Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 122

 

М.И.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогч Б.Ч, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Н.Энхсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав, Ц.Одмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлалтай, 201501000010 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Ч-, шүүгдэгч М.И.М, түүний өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав, Ц.Одмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Австрали болон Их Британ, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич, уул уурхайн инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.И.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүгдэгч М.И.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон өөрчилж, М.И.М-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 11 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.И.М-гаас 31,601,969,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т олгох, шүүгдэгч М.И.М-гийн “Г.К.Э” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.И.М-гаас 31,687,695,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т олгосугай” гэж,

7 дахь заалтыг “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/1195 тоот албан бичгээр ирүүлсэн 468 хуудас бичгийг 80 дугаар хавтаст хэргийн 1-250 дугаар хуудсанд болон 81, 82 дугаар хавтаст хэргийн 1-98 дугаар хуудсанд хавсаргасныг хэрэгт хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудад заасан шүүгдэгч М.И.М-гийн Их Британы Виржиний Арлуудад бүртгэлтэй “Г.К.Э.Э.Л” компани болон Монгол Улсад бүртгэлтэй “Г.К” ХХК-ийн гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсгийн “Г.К.Э” ХХК-ийн /2862468 РД-тай/ MV-017438 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний ордын “Г.К.Э” ХХК-ийн /2862468 РД-тай/ MV-12728, MV-017060, MV-017062, MV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн М.И.М болон түүний хамтран амьдрагч Д.У- нарын дээр бүртгэлтэй “З.Х” ХХК /5077834 РД-тай/, “Б.К” ХХК /5264448 РД-тай/, “Б.И.Э.К” ХХК /5263581 РД-тай/, “Б.Э” ХХК /5175631 РД-тай/,  “Б.Р” ХХК /5193443 РД-тай/, “Г.К.Э” ХХК /2862468 РД-тай/, “Г.К” ХХК /5426952 РД-тай/, “Г.П” ХХК /5492629 РД-тай/, “С” ХХК /5093503 РД-тай/, “М.Б” ХХК /5554349 РД-тай/-иудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж,

9 дэх заалтыг “...түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.И.М, түүний өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Ч гаргасан гомдолдооДавж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Австрали болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын иргэн М.И.М-д залилуулахдаа түүний итгэл үнэмшил төрүүлж ятгаж хэлсэн үг хийсэн үйлдэлд үнэмшиж олон жилийн турш компанийхаа ажилчидтай хамт хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс гадна банкнаас хүүтэй мөнгө зээлж өгөөд алдсанаас эдийн засгийн болон сэтгэл санааны хямралд орж асар их хохирол амссан. М.И.М нь гадаадын хөрөнгө оруулагч гэх нэрийн дор монголчуудыг залилан мэхэлж өөртөө их хэмжээний ашиг орлого олж авдаг байсан. Надтай адилхан хохирсон иргэд олон байдаг. Тэрээр надтай анх танилцсан цагаасаа л өөрийгөө “Их Британы Виржиний Арлуудын хуулийн этгээд болох “Г.К.Э.Э.Л”, “З.Х.Л” ХХК-д захирлаар ажилладаг гэж танилцуулсан бөгөөд хэсэг хугацаанд надтай уулзахдаа манай компаниуд Монгол улсаас гадна гадаадын олон улсуудад уул уурхайн чиглэлээр их ашигтай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа, үйл ажиллагаа нь жигдэрсэн, маш ирээдүйтэй, одоо тун удахгүй хувьцаагаа олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж дээр гаргаж худалдана, тэгэхээр чи манай хувьцааг худалдаж авахаар оруулсан хөрөнгөө хэд дахин нэмэгдүүлэн авах боломжтой шүү, тэрнээс гадна хувьцаа авснаар “Г.К.Э.Э.Л” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал авч компанийг хамтдаа удирдана гэж 20,500,000 ам.доллар, Архангай аймагт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, уг төмрийн хүдрийг гадаад улсад экспортолж маш их ашиг олно, ирээдүйтэй бизнес” гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч мэхлэн 5,000,000 ам.доллар нийт 8 удаагийн үйлдлээр 25,000,000 ам.доллар авсан нь үнэн болно. Дээрх өндөр ашиг амласан зүйлүүд нь бүгд худлаа болж надад санал болгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байтугай хувьцаагаа эзэмших эрхгүй болж, бүр мөнгө ч эргэж олдох боломжгүй болоод байна. Анхан шатны шүүхээс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар М.И.М-д 11 жил хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж түүнээс 31,601,969,000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн шүүгдэгч М.И.М-гаас 31,687,695,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх компаниудаас нь хохирол гаргуулах тухай тодорхой дурдаагүй. Эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл М.И.М нь Монгол Улсад байгуулсан компаниуд нь дандаа өөрт нь хамааралтай компаниуд гэж мэдүүлсээр ирснээ давж заалдах шатны шүүх дээр компаниуд болон удирдлагаасаа гарчихсан надад хамаагүй гэж мэдүүлсэн болно. Давж заалдах шатны шүүх нь зөвхөн М.И.М- болон Д.У нарын нэр дээр бүртгэлтэй компаниудын хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөр төлөгдөх боломжгүй байгаа юм. Учир нь Д.У нь Монголд ирдэггүй, М.И.М нь би төлөх ёсгүй энэ мөнгө компанид хөрөнгө оруулсан гээд байгааг шүүхээс анхаарлаа авч хохирлыг шүүгдэгч болон түүний хамтран амьдрагч Д.У нарын нэр дээр бүртгэлтэй нэр бүхий компаниудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг зохих журмын дагуу хохирол төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлэхээр заасан заалтад нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсад бүртгэлтэй “Г.К.Э.Л” ХХК, “Г.К” ХХК, “Г.К.Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдээс гадна эд хөрөнгө тоног төхөөрөмж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээр нь хохирол төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр даалгаж магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч М.И.М- гаргасан гомдолдоо “Миний бие өнгөрсөн жил “Г.К.Э.Э.Л” ХХК-тай нэгтгэсэн Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “З.Х.Л” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо би нэгдсэн компаниудтай хамааралгүй болж, зөвхөн хувьцаа эзэмшигч болсон. Нэмж хэлэхэд би хэзээ ч Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Б.К.Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч эсвэл захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд Б.Ч- нь тус компанийн хувьцаа эзэмшигч болон захирлаар 2011 оноос хойш ажиллаж байгаагийн хувьд үүнийг сайн мэднэ. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад 2 жил 4 сарын турш хилийн хориг тавьж, миний хүүхэд, ач зээ, 80 гаруй настай эцэг эхтэйгээ амьдрах, уулзах эрхийг хязгаарлаж, улмаар анхан шатны шүүхээс намайг “М.И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч-ын 31,600,000,000 төгрөгийг хууран мэхэлж авсан гэм буруутай хэмээн 11 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зарчмын хувьд хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Цагдаа, прокурор, Шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас сэжиг бүхий дэмжлэгийг авч буй Б.Ч-ын амаар өгсөн худал мэдүүлгээс өөр намайг буруу зүйл хийснийг нотлох ямар ч баримт байхгүй. 

Б.Ч нь магадгүй бусдад авлига, хээл хахууль өгч, танил талаараа дамжуулан шударга ёсыг мушгин гуйвуулж, эрүүгийн хэргийн шинжгүй үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах замаар намайг энд уяж, дарамт үзүүлэн эцэст нь шүүхийн шийдвэрээр хориулж байна. Би хувьцаа захиалгын гэрээнүүдэд “Г.К.Э.Э.Л” ХХК, “З.Х.Л” ХХК-ийн дарга, гүйцэтгэх захирлын хувьд тэдгээр компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Би тус гэрээнүүдэд хувь хүний хувьд бус, компаниудын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан. Би компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд би тус компанийн 12 орчим хувийн хувьцааг эзэмшдэг томоохон хувьцаа эзэмшигч юм. Хохирол гэх мөнгө нь миний болон Д.У-ийн хувийн дансанд ороогүй, харин компанийн гадаад улс дахь банкны данс руу шилжсэн нь “Д.О.А” ХХК-ийн дүгнэлтээр  нотлогдсон байхад намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв Б.Ч хувьцаа эзэмшигчийн эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол миний эсрэг эрүүгийн журмаар Монгол Улсад гомдол гаргах биш, харин Хонг Конгийн Олон улсын Арбитрын шүүхэд иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. Б.Ч- нь надад биш, харин миний удирдан ажиллаж байсан компаниудад хөрөнгө оруулалт хийсэн. Британийн Виржинийн арлуудын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компаниуд болох “Г.К.Э.Э.Л” ХХК, “У.Р.Л” ХХК-ийн хооронд байгуулсан Хувьцаа захиалгын гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар надад эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэж буй асуудал нь тус гэрээний “маргаан шийдвэрлэх” хэсэгт заасанчлан Хонг Конгийн Олон Улсын Арбитраар шийдвэрлэгдэх ёстой байсан боловч үүнийг үл харгалзан хууль үйлчлэх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчин надад ял оногдуулсанд гомдолтой байна. Б.Ч- хараат бус шүүх, шүүгчдийн шударга шийдвэрт нөлөөлж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул тэрээр гэрээгээр тохирсон зарчмаар яваагүй. Түүнд нэхэмжлэл гаргах бодит үндэслэл байгаагүй. “Г.К.Э.Э.Л” ХХК-нд 15,000,000 орчим ам.долларын өртэй болох түүний ах Б.Ж-ны эсрэг Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхийн өнгөрсөн жил гаргасан шийдвэрээс тэрээр ямар зарчмаар ажилладгийг мэдэж байгаа. Анхан шатны шүүх энэхүү хэргийг хэлэлцэх шүүх хурлыг хоёр хоногт яаран хийж надад ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх магадлалыг гардуулж өгөх хугацааг 15 хоногоор хэтрүүлсэн ба энэ нь бидний хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хойшлуулсан. Хонг Конгийн төрийн байгууллагууд болон Интерпол аль аль нь намайг болон компанийг буруу зүйл хийгээгүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон байтал намайг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Би залилангийн гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгоогүй, байнга үйлдээгүй. Намайг ийнхүү буруутгасан нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг шившигтэй, өс санасан байдалтай, санаатайгаар гуйвуулан хэрэглэсэн.

 Дотоодын телевиз, хэвлэл мэдээллээр энэхүү хэрэг, түүний нөхцөл байдлын талаар олон нийтэд дэлгэн тавьж, бидэнд ямар ч хамааралгүй Монголын томоохон улс төрчдийн сүүлийн 15 жил хийж буй гэх мөнгө угаах болон хууль бус бусад үйл ажиллагаанд дотоодын телевизийн байгууллагууд намайг болон Д.У-ийг Б.Ч-ын бидний эсрэг үүсгэсэн хэргийг татан оруулахыг хичээн бидний нэр төрийг унагаж байгааг анхааралдаа авна уу. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлэлгүйгээр, намайг буруутай хэмээн үзэж 11 жил хорих ял оноосон нь шинэ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг тодорхой харуулж байна. Шүүхүүд нотлох баримтуудыг харьцуулан үнэлэлгүйгээр прокурорын яллах дүгнэлт дэх хохирогч гэх этгээдийн худал, баримтгүй гүтгэлгийг хуулбарлан тавьсан харагдаж байна.

Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор сүүлийн 12 жилийн хугацаанд 130,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн надад 11 жил хорих ял оногдуулсныг та бүхэн хянан үзэж, зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болон хөрөнгө оруулагчийн эрхийг ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр дордуулах нь Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх үр дагаврыг харгалзан хэргийг зөв, шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Иргэний хэргийг эрүүгийн хэрэг хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү эрүүгийн гэх гэмт хэргийг ямар ч хууль зүйн үндэслэлгүй үүсгэсэн бөгөөд компани болон иргэний хоорондын маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэх нь хууль бус юм. Энэ хэрэг нь бүхэлдээ компани болон иргэний хоорондын гэрээний асуудал. Энэхүү маргааныг хувьцаа захиалгын гэрээнд дурдсанчлан иргэний журмаар, Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Монгол улсын эрүүгийн хууль үйлчлэх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн. “Моннис интернешнл” ХХК болон Б.Ч нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Г.К.Э.Э.Л” (цаашид “ГКЭ”) компанийн хувьцааг мөн Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “У.Р.Л” ХХК-иар дамжуулан худалдан авч, хөрөнгө оруулсан, тэдний шилжүүлсэн хувьцааны төлбөрийг гадаад улс дахь олон хувьцаа эзэмшигчтэй компани хүлээн авсан байтал Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гэрээтэй холбоотой аливаа маргааныг Британийн Виржинийн арлуудын болон Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байдаг. Прокуророос Б.Ч-ын оффшор данснаас шилжүүлсэн 10,000,000 ам.долларын эх сурвалжийг шалгаагүй атлаа хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан буюу эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийг хэт нэг талыг барьж шударгаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль дараах байдлаар ноцтой зөрчигдсөн. Хэдхэн цагийн дотор надад хилийн хориг тавих тогтоол гарган эрүүгийн хэрэг үүсгэж паспортуудыг хураан авсан. Гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд өөрчлөгдсөөр байсан бөгөөд цагдаа, прокурорууд тэдэнд мэдүүлгээ өөрчлөх боломжийг олгохоос гадна сүрдүүлж байсан. Цагдаа ямар учраас гэрчүүдийг өөрсдөө сонгосон бэ? манай техникийн ТЭЗҮ-г хийсэн, Улаанбаатарт салбартай “Runge-Minarco”-гоос гэрчийн мэдүүлэг аваагүй. “Г.К.Э.Э.Л” ХХК-ийн олон улсын хуулийн зөвлөх болох Хоган Ловеллсийн үзэж байгаагаар Монголын цагдаа Хонг Конгийн байгууллагад хандсан явдал нь энэхүү хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллаас гадуур байгаа юм. Б.Ч-ын гэмт хэргийн талаар гаргасан гомдлын 7 үндэслэл баримтаар үгүйсгэгдсэн.

Хэрэгт ач холбогдолтой баримтыг үнэлээгүй. Шүүх компанийн Монгол Улсад бодитой үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Шинэ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2017 оны 07 дугаар сарын 18, 19-нд болсон шүүх хурлаар хяналтын прокурор А.Дэлгэрмөнх намайг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон шинэ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан ялласан. 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар намайг өмнө нь яллаж байсан нь мөн л буруу байсан. Учир нь Монгол Улсын шүүх шийдвэрлэх хэрэг мөн гэдэгт бид эргэлзэж байна. Бид Монгол Улсад ямар нэгэн буруу зүйл хийсэн эсэх, энэхүү хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал маргаантай гэж үзэж байна. Үүнийг хоёр хувьцаа эзэмшигчдийн хоорондын иргэний хэрэг гэж үзвэл энэ нь хувьцаа захиалгын гэрээний “Маргаан шийдвэрлэх” бүлэгт заасанчлан Монгол Улсад эрүүгийн болон иргэний хэргийн журмаар бус, харин Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдэх ёстой асуудал юм. Хэрэв шүүх хэрэг мөн гэж үзвэл шинэ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчлэгдэх ёсгүй. Учир нь би Б.Ч-ыг залилах үйлдлийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгоогүй. Харин муугаар бодвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэгдэх ба тус заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 5 жил байхаар заасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. “Д.О.А” ХХК-ийн санхүүгийн шинжээч гэх хүн “ГКЭ” ХХК-ийн 2011 оны аудитын тайланг хянаад, ямар нэгэн буруу ташаа зүйл байхгүй, компанийн данснаас миний хувийн данс руу ямар нэгэн төлбөр шилжүүлэг хийгдээгүй гэдгийг нотолсон.

Манай өмгөөлөгчдийн баг болон миний үзэж байгаагаар шинэ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ялласан буруу юм. Прокурор намайг 2010-2011 онд 25,500,000 ам.доллар буюу 31,601,696,000 төгрөгийг залилан мэхлэх, луйврын замаар авсан гэж яллаж, шүүхээс Эрүүгийн шинэ хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон шинэ зохицуулалт надад хамааралгүй юм. Учир нь “хуульд заагаагүй бол ял хүлээлгэхгүй” байх эрх зүйн үндсэн зарчим нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т тусгалаа олсон байна. Шинэ Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2002 оны Эрүүгийн хуульд тусгаагүй тул буцаан хэрэглэгдэх ёсгүй юм. 2017 оны 05 дугаар сард прокуророос намайг залилан мэхлэх гэмт хэрэгт яллаж, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан “онц их хэмжээний хохирол учруулсан” гэж үзсэн бөгөөд энэ нь 10-15 жил хорих ялтай байсан. Харин шинэ Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ өөрчлөгдсөн. Миний үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр намайг хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Шүүхийн шийдвэр нь үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй Монгол Улсын Олон Улсын гэрээг мөн зөрчсөн. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15.1 дугаар зүйлд заасан “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөрүүлсэн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн.

Миний үндсэн эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Эрх бүхий байгууллагууд миний эрхийг олон удаа бүдүүлгээр зөрчсөнөөс гадна 3 жилийн хугацаанд цагдаа болон прокурорын байгууллагын зүгээс миний болон манай гэр бүлийн эсрэг хүнлэг бус хандаж, эрүүл мэнд бүхэлдээ доройтон сэтгэл санааны хувьд уналтанд орсон. Мөн өөрийн аюулгүй байдалдаа санаа зовж байна. Энэ нь миний болон манай гэр бүлийн оролцоотой бизнес, сэтгэл зүй, бие махбодид муугаар нөлөөлж байна. Би өөрийн хүүхдүүд болон ач, зээ, 83 настай эцэг, эхтэйгээ 3 жилийн турш уулзах эрхээ хязгаарлуулж байна.

Миний эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал.

Би Монгол Улсад хийгдэх боломжгүй мэс засалд яаралтай орох шаардлагатай байгаа талаараа хүсэлт гаргаж, мэргэжлийн эмч нарын дүгнэлтүүдийг цагдаа, прокурорын газарт удаа дараа хүргүүлсэн боловч, хүсэлтийг хүлээж аваагүй. Прокурорын газраас үүрэг даалгавар болгосоор байхад хэрэг хариуцсан мөрдөн байцаагч намайг үзэж, дүгнэлт гаргасан эмч Н.Баасанжавыг нэг ч удаа байцаагаагүй бөгөөд энэ нь миний нэн яаралтай шаардлагатай эмнэлгийн тусламж авах эрхийг минь зөрчсөн. Би өөрийн эрүүл мэндээ хамгаалуулах болон өөрийн гэр бүл, балчир насны үр хүүхдүүдтэйгээ уулзах, өвчтэй настай эцэг, эхээ асрах гэх мэт хүн ёсны эрхээ эдэлж чадахгүй шаналж байна. Миний охин энэхүү бусармаг, хүний ёсноос гадуур, хууль бус явдлаас болж сэтгэлийн хямралаас үүдэлтэй цочролд орж хүнд өвчинд нэрвэгдээд байна. Хөлний гүний судасны тромбозын мэс заслыг Сингапурт яаралтай хийлгэх шаардлагатай бөгөөд уг хагалгааг Монголд хийх боломжгүй. Мөн нурууны үений мөгөөрсний асуудалтай байгаа тул Сингапурт мөн мэс засал хийлгэх шаардлагатай. Цусны даралт өндөр байгаа учир тогтмол эм уух хэрэгтэй байна.

Б.Ч-ын хэт үндэсний үзэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр төрд халдсан, хуурамч тулгалтууд явагдсан бөгөөд уг асуудлыг цагдаа болон прокурорын байгууллагад гаргаж тавихыг хичээсэн боловч хүлээж аваагүй.

Ах дүүсийн зохион байгуулалттай гэмт хэрэг, тэдний эсрэг гомдол гаргах эрх хязгаарлагдаж байна. Ах, дүү нарын үйлдсэн эрүүгийн шинж чанартай гэмт үйлдлүүдийн талаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрөө гутаан доромжлуулсныхаа төлөө гаргах гэсэн бидний сөрөг гомдлыг хоёр удаа хэрэгсэхгүй болгон хүлээж аваагүй. Сөрөг нэхэмжлэлийг Эрүүгийн Цагдаагийн болон Нийслэлийн прокурорын газрын  холбогдох албан тушаалтнууд 2015 оны 06 дугаар сарын 5-нд хэрэг үүсгэхээс татгалзсан. Ер нь цагдаа болон прокурорын байгууллагууд бидний зүгээс гаргасан аливаа гомдол, няцаалтыг хүлээн авахаас татгалзсаар байна. Б.Ж-ны 2013 онд “ГКЭ” ХХК-иас авсан зээлийг эргэн төлөхгүйн тулд Баз овогтой ах дүү нар зохион байгуулалттайгаар гэмт хэрэг өдүүлж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудыг өөрийн зорилгодоо ашиглаж байна. “М.И” ХХК болон Баз овогтой ах, дүүс өөр олон этгээдээс мөнгө зээлсэн ба зээлээ эргэн төлөхгүй байх арга замыг ихэвчлэн эрэлхийлдгийг бид олж мэдсэн. Баз овогтой ах дүүс, “М.И” ХХК болон тэдний хамсаатнууд нь Монголын болон гадаадын хамгаалалтгүй, улс төр, хуулийн байгууллагад нөлөөгүй хүмүүсээс хөрөнгө, мөнгийг нь дээрэмдэн авах зорилгоор тэднийг сүрдүүлэн дарамталж, харгис, увайгүй, хүнлэг бус аргуудыг хэрэглэж гаршсан бөгөөд хууль сахиулах байгууллагуудын дэмжлэгтэйгээр өөрсдийн хууль бус зорилгодоо амжилттай хүрсээр иржээ. Тэд өөрсдийн сурсан арга барилаа ашиглан манай компанийн мөнгө, эд хөрөнгийг хууль бусаар албадан хураан авахын тулд энэ хэргийг үүсгэсэн бөгөөд сүүлийн 33 сарын турш биднийг мөрдөн шалгуулж байна. Баз овогтой ах, дүүс “ГКЭ” ХХК-иас мөнгө салгахыг завдан 2012 оны дундаас хамтарч, эхэндээ Б.Ж-аар дамжуулан зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх боломжгүй болсон учраас өөрсдийн нэр дээрх барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдээ алдахгүйн тулд 2015 оны 03 дугаар сараас Б.Ч-ын үүсгэсэн хэргээр дамжуулан бүгд хамтарч эхэлсэн нь тодорхой байна. Тэдний хуйвалдаан “М.И” ХХК-ийн 2015 оны 3, 4 дүгээр саруудын захиагаар батлагдаж байгаа. Х.Л-ийн үзэж байгаагаар энэ хэргийн асуудлаар Хонг Конгийн төрийн байгууллага руу хандах нь Монголын цагдаагийн байгууллагын эрх мэдлээс хэтэрсэн. “М.И” ХХК-иас манай компанийг өөрийн болгохын тулд манай ахлах ажилтнуудыг ятгахыг оролдсон. Тэд хэргийг сунжруулах, хэргийг өөрсдөд нь ашигтайгаар эргүүлэхийн тулд улс төр, бизнес, цагдаа, прокурор болон хууль сахиулах байгууллага дахь өөрсдийн холбоо сүлжээгээ дээд зэргээр ашигласан. Тэд биднийг устгахын тулд бизнесийн үйл ажиллагаа тэр дундаа Монгол Улсад хэвийн явуулах боломжийг үгүй хийхийн тулд цагдаа, прокурорын байгууллагаар тогтоолууд батлуулсан. Эдгээр тогтоолууд нь 2016 оны 02 дугаар сараас одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Энэ үеэр Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхийн 15,000,000 ам.доллар гаргуулах шийдвэрийн гүйцэтгэлийг хариуцаж буй Шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ажлаа зохих ёсоор гүйцэтгэхэд нь Б.Ж нөлөөлж, ажилд саад болж байна.

2015 оны 03 дугаар сард Б.Ч нь надаас мөнгө салгахын тулд К.А-г Хятадын мафийг хөлсөлж, хүүхдүүдийг минь хулгайлуулахыг хүссэн. Шударга ёс, үнэнийг мушгин гуйвуулж, сүрдүүлэн мөнгө салгах, бусдын хөрөнгийг хууль бусаар өөрийн болгох, татвараас зайлсхийх, бусдын нэр төрийг гутаан доромжлох гэх мэт үйлдлүүдийг гаргасаар байна. Иймд гомдлыг хүлээн авч, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, Ц.Одмаа нар хамтран гаргасан гомдолдоо “М.И.М гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг буруу шийдвэрлэсэн. Б.Ч нь нийт 25,500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тэрээр уул уурхайн тоног төхөөрөмж зарах, засвар үйлчилгээ үзүүлэх замаар нийт 10,900,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, түүний ах нь зээл нэрээр 9,900,000 ам.долларыг шилжүүлэн авч улмаар Монгол улсад нийт 64,400,000 ам.долларын хөрөнгө орж ирсэн байхад шүүх М.И.М-г 25,500,000 ам.долларын хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь үндэслэлгүй. Энэхүү хэрэг нь бүхэлдээ өөрийн ахын зээлийг эргэн төлөхөөс зайлсхийх, улмаар М.И.М-гаас мөнгө гаргуулан авах гэсэн санаа, зорилгоор шүүгдэгчийг гүтгэж, түүнийг буулт хийж хүссэн мөнгийг нь өгөхөөс өөр гарцгүй байдалд түлхэх гэсэн Б.Ч-ын үйлдэл мөн.

Шүүх дараах байдлаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх М.И.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг гэж үндэслэлгүй дүгнэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Ч нь хувьцаа худалдан авахаасаа өмнө өөрийн геологчидоо уурхай руу явуулах, уурхайн холбогдох баримт бичиг, судалгаа, мэдээллийг авч танилцах, компанийн дүрэм, санхүүгийн тайлантай танилцах гэх мэтээр хөрөнгө оруулах гэж буй хуулийн этгээдийнхээ хувьцаа эзэмшигчид, удирдлага, зохион байгуулалт, эрх бүхий албан тушаалтан, үнэт цаас гаргагчийн хөрөнгө, өр төлбөр, санхүүгийн байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг бүрэн судалж, эрсдэлээ тооцсоны үндсэн дээр хувьцаа худалдан авсан байх ба түүнийгээ өөрөө нотлон шүүхэд мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх магадлалдаа тэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж...” гэж дүгнэн М.И.М-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хавтаст хэрэгт Б.Ч-ыг М.И.М- залилсан буюу “итгэл эвдсэн", "хуурч мэхэлсэн", "итгэл үнэмшил төрүүлсэн” гэх нотлох баримт нь хохирогчийн өөрийнх нь зөрүүтэй мэдүүлгүүд, түүний ах Б.Чулуунзоригт болон түүний хүү Ч.Чинзоригтийн мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх энэхүү мэдүүлгүүдийн тогтворгүй, хоорондоо зөрчилтэй, гэрчүүд хоорондоо ойрын төрөл садангийн холбоотой зэрэг эргэлзээтэй байдлыг харгалзан үзээгүй.

Харин хавтаст хэрэгт IPO хийхээр бэлдэж цаг, мөнгө зарцуулж Монгол улсад бодитоор хөрөнгө оруулан улмаар уурхайн болон холбогдох үйл ажиллагаа явуулж гааль болон татварт 816,151,144 төгрөг, монгол иргэдэд ажлын байр бий болгож “ГКЭ” ХХК нь 2010-2014 онд цалин, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 6,800,000,000 төгрөг төлсөн зэргээс үзэхэд Б.Ч-ын хөрөнгө оруулсан компаниудын үйл ажиллагаа нь үнэн, бодитой байсныг нотлох баримтууд хангалттай байна. Энд залилан мэхлэх сэдэл, үйлдэл огт байгаагүй. Б.Ч-ын оруулсан хөрөнгө устаж алга болоогүй буюу компаниуд лицензээ эзэмшсээр байхаас гадна түүний оруулсан хөрөнгөнөөс хэд дахин илүү хөрөнгө бий болсон, зах зээлийн нөхцөл байдал сэргэмэгц үйл ажиллагаа нь үргэлжилж төлөвлөсөн ёсоор IPO хийх боломж нь нээлттэй хэвээр байна.

Мөн шүүх магадлалдаа "...М.И.М, түүний хамтран амьдрагч Д.У нарын эзэмшил хамааралд байх компаниуд руу үйлчилгээ, үйл ажиллагааны орлого гэх байдлаар мөнгө шилжүүлсэн, зарим хувь хүнд зээл олгох байдлаар мөнгө шилжүүлсэн байдал харагддаг бөгөөд дээрх мөнгийг өөрийн болон бусад компанийн дансаар шилжүүлэн авч, гэрээнд заасан зориулалтын бус ашиглаж, өөрт хамааралтай компаниудын үйл ажиллагаанд зарцуулах буюу мөнгөний зориулалтыг өөрчлөн санхүүгийн тайланд тусгах байдлаар хувьдаа хэрэглэсэн нь тогтоогдож байна” гэж тус тус буруу, үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь эдийн засгийн шинжээч “Д.О.А” ХХК-ийн дүгнэлтэд харуулсан дүнг харьцуулан үзвэл М.И.М- нь нэр бүхий компаниудаас нэг ч төгрөг авч байгаагүй, харин түүний хамтран амьдрагч Д.У нь “ГКЭ” ХХК-д 2,012,000 ам.доллар өгсөн үйл баримт тогтоогдож байна. “С” ХХК нь “Г.К” болон “ГКЭ” ХХК-иас нийлбэр дүнгээрээ 2010-2014 онуудад 1,000,000 орчим ам.доллар авсан байх боловч түүнтэй дүйцхүйц дүнг буюу 1,048,000,000 төгрөгийг цалин болгон ажилчиддаа төлжээ. Мөн Д.У нь бодитоор хийсэн ажлынхаа төлөө “С” ХХК-иас 2010-2014 онд дунджаар 123,400 орчим ам.долларын цалин нэг жилд авчээ. Түүнчлэн Д.У- нь “С” ХХК-ийн олон хувьцаа эзэмшигчийн нэг нь байсан болохоос 2010-2012 онд дангаараа компанийг эзэмшиж удирдаж байгаагүй. Аливаа уул уурхайн компани газар ухах, баялгийг хөрснөөс гаргаж ирэх, түүнийгээ зарахын тулд удирдлагын байр, машин, тоног төхөөрөмжийн түрээсийн зардал гаргах, ажилтны байр барих, оффисийн байртай болох, тоног төхөөрөмж авах, түүнийгээ засуулах агуулах, хадгалах, хууль зүй, санхүү, геологи гэх мэт нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, ажилтнаа сургах, хөгжүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж, зардал гаргах нь дамжиггүй бөгөөд тийнхүү шаардагдах үйлчилгээг хамаарал бүхий компани үзүүлдэг бол түүнээс үйлчилгээ авах нь зүйн хэрэг юм. Холбогдох бүх компаниуд нэр хүндтэй аудитын компаниудаар санхүүдээ аудит хийлгэж дандаа эерэг дүгнэлт авч байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд эдийн засгийн шинжээч “Д.О.А” ХХК-ийн төлөөлөгч “...аудитын компаниудын дүгнэлт хууль ёсны бөгөөд үнэн зөв” гэдгийг нотолсон байдлыг шүүх харгалзан үзээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “ГКЭ” ХХК нь олон улсын нэр хүнд бүхий хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөн холбогдох компаниудаа олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниудаар аудитлуулж, андрайдерийн үйлчилгээ үзүүлэх компаниас болон хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх фирмээс үйлчилгээ авч, IPO-ийн бэлтгэл болох уурхайн хөгжүүлэлт, зам тавих, уурхайн ажилтнуудын байр барих гэх мэт ажлуудыг өрнүүлж байхад нүүрсний болон ураны зах зээл хямралд орсноос болж хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах боломжгүй болж IPO хийх төлөвлөгөө М.И.М-гаас үл хамаарах байдлаар зогссон нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл IPO хийгээгүй нь М.И.М-гийн гэм буруу биш үндэслэл бүхий эрсдэл байсан. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 4.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэхгүйгээр магадлалдаа “компаниудын хувьцааг олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж дээр гаргаж, худалдаалаагүй, олон улсын зах зээлийн мэдээлэл буюу нийтэд нээлттэй, илэрхий мэдээллийг Б.Ч-т танилцуулж байгаагүй” гэж тус тус үндэслэлгүй дүгнэсэн. Мөн Б.Ч нь гэрээнд тохирсон ёсоор “ГКЭ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал авах ёстой байсан боловч тэрээр томилуулахад шаардлагатай үйлдлийг хийгээгүй, хийсэн болохоо өөрөө нотлоогүй буюу М.И.М-гийн гэм буруу байхгүй байхад шүүх хэргийн энэ үйл баримтыг харгалзан үзээгүй.

Шүүх дараах байдлаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь холбогдох бүх нөхцөл байдлыг сайтар судлан үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулахаар шийдвэрлэн хувьцаа худалдан авч буй Б.Ч-ын үйлдэл, холбогдох мэдээллийг бүрэн өгсний үндсэн дээр хөрөнгө татаж буй М.И.М-гийн үйлдэл, хувьцаа эзэмшигчдээс татсан хөрөнгөө Монгол улсад оруулж бодитой үйл ажиллагаа явуулж буй компанийн үйл ажиллагаа, зах зээлийн хямрал, үнийн уналтын улмаас компанийн үйл ажиллагаа саарч, төлөвлөсөн үр дүнд хүрч чадаагүй зэрэг нь эдийн засгийн харилцааны гол шинжүүдийн нэг болох “эрсдэл” байсан болохоос биш гэмт үйлдэл буюу ял шийтгэл оноох үйлдэл биш байсан. Ийнхүү эдийн засгийн харилцаанд бий болдог "эрсдэл”-ийг гэмт хэрэг гэж үзэн ял оноож буй энэ үйлдлээрээ шүүх хуулийг буруу хэрэглэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх биш эсрэгээрээ зах зээлийн харилцаанд оролцогчдод бодит айдас бий болгож улмаар эдийн засгийн хөгжлийг боомилох жишиг тогтоож байна. Хөрөнгө оруулалтын арга хэрэгсэл дотроос хувьца нь хамгийн эрсдэлтэй хэрэгслүүдийн нэг боловч хамгийн түгээмэл ашиглагддаг. Хэн нэгний буруугаас биш зах зээлийн нөхцөл байдлын улмаас учирсан эрсдлээ дааж чадахаа болимогц асуудлыг нь шийдвэрлэж өгдөг газар шүүх биш.

Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д ''Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”  гэж заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь давж заалдах шатны шүүх магадлалдаа “...8 удаагийн үйлдлээр нийт 25,500,000 ам.доллар буюу 31,687,695 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэхдээ Б.Ч-ын оруулсан нийт хөрөнгөнөөс даруй 3 дахин их хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирсэн байдлыг үл харгалзан яг хэдэн төгрөг нь М.И.М-гийн данс руу шилжсэн гэдгийг тогтоосон нотлох баримтгүйгээр түүний гэмт үйлдлийн улмаас Б.Ч-ын оруулсан хөрөнгийн хэд нь хохиролд тооцогдох вэ гэдгийг тогтоолгүйгээр тоймлон шийдвэр гаргасан. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж заасан. Тухайн компанид орсон нийт хөрөнгө оруулалтаас яг тэр нь эсхүл яг тийм үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө нь Б.Ч-ынх гэж заах боломжгүй байхад шүүх зөвхөн Б.Ч-ын оруулсан хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Ингэхдээ Б.Ч-ын оруулсан хөрөнгөнөөс хэд дахин хөрөнгө орж ирэн Монгол Улсад зарцуулагдсан бөгөөд компани нэг биш маш олон хувьцаа эзэмшигчтэй,  захиралтай, зөвхөн М.И.М- дангаараа зарцуулалт хийх эрх эдэлдэггүй, тэдгээрийн хөрөнгө Б.Ч-ын хөрөнгөтэй холилдон зарцуулагдсан. Б.Ч-аас бусад хувьцаа эзэмшигчид тийнхүү зарцуулсан байдалд гомдолгүй буюу хууль ёсны гэж үзэж байсныг харгалзан үзээгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэж заасан хуулийг хэрэглэх байсан боловч хэрэглээгүй. Учир нь М.И.М нь “Бумбат” гэх компаниудад хувьцаа огт эзэмшдэггүй, ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй байхад түүний хамтран амьдрагч, хамтран амьдрагчийнх нь хамаатан хувьцаа эзэмшигч нь гэх нөхцөл байдлын үндсэн дээр М.И.М-д эрүүгийн хариуцлага халдаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Б.Ч нь өөрөө тус компанийн хувьцаа эзэмшигч, захирлаар ажилладаг талаарх нотлох баримтыг харгалзаж үзээгүй. Өөрөөр хэлбэл М.И.М-тай төрөл садангийн холбоотой хүмүүс тухайн компанийн хувьцаа эзэмшигч, захирлуудын нэг байснаараа М.И.М гэх хувь хүн яаж залилан мэхлээд, мөнгийг хэзээ, хаана, ямар байдлаар, ямар дүнгээр өөртөө буюу хувьдаа авч юунд зарцуулаад байсан нь тогтоогдоогүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн. Учир нь М.И.М-г нийт 10 янзаар амалсан гэж дүгнэжээ. Ингэхдээ энэ 10 амлалтыг яг хэзээ, хаана, ямар байдлаар тус тус өгсөн, тэдгээрийн аль нь, эсхүл бүгд худал байсан гэдгийг шүүх нотлох баримт нэг бүрээр няцааж, эсхүл нотолж дүгнэх ёстой. Эсрэгээрээ шүүх цагаатгах болон яллах талын бүх мэдүүлэг, нотлох баримтыг “бөөндөн хольж” бичээд М.И.М-г гэм буруутай хэмээн дүгнэсэн нь ноцтой зөрчил болжээ. Түүнчлэн Б.Ч-ын оруулсан нийт хөрөнгө оруулалтын бүгдийг нь шүүгдэгч хувьдаа авсан бол яг хэдний өдрийн, ямар гүйлгээгээр, хэдийг авч, хэрхэн зарцуулсан болохыг тоочиж, нотлох баримтаар баримтжуулан тодорхойлж бичихгүйгээр мөн л хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг “хольж” бичээд дүгнэлт гаргасан нь магадлалыг таамгийн шинжтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй болгожээ. “ГКЭ” ХХК нь хоёрхон биш нийт 180 орчим хувьцаа эзэмшигчтэй байхад яагаад зөвхөн Б.Ч-ыг хохирсон гэж байгаа, хамгийн том хөрөнгө оруулагч “ААБАР” сангийн төлөөлөгч “ГКЭ” ХХК-ийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бөгөөд санхүүгийн тайлангууд нь асуудалгүй болохыг мэдүүлгээрээ нотолсон, Б.Ч-аас өөр ямар ч хувьцаа эзэмшигч гомдол гаргаагүй байдал зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн “ГКЭ” ХХК нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан юм бол түүний хувьцааг эзэмшиж, удирдлагыг хэрэгжүүлдэг “ГКЭ” ХХК-ийн үйл ажиллагаа, мөнгөний зарцуулалтад оролцдог бусад этгээдүүд нь яагаад хэрэгт татагдахгүй зөвхөн М.И.М- гэм буруутай байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь магадлалыг ойлгомжгүй болгож байна.

Шүүх М.И.М-г гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулахдаа хууль буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.

Хэрэв прокурор, шүүх М.И.М-г эрүүгийн хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол яллах дүгнэлт үйлдэхдээ, шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн асуудлаар анхнаасаа маргасан болно. Гэвч өмгөөлөгчид бидний хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэж үзэхгүй байгаад бид гомдолтой байна. Прокурор М.И.М-г 2010-2011 оны хооронд “Моннис интернешнл” ХХК-ийн захирал Б.Ч-ыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж түүний 25,500,000 ам.доллар буюу 31,601,969,000 төгрөгийг авч онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн зүйлчлэх болсон үндэслэл нь “хохирлын хэмжээ” байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд “Онц их хэмжээний хохирол” гэдэг шинж байхгүй болж тухайн хуулиар хохирлын хэмжээг бага, үлэмж, их гэж ангилсан бөгөөд М.И.М-гийн учруулсан гэх хохирол нь “их хэмжээ”-нд хамаарахаар болсон. Иймд шүүх М.И.М-г гэм буруутай гэж үзэж 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ял шийтгэхдээ түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэх ёстой байсан бөгөөд энэ нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцсэн, хуулийн зөв хэрэглээ болох ёстой байлаа. Харамсалтай нь анхан шатны шүүх тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг хэрэглээгүйн дээр М.И.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээс 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөвхөн ял хөнгөрсөн гэдэг агуулгаар хэрэглэсэн нь хөнгөрүүлсэн хууль буцаан хэрэглэсэн мэт дүр үзүүлэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасан зөрчил гаргажээ. Мөн тухайн хэргийг “үйлдэх” үед Эрүүгийн хуульд огт байгаагүй шинэ зүйлээр М.Муншиг шийтгэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын 59 дүгээр хуудасны 3 дахь доголын 2 дахь өгүүлбэртээ “Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжид шинээр тогтоон хуульчилсан... ” гэж тухайн заалтыг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон, хүндрүүлсэн шинжтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа энэхүү шинэ, хүндрүүлсэн заалтыг М.И.М-гийн 2010-2011 оны үйлдэлд хамааруулан хэрэглэх боломжтой гэж дүгнэн “...түүний гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй нийцэж тохирсон байна гэж анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг засалгүй хэвээр үлдээсэн нь ойлгомжгүйн дээр давж заалдах шатны шүүх энэ дүгнэлт, шийдвэрээрээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөн. Мөн анхан шатны шүүх хувьцааны төлбөрийн мөнгөө худалдагч компани руу хуваан шилжүүлсэн Б.Ч-ын үйлдлийг М.И.М-д тохож, түүнийг 9 удаагийн үйлдлээр буюу ”байнга“ залилж авсан гэж хэргийг хүндрүүлж үзсэн талаар бид гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, хууль зүйн үнэлгээ өгөхийн оронд М.И.М- хохирогч Б.Ч-ын мөнгийг 9 биш 8 удаагийн үйлдлээр авсан гэсэн “залруулга” төдий зүйл хийсэн нь тухайн хэрэгт хэт нэг талыг барин хандаж байгаагийн илрэл гэж бид ойлгож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.И.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаан хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.И.М-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”, “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэх 3 нөхцөлөөр хуулийг буцаан хэрэглэхийг заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх "...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжид шинээр тогтоон хуульчилсан учир хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилнэ” гэж дүгнэн шийдвэрлэж  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Тодруулбал анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болгон шинээр хуульчилсан шинжийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэгт шууд хамааруулан хүндрүүлж хуулийг буруу хэрэглэсэн. Эрх зүйн онол, зохицуулалтаар хэрэв шинэ хуулиар өмнөх хуульд байгаагүй хүндрүүлэх нөхцөлийг хуульчилсан тохиолдолд түүнийг тухайн хууль үйлчилсэн үеэс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааруулж хэрэглэх ёстой бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим болон хууль буцаан хэрэглэх заалттай нийцнэ. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх заалтыг буруу хэрэглэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн хэмээн зөвхөн үйлдлийн тоон дээр үндэслэж дүгнэлт хийсэн нь үргэлжилсэн үйлдэл болон гэмт хэргийг байнга үйлдэх ойлголтуудыг адил гэж буруу тайлбарласан хэрэг болжээ.

Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-д “Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5-д “Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно" гэж заасан Эрүүгийн хууль үйлчлэх нутаг дэвсгэрийн харьяаллыг хуульчилсан хэм хэмжээг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтаар үйлдэл Хонг Конг улсад үйлдэгдсэн нь нотлогдсон. Тодруулбал прокурор гэрээ Хонг Конг улсад байгуулагдсаныг тогтоож, компаниуд гэрээний төлбөрийг Хонг Конг улсад хүлээн авсан нь төлбөрийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн дээрх заалтыг үл хэрэглэн гадаад улсын иргэн М.И.М-д Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд нь өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх М.И.М-гийн огт оролцоогүй, хувьцаа эзэмшигчийн ч, удирдлагын ч оролцоогүй “БКЛ” компанийн хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар, түүний эхнэр Д.У тус компанийн удирдлагыг хэрэгжүүлж байсан хэмээн дүгнэж, М.И.М-г гэм буруутайд тооцсон ба энэ нь хэргийн нотолбол зохих байдал болох тус компанийн хөрөнгө мөнгийг хэн, хэзээ, хэрхэн зарцуулсан, энэ зарцуулалтад шүүгдэгч ямар оролцоотой болохыг огт шалгаж тогтоогоогүй атлаа эрүүгийн хариуцлагыг “таамгаар” хамааралгүй хүнд халдаан хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд дурдсан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүхийн шийдвэрүүд дараах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг буруутгасан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 174 тоот дүгнэлтээр нэр бүхий компаниудад хийгдсэн аудитын дүгнэлтүүд үндэслэлтэй, санхүүгийн тайлан нь үнэн зөв, олон улсын стандартад нийцсэн, хууль бус гүйлгээ, мөнгөн шилжүүлэг хийгдээгүй болохыг тогтоосон. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д.О.А" ХХК гэх ашгийн төлөө байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөний зэрэгцээ тус хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогдох шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн хүчин чадлыг ашгийн төлөө хуулийн этгээдийн хууль зөрчиж хийсэн, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлтээс дордуулж үнэлэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад илтэд нөлөөлсөн. Тухайлбал дээрх дүгнэлтүүдийн аль алинаар нь, мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ш.Норжинбатын мэдүүлгээр дараах нөхцөл байдал, үйл баримт нотлогдсоор атал анхан болон давж заалдах шатны шүүх баримтаар нотлогдож буй байдлаас илтэд зөрүүтэй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн.

Гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь аудитын тайлангаар нотлогдож байгаа, тус аудитын тайлан зөрчилгүй буюу цэвэр тайлан болох, мөн компани хооронд хуулиар хориглосон хууль бус гүйлгээ хийгдээгүй болох нь нотлогдсон. Шүүх “Д.О.А” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ тухайн нотлох баримтыг цогцоор нь үнэлээгүй буюу орлого, зарлагын утга, тэнцвэртэй байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх хувьцааны хөрөнгө оруулалтыг Монгол Улс дахь үйл ажиллагаанд зарцуулахаар оруулсан үйл баримтыг зөвшөөрөн дүгнэсэн атлаа санхүүгийн тайлан, блансад тусгасан нэр төрөл, хамааралтай компани руу мөнгө шилжсэн байдлын зорилго, бодит байдал, үндэслэлийг хянаж дүгнэлгүйгээр гагцхүү хэлбэрийн буюу харагдах байдлын дүгнэлт хийсэн. Хоёр шатны шүүх гэмт хэргийн хохиролд тооцсон 25,500,000 ам.доллароос хэдийг нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, хэдийг нь хэн, хэрхэн хувьдаа завшиж залилсан болохыг, мөн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын алин болохыг тогтоогоогүй атлаа нийт дүнгээр хохирол тооцсон нь үндэслэлгүй болсон. М.И.М хэдэн компанид хэдий хэмжээний хувьцаа эзэмшдэг, жилдээ ямар эх сурвалжаас хэдий хэмжээний орлого олдог байдлыг шалган тогтоож нотлох ажиллагаа огт хийгээгүй, нотлоогүй атлаа 25,500,000 ам.долларыг амьдралын эх үүсвэр болгосон гэх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Хувьцааны төлбөр нэр бүхий /тодорхой/ компаниудаас нэр бүхий компанид шилжсэн нь баримтаар нотлогдсоор атал Б.Ч тухайн компаниудыг төлөөлөх эрхтэйг нотолсон баримтгүйгээр түүнийг хохирогч гэж үзэн хохирлыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Тодруулбал хохирогчийг тогтоох ажиллагаа ойлгомжгүй, үндэслэлгүй явагдсаны зэрэгцээ шүүх хохирогч байх эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй байхад хохирогч гэх Б.Ч-т хохирлыг олгохоор заасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Ашигт малтмалын газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мөн цогц байдлаар бус илтэд нэг талыг баримтлан үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2-т заасныг  зөрчсөн. Гомдлыг хүлээн авч, хэрэгт авагдсан баримтаар М.И.М-д холбогдох хэргийг шалгасан боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн “тухайн хэргийг нотлоогүй бол хэрэгсэхгүй болгох" зарчмыг удирдлага болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, М.И.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасныг зөрчиж, магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудад заасан, мөн М.И.М болон түүний хамтран амьдрагч Д.У нарын дээр бүртгэлтэй нэр бүхий 10 компаниудын эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар заасан. Энэ тухай магадлалын тодорхойлох хэсэгтээ нэр бүхий 10 компаниуд, тэдгээрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолууд авагдсан байх бөгөөд эдгээрийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан тул дээрх тогтоолд дурдсан аж ахуйн нэгж, түүнтэй холбогдох хөрөнгийг хохирол төлбөрт гаргуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ. 83 дугаартай хавтаст хэргийн 43-44 дэх талд нэр бүхий 10 компаниудад шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй, 46-47 дахь талд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Зээгтийн нүүрсний ордны өргөтгөл Асгатын хэсгийн МV-017438, Баянхонгор аймгийн Шинэжинстийн Хотгорын нүүрсний ордын МV-12728, МV-017060, МV-А017061, МV-017062, МV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, 48-49 дэх талд нэр бүхий 10 компаниудад бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй, бусдад шилжүүлэхгүй, худалдуулахгүй захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай заасан байснаас өөрөөр эд хөрөнгө битүүмжлэх, хязгаарлах тухай заагаагүй байна.

Давж заалдах шатны шүүх мөрдөгчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолд огт дурдаагүй, энэ тухай мөрдөгчийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нэр бүхий 10 компаниудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг захиран зарцуулахыг хязгаарласан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар хохирол төлбөр албадан гаргуулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгана” гэснийг  зөрчсөн. Магадлалд мөрдөгчийн хурааж аваагүй, битүүмжлээгүй хөрөнгийг давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар хураан авах, битүүмжлэн шийдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд мөрдөгчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4 тогтоол, тогтоолын хамт 4 хавсралтуудыг хүчингүй болгосон байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульчилсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан дээрх дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах саналтай байна.

Давж заалдах шатны шүүх нь магадлалын тодорхойлох хэсэгтээ “Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, ...хууль зөрчсөн зөрчил тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн дараах зөрчлүүд байна. Үүнд: Б.Ч нь анх цагдаагийн байгууллагад 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргаснаар эрүүгийн хэрэг үүсч Б.Ч-ыг хохирогчоор тогтоож, анхны хохирогчийн мэдүүлгийг 11 минутын дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 8.41-09.50 цагийн хооронд мэдүүлгийг хууль сануулан авсан. Б.Ч- нь анхны удаа мэдүүлэг өгөхдөө “23,687,500 ам.долларын хөрөнгийг хувьцааны төлбөрт өөртөө авсан болох нь хожим илэрсэн” гэсэн мэдүүлэг өгч байхдаа “мөнгөний дүн зөрүүтэй, ийм хэмжээний мөнгийг шилжүүлсэн гэх нотлох баримт буюу эх сурвалжийг гаргаж өгөөгүй” байхад түүнийг хохирогчоор тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж энэ өдөр хилийн чанадаас ирсэн М.И.М-г түр саатуулан авчирч улмаар бичиг баримт нь хурааж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Б.Ч нь хохирогчоор дахин 2 дахь удаа 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “24,350,000 ам.долларын хөрөнгийг оруулсан атлаа өнөөг хүртэл авч чадаагүй” гэж өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх үедээ ч “мөнгөний дүн зөрүүтэй, ийм хэмжээний мөнгийг шилжүүлсэн гэх нотлох баримт буюу эх сурвалжийг гаргаж өгөөгүй” байхад дахин хохирогчоор байцааж мэдүүлэг авсан. Харин хохирогчоор 3 дахь удаа 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Холбогдох баримтуудыг хэргийн материалд гарган өгч байгаа, нийт 25,500,000 ам.долларыг “М.И” ХХК болон түүний охин компани болох “У.Р.Л” ХХК-ийн данснаас шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийн маргааш 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Нотлох баримт бичиг хүргүүлэх тухай” гэсэн АБ-103 дугаартай албан бичиг, гүйлгээний 8 ширхэг төлбөрийн даалгавар, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт өгсөн байна. Хохирогч Б.Ч нь хохирсон гэх мэдүүлгийнхээ эх сурвалж болох бэлэн бус гүйлгээний төлбөрийн даалгаврыг 3 удаагийн хууль сануулсан мэдүүлэг өгсний дараа гаргаж өгсөн боловч энэ нь тухайн үед үйлчилж байсан хуульд заасан дараах шаардлагыг зөрчиж авагдсан байна. Үүнд Б.Ч-ын гаргаж өгч байгаа 8 удаагийн бэлэн бус гадаад шилжүүлгийн даалгаврыг эд мөрийн баримт болгож байгаа бол мөрдөгч нь энэ баримтыг хүлээж авахдаа эд мөрийн баримтын үзлэгийн тэмдэглэл үйлдээгүй, гүйлгээний утга нь гадаад хэл дээр бичигдсэн, Монгол хэл дээр орчуулагдаагүй, нотариатч нь гүйлгээний утга нь гадаад хэл дээрх шилжүүлгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна.” гэсэн заалтыг, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлийн 13.4.1-д заасан “Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, ...тухайн хэлийг нотариатч мэдэхгүй, тохиолдолд нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхгүй” гэж заасныг зөрчсөн байна. Мөн гүйлгээг хийсэн арилжааны банкнаас хуулга авах зэргээр нотлох баримтад хуульд заасан ажиллагааг явуулаагүй. Б.Ч-ын гаргаж өгсөн энэ төлбөрийн баримтуудад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу дээрх ажиллагаа хийгээгүй байх тул “нотлох баримтаар тооцохгүй байх тухай” өмгөөлөгчийн санал хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй нь хуульд заасан “ноцтой зөрчил” байсан гэж үзэж байна.

Магадлалд “Хэргийн материалыг судлахад, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ч-аас удаа дараа мэдүүлэг авахдаа тэрээр М.И.М-д өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэр болон гэмт хэрэг гарсан байдлын талаар тогтвортой мэдүүлж, хохирогч Б.Ч-аас хүлээн авсан мөнгөний тоо хэмжээ, мөнгөн гүйлгээ хийгдсэн байдлын талаар тус тус маргаагүй болно” гэсэн дүгнэлт хийжээ. Мөнгөний тоо хэмжээний талаар тогтворгүй мэдүүлэг өгч байсан тухай гомдолдоо дурдсан. Харин хохирогч Б.Ч-ын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 10 сарын хугацаанд “М.И” ХХК-иас арилжааны банкаар дамжуулан нийт 8 удаагийн бэлэн бус гүйлгээгээр 25,500,000 ам.долларыг шилжүүлсэн гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан баримтууд нь Голомт банкнаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 26,250,000 ам.долларыг, Худалдаа хөгжлийн банкнаас 2 удаагийн гүйлгээгээр 3,000,000 ам.доллар буюу нийт 8 удаагийн гүйлгээгээр 29,250,000 ам.доллар шилжүүлсэн баримтыг хохирогч Б.Ч хэрэгт гаргаж өгсөн байна.

Хохирогч Б.Ч-ын гаргаж өгсөн гадаад шилжүүлгийн даалгаврын баримтуудаас 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “М.И” ХХК-иас өөрийн охин компани болох “У.Р.Л” компани руу шилжүүлсэн 13,750,000 ам.долларын баримт нь энэ хэрэгт хамааралгүй баримт байх тул нотлох баримтаас хасуулах санал хүсэлтийг гаргасан боловч хоёр шатны шүүх хүлээж аваагүй. Хохирогч Б.Ч нь 2011 оны 05 дугаар сарын 31-нд “М.И” ХХК-иас “Г.К.Э.Э.Л” рүү шилжүүлсэн 10,000,000 ам.долларыг шилжүүлсэн гэх баримт байхгүй тул нотлох баримтаар тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 10,000,000 ам.долларыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Учир нь “У.Р.Л” ХХК-ийн захирал гэх Ч.Ч нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...2011 оны 05 дугаар сарын 31-нд 10,000,000 ам.доллар шилжүүлсэн төлбөрийн талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд энэ өдөр “Г.К.Э.Э.Л” ХХК рүү дээрх мөнгийг шилжүүлсэн тухай баримтыг гаргаж өгөөгүй болно. М.И.М-гийн өмгөөлөгчид нь хэрэгт мөнгө хүлээн авсан тухай баримтуудыг орчуулан, нотариатаар гэрчлүүлэн өгсөн байна. 2010 оны 10 дугаар сарын 13-нд 5,000,000 ам.доллар, 2010 оны 10 дугаар сарын 18-нд 500,000 ам.доллар, 2011 оны 04 дүгээр сарын 19-нд 5,000,000 ам.доллар, 2011 оны 05 дугаар сарын 31-нд 10,000,000 ам.долларыг Швейцарийн Цюрихээс “У.Р.Л” ХХК-ийн баримтууд авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн өмгөөлөгчийн санал хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “хохирогч Б.Ч-ыг мөнгөний эх үүсвэрийн талаар тогтвортой мэдүүлж, эх сурвалжийн талаар зааж чадсан...” гэж магадлалын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн байна. Хохирогч Б.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Монгол Улсаас Британийн Виржинийн Арлуудын “М.И” ХХК-ийн охин компани “У.Р.Л” ХХК руу болон шүүгдэгчийн ажиллаж байсан “Г.К.Э.Э.Л” ХХК, “З.Х.Л” ХХК руу буюу “оффшор бүс нутагт байрлах” компани руу хувьцаа худалдаж авсан ам.долларыг шилжүүлсэн гүйлгээний баримтаас өөр энэ мөнгөний эх үүсвэрийн талаар шүүхийн дүгнэлт хийх нотлох баримт энэ хавтаст хэрэгт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүх гэм буруутайд тооцохдоо шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг талуудын дүгнэлт, саналыг үндэслэл болгосон баримтыг шийдвэртээ заах байтал хэрэгт авагдаагүй, шинжлэн судлаагүй, мэдүүлгийн эх сурвалж болгон хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй дүгнэлтийг энэ хэсэгтээ бичсэн нь шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. “Хохирогч” гэж гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүнийг тогтооно гэж заасан боловч Б.Ч-ын эд хөрөнгийн хохирол хүлээсэн мөнгөний эх үүсвэр тодорхойгүй, Монгол Улсын татварын бүртгэлээс гадуурх нийгэмд аюултай үйлдэл буюу оффшор бүс рүү мөнгийг шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэх мэт эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй санаатай, гэмт хэргээ халхавчилсан шинжтэй байхад “гэмт хэргийн улмаас хохирсон” гэж үзэх үндэслэлгүй. Харин шүүгдэгч М.И.М нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй компаниас Монгол Улсад бүртгэлтэй охин компани руу хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Татварын хууль ёсны бүртгэлийн дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсныхаа төлөө 11 жил хорих ялаар шийтгүүлээд байна. М.И.М-гийн удирдаж байсан Британийн Виржинийн арлуудын “Г.К.Э.Э.Л” ХХК-ийн 2010-2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх аудитлагдсан тайланд дүгнэлт хийсэн “Д.О.А” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “2010-2014 онд “Г.К.Э.Э.Л” ХХК-иас нийт 64,428,445 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна”, “3.Х.Л” ХХК-иас 2010-2011 онд нийт 2,894,279 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн” гэснээс үзэхэд хохирогчийн шилжүүлсэн мөнгөнөөс хэд дахин илүү мөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийсэн байна. Хохирогч Б.Ч-ын мөнгийг хувьдаа завшсан гэсэн дүгнэлтийг аудитлагдсан тайлан болон Монгол Улсад одоо ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа, мөрдөгчийн уурхайд очиж үзлэг хийсэн баримтуудаар үгүйсгэгдэн нотлогдож байна. М.И.М нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эсхүл Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэмжээ хязгаарын хүрээнд эсхүл Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээрт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд энэ хэргийг үүсгэн шалгаж эхэлсэн өдрөөс эхлэн бид санал хүсэлт, гомдлоо гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар...”-ыг шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ тусгах хуулийн шаардлагыг хангаагүй бол энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн газар”-ыг огт заагаагүй. М.И.М нь хохирогч Б.Ч-тай бичгээр 3 удаа гэрээ үзэглэсэн бөгөөд хохирогч эдгээр гэрээнүүдийг эрүүгийн хэрэг үүссэн өдрөөс 7 хоногийн дараа нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байна. Б.Ч-тай үзэглэсэн дээрх гэрээ байгуулсан цаг хугацаанд М.И.М- Монголд байгаагүй тухай Хилээр орсон гарсан лавлагаа нотолж байна. Б.Ч 8 удаа гадаад руу шилжүүлэг хийсэн бөгөөд энэ мөнгийг шүүгдэгч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүлээж аваагүй. М.И.М- нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу уул уурхайн салбарт 2004 оноос эхлэн үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Монгол Улсын уул уурхайн салбарт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад түүнийг энэ улсын нутаг дэвсгэр дээр “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж “хэтэрхий өрөөсгөл” дүгнэсэн. Б.Ч гэрээ хэлцэл байгуулах эрх зүйн чадвар чадамжтай, олон жил бизнес хийсэн туршлагатай энэ хүн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд харин Монгол Улсаас зугтаалгасан мөнгийг тус улсын нутаг дэвсгэр дээр алдаад хохирсон гэж гомдол гаргаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид хамаарахгүй.

Эх үүсвэр нь тодорхойгүй, татварын бүртгэлээс гадуурх нийгэмд аюултай үйлдэл хийсэн үйлдлээ өнөөдөр “гэмт хэргийн хохирол” гэж энэ хэргийн цаана нуун далдалж, халхавчилсан шийдвэр гаргуулж байгаа нь шударга бус байна. Дээрх мэдээллээс Б.Ч нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын талаар 2005 оноос эхлэн ажилласан туршлагатай, хэнтэй ямар нөхцөлд хэрхэн гэрээ байгуулах, эрсдэл болон хөрөнгө оруулалтын талаарх түүхийг харуулж байна. Гадаадын иргэдийг эх орондоо ирэхэд нь хууль хяналтын байгууллагынхантай нийлж 11 минутын дотор эрүүгийн хэрэг үүсгэж, хилийн хориг тавиулж, анхан шатны шүүх нь өмгөөлөгч шүүх хурал давхацсан байхад шүүгдэгчийг үндэслэлгүйгээр цагдан хорьж, улмаар анхан шатны шүүх дээр хууль зөрчсөн үйл ажиллагааг санаатайгаар хүлээн авч, шүүх хурлыг үргэлжлүүлэн эцэст нь эрүүгийн хариуцлага, ялын талаарх талуудын мэтгэлцэх, санал дүгнэлтээ хэлэх эрхийг нь зөрчиж, Б.Ч-т “ашиг хонжоо өгсөнгүй” гэж 11 жилийн хорих ялаар шийтгэлээ. М.И.М- нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолоос эхлээд магадлалд энэ талаар бичээгүй байгаа. Шүүх хохирлын мөнгийг хэрхэн гаргуулах талаар шийтгэх тогтоолдоо зааж өгөөгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, харин Монгол Улсад бүртгэлтэй 10 нэр бүхий хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлээгүй байхад битүүмжилсэн болгож, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Б.Ч-ын саналаар томилогдсон “Д.О.А” ХХК-ийн шинжээч Ш.Норжинбатын мэдүүлгийг магадлалд дурдсан бөгөөд энэ мэдүүлэгт нь “Г.К.Э.Э.Л” ХХК-ийн аудитлагдсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаас харвал 2011 онд 100,300,000 ам.доллар, 2010 онд 5,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт босгосон байна. Үүний 20,000,000 ам.доллар нь “М.И” ХХК болон “У.Р.Л” ХХК-иас, 77,000,000 ам.доллар нь “А.Э.А.С” ХХК-иас, 8,300,000 ам.долларыг хэн оруулсныг мэдэх боломжгүй байна...” гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль нь хилийн чанадад өөр улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг, өөр улсад бүртгэлтэй компанийн санхүүгийн аудитлагдсан тайланд шинжээчийн дүгнэлт гаргах эрх хэмжээ бий эсэхэд эргэлзэж байна. Энэ шинжээчийн мэдүүлгээр “Г.К.Э.Э.Л” ХХК-ийн хувьцааг “М.И” ХХК, оффшор “У.Р.Л” ХХК, “А.Э.А.С” ХХК-иас 8,300,000 ам.долларын хөрөнгийг оруулсан хувь хүн, хуулийн этгээдүүд эзэмшдэг гэсэн байна. Шүүхийн шийдвэрээр энэ компанийн хувьцаа эзэмшигч “М.И” ХХК, түүний оффшор бүс дэх охин компанийн эрх ашгийг хамгаалах шийдвэр нь эрүүгийн хэрэгт тооцож, хувь хүнд ял халдаасан нь “залилсан” гэхээсээ илүү “ашиг хонжоо өгөөгүйн төлөөх шийтгэл” болж байна.

Бизнесийн гэрээ хэлцэл, үйл ажиллагаанд ашиг хонжоо олоогүй гэж нэг хамтрагчаа ялладаг бус харин гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол гэрээг хүчингүйд тооцуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлдэг. Б.Ч-ын “...Монгол Улсад сургууль, цэцэрлэг барих мөнгөө гэмт хэрэгтэнд өгөөд алдсан...” гэж нулимс дуслуулан хэлсэн мэдүүлэг нь бодит байдал дээр Монгол Улсын татвараас бултуулж, гадаадад эргэлдүүлж ашиг хонжоо олсон ч Монгол Улсад хамаарахгүй зорилгоор оффшор руу шилжүүлсэн мөнгийг М.И.М эх оронд минь хөрөнгө оруулалт хийж, ажлын байр, татвар, бүтээн байгуулалт хийснийг үгүйсгэсэн баримт энэ хэрэгт байхгүй. М.И.М-д ял шийтгэл халдааж байгаа нь залилах гэмт хэргийн шинжгүй бөгөөд 2010, 2011 онд уул уурхайн зах зээлийн нөхцөл байдал сайн байсан бөгөөд 2012 оноос уул уурхайн зах зээлийн гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалж унасан гэдгийг нотлох шаардлагагүй. Б.Ч-ын Монгол Улсаас ямар ч татваргүй шилжүүлсэн, татварын бүртгэлгүй эд хөрөнгийг олон хувьцаа эзэмшигчтэй компаниар төлүүлэх, М.И.М “ашиг хонжоо өгөөгүй” хохирсон гэж 11 жилийн хорих ялыг Монгол Улсад эдлүүлэхээр гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав хэлсэн саналдаа “М.И.М нь хувьцаа захиалах нэрээр хохирогч С.Ч-ын 25,500,000 ам.долларыг залилан мэхэлж авсан үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээх гэм буруутай гэж үзсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайн хэргийг шийдвэрлэх үед хоёр хуулийн зааг гарсан. Эхлээд М.И.М-г прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэх яллах дүгнэлттэйгээр ирсэн бөгөөд шүүх 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дараа шийдвэрлэсэн. Ингээд шинэ, хуучин хоёр хуулийн зааг дээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн учир хуулийг хэрхэн хэрэглэх ёстой бэ гэдэг асуудал гарч ирсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар онц их хэмжээ гэдэг ойлголт шинэ Эрүүгийн хуульд байхгүй болсон бөгөөд зөвхөн их хэмжээ л гэж байгаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т “Ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Хэрвээ шүүх М.И.М-г гэм буруутай гэж үзсэн тохиолдолд дээрх зүйл хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. Мөн шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тодорхой заасан байхад шүүх хэрэглээгүй. Тус заалтыг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр шийдвэрлэсэн. 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 30-ны хооронд 7 удаагийн үйлдлээр мөнгө шилжсэн байдаг. Хамгийн сүүлийн мөнгө шилжсэн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр уг залилан мэхлэх гэмт хэрэг нь дуусгавар болсон байх ёстой. Тэгэхэд 2010, 2011 оны үйлдэлд 2015 оны хуулийг хэрэглэх боломжгүй боловч шүүх уг хуулийг хэрэглэн улмаар М.И.М-д 11 жилийн хорих ялыг оноосон юм. Энэ нь зөвхөн үндэсний хууль тогтоомжоос гадна Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр орсон ийм төрлийн 20 гаран хэргийн магадлалд миний бие судалгаа хийж үзсэн бөгөөд тус судалгаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэргийг 2015 оны шинэ Эрүүгийн хуульд хэрхэн нийцүүлж байгаа талаар судалж үзэхэд ганцхан М.И.М-гийн хэргийг л ингэж хууль зөрчиж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байсан. Хэрвээ шүүх хуулийг зөв баримтлан хэргээ шийдсэн бол М.И.М- нь 8 сарын хугацаанд хаалттай хорих ангид хоригдохгүй байх байсан. Хуулийг зөв хэрэглэсэн бол шүүгдэгчийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Залилсан гээд байгаа 25,500,000 ам.доллар нь компанийн нэрээр шилжсэн. М.И.М нь тус компанийн 13 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд тухайн компанид маш олон хувьцаа эзэмшигч нар байдаг. Мөнгө компанийн данс руу орсон болохоос шүүгдэгчийн хувийн дансанд ороогүй, Монгол улсад байдаг охин компаниар дамжин хэрэгжүүлж байгаа төслүүдэд зарцуулагдсан байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож М.И.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа хэлсэн саналдаа “М.И.М-г гэм буруутайд тооцож ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч гэх Б.Ч нь хувьцаагаа худалдаж авахаас өмнө буюу 2010 оны эхний үеэс эхлээд “М.И” ХХК-ийн уул уурхайн инженер, хуулийн зөвлөх, санхүүгийн ажилтан болон компанийн холбогдох ажилтнуудтай и-мэйлээр харилцан санхүүгийн мэдээлэл болон бусад зүйлсийг судлан нарийвчилсан судалгаа хийсний үндсэн дээр хувьцаа худалдаж авсан байдаг. Хохирогч Б.Ч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр “манай инженер уул уурхайн нөөцийн асуудлыг судлаад, дэмий юм биш үү, хөрөнгө оруулалтын ашигтай байж чадах эсэх дээр эргэлзээтэй хандсан. Гэхдээ би хөрөнгө оруулахаар шийдсэн юм аа” гэж хэлж байсан. Шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар М.И.М-д ял халдаасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Залилах гэмт хэрэгт хуурсан, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг бусдаас нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх шинжүүд байдаг. Тухайн үед бодит байдал ямар байсан талаар хэлэхэд “Эрдэс баялаг”-ын зөвлөлийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Зөвлөл болон дүгнэлтээс харахад тухайн үед Баянхонгор аймгийн “Шинж хотгорын” нүүрсний уурхайд 160,000,000 тонн нүүрсний нөөцтэй, 2.3 их наяд төгрөгийн ашиг олох тооцоотой, 1193 ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй, зөөлөн хөрст чанар бүхий нүүрсний орд байсан. Асгатын нүүрсний орд нь 48,700,000 геологийн нөөцтэй, 324,000,000 төгрөгийн цэвэр ашиг олохоор тооцож,  287 хүний ажлын байрыг хангахаар төлөвлөсөн ашигтай уурхайнууд байна гэдэг нь тухайн үеийн эрдэс, баялгийн зөвлөлийн удаа дараагийн хурлуудын дүгнэлт гарсан. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад уурхай дээр очиж шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд 30,800,000,000 төгрөгийн ажил тус уурхайд хийгдсэн байна гэж дүгнэсэн. “Д.О.А” ХХК-ийн хийсэн санхүүгийн дүгнэлтийг шүүх яллах нотлох баримтын хүрээнд ишилж дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл зөвхөн “Д.О.А” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн харахад 2000-2014 оны хооронд 4 жилийн хугацаанд “Г.К” ХХК нь гадаадаас 56,600,000 ам.доллар, 7,200,000,000 төгрөгийг санхүүжилтээр авсан. Тухайн авсан мөнгийг эргүүлэн бүгдийг нь зарцуулсан байдаг. “Гоби коул энержи” ХХК нь 49,200,000 ам.доллар буюу 55,600,000,000 төгрөг аваад мөн бүгдийг нь зарцуулсан. “Д.О.А” ХХК-ийн дүгнэлтээр Монгол улсаас гадагшаа ямар ч мөнгө гараагүй байна гэдэг нь харагдаж байгаа бөгөөд үүнээс харахад энд ямар ч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдээгүй байна. Давж заалдах шатны шүүх гэрээгээр халхавчилж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэрээгээр халхавчилсан гол шинж нь гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан тохиолдолд гэрээ хийгээд мөнгө авсан байх юм бол залилах гэмт хэрэг болно. Гэтэл миний дурдсан баримтуудаар тухайн үед Б.Ч нь “Г.К.Э.Э.Л” ХХК-иас хувьцаа худалдаж аваад байгаа тэр нөхцөл байдал болон уул уурхайн дүгнэлтүүдийг харахад гэрээ биелэгдэх бүрэн боломжтой байсан. “Г.К.Э.Э.Л” ХХК нь орж ирсэн хөрөнгө оруулалтыг уурхайд зарцуулах, Төлөөлөн удирдах зөвлөлд суудал өгөх гэсэн ийм хоёр үүрэгтэй бөгөөд дээрх үүргүүдээ биелүүлсэн харагддаг. Хавтаст хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Хөрөнгө оруулалтын асуудал тэр дундаа хувьцаа худалдаж авах замаар хөрөнгө оруулах энэ ажиллагаа нь хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог. Эдийн засгийн хөгжлийг дэмжих зүйлийг гэмт хэрэг гээд үзчихээр эргээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх биш эдийн засгийн харилцаанд оролцогч талуудад айдас үүсгэсэн ийм нөхцөл байдлыг бий болгож байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.Ч нь толгой компаниудын хувьцааг худалдаж авдаг буюу худалдаж аваад компаниуд нь илүү хэд дахин их мөнгө оруулж зарцуулсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтад М.И.М гэдэг хүний хувийн данс руу орсон, шүүгдэгч хувьдаа авсан гэх үйл баримт болон нотлох баримт байхгүй байхад хохирол тооцоод байгаа нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэснийг шүүх хэрэглээгүй. Мөн шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хэлсэн саналдаа “Хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. Хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн эсэх асуудлыг хянадаг. Түүнээс хэргийн үйл баримт хянах эрхгүй. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нар үйл баримтын болон ялын талаар удаа дараа давхардсан байдлаар гомдлоо гаргасан байна. М.И.М гэдэг хүн нь “З.Х” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, мөн байгуулсан гэрээ, и-мэйлээр харилцсан гэрээ болгоныхоо ард М.И.М гэж гарын үсэг зурсан байдаг. Хохирогчоос авсан мөнгө өөрийн оффшор бүс дэх данс руу хийсэн. Хохирогчоос мөнгө авахаасаа өмнө хохирогчид итгэл үнэмшил төрүүлж уулзан нөхцөл байдлыг үүсгэн бий болгохдоо Монгол улсад л харьцсан шүү дээ. Зөвхөн мөнгөө авах болохоор өөрийн гадаадад байдаг дансаар авсан. Тэгэхээр үүнийг харьяаллын бус гэж үзэх үндэслэлгүй юм. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал тогтоох нийтлэг үндэслэлд тодорхой заасан байгаа. Тухайн хэрэг нь гадаадад үйлдэгдсэн гэх үндэслэл байхгүй. Энэ хэргийн үүссэн нөхцөл байдал гэмт хэргийн шинж нь Монгол улсад үйлдэгдсэн. М.И.М нь Монгол улсад ирж байж Б.Ч-тай уулзсан гэдгээ өөрөө үгүйсгэдэггүй. Мөн 25,500,000 ам.долларыг авсан талаар маргадаггүй. Харин мөнгөний зарцуулалтад маргаад байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг зүйлчлэл тохирсон гэдэгтэй санал нийлсэн. Нийслэлийн прокурорын газраас хэрэг шалгаж байхад М.И.М гэдэг хүний эрхийг маш сайн хангаж байсан бөгөөд процессын зөрчил гаргаагүй, орон байранд үзлэг хийх тогтоол, таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, шинжээчийн бүрэлдэхүүн томилсон тогтоол зэргийг хуулийн хугацаанд танилцуулж байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэрэгжүүлсэн. Битүүмжлэлд байгаа эд хөрөнгүүд мөрдөн байцаагчийн битүүмжилсэн тогтоолоор М.И.М-гийн эзэмшилд байна гэдэг нь тогтоогдсон учраас битүүмжилсэн. Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч нар маш их хөрөнгө оруулалт хийсэн мэтээр тайлбарладаг. 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд Говь-Алтай аймаг дахь уурхайд үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг анхааралдаа авахыг хүсч байна. Тухайн газарт хэдхэн хуучин байшин, хуучин тоног төхөөрөмж, зөвхөн хөрсний нимгэн хэсгийг хуулсан талбай л байгаа. Гэтэл эдгээр зүйлийг асар өндөр үнээр авсан мэтээр тайлбарладаг. Мөн Чингүүнжав гэдэг хүнийг гэрчээр байцаасан байдаг. Тухайн гэрч “IPO” гаргахад шаардагдах стандартын талаар мэдүүлсэн. 2012 онд “IPO”  гаргах боломжгүй юм байна ажлаа зогсоо гэж байхад 2013, 2014, 2015 онуудад зарцуулалт хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2013 онд М.И.М-гаас хохирогч Б.Ч-т хаягласан е-мэйл ирүүлэхдээ “хувьцаа гаргахаа больсон, гэхдээ мөнгийг чинь хадгалж байгаа шүү” гэсэн байсан. М.И.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Энэ хэргийн санкцийн хувьд эрх зүйн байдал нь дээрдсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан хорих ялын доод, дээд хэмжээ 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулахад багассан. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа зөв үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн гэрээнүүд нь тус тусдаа учраас байнга гэж үзсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнээс үргэлжилсэн үйлдэл биш юм. Энэ хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу битүүмжилсэн эд хөрөнгө болон М.И.М-гийн эзэмшлийн компаниудаас нь хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв. 

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Энхсайхан хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэл үнэмшлээрээ нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Б.Ч-ын өгсөн хэд хэдэн мэдүүлгүүд байдаг. Оффшор компанид шүүгдэгч М.И.М-гийн ятган үнэмшүүлэх, итгэл төрүүлэх үйлдэлд итгэсний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн баримтуудаас харахад мөнгөний эх үүсвэр нь “М.И” ХХК-иас гарсан гэдэг нь нотлогдож байна. Энэ нь Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкнаас дамжиж гарсан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. М.И.М дээрх компаниуд надад хамаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрөө 13 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэрэг нотлогдсон хэрэгт шалгавал зохих зүйлүүд хангалттай шалгагдсан гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт хамаарах шинжүүд болох хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан зэрэг шинжүүд нь энэ хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь энэ хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Энэ нь хөрөнгө оруулбал ашигтай, Төлөөлөн удирдах зөвлөлд саналын эрхтэй оруулна, улмаар компанийг хамтдаа удирдана гэсэн нь хуурсан шинжтэй, хувьцаа гаргах талаар ямар нэгэн ажил хийгээгүй, гарч болох эрсдэлийн талаар урьдчилан сануулаагүй байж итгэл төрүүлж мөнгө авсан үйлдлүүд нь бодит байдлыг нуусан шинжтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хэлж байгаагаар мэдээ, мэдээллээр хангаж байсан, зах зээлийн эрсдэл гарсан гэж байгаа ч энэ талаар хохирогч ямар ч мэдээ мэдээлэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна. Ийм хүндрэлүүд гарлаа, хувьцаа нээлттэй гаргах эрх зүйн орчин бүрдээгүй байна, тиймээс одоо ийм ажил хамтдаа хийе гэх мэтээр ямар ч санал санаачлага гаргаагүй, холбогдох тайлан материалаа огт өгч байгаагүй нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Хэрвээ бэрхшээл хүндрэлүүдээ харилцан ярилцаж ойлголцоод цаашид гарах асуудлыг хамтдаа хэлэлцсэн, хамтдаа гарцыг эрэлхийлсэн бол хэрэг өөр тийшээ эргэх боломжтой байсан. Прокурорын зүгээс тухайн хэрэг нотлогдсон, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Ч, шүүгдэгч М.И.М, түүний өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав, Ц.Одмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн М.И.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.И.М нь Монгол Улсад бүртгэлтэй “Г.К.Э.Э” болон “З.Х”, “Б.К” компаниудыг “Монгол улсад уул уурхайн чиглэлээр их ашигтай том төсөл хэрэгжүүлж байгаа, ирээдүйтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани бөгөөд хувьцааг нь олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж дээр гаргаж худалдана, бирж дээр гарсан даруйдаа оруулсан хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж маш их ашиг олно”, мөн Архангай аймагт “төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, уг төмрийн хүдрийг гадаад руу гаргаж, их ашиг олно, ирээдүйтэй бизнес, хөрөнгө оруулвал “Г.К.Э.Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэг суудал авч өгнө, энэ компаниудын бүхий л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч хамтдаа удирдана” гэж хохирогч Б.Ч-т бодит байдлыг гуйвуулан, түүнийг төөрөгдөлд оруулан дээрх компаниудын хувьцааг худалдах нэрийдлээр 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Г.К.Э.Э.Л” компанийн “НSВС” банкны дансаар 5,000,000 /таван сая/ ам.долларыг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “З.Х.Л.” компанийн “HSBC” банкны дансаар 500,000 /таван зуун мянга/ ам.долларыг, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Г.К.Э.Э.Л” компанийн “НSВС” банкны дансаар 5,000,000 /таван сая/ ам.долларыг, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Г.К.Э.Э.Л” компанийн “НSВС” банкны дансаар 10,000,000 /арван сая/ ам.долларыг, “БК.Л” компанийн “HSBC” банкны дансаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ ам.долларыг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 /нэг сая/ ам.долларыг, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөн 1,000,000 /нэг сая/ ам.долларыг, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ ам.долларыг нийт 25,500,000 /хорин таван сая таван зуун мянга/ ам.долларыг Б.Ч-ын эзэмшлийн “М.И” ХХК болон түүний охин компани болох “У.Р.Л” компанийн данснаас шилжүүлэн авсан тухай үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тогтоосон байна.

Шүүгдэгч М.И.М нь санхүүжилтийн эх үүсвэр гаргаж чадах хөрөнгийн хуримтлал бүхий гадаад, дотоод аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өөрийн эзэмшлийн компаниудад хөрөнгө оруулалт хийхийг ятган компаниудын санхүү хөрөнгийн чадавх, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, хөрөнгөө богино хугацаанд өндөр хувиар өсгөх хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан хөрөнгө оруулахыг зөвшөөрүүлж хувьцааны үнэ, төлбөрт мөнгөн хөрөнгө гаргуулан авч, улмаар хөрөнгө оруулагчид компанийн удирдлагад биечлэн оролцуулах, хяналтыг хамтран хэрэгжүүлэх талаар өгсөн амлалтуудаа эс биелүүлэн компанийн үйл ажиллагаа, санхүү, эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллээс тусгаарлаж хяналт тавих боломжийг боогдуулан, энэ явцдаа хөрөнгө оруулагчийн байршуулсан хөрөнгийг өөрийн хамаарал бүхий, хоорондоо холбоотой аж ахуйн нэгжүүдийн дансаар дамжуулан хяналтаас гаргаж өөрийн захиран зарцуулах боломж бүхий санхүүгийн орчинд шилжүүлэн авсан эдгээр үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан ба үүний улмаас учирсан хохирлын хэмжээг шүүх зөв тогтоож, түүний үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин шүүхүүд энэ гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ мөн хуулиар шинээр тогтоосон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хууль мөрдөгдөхөөс өмнөх үйлдэлд хэрэглэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуульд залилан мэхлэх гэмт хэргийг хүндрүүлэн үзэх бүрэлдэхүүн болж хуульчлагдаагүй байсан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн шинжээр М.И.М-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнээс дээрх шинжийг хасаж М.И.М-д холбогдох хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тухайн хэсэгт заасан хэмжээнд нийцүүлэн багасгаж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Үүнээс гадна хохирогч Б.Ч, шүүгдэгч М.И.М нар нь 25,500,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хоёр хувааж шилжүүлэхээр хэлэлцэн тохирсон байсан боловч 8 удаа банкаар гуйвуулсан нь хохирогчийн санхүү, төлбөрийн боломжтой холбоотой болох нь тогтоогдсон байна.

М.И.М-гийн зүгээс энэ мөнгөн хөрөнгийг өөрт авах талаар тухай бүр идэвхтэй үйлдэл хийж шинэ гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэх баримт авагдаагүй тул тус тусдаа сэдэлт, зорилго, үр дагавар бүхий байнгын шинжтэй олон удаагийн үйлдэл байжээ гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч нь хохирогчоос мөнгөн хөрөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 25,500,000 ам.долларыг авсан байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг нийтлэг ашиг сонирхол бүхий өөр хэд, хэдэн компаниар дамжуулан, хөрөнгө оруулалт авсан үндсэн компаниас зувчуулан гаргаж захиран зарцуулах эрхдээ шилжүүлэхдээ олон удаагийн үйлдлээр гүйцэтгэжээ. Энэ нь М.И.М-г хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй боловч үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийн үйлдэгдэж дууссан хугацааг тоолоход нөлөөлнө.

Аж ахуйн нэгжийг үнэгүйдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг шамшигдуулах нь залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр бөгөөд эд хөрөнгийг анхнаасаа хууль бусаар авах, буцааж өгөхгүй байх санаа зорилго нь хөрөнгө оруулалт хийхээс өмнө бий болсон байдгаараа бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргээс, уг гэмт хэргийн төгс үйлдэгдэж дуусах хугацааг хөрөнгө оруулалт хийснээр бус уг мөнгөн хөрөнгийг компанийн хяналтаас холдуулан гаргаснаар тооцдогоороо залилан мэхлэх бусад төрлийн гэмт хэргээс ялгагддаг.

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагч нараас оруулсан хөрөнгийг гэмт этгээд буцаан өөрийн эзэмшилд гаргаж авснаар захиран зарцуулах боломж бүрдэж гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзнэ. Харин хөрөнгө оруулагчийн хөрөнгө түүнийг хүлээн авсан байгууллага, иргэний дансанд буюу эзэмшилд байгаа хэвээр бол энэ гэмт хэргийг дууссан гэж тооцох, хөрөнгө оруулагчийг хохирсон гэж үздэггүй болохыг анхаарах нь зүйтэй. Хөрөнгө оруулалт авах болон түүнийг өөрт зувчуулах үйлдлүүдийг хоорондоо цаг хугацааны заагтай хийх, хөрөнгө оруулалт авсан аж ахуйн нэгжийг дампууруулахгүйгээр үйл ажиллагааг хамгийн доод түвшинд  барих зэрэг нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх, аж ахуйн нэгжийг хуурамчаар дампууруулах, зориуд дампууруулах зэрэг ил гэмт хэрэгт татагдахгүй байж нууц далд аргаар гэмт үйлдлээ төгс дуусгах, үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх арга хэмжээнд хамааруулан үзнэ.

“Г.К.Э.Э.Л” ХХК-ийн аудитаар нэгтгэсэн санхүүгийн тайланд авагдсан баримтаар “А.Э.А.С” ХХК-иас 77,000,000 ам.доллар, “М.И” ХХК болон “У.Р.Л” ХХК-иас 20,000,000 ам.доллар, бусад хөрөнгө оруулагч нараас 8,300,000 ам.долларыг тус тус өөрийн санд цуглуулсан боловч шүүгдэгч М.И.М нь зөвлөх үйлчилгээ авсны хөлсөнд “G.P.A LTD”-д 5,000,000 ам.доллар, хөрөнгө оруулагчдад танилцуулга хийсэн төлбөрт “B.A.R.P LTD”-д 9,000,000 ам.доллар, хувьцаа гаргасан зардал 14,000,000 ам.доллар, удирдлагын зардалд 11,008,333 ам.доллар төлөх зэргээр “Г.К.Э.Э” ХХК-ийн санхүүгийн чадавхид тохироогүй, авсан үйлчилгээнд нь дүйцэхээргүй зардал гарган /гаднаас татсан хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг зөвхөн зөвлөх үйлчилгээ авах, танилцуулга гаргах, үнэт цаас хэвлүүлэх, удирдлагын гэх үндсэн үйл ажиллагаанаас гадуур зардалд зарцуулсан/ хувьцааны төлбөр хэлбэрээр орж ирсэн мөнгөн хөрөнгийг Их Британийн Виржиний арлууд зэрэг оффшор бүсээр дамжуулан дээр дурдагдсан өөрийн эзэмшлийн болон хамааралтай аж ахуйн нэгж, компаниудад тараах байдлаар захиран зарцуулсан байх бөгөөд энэ үйл ажиллагаа 2011-2014 онд үргэлжилсэн талаар “Д.О.А” ХХК-ийн аудитын тайланд тусгагдсан ба хохирогч гомдол гаргаж цагдаагийн байгууллага 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаар гэмт хэрэг таслан зогсоогдсон байна.

Иймээс шүүх бүрэлдэхүүн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ өнгөрөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулан тооцдог тул энэхүү гэмт хэрэг таслан зогсоогдсон 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолоход мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Дээрх байдлаар шүүгдэгч М.И.М нь “М.И” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ч-аас 25,500,000 ам.доллар залилж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлагад татаж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 25,500,000 ам.доллар байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед 31,687,695,000 төгрөгтэй тэнцэж байсан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.И.М-гийн эзэмшлийн “Г.К.Э.Э.Л” компани, “Г.К” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Г.К.Э.Э” ХХК-ийн MV-017438, MV-12728, MV-017060, MV-017062, MV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн М.И.М болон түүний хамтран амьдрагч Д.У нарын үүсгэн байгуулсан “З.Х” ХХК, “Б.К” ХХК, “Б.И.Э.К” ХХК, “Б.Э” ХХК, “Б.Р” ХХК, “Г.К.Э.Э” ХХК, “Г.К” ХХК, “Г.П” ХХК, “С” ХХК, “М.Б” ХХК-иудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг хураан авч  хохирол, төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчимд эс нийцэх бөгөөд түүний бусдад учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдээгүй, хохирлыг хариуцан төлөх үүргийг хуулиар хүлээгээгүй хүн, хуулийн этгээдэд буюу дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж буй иргэд, байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгөөс эрүүгийн гэмт хэргийн хохиролд төлбөр гаргуулах үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн байх явдал юм.

Хэдийгээр М.И.М нь хохирогчийг хуурч мэхлэхдээ “Гоби Коул энд Энержи” болон “Зараяа Холдингс”, “Бумбат Консолидетэд” компаниудын нэрийг ашигласан байх боловч хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгөн хөрөнгийг өөрт авах зорилгоор тараан шилжүүлж байсан тул хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг зохицуулалт байгаагүй тул холбогдох компаниудыг эрүүгийн хариуцлагад татаагүй зэрэг нөхцөл байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Г.К.Э.Э.Л” компани, “Г.К” ХХК, “З.Х” ХХК, “Б.К” ХХК, “Б.И.Э.К” ХХК, “Б.Э” ХХК, “Б.Р” ХХК, “Г.К.Э.Э” ХХК, “Г.К” ХХК, “Г.П” ХХК, “С” ХХК, “М.Б” ХХК-уудаас бус харин эдгээр аж ахуйн нэгжүүдэд М.И.М болон Д.У нарын эзэмшиж байгаа хувьцаа, хөрөнгөнөөс гаргуулан төлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Энэ нь дээр дурдсан 12 аж ахуйн нэгжийн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр төлүүлэх ажиллагаанд дээрх зарчмыг хангаж ажиллахыг анхаарвал зохино.

“Б.К” ХХК-ийн хувьд хэдийгээр Д.У-ийн нэр дээр байгаа боловч уг компанид 5,000,000 ам.долларыг хөрөнгө оруулалт хийхийг ятгасан хүн нь М.И.М- бөгөөд бодит байдал дээр түүний эзэмшилд байсан тул уг компаниас дээрх байдлаар хохирол гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын “хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчлөх, ялыг хасах” тухай хэсгийг хүлээн авч, тэдгээрийн гомдлын бусад хэсэг болон хохирогчийн гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зарим өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 787 дугаар магадлалд:

“Шүүгдэгч М.И.М-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 7 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй”,

“Г.К.Э.Э.Л” болон “Г.К” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Г.К.Э.Э” ХХК-ийн MV-017438, MV-12728, MV-017060, MV-017062, MV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн М.И.М болон түүний хамтран амьдрагч Д.У нарын үүсгэн байгуулсан “З.Х” ХХК, “Б.К” ХХК, “Б.И.Э.К” ХХК, “Б.Э” ХХК, “Б.Р” ХХК, “Г.К.Э.Э” ХХК, “Г.К” ХХК, “Г.П” ХХК, “С” ХХК, “М.Б” ХХК-уудын М.И.М болон Д.У нарт оногдох хувьцаа, эд хөрөнгийг хохирол, төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Б.Ч, шүүгдэгч М.И.М, түүний өмгөөлөгч Э.Туул, Ц.Одончимэг, Д.Намсрайжав, Ц.Одмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН