Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 159

 

П.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч П.Ө, түүний өмгөөлөгч Д.Даваа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 302 дугаар цагаатгах тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, 201619000324 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1954 онд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт П-ын Өлзийбат нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь насыг хохироох”  гэмт хэрэгт холбогджээ.   

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, П.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Ө-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан гомдолдоо “П.Ө нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн зам дээр зам тээврийн осолд орсны улмаас түүний эхнэр болон дүү нь нас барж, өөрөө хүнд зэргийн гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан. Шүүгдэгч тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй. 83-39 ДУА улсын дугаартай, “Верна аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа машины дугуй хагарснаас болж осолд ороогүй, хурд хэтрүүлсэн зөрчил гаргаагүй бөгөөд осол гарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч давагдашгүй хүчин зүйлээс болж осол гарсан. Осол гарах болсон шалтгаан жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлүүд зах ирмэгээрээ ямар нэгэн сэв, гэмтэл, цохисон ором мөргүй тул металл эдлэлийн ядралын нөлөө болон холхивч суух хоног, могой араа, хэдрэг арааны харьцах хэсгийн ашиглалтын явц дахь элэгдлийн нөлөө зэрэг хоёр хүчин зүйл хавсарч нөлөөлснөөс үүссэн байх үндэслэлтэй. Энэ цууралт гэмтэл нь жолоодлого болон жолооны аппаратны ажиллагааг хүндрүүлсэн байх боломжтой тул осол гарсан гэж техникийн шинжээчид дүгнэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хэргийг улсын яллагч бүрэн дүүрэн нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Хэрэг шалгагдаж байх хугацаанд 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Хамгийн сүүлд 2015 оны 02 сарын 14-ний өдөр бүрэлдэхүүнтэй 1926 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслэн шинжээч Цэндсүрэнг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан. Тэрээр шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ “хэрэг учрал гарах үед жолооны могой араа цуурч хагарсан, мөн дугуй хагарсны улмаас жолоодлого алдагдаж осол гарсан байх” үндэстэй гэсэн дүгнэлт гаргасан талаараа мэдүүлсэн. Уг дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч нар санал нэгтэйгээр гаргасан учраас бид тухайн дүгнэлтийг дэмжиж байна. Шүүхээс өмнө гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг цагаатгасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн. Урьд гарсан шинжээчийн дүгнэлт нь сүүлд гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Мөн яллах дүгнэлтэд П.Ө-ын гэм буруутай үйлдлийг хангалттай нотолж, чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн, няцааж байгаа талаар тодорхой дурдаагүй нь хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Шинжээчийн 67 тоот дүгнэлтээр “дугуй шаардлага хангаагүйгээс замын хөдөлгөөнд оролцож байхад дугуй буудаж осол гарсан”, 4401 тоот дүгнэлтээр “баруун талын хойд дугуйны хээ нь ашиглалтаас гарсан байсан” гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үед П.Ө нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, хамгаалах бүс бүслээгүй зорчигч тээвэрлэсэн. Зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар түүний үйлдсэн хэрэг хангалттай нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн П.Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.Ө-ыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 132/143 замын тэмдэгтийн орчим 83-39 ДУА улсын дугаартай “Верна аксент” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Э, Д.Б нарын амь насыг хохироосон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх П.Ө-ын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Ө-ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар дангаараа болон бүрэлдэхүүнтэй гаргасан тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтээр “...Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин  жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэснээс гадна “Автомашины баруун, зүүн талын хойд дугуйн хээ элэгдэж хийцийн бэхэлгээний  утас гарсан нь Монгол улсын MNS 4598-2003 стандартын 5.4.2-т зааснаар ашиглахыг хориглосон дугуй байна”,  Замын хөдөлгөөний дүрмийн 3.2-т заасан “Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан”, мөн дүрмийн 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэж тус тус дүгнэжээ.

Мөн прокурор шүүгдэгч П.Ө-ыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэлээр дурдсан буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр яллахдаа тухайн цаг хугацаанд шүүгдэгч нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадсан эсэх, эсхүл авч чадаагүй аль нь болохыг мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Учир нь шүүгдэгчийн жолоодож явсан 83-39 ДУА улсын дугаартай “Верна аксент” загварын тээврийн хэрэгслийн дугуйны хар мөрийг зогсоох арга хэмжээ авснаас үүссэн, эсхүл хагарсан дугуй чирэгдэж зурагдаснаас үүсгэсэн эсэхийг дугуйны үртсээс дээж аваагүй тул шинжлэн тогтоох боломжгүй гэжээ.

Мөн хамгаалах бүс хэрэглэх нь осолд нэрвэгдсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой боловч хамгаалах бүс хэрэглээгүй явдал нь осол гарах шалтгаан нөхцөлийг бий болгоогүй учир хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй юм.

Нэгэнт хамгаалах бүс хэрэглээгүйгээс бус ослын улмаас бусдын амь нас хохирсон нь тогтоогдсон тул осол гарахад хүргэсэн жолоочийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас бий болсон үр дагаварт эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан “цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх” тухай гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 302 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

                      

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН