийгээгүй, хүргүүлээгүй, удаан хугацаагаар дарагдуулсан, баримт бичгийг үг, үсгийн болон утга агуулга, хэл найруулгын алдаатай баримт бичиг удаа дараа гаргасан, мэргэжлийн өндөр түвшинд судалж боловсруулсан санал, хууль, эрх зүйн үндэслэлтэй зөвлөгөөгөөр удирдлагыг хангаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-77 дахь тал/
Хариуцагч байгууллагын Б/82 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 11 хоногийн хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан №0976066 дугаар эмнэлгийн хуудсаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.С-ыг ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын Б/82 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулах болсон үндэслэл тодорхойгүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Б.С-ыг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/61 тоот тушаалаар гэр бүл, хүүхдийн хөгжлийн ажилтнаар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, түр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.С-ыг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 489 448 төгрөгийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, дээрх олговроос Б.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэг болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ