Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00590

 

Ч.Лийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00613 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1170 дугаар магадлалтай,

Ч.Лийн нэхэмжлэлтэй,

“ТБ” ХХК-д холбогдох,

Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг тогтоож, хадгаламжийн хүүгийн зөрүү болох 65,525,194.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Н.Байгаль нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Магсаржав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, А.Энхсанаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч:Лонжид нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг тогтоож, хадгаламжийн хүүгийн зөрүү болох 65,525,194.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00613 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “ТБ” ХХК-аас 65,433,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Лод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91,293 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТБ” ХХК-аас 485,119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Лод олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1170 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00613 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6” гэснийг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Н.Байгаль нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах. Гомдлын үндэслэл:

4.1. Нэхэмжлэгч Ч.Л нь ТБны “Тээврийн товчоо” тооцооны төвд 103300636439 тоот дансанд 536,800,000 төгрөгийн хугацаатай мөнгөн хадгаламжийг 2019.12.28-ны өдөр хүртэл хадгалуулсан. 2018.10.12-ны өдөр харилцагчийн үйлчилгээний 1800-1881 дугаарт харилцагч Б-ийн гаргасан гомдолд “танай банкнаас тодорхойлолт авах гэсэн боловч зээлтэй байна гэсэн тул тус асуудлыг шалгаж өгөөч” гэж харилцагчийн үйлчилгээнд гомдол гаргаж үүнтэй холбоотой ТБны Дотоод хяналт, шалгалтын газар нь “Тээврийн товчоо” тооцооны төвд шалгалт орж шалгалтаар 2.4 тэрбум төгрөгийн ашиглан, залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлсэн. Дотоод хяналт, шалгалтын газар нь тухайн тооцооны төвд хадгаламж барьцаалсан зээл авсан харилцагч нарт тулган баталгаажуулалт хийсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Л тухайн үед зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарыг өгсөн бөгөөд гэмт хэргийн шинжтэй зээлүүдийг ТБнаас Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж хэргийг шалгаж өгөхийг хүссэн. Хэргийг мөрдөн шалгах явцад Ч.Л зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн тайлбараас буцсан тул Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний хүрээлэнд гарын үсгийг шинжин судлуулахад Ч.Лын гарын үсэг биш болох нь тогтоогдсон тул харилцагч Ч.Лын 2019.06.14-ний өдрийн “Хугацаатай хадгаламж хааж, хугацаа цуцлах” гэсэн харилцагчийн хүсэлтийн дагуу хугацааг цуцалж, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу хугацаа цуцалсан тохиолдолд хүү бууруулан тооцно гэсний дагуу жилийн хүүг 3.6%-иар бууруулан 19,657,558 төгрөгийн хүүг, мөнгөн хадгаламж дахь 536,800,000 төгрөгийн хамт харилцагч Ч.Лод олгосон. Ч.Лын мөнгийг банк болон буруутай этгээд захиран зарцуулаагүй бөгөөд түүнийг барьцаалж зээл авсан байсан. Уг нөхцөл байдал тогтоогдсоны дагуу банк тухайн Хадгаламж барьцаалсан зээлийг цуцалж, Ч.Лын мөнгийг хэвээр үлдээсэн, ямар нэг хохирол учруулаагүй байсан бөгөөд Хадгаламжийн гэрээ хэвээр үргэлжилж байсан.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтад: “Иргэний хуулийн 87.2-т заасны дагуу барьцааны эрх нь өмчлөгчийн эрхийг хязгаарладаг өмчийн хязгаарлагдмал эрхийн нэг төрөлд тооцогддог. Хязгаарлагдмал эрх гэдэг нь онолын хувьд иргэний эрх зүйн цорын ганц абсолют эрх болох өмчийн эрхийг хязгаарлаж түүнтэй өрсөлдөхүйц өргөн эрхийг эзэмшигчдээ олгодог онцлогтой. Уг эрхийг үүсгэхэд Иргэний хуулийн 103.1-д заасны дагуу гагцхүү хуульд үндэслэх шаардлагатай бөгөөд ийнхүү үндэслэж чадаагүй буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй барьцааны эрх өөртөө үүсгэж мөнгөн хадгаламж өмчлөгчийн хадгаламжаа өмчлөх эрхийг хязгаарласнаараа мөнгөн хадгаламжийн гэрээний үүргээ ТБ ноцтой зөрчжээ” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. Тодруулбал: анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ онолын талаас илүүтэйгээр тайлбарлан шийдвэрлэсэн байна. Онолын ойлголт гэдэг бол өөрөө маргаантай, туйлын үнэнийг илэрхийлээгүй, шинжлэх ухааны танин мэдэхүйн тайлбар байдаг. Гэтэл хэргийг хууль зүйн талаас тайлбарлан шийдвэрлэлгүй хэргийг онолын тайлбар хийн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд...”, 10 дугаар зүйлийн 10.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсанг зөрчсөн тул хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Мөн ТБ нь Ч.Л болон нэр бүхий хүмүүсийн хадгаламжийг барьцаалан зээл авсан ашиглангийн шинжтэй үйлдлийг анх илрүүлж шалгуулахаар ЭЦГ-ын ЭЗГТХ-т н.Ариунгэрэлд холбогдуулан гомдол гаргасан байдаг бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, Ч.Л тус хадгаламж барьцаалсан зээлийг авсан эсэхийг шууд мэдэх боломжгүй, цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байдал үүсч, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүлээх боломжгүй байсан учир Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Өөртөө туслах” аргыг ашиглан цаашид нэмж хохирол учруулахгүй байхаар арга хэмжээг авч ажилласан байхад ТБийг илтэд буруутган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ТБ хадгалуулагчийн хадгаламжаа өмчлөх бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан, улмаар Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан “мөнгийг хадгалах үндсэн үүрэг”-ээ зөрчсөн гэм буруутай нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдож байна.”, “...Иргэн Ариунгэрэлд холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Л хохирогчоор тогтоогдсон явдал нь тэрээр ТБанд холбогдуулан гэрээний эрх зүйн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болох үндэслэл болохгүй.” гэсэн нь тус тус үндэслэлгүй байна. Тодруулбал: Ч.Л нь иргэн н.Ариунгэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг шүүх бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл Ч.Л нь хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамаарч шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт Ч.Л хохирогчоор тогтоогдсоны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэх тохиолдолд Ч.Лын хувьд хохирлоо барагдуулан авах нөхөн төлбөрийн хэмжээнд давхардал үүсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлсэн нь анхан шатны шүүх хэргийг үнэн бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт заасны дагуу талууд Мөнгөн хадгаламжийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд шүүх хуулийн тус заалтыг хэрэглэх үндэсгүй гэж үзэж, хадгалуулаагүй цаг хугацааны буюу ирээдүйд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцож олгосон нь дээрх хуулийн заалтыг илтэд зөрчсөн, нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бололцоог бий болгосон, хадгалагчийн эрх ашгийг илтэд хөндсөн, хууль зүйн зөрчилтэй шийдвэрийг гаргасан байна.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэвч энэ нь банкны гэм буруугийн улмаас хадгалуулагч гэрээг цуцлах санаачлага гаргаж болохгүй гэх үндэслэл биш...” гэж дурдаж шийдвэрлэжээ. Энэхүү хэрэг маргаан нь нэхэмжлэгч Ч.Лын хадгаламж дахь мөнгөн хөрөнгөд хохирол учруулсан гэм хорын маргаан биш байхад шүүх банкны гэм буруутай үйлдэл байгаа мэтээр дүгнэж, банк гэм буруутай учир хадгалуулагч гэрээг цуцлах санаачлага гаргах эрхтэй мэтээр тайлбарлан шийдвэрлэжээ. Банк нь мөнгөн хадгаламжийн гэрээг зөрчсөн үйлдэл нь банкны буруутай үйлдэл мөн эсэх эсхүл н.Ариунгэрэлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал эсэхийг бүрэн тогтоогдоогүй байхад банкны гэм буруу гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэж заасан байх тул анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, гэм буруугийн асуудлыг тогтоогоогүй байхад өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн иргэний хэргийг шийдвэрлэхдээ банкийг буруутай гэж тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Ч.Лын хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад ТБийг гэм буруутай гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал ТБ нь Ч.Л болон нэр бүхий хүмүүсийн хадгаламжийг барьцаалан зээл авсан ашиглангийн шинжтэй үйлдлийг анх илрүүлж шалгуулахаар ЭЦГ-ын ЭЗГТХ-т н.Ариунгэрэлд холбогдуулан гомдол гаргасан байдаг бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, Ч.Л тус хадгаламж барьцаалсан зээлийг авсан эсэхийг шууд мэдэх боломжгүй, цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байдал үүсч, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүлээх боломжгүй байсан учир Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Өөртөө туслах” арга хэмжээг авч Ч.Лын дансыг битүүмжилж, шинжээчийн дүгнэлтийг гарсныг үндэслэн ТБ авсан арга хэмжээг цуцалж, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу анхны шаардлагаар гэрээг цуцлан хадгаламж дахь мөнгийг олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.8, Хадгаламжийн гэрээний 2.16 дахь заалтын дагуу хүүг бууруулан олгосон байхад ТБийг гэм буруутай гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний 2.16 буюу хугацаанаас нь өмнө цуцалсан бол бууруулсан хүүгээр байршсан хугацаанд хүү тооцох утга бүхий заалтыг дээрх тохиолдолд хэрэглэх нь шударга бус, хадгалуулагчаас хамаарах, хүндэтгэн үзэх үндэслэлгүй шалтгааны улмаас цуцлах тохиолдолд хэрэглэх нь зүй ёсны зарчимд нийцнэ” гэж хууль болон гэрээг өөрийнхөөрөө тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Гэрээг талуудын нэгдмэл хүсэл зоригийн үндсэн дээр байгуулдаг бөгөөд гэрээний зүйл заалтын утга агуулгыг гэрээний талууд өөрсдөө тайлбарлах эрхтэй байдаг. Үүний хүрээнд гэрээний зүйл заалтыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээнд хүүг бууруулах нөхцөлийг тусгасан нь хуульд бүрэн нийцэж, улмаар хадгалуулагчийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний 2.16 дахь заалтын дагуу хүүг бууруулан тооцож, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг хийсэн байхад анхан шатны шүүх тухайн хууль болон гэрээний заалтын утга агуулгыг зарчмын хувьд алдаатай хэмээн тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргээ зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байна. Мөн хуулийн 219.3-т нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болохоор заажээ. Маргаан бүхий тохиолдолд хадгалагч банк мөнгийг хадгалах, өөрийн хүч бололцооны хүрээнд хууль бус аливаа эрсдэлээс хамгаалж байх үндсэн үүргээ биелүүлээгүй итгэл эвдсэн нөхцөл байдалд үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгох нь үр дүнгүй гэж шүүх дүгнэв” гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэн, хариуцагч ТБийг гэм буруутайд тооцох байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал Хадгаламжийн гэрээ хэвээр үргэлжлэн явж байсан бөгөөд цаашид ч үргэлжлэн явах боломжтой байсан. Мөн н.Ариунгэрэлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас нэг талаар ТБ өөртөө туслах арга хэмжээг авахаас гадна, харилцагчид нэмж хохирол үүсч болзошгүй гэж үзэн ТБны зүгээс дансыг битүүмжилсэн үйлдэл нь хадгалагч өөрийн хүч бололцооны хүрээнд хууль бус аливаа эрсдэлээс хамгаалж хийсэн үйлдэл байхад түүнийг шүүх харгалзан үзээгүй, банкийг гэм буруутай гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 3 дугаарт тогтоолоор батлагдсан “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжид “Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах” зэргийг тухайн гэрээний шинж байдал, гэрээний үүргийн биелэгдсэн эсэх нөхцөл байдлаар нь ялган тайлбарласан байх бөгөөд уг тайлбарт “Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ” гэж тайлбарласны дагуу Хадгаламжийн гэрээг хадгалуулагчийн хүсэл зориг бичгээр илэрхийлэгдсэнээр гэрээг цуцалж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.8 дахь заалтын дагуу тухайн өдрөөр тасалбар болгон хууль болон гэрээнд заасан үндэслэлээр хүүг тооцон олгосон банкны үйлдэл нь хуульд бүрэн нийцсэн байхад гэм хорын асуудалтай холбон банк буруутай учир гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзэх нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Мөн гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээс үл хамаарч гэрээг цуцлах үеийн нөхцөл байдал буюу гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгох нь адил зохицуулалттай байхад гэм буруутай үйлдлээс гэрээг цуцалж, цуцлахдаа гэрээ болон хуулийг зөрчиж хүүг тооцон олгохоор шийдвэрлэсэн илтэд хууль зүйн зөрчилтэй шийдвэр болсон гэж дүгнэж байна.

4.7. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Мөн дээрх хадгаламжийн мөнгөн хөрөнгө дансанд орсон өдөр буюу 2018.05.29-ний өдөр Ч.Лын гарын үсгийг дуурайлган зурж, хадгаламж барьцаалсан барьцаат зээлийн гэрээгээр 390,000,000 төгрөгийг Ч.Л авснаар баримт бүрдүүлэн түүний хадгаламжийн дансан дахь мөнгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогджээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Харилцагч Ч.Лийн дансыг барьцаалан зээл гаргасан хэдий ч тухайн мөнгө нь захиран зарцуулагдаж банкны өмчлөлөөс гараагүй бөгөөд хугацаатай мөнгөн хадгаламж дахь дансанд харилцагч хадгалуулсан мөнгөө эргүүлэн авах хүртэл хөдөлгөөнгүй банканд хадгалагдаж байсан. Харилцагчийн гаргасан хүсэлт, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.8 “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно.” гэж заасны дагуу хүүгийн хамт мөнгийг өгсөн. Мөн гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээс үл хамаарч гэрээг цуцлах үеийн нөхцөл байдал буюу гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгох нь адил зохицуулалттай байхад гэм буруутай үйлдлээс гэрээг цуцалж, цуцлахдаа гэрээ болон хуулийг зөрчиж хүүг тооцон олгохоор шийдвэрлэсэн илтэд хууль зүйн зөрчилтэй шийдвэр болсон гэж дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг тогтоож, хадгаламжийн хүүгийн зөрүү болох 65,525,194.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэлд дурдсан хохирлыг хуулийн дагуу өөрийн хариуцан олгох хэмжээгээр “ТБ” ХХК олгосон. Ч.Лод учирсан бусад хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх боломжтой. Нэхэмжлэгчийн хадгалуулсан мөнгийг зохих хүүгийн хамт буцааж өгсөн тул “ТБ” ХХК хадгалагчийн хувьд хүлээх хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хадгаламжийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас үүссэн хохирол гаргуулах Ч.Лийн нэхэмжлэлээс 65,433,900 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Нэхэмжлэгч Ч.Л хариуцагч “ТБ” ХХК-ийн хооронд 2017.12.27-ны өдөр хадгаламжийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй хадгалуулсан, 2018.05.29-ний өдөр хадгаламжиндаа 536,800,000 төгрөг нэмж шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

10. Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээний шинжийг агуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсоноос нэхэмжлэгч гэрээг цуцалсан үйл баримтын талаар хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийжээ.

Тухайлбал, “ТБ” ХХК-ийн салбарын эрхлэгч нэхэмжлэгч Л.Лонжидийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, түүний хадгалуулсан мөнгийг (мөнгөн хадгаламжийн дансыг) барьцаалж 390,000,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогджээ. Тухайн үйлдлийг тус банк хадгаламж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний хадгаламж дахь хөрөнгөд барьцааны эрх үүсгэж, өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан зөрчил гаргасан, энэ үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч нь итгэл эвдсэн, цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж банктай байгуулсан гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хадгалагч банк нь мөнгийг хадгалах, аливаа эрсдэлээс хамгаалж байх үндсэн үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчийн буруугаас нэхэмжлэгч гэрээг цуцалсан, гэрээг цуцалснаас гэрээний хугацаа дуусгавар болоход бодогдох ёстой хүүгээ авч чадаагүйгээс хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 221.6, 227.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Банк гэрээг цуцалсан өдрөөр хадгаламжийн хүүг 3.6 хувь болгон бууруулж олгохдоо хадгаламжийн гэрээний 2.17-д заасныг баримталсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгч өөрийн санаачилгаар буюу хариуцагчаас шалтгаалаагүй, гэрээг цуцалсан тохиолдлыг зохицуулсан гэж ойлгохоор байна. Иймд хариуцагчийн буруутай үйлдлээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хохирлыг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэх нь хуульд нийцнэ.

Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэл муутай байна.

11. Нэхэмжлэгч Л.Лонжид нь хуулийн этгээд буюу “ТБ” ХХК-тай хадгаламжийн гэрээ байгуулсны хувьд тухайн мөнгөн хадгаламжийн гэрээнээс үүссэн маргааныг тус банкинд холбогдуулж гаргасан, энд тус банкны ажилтны ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан үйлдлийг эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн маргаанд хамааралтай саад болох нөхцөл биш байна.

Иймд, “ТБ” ХХК-ийн ажилтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт Л.Лонжид хохирогчоор тогтоогдсон нь энэ маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхэд нөлөөлөхгүй тухай шүүхийн дүгнэлт буруу биш гэж дүгнэв.

12. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ТБ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Н.Байгаль нар/-ийн 2020.06.23-ны өдөр 555,777 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН