Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00548

 

“НИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2020/00007 дугаар магадлалтай,

“НИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ШО” ХК-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэл 82,704,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “НИ” ХХК нь хариуцагч “ШО” ХК холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 80,939,636 төгрөг, алданги 1,764,492 төгрөг, нийт 82,704,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “ШО” ХК-аас барааны үлдэгдэл төлбөр 80,939,636 төгрөг, алданги 809,397 төгрөг, нийт 81,749,033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НИ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 955,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “НИ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571,471 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШО” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 566,695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2020/00007 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,976 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. “ШО” ХК-аас алданги 809,397 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Төрийн өмчит санхүүгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хуулийн этгээдээс алданги гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

4.2Төрийн өмчит хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг. “НИ” ХХК нь “ШО” ХК-аас зарласан СШ.№30.ШОХК.2018 дугаартай ЭКГ5А экскаваторын механик эд ангийн сэлбэг нийлүүлэх тендерт оролцон шалгарч гэрээ байгуулсан юм. Шүүх хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ тендерийн материал тендерийн гэрээний ерөнхий, тусгай нөхцөлийг судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “ШО” ХК-аас алданги гаргуулан шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон. Тендерийн гэрээний тусгай нөхцөлд алданги тооцох, гэрээнд алдангийн заалт оруулах талаар тусгасан эсэхэд дүгнэлт өгөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж алданги 809,397 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “НИ” ХХК нь хариуцагч “ШО” ХК-д холбогдуулан худалдсан барааны төлбөрийн үлдэгдэл 80,939,636 төгрөг, алданги 1,764,492 төгрөг, нийт 82,704,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, “...хямд үнэ бүхий эрчим хүчээр иргэдийг хангах зорилтын хүрээнд тус компани санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна, харилцан зөвшилцөх замаар маргаанаа шийдвэрлэж байгаа, нийлүүлсэн сэлбэгүүдээс үлдэгдэл сэлбэгүүд байгаа бөгөөд буцаан хүлээлгэн өгөх боломжтойгэсэн тайлбар гаргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас төлбөр 80,939,636 төгрөг, алданги 809,397 төгрөг, нийт 81,749,033 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгэсэн болон хариуцагч төлбөрийг бүрэн төлөөгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлын талаар дүгнэж, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл, шаардах эрхийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Сонгон шалгаруулалтын журмаар зохигчийн хооронд 2018.03.06-ны өдөр сэлбэг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “НИ” ХХК нийт 280,939,648 төгрөгийн эксковаторын механик эд ангийн сэлбэг нийлүүлсэн, хариуцагч төлбөрөөс 80,939,636 төгрөг төлөөгүй болохыг талууд маргаагүй байна.

10. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т төлбөрийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш 60 хоногт шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн, энэ хугацаа 2018.08.27-ны өдөр өнгөрсөн тул хариуцагчийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасантай нийцнэ.

11. Хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тал нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн хөрөнгийг анз гэх бөгөөд анзын нэг төрөл нь алданги байдаг. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 9.7, 9.8-д зааснаар худалдан авагч буюу захиалагч гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн барааны үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлөх, алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар талууд тохиролцсон байна.

Иймд шүүх алдангид 809,397 төгрөг (гүйцэтгээгүй үүрэг 80,939,636 төгрөгийн 1 хувиар) хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

12. Зохигч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, тухайн гэрээнд талуудын хэн аль нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэмэлт үүрэг болох алданги шаардахаар тохиролцсон байх тул хариуцагч “Шивээ овоо” ХК-ийг төрийн өмчит хуулийн этгээд гэсэн үндэслэлээр гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулж алданги төлүүлэхгүй байх нь хууль зүйн хувьд боломжгүй юм.

Түүнчлэн сонгон шалгаруулалтын бичиг баримт болох гэрээний ерөнхий нөхцөлийн 17.1, тусгай нөхцөлийн 13.1-д тус тус худалдан авагч хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тусгагдсан байна.

13. Дурдсан үндэслэлээр “төрийн өмчит компанийн санхүүгийн байдлыг харгалзаагүй, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг судлалгүй алданги гаргуулсан” гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00087 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 216/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ШО” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран/-ийн 2020.06.03-ны өдөр 23,976 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН