| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2020/0026/Э |
| Дугаар | 290 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 290
2020 3 10 2020/ДШМ/290
Л.М-, Ш.А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Л.М-, Ш.А- нарт холбогдох эрүүгийн 1905043411240 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Ш.А-, 19.. оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл ............. хамт Хан-Уул дүүргийн .......... хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............ /;
2. Боржигон овгийн Л.М-, 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Сүхбаатар дүүргийн .......... хороо, .......... тоотд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла зочид буу”длаас иргэн Э.Н-ийн эзэмшлийн “Redmi note-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ш.А- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Redmi note-7” загварын гар утсыг Л.М- нь бусдаас хулгайлан авсныг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Ш.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ш.А-ыг Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Л.М-г 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Ш.А-ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.М-, Ш.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Л.М-, Ш.А- нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.М-, Ш.Ар- нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Л.Мөнхтуяа, Ш.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зан үйлээ засах албадлагын арга хэмжээний төрөл болох үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах” талаар мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ тусгана” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” зочид буудлаас иргэн Э.Н-ийн эзэмшлийн “Redmi note-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.А- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Redmi note-7” загварын гар утсыг Л.М- нь бусдаас хулгайлан авсныг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 34-35/,
“Тэнцвэр Эстимтэйт” ХХК-ийн “Redmi note-7” гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх 18-21/,
Хохирогч Э.Н-ийн “... Тэгээд хэсэг хугацааны дараа У- гэгч нь нойр хүрээд байна гээд орон дээр хэвтээд өгсөн. Тэгсэн удалгүй Ариунжаргал, Ундрах нар явлаа гэхээр нь би “тэг тэг та 2 одоо харь” гэж хэлээд би У-ийн хажуугаар ороод хэвтээд өгсөн. Тэгээд ямар нэгэн зүйл санахгүй байна... Би орон дээр хэвтэхдээ хажуудаа дуу тавиад унтсанаа санаж байна...” /хх-6/,
“...Redmi note 7” гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол санал, хүсэлт байхгүй... Уг хоёр эмэгтэйд хуулийн дагуу арга хэмжээ аваарай гэж хүсэж байна.” /хх-7/,
Гэрч М.Г-ийн “... А- гэдэг хүн РД:ТЯ97011603 гэсэн регистрийн дугаартай бичиг баримтаар 250.000 төгрөгөөр тавьсан. А- гэдэг хүн хоёулаа явж байсан. Дагаж явсан хүн нь М- гэж нэрээ надад бичүүлж байсан...” /хх-14/,
Л.М-ийн яллагдагчаар өгсөн “... Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор нь би Нандиа эгчийн хажууд байсан гар утсыг хулгайлан авсан. Ингээд А- эгч бид хоёр өглөөний 07 цаг 30 минутын үед буудлаас гараад CU орж юм идсэн... Та ч гар утсаа ломбарданд тавьсан, би ч гар утсаа ломбарданд тавьсан юм чинь Нандиа эгчийн гар утсыг ломбарданд тавиад би утсаа аваад үлдэгдэл мөнгийг нь та ав гэж хэлэхэд А- эгч тэгье гээд Бичил хорооллын аркны ойролцоо байрлах “Силвер” ломбарданд 250.000 төгрөгөөр А- эгчийн бичиг баримтаар тавьсан бөгөөд гар утас буцаан авах дээр би өөрийнхөө овог, нэр, регистрийг бичүүлсэн. 143.000 төгрөгөөр би өөрийнхөө “Iphone-6” маркийн гар утсыг авч, 30.000 төгрөгийг А-д өгч, үлдэгдэл мөнгөөр нь бид хоёр идэж уугаад дуусгасан...” /хх-40/,
Л.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Тэр үед Нандиа эгч хажуудаа гар утсаа тавьсан байсан. Тэр гар утсыг хараад авч гараад явсан. Буудлаас гараад юм идчихээд өдөр А- эгчтэй яриад гар утсыг ломбарданд тавьсан.” /хх-82/,
Ш.А-ын яллагдагчаар өгсөн “...Хоёулаа Нандиа эгчийн гар утсыг ломбарданд тавиад өөрсдийнхөө гар утсыг авъя гэхээр нь би тэгье гэж хэлээд дэмжсэн. Бичил хорооллын аркны хажууд байрлах “Силвер” ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан ба 143.000 төгрөгөөр М- өөрийнхөө гар утсыг авч, 30.000 төгрөгийг авч, үлдсэн мөнгийг бид хоёр идэж уугаад дуусгасан...” /хх-45/,
Ш.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Тэр өдөр М-тай уулзаад манайд хонохоор ярьсан байсан. Тухайн үед Нандиа анх гар утсаа аваад яв гэж У-д хэлсэн гэж байсан. Тэгээд дараа нь өгөөгүй гэж байсан. Тэгээд маргааш нь гар утас авсан гэж байсан.” /хх-82/ гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ш.Ариунжаргалыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан”, Л.Мөнхтуяаг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Л.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ш.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “... зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.А-, Л.М- нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хүн тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ш.А-, Л.М- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулйн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэсэн заалтыг орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн прокурор Г.Ганхөлөгийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч Л.М-, Ш.А- нарт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг сануулсугай” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ