Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00859

 

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00859

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн өөрийн байр. КБ ХХК /26/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, Б овогт Ц. С /ХБ69102019/

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, Б овогт С. Б /УХ91012832/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 251,803,769 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э , Ц.Г , хариуцагч Ц.С , С.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С констракшн ХХК-ийн төлөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.С , С.Билгуүндалай, С констракшн ХХК нар нь тус банктай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3016-2017/68 тоот зээлийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3016-2017/68-1, 3016-2017/68-2, 3016-2017/68-3 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 300,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан билээ. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд:

-Дорноговь аймаг, Замын Үүд сум, улсын бүртгэлийн Ү-07 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд суманд байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-071 дугаартай орон сууц,

-Дорноговь аймаг, Замын Үүд суманд байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0715 дугаартай хувийн орон сууц,

Дорноговь аймаг, Замын Үүд суманд байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 000 дугаартай, 1005 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 000 дугаартай, 00тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалсан болно.

Зээлдэгч Ц.С , С.Б нар нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 96,960,722.0 төгрөг, үндсэн хүүнээс 89,735,409.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 5,337,260,60 төгрөг нийт 192,033,391.96 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байсан учир тус банк нь удаа дараа зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж байсан. Хариуцагч нар нь 2019.10.31-ний өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс гадна талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451, 453, 242.3-т зааснаар зээлийн гэрээний оролцогч нараас Ц.С , С.Б нарыг хариуцагчаар тодорхойлж, тэднээс үндсэн зээлд 203,039,278 төгрөг, зээлийн хүүд 36,741.005 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,521,960 төгрөг, нийт 241,302,244 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Харин бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ныг хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү 8,751,272 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 1,750,254 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингээд эцсийн байдлаар тооцвол: зээлийн үлдэгдэл 203,039,278 төгрөг, 2019.06.01-нээс 2020.02.06-ны өдрийг хүртэл үндсэн хүүд 45,492,277 төгрөг, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүү 3,272,214 төгрөг, нийт 251,803,769 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 251,803,769 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.С ын хувьд 300,000,000 төгрөгийн зээл авсан талаар болон барьцаанд нэхэмжлэгчийн талаас дурдсан эд хөрөнгүүдийг тавьсан талаар маргахгүй. Уг нь эхлээд 600 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгө нэмэгдүүлж гэрээ байгуулж байсан байдаг. Гэхдээ энэ нь 300 сая төгрөг болсон, тийм учраас бизнес нь төлөвлөсөн хэмжээндээ хүртэл явж чадаагүй, доголдол үүссэн бөгөөд зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Бид зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 96,960,722.0 төгрөг, үндсэн хүүнээс 89,735,409.36 төгрөг төлсөнд маргахгүй. Гагцхүү бид зээлийн тооцоолол дээр маргаантай байна. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүү 5,337,260 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь нэмэгдүүлсэн хүү гэдэг бол хариуцлагын шинжтэй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн хүүгээс нэг удаа тооцож авах ойлголт. Гэтэл нэхэмжлэгч нь графикт хугацаа зөрчигдсөн гэж үзэж нэмэгдүүлсэн хүү авсныг зөвшөөрөхгүй. Энэ 5,337,260 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа 2019.06.07-нд дууссан. Хариуцагч Ц.С нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019.06.25-наас 2019.10.31-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн төлөлтөөр 22,877,827 төгрөг төлсөн, үүнийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасах байтал үндсэн хүүнээс хассаныг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн тооцооллоор: үндсэн зээлийн үлдэгдэл 203,039,278 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 22,877,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд авсан 5,337,260 төгрөг, нийт 28,215,187 төгрөгийг хасаж, 174,824,980 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл байх ёстой гэж үзсэн. Тиймээс 174,824,980 төгрөгөөс хүү тооцогдох учиртай, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэв.

Харин хариуцагч С.Б гийн хувьд хэдийгээр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч мөнгийг банкнаас хүлээн аваагүй, авсан хүн нь өөрөө төлж, барагдуулах ёстой. Тэгээд ч зээлийн зориулалт болох бизнест оролцож байгаагүй, банк түүнтэй огт харьцаж байгаагүй, зээлийн үүрэг зөрчигдсөн талаар, зээлийг төлөх талаар түүнээс шаардаж байгаагүй болно. Иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай нэг ашиг сонирхолтой байгаа. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэхдээ нэхэмжлэгчээс гуравдагч этгээдээр тодорхойлсон. Зээлийн мөнгийг С констракшн ХХК аваагүй учир зээлийг төлөхгүй. Харин барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ойлгож байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч Ц.С , С.Б нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 251,803,769 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, бид зээлдэгч нарын хэнээс нь ч нэхэх эрхтэй учир хоёуланг нь хариуцагчаар тодорхойлсон, тэрээр зээлийн гэрээний дагуу төлөлт хийж байгаад, удалгүй график зөрчин үүргээ биелүүлэхгүй болсон бөгөөд, банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн тооцоолол зөв, тийм учраас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байх бөгөөд хариуцагч Ц.С нь 300 сая төгрөгийн зээл авсан, зээлийн төлөлт хийсэн үнийн дүн дээр маргахгүй, гагцхүү зээлийн тооцоололд маргаантай, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлөлт, зээлийн гэрээний дагуу график зөрчсөн гэж авсан нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасч тооцох ёстой, тиймээс үндсэн зээлийн үлдэгдлийг 174,824,980 төгрөг гэж үзэж, үүнээс хүү тооцож төлөхийг зөвшөөрнө, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж,

хариуцагч С.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас өөр үйлдэл хийгээгүй, зээлийг аваагүй, банк түүнээс шаардаж байгаагүй, төлөлт хийж байгаагүй, тийм учраас хариуцагч биш, зээлийг төлөхгүй гэж тус тус мэтгэлцсэн.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С констракшн ХХК нь зээлийг аваагүй учир төлөхгүй, харин барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байгааг ойлгож байгаа гэж тайлбарласан.

 

Ц.С , С.Б , С констракшн ХХК нь КБ ХХК-тай 2017.06.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22,8%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан байх бөгөөд,

2017.06.07-ны өдрийн 3016-2017/68-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /барьцаалбартай/-гээр хариуцагч Ц.С ын өмчлөлийн Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 34-р байрны 1 тоот хаягт байрших 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-07 дугаартай орон сууц, Дорноговь аймаг, Замын Үүд сум. 1-р баг, 34-р байрны 2 тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714 дугаартай орон сууцыг,

2017.06.08-ны өдрийн 3016-2017/68-2 дугаар барьцаалбаргүй барьцааны гэрээгээр хариуцагч Ц.С ын өмчлөлийн Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1-р баг, 2-р хэсэг, 14-р байрны дэргэд байрлах хаягт байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-07 дугаартай хувийн орон сууц, Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 2-р хэсэгт байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 0002 дугаартай, 10057 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,

2017.06.08-ны өдрийн 3016-2017/68-3 дугаар барьцаалбаргүй барьцааны гэрээгээр С констракшн ХХК-ийн Баянгол дүүрэг, 20-р хороо, Монроуд ХХК-ийн урд талд байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 000304743 дугаартай, 80 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалж, гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болжээ.

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.С т 2017.06.07-ны өдөр 54,000,000 төгрөгийг, 2017.06.13-ны өдөр 246,000,000 төгрөгийг, нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Ц.С , С.Б нар нь тус гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019.06.07-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 300,000,000 төгрөг, хүүд 93,142,684 төгрөг, нийт 393,142,684 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

Дээрх үүргээс хариуцагч Ц.С , С.Б нар нь үндсэн зээлд 96,960,722 төгрөг, хүүд 89,735,409.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,337,260 төгрөг тус тус төлсөн байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.С , С.Б нар нь зээл төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.2.3-т тус тус зааснаар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу заасан хугацаанд бүрэн төлж дуусгах байтал уг үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн график зөрчигдсөн байх боловч, тэрээр гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019.06.25-ны өдрөөс 2019.10.31-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн төлөлтөөр 22,877,827 төгрөгийг төлж, 2019.10.31-ний өдрөөс хойш огт зээлийн төлөлтийг хийгээгүй, зээлээ төлөхийг нэхэмжлэгч КБ ХХК-иас шаардаж байсан, зээлийн гэрээний хугацаа 2019.06.07-ны өдөр дуусчээ.

 

Дээрх үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээнүүд, хариуцагч нарын зээл хүссэн тухай хүсэлтүүд, зээл хүсэгчийн анкетууд, зээлийн салбар хороо болон зээлийн хорооны хурлын шийдвэрүүд, зээлийн гүйлгээ хийх шийдвэрүүд, зээл, хүүний тооцооллын хүснэгтүүд, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,

452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

30 дугаар зүйлийн 1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 153.4-т барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна,

158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ,

174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч КБ ХХК-нд зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7, барьцааны гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийн төлбөрийг болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч Ц.С , С.Б нар нь зээлийн гэрээнүүдийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10, 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.2.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байна.

 

Тодруулбал, хариуцагч С.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш зээлийг аваагүй, ашиглаагүй, банкнаас шаардаж байгаагүй гэх тайлбар, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар уг зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, хариуцагч С.Б нь зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээж, Ц.С ын хамт зээлийг бүхэлд нь төлөхөөр нэгэнт тохиролцсон, тухайн зээлийг хариуцагч нарын хэнд шилжүүлснээс үл хамаараад 300,000,000 төгрөгийн зээл үл хуваагдах шинжтэй байх бөгөөд нэхэмжлэгч КБ ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар үүргийг хариуцагч нараас бүхэлд нь шаардах эрхтэй тул хариуцагч С.Б гийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 251,803,769 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 2020.02.06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 203,039,278 төгрөг, зээлийн хүү 2019.06.01-ний 2020.02.06-ны өдрийг хүртэл 45,492,277 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,272,214 төгрөг гэж задлан тайлбарлав.

 

Шүүх дээрх тооцооллыг хууль болон гэрээнд заасны дагуу нягталж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020.02.06-ны өдрийг хүртэл тооцвол:

 

1.үндсэн зээлийн үлдэгдэл 174,824,193 төгрөг.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 22,877,827 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь хүүд, мөн график зөрчсөн гэж нэмэгдүүлсэн хүүд 5,337,260 төгрөг, нийт 28,215,085 төгрөг суутган авсан байх бөгөөд гэрээний хугацаа нэгэнт дууссан тохиолдолд шүүх уг 28,215,085 төгрөгийн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 203,039,278 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байх бөгөөд энэ тохиолдолд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан дараалал хамаарахгүй болно.

Түүнчлэн нэмэгдүүлсэн хүү нь хууль зүйн агуулгаараа зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын шинжтэй, нэг удаа төлөх ойлголт бөгөөд гэрээний хугацаанд график зөрчсөн шалтгаанаар нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2.зээлийн хүү 2019.06.07-ны өдрөөс 2020.02.06-ны өдрийг хүртэл 8 сар, 26,573,280 төгрөг /174,824,193 * жилийн 22,8% : 12 сар = 1 сарын хүү 1,9% = 3,321,660 * 8 сар/,

 

3.нэмэгдүүлсэн хүү 5,314,656 төгрөг /26,573,280 * 20%/ байх боловч, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг 3,272,214 төгрөг гэж тооцсон бөгөөд хариуцагч нар гэрээгээр тохиролцсон хариуцлагыг хүлээх үүрэгтэй тул нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар няцаагдав.

 

Иймд нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 204,669,687 /174,824,193 төг + 26,573,280 төг + 3,272,214 төг/ гэж тооцогдсон тул хариуцагч Ц.С , С.Б нараас 204,669,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,134,082 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал зээлийн тооцооллыг буруу хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ц.С , С.Б нар нь зээлийн гэрээний дагуу 204,669,687 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 1,487,169 /1,416,969+70,200/ төгрөг төлөх байтал 1,617,637 төгрөг төлсөн байх тул, түүний илүү төлсөн 130,468 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.С , С.Б нараас 204,669,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,134,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.С , С.Б нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч КБ ХХК-ийн барьцаанд байгаа, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С констракшн ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн:

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 34-р байрны 1 тоот хаягт байрших 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-07 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум. 1-р баг, 34-р байрны 2 тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-07 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1-р баг, 2-р хэсэг, 14-р байрны дэргэд байрлах хаягт байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-07 дугаартай хувийн орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 2-р хэсэгт байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 00 дугаартай, 100501887 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- Баянгол дүүрэг, 20-р хороо, Монроуд ХХК-ийн урд талд байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 00 дугаартай, 8023/5196 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч КБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,617,637 /1,364,462+70,200+182,975/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 130,468 төгрөгийг буцааж, хариуцагч Ц.С , С.Б нараас 1,251,498 /1,181,298+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА