Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00032/И |
Дугаар | 001/ХТ2022/00581 |
Огноо | 2022-05-10 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00581
ДГАТ хэлтсийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 дүгээр шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218/МА2020/00013 дугаар магадлалтай,
ДГАТ хэлтсийн нэхэмжлэлтэй,
“БМКЭЭ” ХХК-д холбогдох,
Татварын өр, төлбөрт нийт 197,317,178 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жанцангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Туяацэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ДГАТ хэлтэс нь хариуцагч “БМКЭЭ” ХХК-д холбогдуулан татварын өр, төлбөрт нийт 197,317,178 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн харин төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байна.
2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 дүгээр шийдвэрээр Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар хариуцагч “БМКЭЭ” ХХК-аас татварын өр төлбөрт 197,317,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДГАТ хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ДГАТ хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “БМКЭЭ” ХХК-аас 1,144,535 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218/МА2020/00013 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,144,535.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бид дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Татварын ерөнхий хуулийн 53.1, 53.1.3, 53.2 дахь заалтуудыг тус тус хэрэглэсэнгүй. Татварын ерөнхий хуулийн 53.1, 53.1.3-т татвар төлөгч эрхэлж буй үйл ажиллагаагаа зогсоосны улмаас татвар төлөх боломжгүй болсон бол татвар төлөх хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгах тухай, 53.2-т сунгасан хугацаанд татвар төлөгч татварыг төлөх боломжгүй байсан бол татвар төлөх хугацааг дахин сунгах тухай тус тус заасан. Хариуцагч компани нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тус үйл ажиллагаа нь 2019 оноос эхлэн бүрэн зогссон байна. Энэ талаар бид татварын албанд тайлбарлаж байсан бөгөөд татварын алба, бусад байгууллагууд ч үүнийг мэдэж байгаа. Иймд хариуцагч нь татвар төлөх хугацааг 2 жилээр буюу 2021 он хүртэл хойшлуулахыг шаардах эрхтэй байх тул татварын өрийг тус хугацаанаас өмнө төлүүлэхээр шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. Хариуцагч компанийн үйл ажиллагаа сэргэснээр бид татварын өрийг төлж эхлэх болно. Одоогоор компани ямар ч төлбөрийн боломжгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч ДГАТ хэлтэс нь хариуцагч “БМКЭЭ” ХХК-д холбогдуулан татварын өр, төлбөрт нийт 197,317,178 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “...Бид уг татварын өрийг төлөхөөс татгалзахгүй, төлөхгүй гэж маргалдсан зүйл байхгүй. Гагцхүү нэхэмжлэгчтэй төлөх хугацааны хувьд л санал нийлэхгүй байгаа юм. ...Иймд тодорхой хэмжээнд төлөх хугацааг харж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна.” гэжээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жанцан шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа “...Татварын ерөнхий хуулийн 53.1, 53.1.3, 53.2 дахь заалтуудыг тус тус хэрэглэсэнгүй. Манай компанийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн бүрэн зогссон. Иймд хариуцагч нь татвар төлөх хугацааг 2 жилээр буюу 2021 он хүртэл хойшлуулахыг шаардах эрхтэй байх тул татварын өрийг тус хугацаанаас өмнө төлүүлэхээр шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм.” гэжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч ДГАТ хэлтсийн төлөөлөгч М.Туяацэцэг нь хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, зохигчийн болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218/МА2020/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “БМКЭЭ” ХХК-д холбогдох татварын өр, төлбөрт нийт 197,317,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ДГАТ хэлтсийн төлөөлөгч М.Туяацэцэг татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “БМКЭЭ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жанцан/-ийн 2020.06.17-ны өдөр 1,144,535.89 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД