Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00549

 

“ХЦГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00858 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар магадлалтай,

“ХЦГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Р.Тд холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 2014.04.20-ны өдрийн 23/14 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзсанд тооцуулах, хохирол 77,299,478 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 99,410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Р.Т, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХЦГ” ХХК нь хариуцагч Р.Тд холбогдуулан 2014.04.20-ны өдрийн 23/14 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзсанд тооцуулах, гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол 77,299,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс татгалзсанд тооцуулах шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-д холбогдуулан 99,410,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 26,163,532 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00858 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Таас 2,237,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-д, нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-аас 72,723,532 төгрөг гаргуулан хариуцагч Р.Тд тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 75,062,384 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 26,686,468 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,658,156 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,004,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Таас 50,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-д, нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-аас 521,567 төгрөг гаргуулж хариуцагч Р.Тд тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 533,262 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Шийдвэр, магадлалд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухай: Магадлалын хянавал хэсэгт: “...Гэвч уг хавсралтад талууд гарын үсэг зураагүй, мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог болох төлбөрийн хэмжээ, хүүгийн талаар тохиролцсон байдал гэрээнд тусгагдаагүй, талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй зэргээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ...” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд 2014.04.20-ны өдөр 23/14 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулагдсан бөгөөд тус гэрээний 2-р зүйлд заасны дагуу төлбөр төлөх хугацаа, үнэ, хүү зэргийг хавсралтад тусгасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс үзвэл гэрээнд заагдсан хавсралт гэсэн хэсэг нь гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд тухайн хавсралтад талууд заавал гарын үсэг зурах тухай тохиролцоо эсхүл нөхцөл гэрээнд тусгагдаагүй байна. Энэ нь үндсэн буюу худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хавсралтыг бүрэн хүлээн зөвшөөрснийг үндсэн гэрээний нэгэн адил хүчинтэй гэсэн агуулгыг илэрхийлж байх бөгөөд энэхүү хавсралт үнэн зөв эсэх тал дээр хариуцагч тал маргадаггүй болно. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т: “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ.”, 263.2-т “Гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана, 263.2.1.бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2 хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа; 263.2.3 төлбөл зохих хүүгийн хэмжээ; 263.2.4 үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2014.04.20-ны өдөр 23/14 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангасан нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримт байна. Гэтэл шүүхээс энэхүү гэрээнд тусгагдсан хүү, хугацаа, үнийн дүнг гэрээнд тусгагдаагүй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байгаа юм. Түүнчлэн хариуцагчийн зүгээс 2014.04.20-ны өдөр 23/14 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулагдсан эсэх, үнэ, хугацаа, хүү зэрэг дээр огт маргахгүй байхад талуудын маргаагүй үйл баримтад эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх чадвараа алдсан байна.

4.2. Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан шалтгаан нөхцөлийн тухай:

а. Магадлалын хянавал хэсэгт “...Иймд “ХЦГ” ХХК нь 2014.04.20-ны өдөр 23/14 тоот гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р.Тд шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч нь Иргэний Хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн.” гэж дүгнэсэн нь гэрээнд тусгасан нөхцөлтэй нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд “Худалдан авагч нь худалдагч талд төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх үүсэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авна” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх буюу өмчлөх эрх нь төлбөр тооцоо дууссан өдрөөс эхлэн хариуцагч талд шилжихээр талууд харилцан тохиролцсон, энэ тухай хүсэл зориг дээр Р.Т маргадаггүй юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч талыг анхнаасаа өмчлөх эрхийг Р.Тд шилжүүлэх ёстой байсан мэтээр дүгнэж бодит байдлыг үгүйсгэснээр иргэний эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох талууд гэрээ болон түүнд тусгах нөхцөлийг чөлөөтэй байгуулах эрхэд халдсан нөхцөл болоод байна. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт байгаа болохоос биш, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас болж хариуцагч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт болоогүй. Хариуцагч нь эцсээ хүртэл байраа худалдаж авах сонирхолтой байсан гэдгээ шүүх хурал дээр тайлбарладаг билээ.

б. Магадлалын хянавал хэсэгт: “ХЦГ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн буруутай тул хариуцагч Р.Таас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч хэдийгээр маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ч уг гэрээ нь хэлбэрийн төдий, барьцаанд тавих хэлбэрээр санхүүгийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ тухай иргэн Д.Нямдаваагийн тайлбар, шүүхийн шийдвэрээс тодорхой харагддаг учраас уг байрыг бусдад худалдах хүсэл зориг нэхэмжлэгч талд байгаагүй гэдэг нь нотлогдож байдаг юм. Иргэн Д.Нямдаваагаас зээлсэн зээлийн гэрээний барьцаанд уг орон сууцыг тавьсан боловч өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар 2015-2018 онуудад байнга маргаан үүсгэж эцсийн дүндээ өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныхаа дараа иргэн Р.Тд төлөгдөөгүй төлбөрийг нөхөн төлж, гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, шаардаж байсан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан тул бидний зүгээс арга буюу 2014.04.20-ны өдөр 23/14 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлах шаардлагатай болсон болно. Хариуцагч Р.Т нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сар хүртэл 5 жил 7 сарын хугацаанд уг байрыг үнэгүй эзэмшиж ашигласан боловч 2015 оны 07 дугаар сараас хойш нэг ч төлбөр, ашиглалтын зардал ч төлөлгүйгээр 4 жил гаран амьдарсан. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг олон удаа шаардаж байсан боловч тусыг эс олсон болно. Р.Т нь төлбөрөө төлөхөө больсон шалтгаанаа өмчлөх эрхийн асуудал дээр маргаан үүссэн гэж тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-р зүйлд зааснаар өмчлөх эрх байрны мөнгийг бүрэн төлж барагдуулсны дараа түүний өмчлөлд шилжих ёстой байсан учир уг байрны өмчлөх эрх нэхэмжлэгч талд бодитоор байсаар байсан билээ. Иймд өмчлөгч өөрийн мэдлийн эд хөрөнгөө бусдад барьцаалан зээл авсан нь түүний төлбөрөө төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Хэрэв хариуцагч гэрээний төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаад явж байсан бол бид гэрээгээ цуцлах шаардлага үүсэхгүй байх байсан тул түүний үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан юм. Үүнтэй холбоотойгоор бид 5 жил гарангийн хугацаанд уг байрыг түрээсэлж олох ёстой байсан ашгаа гэрээ цуцлагдсаны хохиролд тооцон нэхэмжилсэн билээ.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг өөрчилж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “ХЦГ” ХХК нь хариуцагч Р.Тд холбогдуулан 2014.04.20-ны өдрийн 23/14 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанд тооцуулах, учирсан хохирол 77,299,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч нь гэрээний дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг сар бүр хэсэгчлэн төлөх үүргээ 2015 оны 5 дугаар сараас хойш тасалдуулсан, 2016 оны 3 дугаар сараас огт төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, 2015.08.01-ний өдрөөс 2018.09.01-ний өдөр хүртэл олох байсан орлогыг түрээсийн төлбөрийн жишиг үнэлгээгээр тооцож 75,062,384 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 2,237,094 төгрөг шаардаж байна” гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...“ХЦГ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр надад шилжүүлсэн хөрөнгийг Д.Нямдаваад өгснөөс болж тэдний хооронд энэ асуудлаар маргаан үүсч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэх мэдээллийг авсан, иймээс гэрээний хуваарийн дагуу сар бүр төлж байсан төлбөрөө түр хойшлуулсан. Гэтэл Д.Нямдаваа гэх хүн байраа чөлөөлж өг гэж шаардсан, энэ талаар “ХЦГ” ХХК-ийн зүгээс ямар нэг хариу өгөөгүй. 2019 оны 12 дугаар сард тухайн байрыг Д.Нямдаваад хүлээлгэж өгсөн, нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлсэн тул гэрээнээс татгалзсанд тооцуулах шаардлагыг зөвшөөрч байна, урсгал зардал, түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэжээ.

7. Хариуцагч Р.Т нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-д холбогдуулан 99,410,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “ХЦГ” ХХК болон О.Оюунсувд, Э.Идэрцог нарын хооронд маргааны зүйл болсон талбайг худалдах гэрээ байгуулагдсан, тэд төлбөрийн тодорхой хувийг төлсөн үед би тэдэнд мөнгийг нь төлж, үлдэх төлбөрийг компанид төлөхөөр худалдан авагчийн эрх, үүргийг шилжүүлэн авч, “ХЦГ” ХХК-тай гэрээг шинэчилж байгуулсан, нэхэмжлэгчийн үйлдлээс гэрээ хэрэгжих боломжгүй тул нийт төлсөн мөнгөө, банкнаас авсан зээлд хүү төлсний хохирлыг гаргуулна” гэсэн.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Р.Т нь О.Оюунсувд, Э.Идэрцог нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа өмчлөгч “ХЦГ” ХХК-д мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр төлбөр тооцоог хийсэн болох нь тогтоогдсон. Р.Тын манай компанитай байгуулсан гэрээ нь өөрийн хүссэн нөхцөлийн дагуу хийгдсэн гэрээ байгаагүй, бусад этгээдтэй байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус. Р.Т манай компанитай гэрээ байгуулснаас хойш 27,010,000 төгрөг төлсөн, О.Оюунсувд, Э.Идэрцог нарт төлсөн төлбөрөө манай компанид төлсөн мэтээр бичсэн байна. Р.Тын төлсөн 27,010,000 төгрөгөөс ашиглалтын зардал 846,468 төгрөгийг хасаж 26,163,532 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

8. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, зохигч гэрээний эрх, үүргийг биелүүлж, хэрэгжүүлэх бодит боломжгүй нөхцөлөөс гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон талаарх хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

9.1. Тухайлбал, өмнө нь “ХЦГ” ХХК-аас Э.Идэрцог, О.Оюунсувд 2013.08.14-ний өдөр Баянгол дүүрэг, 5-р хороо, ЭТӨЧ 115, 10-р хороолол, Номуун төвийн 5 давхарт байрлах оффисын зориулалттай 94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож уг гэрээний үүрэгт 46,480,000 төгрөг төлсөн үед худалдан авагч талын гэрээний үүргийг хариуцагч Р.Т шилжүүлэн авснаар “ХЦГ” ХХК-тай 2014.04.20-ны өдөр гэрээг шинэчилэн байгуулж, гэрээний нийт үнэ 169,200,000 төгрөгийн үлдэх хэсгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн нь тогтоогджээ.

9.2. Дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Р.Т нь “ХЦГ” ХХК-д 27,010,000 төгрөг, Э.Идэрцог, О.Оюунсувд нарт 63,480,000 төгрөг тус тус төлсөн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.22-ны өдрийн 4690 дугаар шийдвэрээр “ХЦГ” ХХК-аас 327,500,000 төгрөг гаргуулж Д.Нямдаваад олгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ “ХЦГ” ХХК болон Р.Т нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг Д.Нямдаваад шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

9.3. Дээр дурдсанаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл өөр бусдад шилжигдсэнээс талууд гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсноос гэрээнээс татгалзах нөхцөл үүссэн, харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэлтэй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцсэн байна.

10. Зохигчийн байгуулсан гэрээнээс татгалзахад хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлэх үүргээ гүйцэтгэх боломжгүйгээс гэрээнээс татгалзсан тул учирсан хохирол буюу олох байсан орлого гэж 75,062,384 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасантай нийцэхгүй, иймээс шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

11. Харин үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшсэн хугацаанд гарсан ашиглалтын зардлыг хариуцагч төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн учир 2,237,094 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

12. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигч гэрээнээс татгалзсанаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсдэг ба хариуцагч Р.Т нэхэмжлэгч “ХЦГ” ХХК-д нийт 72,723,532 төгрөг төлсөн гэж үзэж уг мөнгийг гаргуулж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлээр шаардсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахын тулд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлсөн хүү буюу алдагдал гэж үзсэн 8,400,000 төгрөг, Э.Идэрцог, О.Оюунсувд нарт илүү төлсөн зөрүү мөнгө 16,920,000 төгрөг, бүгд 26,686,468 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй болно.

13. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэлээ хоёр шатны шүүх шийдвэр, магадлалд тодорхой заасан нь хуульд нийцсэн болно. Учир нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэрээ бүр зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулахгүй.

14. Үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн тооцооллын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан тухай энэ тогтоолын 10-12-р зүйлд заасныг дурдав.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00858 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ХЦГ” ХХК /өмгөөлөгч С.Сансартуяа/-ийн 2020.06.12-ны өдөр 533,262 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН