Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/18

 

 

Д.А-д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                 Б.Батзориг

                                          Шүүгчид                               Г.Давааренчин                                  

                                                                               Д.Буянжаргал

                                  Оролцогчид:

                                            Прокурор                             Б.Энхтулга

                                             Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Отгонбаяр

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч түүхий өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт Ж овогт Д-н А-дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831002280271 дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд /РД: МУ-85050972/,        

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх Д.А-д холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 11 дугаартай цагаатгах тогтоолоор:

          “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан  Сэлэнгэ Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002280271 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жаран овогт Дээдэндэжидийн Ариунболдыг цагаатгасугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9-р зүйлийн 4-д зааснаар эрүүгийн 1831002280271 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

          3. Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүйд тооцсугай.

          4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

          5. Хавтаст хэргийн 28 хуудсанд авагдсан 22-26СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй тооцсугай.” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомлол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцээд Цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэл тогтоогдлоо. Учир нь: Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Д.А нь талийгаач В.Болдтой 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хамт архи уусан ба 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө шүүгдэгч Д.Аын 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон талийгаач В.Болд, Ц.Одбүрэн нарын хамт Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд архидан согтуурч Ц.Одбүрэн нь 12 цагийн үед гэрлүүгээ явсны дараа Д.А, талийгаач В.Болд нар нь хоёулаа үлдсэн байдаг. Түүний дараа шүүгдэгч Д.А нь 15 цагийн үед тээврийн хэрэгсэл дотроо унтаж байгаад сэрээд согтуугаар 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь гэрч Ц.Одбүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 хуудас/, гэрч С.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/, яллагдагч Д.Аын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Жавхланбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 113-114 хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогддог.

Цагаатгах тогтоолд: “...Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай ”Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч В.Болдыг дайрсны улмаас гэмтэж улмаар энэ гэмтлээс шалтгаалан шөнө нас барсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно” гэсэн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна” гэжээ.

Гэтэл шүүхээс талийгаачийг нас барсан гэх 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 00-03 цаг хугацаанд шүүгдэгч Д.А нь талийгаачтай хамт байгаагүй гэмтлийг аваад шууд амь нас нь хохирсон гэж дүгнэсэн нь шинжээчийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 1049 дугаартай “..тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, хохирогч В.Дэлгэрзулын “...Тухайн үед миний дүүг голын эрэг дээр хэвтэж байхыг харсан хүмүүс байдаг өдрийн 03-04 цагийн хооронд нэг хүн хэвтэж байсан. Дархан орчихоод буцаад ирэхэд яг хэвээрээ хөдөлсөн шинжгүй хэвтэж байсан гэж хэлдэг...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Одбүрэнгийн “...2018 оны 07 сарын 23-ны өдөр цаг агаар дулаахан байсан гэхдээ голын эргээр амарч байгаа хүмүүс байгаагүй бид гурав л сууцгааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-11 хуудас/ насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлсэн тухайн өдөр буюу 2018 оны 07 сарын 23-ны өдөр 15-16 цагийн үед голын эрэг дээр хэвтэж байсан ба Дархан-Уул аймаг явчихаад ирэхэд байрлалаа өөрчлөөгүй, хажууд нь ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй байдалтай байсан гэх шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Уг хэрэгт талийгаачийн нас барсан үхлийн шалтгаан, нас барсан цаг хугацааг тогтоох зорилгоор шинжээчийн /60 дугаартай, бүрэлдэхүүнтэй 143 дугаартай, бүрэлдэхүүнтэй 1049 дугаартай дүгнэлтуүд/ дүгнэлтийг 4 удаа гаргуулсан ба шинжээчийн 60 болон 143, 1049 дугаартай дүгнэлтүүд нь талийгаачийн нас барсанцаг хугацааг хоорондоо эрс зөрүүтэй тогтоосон байхад 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийг үнэн зөв гэж баримтлаж буй үндэслэлээ тогтоолд дурьдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д “...Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан “..дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэх заалтыг зөрчжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач В.Болдын үхлийн шалтгаан нь тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас гэмтлээс болж нас барсан болох нь тогтоогдож байхад шүүхийн тогтоолд шүүгдэгч Д.А нь /шинжээчийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 1049 тоот дүгнэлтийн дагуу/ талийгаачийг нас барсан гэх 2018 оны 07 сарын 24-ний 00-03 цагийн хооронд хамт байгаагүй болох нь тогтоогдож байх ба Д.Аыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь талийгаачийн нас барсан цаг хугацааны талаарх шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй байх ба шинжээчийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтэнд “...талийгаач нь...2018 оны 07 сарын 23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой...” гэх /хх-ийн 156-157 хуудас/, Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1049 тоот дүгнэлтэнд “..талийгаач тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчилан тогтоох боломжгүй...гэсэн атлаа нас барсан цаг хугацааг 2018 оны 07 сарын 24-ний 00-03 цагийн хооронд гэж тогтоосон дүгнэлт нь үндэслэлтэй байна...” гэх /2-р хх-ийн 92-94 хуудас/ дүгнэлтүүд нь хоорондоо цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна шүүхээс талийгаачийг нас барсан цаг хугацаанд буюу 2018 оны 07 сарын 24-ний 00-03 цагийн хооронд шүүгдэгч Д.А нь хамт байгаагүй болох нь тогтоогдсон ба түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Түүнчлэн Шинжээчийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлтэнд “...22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийн урд доод тэнхпэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ын тогтоц В.Болд, Д.А нарын ДНХ-тай тохирохгүй байна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн “...22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийн урд доод тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдон тогтсон шороо мэт зүйл нь шинжилгээнд бүрэн тэнцээгүй боловч гарсан үр дүнг 7870 тоот дүгнэлтэнд тусгасан...тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэд үр дүн гараагүй...” гэх дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй буюу 7870 дугаартай дүгнэлтээр цус мэт зүйл нь В.Болд, Д.А нарын ДНХ-тай тохирохгүй байна гэсэн атлаа 11780 дугаартай дүгнэлтээр хүний ямар эд эрхтэн болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэлтэнд тусгасан байгаагаас харахад чухам ямар үзүүлэлтээр нь шүүгдэгч Д.А болон талийгаач В.Болдын ДНХ-тай тохирохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүгдэгч Д.А-д холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Хохирогч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн цагаатгах тогтоолыг танилцаж үзэхэд Д.А нь гэмт хэрэг үйлдсэн байж боло нотлох баримтууд гэрчийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт байсаар байхад зөвхөн эргэлзээтэй нотлох баримтуудыг тогтоолд түүж бичсэн байгаа нь шүүгч ч гэсэн хэтэрхий нэг талыг барьж цагаатгасан гэж үзэж байгаа. Хэрэг болсны дараа Д.Аын гэрийнхэн  нь ээжийн тэтгэврийн зээл авсан гэсээр бидэнд 2 сая төгрөг өгөөд, уучлалт гуйгаад уйлж, унжиж явсан. Бид гэм буруугаа ойлгоод хохирлын мөнгөнөөс өгч байна гэж ойлгосон. Гэтэл Д.А шүүх хурал дээр “хандив” өгсөн гэж улайх ч үгүй ярьж байв. Хаа хамаагүй, төрөл садан нь ч биш хүн  нас бархад, ээжийнхээ тэтгэврийн зээл аваад “хандив” өргөдөг хүн байх уу одоо үед? Ийм итгэж үнэмшмээргүй юм ярьж яваад нь хүртэл гайхаж байна. Бид хүнээ цэл залуугаар нь алуулж алдлаа. Хэн нэг нь машинаар дайрч алсан нь тодорхой. Харин санаатай юу? Болгоомжгүй юу? Үнэхээр болгоомжгүй үйлдэл хийсэн юм бол үнэн учраа яриад ирэхэд бид ч бас хүнийг ойлгох ухамсартай хүмүүс шүү дээ. Гэтэл бүх зүйлийг будлиантуулж байгааг “санаатай аллага” гэж үзэхэд хүргэлээ. Эцэст нь талийгаачийн эрдэнэт хүний амь нас хохирсон байхад, үл ойшоон “илэрхий” холбогдогчийг цагаатгаж байгаа шүүхэд гомдолтой байна. Иймд хянан үзэж цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, ял шийтгэлийг зохих хуулийн дагуу оногдуулж өгнө үү гэжээ.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1-р сарын 25-ны өдрийн 2020ШЦТ/11 дугаартай цагаатгах тогтоолыг Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор Т.Мөнхбаяр эс зөвшөөрч дахин мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн агуулгатай эсэргүүцэл бичсэнтэй цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Отгонбаяр би танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 07-р сарын 24-ны өглөө талийгаач В.Болд нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Шарын голын гүүрний орчим автомашинд дайруулсан байдалтайгаар олдсон гэх гэмт хэрэгт холбогдуулан иргэн Д.Аыг 2 жил гаруй хугацаанд зөвхөн яллах талын санаачлага, хүсэлтээр нарийн нягт шалгасан боловч уг гэмт хэргийг Д.А үйлдсэн гэх хангалттай, хөдөлбөргүй нотлох баримт мөрдөн шалгалтын явцад тогтоогддоггүй юм. Харин түүнийг энэ гэмт хэргийг үйлдээгүй болох талаархи нотлох баримтууд хавтаст хэрэгт олон байдаг юм. Тухайлбал: гэмт хэрэг гарсан хэргийн газрын үзлэг, тэмдэглэлд тусгагдаж гэрэл зургаар бэхжигдсэн хэргийн газраас бэхжүүлж авсан дугуйн мөр /1-р хх-ийн 10-р ху/нь 22-26 СЭА улсын дугаартай т/х-ийн мөр зэргийг харьцуулан шинжлэхэд хэргийн газраас бэхжүүлсэн мөр нь шинжилгээнд тэнцэхгүй /жич.., тухайн хэргийн газраас бэхжүүлж авсан 2ш дугуйны мөрны тод гарсан гэрэл зургийг шинжилгээний дүгнэлтэд /1-р хх-ийн 161-162-р ху/ хавсаргаагүй байлаа / гэсэн шинжээчийн дүгнэлт, талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоолгох талаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээр талийгаач 2018 оны 07-р сарын 24-ны 00-03 цагийн хооронд нас барсан гэх дүгнэлтүүд,, 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер “ машины урд тэнхлэг дороос олдсон гэх цус мэт зүйлээр бохирлогдсон шорооноос илэрсэн ДНХ нь талийгаач В.Болд, Д.А нарын ДНХ-тэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 128-р ху/ мөн хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг /7-р ху/ мэдүүлэг шалгах ажиллагааны схем зураг /41-р/-т тээврийн хэрэгсэл зогсож байсан гэх газраас цогцос хүртэл 21.30м зайтай байсан гэх баримт, Д. Ариунболдын цуснаас авч шинжилсэн химийн шинжилгээний хариу /1-р хх-ийн 138-р ху/-нд согтууруулах ундаа хэрэглэсэн боловч тухайн үедээ эрүүл байсан гэх дүгнэлт зэрэг бүхий л шинжилгээний дүгнэлт, бусад нотлох баримтаар энэ хэргийг үйлсэн гэм буруутай гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт огт тогтоогддоггүй юм. Энэ гэмт хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Д.А нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж   шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын прокурорын ерөнхий прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай дээд шатны прокурорын  эсэргүүцлийн дагуу Д.А-д холбогдох эрүүгийн 1831002280271 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан,  Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2018 оны 08 дугаар сарын 03-ны №7870 тоот дүгнэлт /1-р хх-ийн 127-128-р ху/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11  дүгээр сарын 09-ний өдөр гаргасан №11780 тоот шинжээчийн дүгнэлтээр “...22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн урд доод тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон шороо мэт зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэд тэнцэхгүй боловч ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/ тодорхойлогдсон, энэ үзүүлэлт нь В.Болд, Д.А нарын ДНХ-тэй тохирохгүй...” байгааг тогтоосон бөгөөд эдгээр дүгнэлтүүдийг харилцан зөрүүтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №60 тоот Шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлтээр /1-р хх-ийн 156-157-р ху/ хохирогч В.Болдын нас барсан хугацааг “...Талийгаач нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018.07.23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой...” гэж дүгнэсэн боловч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч нарын 2019 оны 02 дугаар сарын 11 ний өдрийн №143 тоот 

“...Талийгаач нь 2018.07.24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна...,”

 Шинжээч эмч С.Бүрэнжаргалын өмнө гаргасан шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №60-д бичигдсэн “...талийгаач 2018.07.23-ны өдөр 15-17 цагийн хооронд нас барсан байх боломжтой... гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 30-р ху/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээч нарын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №1049 дугаартай ....

1.2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.

2.Талийгаач В.Болдын нас барсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн өөрчлөлтөөр тогтоосон байна... гэсэн дүгнэлт болон шинжээч С.Бүрэнжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 15-17-р ху/, шинжээч Ж.Ганцэнгэл /2-р хх-ийн 97-98-р ху/, Б.Энхжин /2-р хх-ийн 99-100-р ху/, М.Золжаргал /2-р хх-ийн 101-102-р ху/, С.Бүрэнжаргал /2-р хх-ийн 103-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр хохирогч В.Болд нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой, талийгаач тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй болох нь тогтоогдсон, шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр  дахин дүгнэлт гаргуулах болон  дүгнэлт гаргасан шинжээч нараас мэдүүлэг авах байдлаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны  өдрийн №60 тоот Шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлтэд гарсан цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлыг нарийвчлан тогтоосон, эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл,  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг хуулийн хүрээнд зааж шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн Д.А нь хохирогч В.Болдын нас барсан байж болох цаг хугацаанд хамт байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Жаргал /1-р хх-ийн 107-108-р ху/,    Д.Мягмардорж /1-р хх-ийн 95-р ху/, Ц.Одбүрэн /1-р хх-ийн 110-111-р ху/,  Г.Жавхланбаатар  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан авто машины дугуйны мөрнүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29 ний өдрийн №48 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2-д ....Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу эрүүгийн 1831002280271 дугаартай хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож  Д.Аыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын ерөнхий прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай дээд шатны прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын ерөнхий прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай дээд шатны прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ