Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2020/00088/И |
Дугаар | 298 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 298
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:1981 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Б овогт Э.Ч -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1987 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Б овогт Н.Н -т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 869 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00088/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1979 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, Ө овогт Ө.Б, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хариуцагч Н.Н ийг орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цалингийн зээл авч дансанд бэлнээр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагч Н.Н нь удаа дараа шаардахад өгнө гэсээр одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Н.Н нь Улаанбаатар хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 19881 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Н ийг оршин суух газартаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ201505684 дугаар шүүхийн шийдвэрээр Н.Н ийг эрэн сурвалжилж эхэлсэн. Үүнээс хойш оршин суух хаяг нь тодорхой бус тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй өдийг хүрсэн. Гэтэл Н.Н нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Э аар ажиллаж байсныг сая олж мэдсэн.
Иймд миний Н.Н т шилжүүлсэн 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 758 000 төгрөг, өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тэмдэгтийн хураамж 110 950 төгрөг нийт 6 869 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Н ийг орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цалингийн зээл авч Н.Н ийн дансанд бэлнээр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагч Н.Н нь удаа дараа шаардахад өгнө гэсээр одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Н.Н нь Улаанбаатар хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 19881 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Н ийг оршин суух газартаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ201505684 дугаар шүүхийн шийдвэрээр Н.Н ийг эрэн сурвалжилж эхэлсэн. Үүнээс хойш оршин суух хаяг нь тодорхой бус тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй өдийг хүрсэн. Гэтэл Н.Н нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Э ар ажиллаж байсныг сая олж мэдсэн.
Иймд Н.Н т шилжүүлсэн 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 758 000 төгрөг, өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тэмдэгтийн хураамж 110 950 төгрөг нийт 6 869 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ч ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлэн дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.Ч миний *********** дугаартай Хаан банкны дансанд 5 000 000 төгрөг шилжүүсэн нь үнэн бөгөөд тухайн үедээ би уг мөнгийг хэрэглээд зарим хэсэг болох 2 000 000 төгрөгийг би буцаан өгсөн юм. Ингэж мөнгийг өгөхдөө би өөрийн танил ахаар дамжуулан өгсөн. Тэр үед Э.Ч зээл авч мөнгийг өгсөн, хүү төлж байгаа талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд надтай мөн зээлийн ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй. Би үлдэгдэл мөнгийг өгөх гэсэн боловч амьдралын боломжоос шалтгаалан өгч чадаагүй байсаар өдийг хүрсэн. Тэрээр надаас үндсэн мөнгө 5 000 000 төгрөгөөс гадна зээлийн хүү болох 1 758 000 төгрөгийг нэхэмжилж байгааг, мөн түүнчлэн өмнөх шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 110 950 төгрөгийг нэхэмжилсэнийг би зөвшөөрөхгүй. Учир нь би өнгөрсөн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт байнгын хаяг дээрээ байсан. Э.Ч надтай ердөөсөө ч уулзаагүй юм. Намайг эрэн сурвалжилж байсныг ч би мэдээгүй. Энэ талаар хэн нэгэн надтай ирж уулзаж байгаагүй.
Иймд би түүнд төлөх ёстой үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөх учиртай тул нэхэмжлэлийн шаардлагаас миний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Ч нь Н.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр бүгд 6 869 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Э.Ч нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н.Н т 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй харин хариуцагч нь 2 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлнө, хүү болон бусад зардлыг төлөхгүй гэж маргажээ. /хэргийн 1, 23 дугаар тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцлийн дагуу зээлдүүлэгч зээлдэгчид 5 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлэн авсан 5 000 000 төгрөгийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Н.Н нь зээлдэн авсан 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг төлсөн гэж маргаж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч нотолж чадаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийн хүү 1 758 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.
Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул зээлдэгч Э.Ч нь хүү 1 758 000 төгрөгийг авах эрхээ алдсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110 950 төгрөгийг нэхэмжилжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 19881 дугаартай захирамжаар “хариуцагч Н.Н ийг оршин суух газартаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул улсын тэмдэгтийн хураамж 110 950 төгрөгийг хариуцагч Н.Н ээс гаргуулах боломжгүй байна. /хэргийн 10 дугаар тал/
Иймд хариуцагч Н.Н ээс зээл 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 869 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Н.Н т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2015 оны 6 дугаар сараас эхлэн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан байх ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ201505684 дугаартай шийдвэрээр хариуцагч Н.Н ийг эрэн сурвалжилж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хэргийн 9 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Н ээс 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 869 000 /нэг сая найман зуун жаран ес/ хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 854 /нэг зуун хорин дөрвөн мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН