Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2020/00326/И |
Дугаар | 001/ХТ2022/00663 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2022/00663
А.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00977 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1210 дугаар магадлалтай,
А.Сгийн нэхэмжлэлтэй,
З.Бд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч З.Бд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00977 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Бгаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн А.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1210 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
4.1. Шүүх магадлалын хянавал хэсэгт “хариуцагч З.Б нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар А.Сод-Эрдэнийн өвлөгч байх бөгөөд тэрээр өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх юм...” гэжээ. Хэдийгээр хариуцагч З.Б нь А.Сод-Эрдэнийн өвлөгч мөн боловч маргаан бүхий орон сууцны хувьд бусдын өмнө хүлээх үүрэггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйд гомдолтой байна. Тухайлбал:
а/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарууд “...3 өрөө орон сууцыг төрсөн ах А.Сод-Эрдэнэд 30,000,000 төгрөгөөр 2017.01.12-ны өдөр худалдсан бөгөөд худалдаж авахаар тохиролцсон мөнгөө өгч чадалгүй 2017.01.26-нд өвчний учир нас барсан юм”, “Сод-Эрдэнэ өвчний улмаас эмчилгээнд явах шаардлага гарч, виз мэдүүлэхдээ холбоотой дансан дахь мөнгийг өндөр байлгах гэж мөнгө шилжүүлж байсан”, “Сод-Эрдэнэ бид хоёрын дунд ярилцсан зүйл байгаа. Содхүү байрыг над руу шилжүүлээд өг, барьцаанд тавир гэсэн юм гэж хэлсэн. Тийм бол бэлэглэлийн гэрээ хийе гэж хэлэхэд бэлэглэлийн гэрээ болохгүй барьцаанд тавьж болохгүй гэсэн. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээг 30 сая төгрөгөөр хийсэн.”, “...ах нь Франц улс руу явах гэж байгаа байрыг миний нэр дээр шилжүүлж өг гэсэн. Бэлэглэлийн гэрээ байгуулж болохгүй гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэсэн” зэрэг илт зөрүүтэй байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна.
б/ Мөн төрсөн ах А.Сод-Эрдэнэд худалдсан гэж нэхэмжлэлд дурдсан боловч 2017.01.12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдан авагч талд А.Сод-Эрдэнэ, С.Мөнгөн нар байдаг бөгөөд уг гэрээний 2.2-т зааснаар төлбөр төлөх нөхцөл нь 2017.01.12-ны өдөр бэлэн мөнгөөр бүрэн төлнө гэж заасан ба уг гэрээний заалт биелэгдээгүй бол нэр шилжиж улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл үнэхээр худалдсан бол төлбөр тооцоогоо авахгүйгээр нэр шилжүүлэхгүй ба гэрээний 3.5-д заасан үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татварыг А.С төлөх байтал 2017.01.12-нд А.Сод-Эрдэнэ картнаасаа 700,000 төгрөг авч төлж, өөрийн хүү С.Мөнгөний нэрийг оруулж байгаа үйл баримт нь тэдний хооронд төлбөр тооцоо байхгүйг илэрхийлж байна.
4.2. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал хариуцагч манай нөхөр төлбөрийг нь төлж худалдаж аваад дүү А.Сгийн нэр дээр байсан байр гэж маргаж байхад өөрөө тухайн байрыг худалдаж авснаа нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт ямар ажил, орлоготой байсан, яаж авсан талаар асуухад дургүйцэж “Би татварын байцаагчид шалгуулж, тайлангаа гаргаж, хүн амын болон орлогын албан татвараа төлөөд явдаг” гэж байсан. Мөн уг мөнгийг хүлээн аваагүй гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй ба харин эд хөрөнгөө улсын бүртгэлээр шилжүүлсэн үйлдэл нь төлбөр тооцоогүй болохыг харуулж, баримтаар нотолж байна. Харин А.Сод-Эрдэнийн “Алтан Дорнод” ХХК-д 2002 оны 1-12 сар хүртэл ажиллаж байсан сарын цалин нь 421,167-560,788 төгрөг байх ба 6-7 сарын цалингаар тус байрыг худалдаж авсан байх боломжтой, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч А.Сгийн өмч байсан бол өөрийн байрыг төлбөр аваагүй байж хариуцагчид суллаж өгч, түлхүүрийг хүнээр өгүүлж, З.Б хүний орон сууцыг түрээслүүлнэ гэж хэлэх шалтгаан байхгүй билээ. Түүнчлэн гэр М.Сарантуяа “2007 онд А.Сод-Эрдэнэтэй ярилцахад Эрдэнэтэд миний 3 өрөө байр байдаг гэж ярьж байсан” гэж хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
4.3. Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан гомдлын шаардлагын талаар: Өвлүүлэгч А.Сод-Эрдэнэ 2017.01.28-ны өдөр өвчний учир нас барсан. 2018.01.28-ны өдөр өв нээгдсэн ба түүний үүрэг гүйцэтгүүлэгч гэх А.С нь 2019.01.28-ны өдрийн дотор өвлөгч буюу З.Б болон нотариатад өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлага гаргаагүй байна. Үүнээс хойш нэхэмжлэгч нь 3 жилийн хугацаанд төлбөр тооцооны талаар өвлөгчөөс шаардсан тохиолдол байхгүй ба энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт “Би өнөөдөр хүртэл энэ байрыг худалдсан 30 сая төгрөгийг авахгүй гэж бодож байсан. Яагаад би бодлоо өөрчилж, нэхэмжлэл гаргасан бэ гэхээр Болортуяа дараагийн хүнтэйгээ суугаад хүүхэд гаргасан”, “...өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа надад битгий хэл манай ээжид огт хэлээгүй...”, “Өвлөх эрхийн гэрчилгээ авна гэж би бодоогүй” гэх зэргээр янз бүрээр тайлбарлаж байсан.
4.4. Шүүх магадлалын хянавал хэсэгт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч А.Сод-Эрдэнэ, С.Мөнгөн нарын нэр дээр гарсан эсэх баримт хэрэгт байхгүй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч талууд энэ талаар маргаагүй, 2018.01.30-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан болно. Дээрх үйл баримтуудаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үндэслэл нь хариуцагчтай хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүхэд хандсан гэж тайлбарласан ба түүний орон сууц худалдсан гэх шаардлага нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Нэхэмжлэгч А.С хариуцагч З.Бд холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “ах А.Сод-Эрдэнэтэй 2017.01.12-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Орхон аймагт байдаг өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлж өгсөн боловч үнийг аваагүй байтал тэрээр нас барсан тул өв залгамжлагчаас мөнгийг гаргуулна” гэсэн,
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...уг орон сууцыг нөхөр А.Сод-Эрдэнэ нь 2002 онд өөрийн хөрөнгөөр төрсөн дүү А.Сгээр худалдан авахуулж ээжийгээ амьдруулж байсан, өмчлөх эрхийн бүртгэлээ шилжүүлж аваагүй байсан, 2015 оноос өвчний улмаас эрүүл мэнд нь муудаж байсан тул 2017.01.12-ны өдөр эд хөрөнгөө өөрийн гэр бүлд үлдээхийн тулд дунд хүү С.Мөнгөний хамтаар А.Сгээс шилжүүлж авч гэрчилгээг гаргуулсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба тус шүүхийн магадлалд “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн нотолгооны үүргийг буруу хуваарилснаас гадна худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ А.Сод-Эрдэнэ, С.Мөнгөн нарын нэр дээр шилжсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч З.Б нь А.Сод-Эрдэнийн өвлөгч боловч түүний өвлөн авсан өвийн хэмжээг тодруулаагүйгээс гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
8. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тодорхой бус, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу ногдуулснаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоож, холбогдох хуулийг оновчтой сонгон хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж маргааны үйл баримтын талаар болон хууль хэрэглэх асуудлаар дүгнэлт хийх боломж бүрдээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1210 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Б /өмгөөлөгч Д.Баасансүрэн/-ийн 2020.06.29-ний өдөр 307,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД