Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1186

 

“К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00859 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-, С.Б-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 251 803 769 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Ц.Ган-Од, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Ц.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С-, С.Билгүүндалай, “САНБИ констракшн” ХХК нар нь тус банктай 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3016-2017/68 тоот зээлийн гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3016-2017/68-1, 3016-2017/68-2, 3016-2017/68-3 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 300.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан билээ. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 34 дүгээр байрны 1 тоот хаягт байрших 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000405 дугаартай орон сууц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 1 дүгээр баг, 34 дүгээр байрны 2 тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000458 дугаартай орон сууц, Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 14 дүгээр байрны дэргэд байрлах хаягт байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000205 дугаартай хувийн орон сууц, Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 2 дугаар хэсэгт байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 000488592 дугаартай, 100501887 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Монроуд” ХХК-ийн урд талд байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 000304743 дугаартай, 8023/5196 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч Ц.С-, С.Б-нар нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 96.960.722 төгрөг, үндсэн хүүнээс 89.735.409,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 5.337.260,60 төгрөг нийт 192.033.391,96 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байсан учир тус банк нь удаа дараа зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж байсан. Хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 451, 453, 242.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний оролцогч нараас Ц.С-, С.Б-нарыг хариуцагчаар тодорхойлж, тэднээс зээлд 203.039.278 төгрөг,  хүүд 36.741.005 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.521.960 төгрөг, нийт 241.302.244 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Харин бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ныг хүртэл хугацаанд зээлийн хүү 8.751.272 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 1.750.254 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингээд эцсийн байдлаар тооцвол: зээлийн үлдэгдэл 203.039.278 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үндсэн хүүд 45.492.277 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.272.214 төгрөг, нийт 251.803.769 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 251.803.769 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.С-ын хувьд 300.000.000 төгрөгийн зээл авсан талаар болон барьцаанд нэхэмжлэгчийн талаас дурдсан эд хөрөнгүүдийг тавьсан талаар маргахгүй. Уг нь эхлээд 600.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгө нэмэгдүүлж гэрээ байгуулж байсан байдаг. Гэхдээ энэ нь 300.000.000 төгрөг болсон, тийм учраас бизнес нь төлөвлөсөн хэмжээндээ хүртэл явж чадаагүй, доголдол үүссэн бөгөөд зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Бид зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 96.960.722 төгрөг, үндсэн хүүнээс 89.735.409,36 төгрөг төлсөнд маргахгүй. Нэхэмжлэгч нь графикт хугацаа зөрчигдсөн гэж үзэж нэмэгдүүлсэн хүү авсныг зөвшөөрөхгүй. Энэ 5.337.260 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Хариуцагч Ц.С- нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн төлөлтөөр 22.877.827 төгрөг төлсөн, үүнийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасах байтал үндсэн хүүнээс хассаныг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 203.039.278 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 22.877.827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд авсан 5.337.260 төгрөг, нийт 28.215.187 төгрөгийг хасч, 174.824.980 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл байх ёстой гэж үзсэн. Тиймээс 174.824.980 төгрөгөөс хүү тооцогдох учиртай, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.

Харин хариуцагч С.Билгүүндалайгийн хувьд хэдийгээр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч мөнгийг банкнаас хүлээн аваагүй, авсан хүн нь өөрөө төлж, барагдуулах ёстой. Тэгээд ч зээлийн зориулалт болох бизнест оролцож байгаагүй, банк түүнтэй огт харьцаж байгаагүй, зээлийн үүрэг зөрчигдсөн талаар, зээлийг төлөх талаар түүнээс шаардаж байгаагүй болно. Иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “САНБИ констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай нэг ашиг сонирхолтой байгаа. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэхдээ нэхэмжлэгчээс гуравдагч этгээдээр тодорхойлсон. Зээлийн мөнгийг “САНБИ констракшн” ХХК аваагүй учир зээлийг төлөхгүй. Харин барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ойлгож байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.С-, С.Б-нараас 204.669.687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 47.134.082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.С-, С.Б-нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн барьцаанд байгаа, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “САНБИ констракшн” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн:

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 34-р байрны 1 тоот хаягт байрших 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000405 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум. 1-р баг, 34-р байрны 2 тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000458 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1-р баг, 2-р хэсэг, 14-р байрны дэргэд байрлах хаягт байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000205 дугаартай хувийн орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 2-р хэсэгт байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 000488592 дугаартай, 100501887 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Монроуд” ХХК-ийн урд талд байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 000304743 дугаартай, 8023/5196 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К банк” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 1.617.637 / 1.364.462 + 70.200 + 182.975 / төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 130,468 төгрөгийг буцааж, хариуцагч Ц.С-, С.Б-нараас 1.251.498 / 1.181.298 + 70.200 / төгрөгийг гаргуулж Нэхэмжлэгч “К банк” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр 2020 оны 02 дутаар сарын 06-ны хооронд зээлдэгчээс үндсэн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөрт хэсэгчлэн төлсөн төлбөрийн нийт дүн 25.999.000 төгрөг байх бөгөөд 203.039.278 төгрөгөөс 25.999.000 төгрөгийг хасвал зээлийн үлдэгдэл 177.040.278 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нь зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлсөн төлбөрийг хэсэгчлэн төлсөн өдрөөр нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс тухай бүрт нь хасч Монгол банкны "Банкны хүү бодох аргачлал"-аар хүүг тооцвол дараах байдалтай байна. Зээл авснаас хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл зээлдэгч нь 300.000.000 төгрөгийн зээл аваад үндсэн зээлээс 122.959.722 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 177.040.278 төгрөг байхаас гадна зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн хүүн дээр зээлийн гэрээний хутацаа дууссанаас хойш бодогдсон үндсэн хүүг нэмж тооцоход төлөх үндсэн хүүний дүн 65.368.120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5.792.990 төгрөг байна. Ийнхүү зээлдэгчээс төлөх зээлийн үндсэн өр,   хүү, нэмэгдүүлсэн хүү / 177.040.278 + 65.368.120 +5.792.990/ нийт 248.201.388 төгрөг төлөхөөр байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 248.201.388.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцсон, нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар төлүүлсэн 5.337.260 төгрөг, Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дагуу эхний ээлжинд үндсэн зээл төлүүлэх ёстой байхад хууль зөрчиж зээлийн хүүд 22.877.827 төгрөгийг ийнхүү төлүүлсэн нь тус тус хууль бус байсныг шүүх хуулийн дагуу хүүний болон нэмэгдүүлсэн хүүний нийлбэрээр нийт 28.215.187 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага дахь үндсэн зээлээс хасч, хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаараа гаргаагүй шаардлага буюу түүний өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг нь шүүх өөрөө тооцож, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний шаардлагыг нь ийнхүү нэмэгдүүлж тодорхойлон 26.573.280 төгрөгийн зээлийн хүү, 3.272.214 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 29.845.494 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн болно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Билгүүндалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн С.Б-нь тус банктай харилцаж байгаагүй, мөн зээл авах хүсэлт гаргаагүй, зээлийн мөнгөнөөс огт аваагүй, ашиглаагүй, иргэн С.Б-зээл хүссэн, С.Билгүүндалайд зээл олгох гэсэн үг өгүүлбэр байхгүй учир түүнд зээл олгоогүй. Зөвхөн зээлийн гэрээнд гарны үсэг зурсан тал хариуцагч гэж үзэж байгаа нь хууль бус, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Зээлдэгч иргэн Ц.С- болон иргэн С.Б-нь хамтран ажиллаж байгаагүй болохоо илэрхийлсэн, зээлийг мөн Ц.С- зөвхөн өөрөө авч хэрэглэсэн болохоо илэрхийлсэн байдаг болно. Гол маргааны асуудал нь банк зээлдэгч Ц.С-ыг хууран мэхэлсэн буюу Хаан банкны харилцагч Ц.С-ыг К банк харилцагчаа болгохын тулд тухайн Хаан банкиндаа 300.000.000 төгрөгийн зээлтэй, зээлэндээ зөвхон өөрийн хөрөнгөө барьцаалсан, зээлээ хэвийн төлөөд явж байхад нь уг зээлийг нь бүрэн төлүүлээд " ...зээлийн дүнг нъ нэмэгдүүлж 600.000.000 төгрөгийн зээл болгож өгнө" гэж өөрийн банк руу татсан, үүнийхээ төлөө барьцаагаа нэмэгдүүл гэж шаардсаны дагуу "иргэн С.Билгүүндалайгийн компанийн нэр дээр байдаг газар эзэмших эрхийг барьцаалах зорилгоор уг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан" энэ үйл баримтуудыг шүүх бодитойгоор хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтын хүрээнд  үнэлж дүгнээгүй, С.Б-зээл аваагүй, хариуцагч биш гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч Ц.С-, С.Б-нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 251.803.769 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч К банк нь хариуцагч Ц.С- болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б-болон “САНБИ констракшн” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3016-2017/68 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ц.С-т 300.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй  зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон байна./ хх-ийн 7-10 /

 

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ц.С-ын өмчлөлийн Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1 дүгээр баг, 34 дүгээр байрны 1 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбай бүхий, Ү-0714000405 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууц, Дорноговь аймаг, Замын Үүд сум. 1 дүгээр баг, 34 дүгээр байрны 2 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбай бүхий, Ү-0714000458 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг барьцаалсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 3016-2017/68-1 тоот гэрээг, Ц.С-ын өмчлөлийн Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 14 дүгээр байрны дэргэд байршилтай, 80 м.кв талбай бүхий, Ү-0714000205 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууц, Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1 дүгээр баг, 2 дугаар хэсэгт байрших 80 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай, гэрчилгээний 000488592 дугаартай, 100501887 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газрыг барьцаалсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 3016-2017/68-2 тоот гэрээг, “САНБИ констракшн” ХХК-ийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Монроуд” ХХК-ийн урд талд байршилтай, 4107 м.кв талбай бүхий, 5 жилийн хугацаатай,  гэрчилгээний 000304743 дугаартай, 8023/5196 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхийн газрыг барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны 3016-2017/68-3 тоот гэрээг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус тус байгуулж улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 11-22/ Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсанд маргаагүй болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хариуцагч нь үндсэн зээлээс 96.960.722 төгрөг, үндсэн хүүнээс 89.735.409,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 5.337.260,60 төгрөг нийт 192.033.391,96 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч “Капитронбанк” ХХК хариуцагч Ц.С-, С.Б-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 177.040.278 төгрөг, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү 65.368.120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.792.990 төгрөг, нийт 248.201.388 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Хариуцагчийн тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 203.039.278 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 22.877.827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд авсан 5.337.260 төгрөг, нийт 28.215.187 төгрөгийг хасч, 174.824.980 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл байх ёстой гэж үзсэн. Тиймээс 174.824.980 төгрөгөөс хүү тооцогдох учиртай, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй...” гэж тайлбар гаргаж байгаа боловч ийнхүү тооцсон хүүгийн тооцооллыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарь болон нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцооллыг баримтаар няцааж чадаагүй байна.

Талууд зээлийн гэрээний 4.10-д зээл, хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцсэн.

 

Түүнчлэн, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр С.Б-болон “САНБИ констракшн” ХХК оролцож, хамтран үүрэг гүйцэтгэхээр зээлийн гэрээний 2.1.12-т заалтаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00859 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.С-, С.Б-нараас 248.201.388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитронбанк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 602 381 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “1 251 498” гэснийг “1 469 157” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 392 377,47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 375 609 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

                                                          ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ        

                                                                                                            Н.БАТЗОРИГ