Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00209

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00209

 

 

 

О.Буянтогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01312 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1246 дугаар магадлалтай,

 

О.Буянтогтохын нэхэмжлэлтэй,

Талх чихэр ХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Буянтогтох нь хариуцагч Талх чихэр ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01312 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Талх чихэр ХК-ийн бүсийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай О.Буянтогтохын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар О.Буянтогтохын нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1246 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Буянтогтохыг Талх чихэр ХК-ийн бүсийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,457,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсэгт 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан О.Буянтогтохын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговроос тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Талх чихэр ХК-д даалгасугай. гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж, тогтоох хэсгийн заалтын дугаарын 2 гэснийг 3, 3 гэснийг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.03-ны өдрийн 184/ШШ2021/01312 дугаар шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2021.08.13-ны өдөр болж 1246 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1246 дугаар магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Буянтогтохын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа үндэслэл муутай байсан ба хариуцагч Талх чихэр ХК нь нэхэмжлэгч О.Буянтогтохын туршилтын хугацаагаар ажиллах Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахаас татгалзсан болох нь баримтуудаар тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 231.1, 232.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, ажилтныг ажилд авахдаа мэргэжил ур чадвар, ажлын дадлага туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор 3 хүртэлх сарын хугацаагаар туршилтаар ажиллуулж болохыг хуульчилсан байдаг. Тодруулбал, ажилтан тухайн ажлын байранд тохирох эсэхийг гагцхүү ажил олгогч өөрөө тодорхойлох эрхийг хуулиар олгосон заалт гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн зүгээс туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй ба 3 сарын хугацаа нь дуусгавар болсон тул цаашид хугацаагүй гэрээгээр сунгах шаардлагагүй гэж үзэн шийдвэрийг гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалт нь тус хуулийн 231 дүгээр зүйлийн заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэг /байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй/, 23.2.2 дахь хэсэг /энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай/ гэж тус тус заасан байх ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг /Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцпах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаас үзэхэд 23.3 дахь заалт нь 23.2.1 дэх заалтыг зохицуулсан хуулийн заалт гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Буянтогтох нь үндсэн ажилтнаар Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хэрэв харилцан тохиролцсоны үндсэн дээр үндсэн ажилтнаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаад гэрээний хугацаа дууссан тохиолдолд тус хуулийн 23.3-т заасан заалтыг баримтлах учиртай гэж үзэж байна. 23.3 дахь хэсэг нь зөвхөн 23 дугаар зүйл дотрох тодорхой заалтуудыг зохицуулах зарчмаар оруулсан заалт гэж үзэж байна. Нэхэмжлэгч О.Буянтогтох нь туршилтын хугацаа дууссаны дараагаар үргэлжлүүлэн ажил хийгээгүй бөгөөд түүнийг ажиллаагүйг нотлох баримт цагийн бүртгэл зэрэг нь хавтаст хэрэгт хангалттай авагдсаар байтал нэхэмжлэгчийг ...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна... гэх үндэслэл нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээний 3.2-т талууд гэрээний хугацааг дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэн санал тавиагүй бол гэсний дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд урьдчилан амаар мэдэгдсэн байдаг бөгөөд заавал бичгээр мэдэгдэх ёстой гэсэн хуулийн хуульчилсан зохицуулалт байхгүй. Гэтэл магадлалд ..хуульд заасан хугацаанаас өмнө болон хойно гэрээг цуцлах санал гаргах эрхийг ажил олгогч эдлэх нь гэрээний тэгш байдалд нийцэхгүй юм... гэж тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг хугацаа дуусахаас өмнө эсхүл хойно ямар нэгэн тогтоосон хугацаанд мэдэгдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байгаагаас үзэхэд хариуцагчийн зүгээс хууль тогтоомж зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлгүй байна. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг тус хуулийн 231 дүгээр зүйл заалтад хамаатуулан тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй туршилтын хугацааны гэрээний хугацаа дууссаны үндсэн дээрээс дахин цаашид сунгахгүй талаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн шийдвэр гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Тиймээс давж заалдах шатны шүүхийн 2021.08.13-ны өдрийн 1246 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцээд гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгч О.Буянтогтох нь хариуцагч Талх чихэр ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх О.Буянтогтохын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч О.Буянтогтохыг Талх чихэр ХК-ийн бүсийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,457,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговроос тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Талх чихэр ХК-д даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

8. Нэхэмжлэгч О.Буянтогтох нь туршилтаар ажиллах 3 сарын хугацаа 2021.02.06-ны өдөр дуусгавар болоход гэрээг цуцлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээ сунгагдсан, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэх энэ үндэслэлээ эрх бүхий этгээдийн дүгнэлтээр баталгаажуулаагүй, жирэмсэн болсныг мэдээд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал бий болгосон гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна.

 

9. Хэргийн баримтаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг 2020.11.06-ны өдөр 3 хүртэлх сарын хугацаатай байгуулж, О.Буянтогтох нь Талх чихэр ХК-ийн бүсийн менежерийн албан тушаалд ажиллах, Талх чихэр ХК нь сар бүр 800,000 төгрөгийн цалинг олгохоор харилцан тохиролцсон, энэ өдрөөс нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын байранд ажилласан байна.

 

Талх чихэр ХК-ийн Хүний нөөцийн алба 2021.02.16-ны өдөр хуралдаж, ажилтан О.Буянтогтохын ажлын тайланг хэлэлцэн түүнтэй байгуулсан гэрээний хугацааг сунгахаас татгалзсан болох нь зохигчдын тайлбар, хурлын тэмдэглэл баримтуудаар тогтоогдсон.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг маргааны үйл баримтад өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна.

 

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

... Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох бөгөөд ажилтан О.Буянтогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуульд зааснаар сунгагдсан гэж үзнэ. ...хуульд заасан хугацаанаас өмнө болон хойно гэрээ цуцлах санал гаргах эрхийг ажил олгогч эдлэх нь гэрээний тэгш байдалд нийцэхгүй, ... гэрээг сунгахгүй талаар ажилтанд урьдчилан мэдэгдсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.2.2-т заасныг баримталсан нь тайлбар, татгалзлынх нь үндэслэлд тохирохгүй, ... ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

12. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь туршилтын хугацаагаар ажилтныг ажилд авах эрхтэй буюу Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох бөгөөд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. Харин хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох-оор зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх ...ажилтан тухайн ажлын байранд тохирох эсэхийг хөндлөнгийн аливаа этгээдийн дүгнэлтээр бус гагцхүү ажил олгогч өөрөө тодорхойлох эрхийг хуулиар олгосон, нэхэмжлэгч О.Буянтогтох нь хариуцагч байгууллагад 2020.11.06-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар ажиллахаар харилцан тохиролцсон, гэрээний хугацаа дуусгавар болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болно. ... маргааныг шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг буюу нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан 40.1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн зохицуулалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухайд ажилтанд мэдэгдэх, ажилтан мэдсэн байх ёстой боловч мэдэгдлийн хэлбэрийг тусгайлан заагаагүй байна.

 

Анхан шатны шүүх ...О.Буянтогтох нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хүний нөөцийн албаны дарга Наранцацрал гэгч эмэгтэй 2021.01.10-нд дуудан маргааш ажлаа өгөхийг сануулсан ...1 сарын сүүлээр дуудаад ахин ажлаа өгөхийг сануулсан..., ... тайлан тавиулахгүй ямар үндэслэлээр гэрээ сунгагдахгүй болж байгаа юм бэ гэсэн... гэх тайлбараас үзвэл ажил олгогч гэрээний хугацааг сунгахгүй гэдгээ мэдэгдсэн, ажилтан энэ талаар мэдсэн байна гэж дүгнэсэн.

 

...ажил олгогч гэрээг цааш сунгахгүй талаар урьдчилж ажилтанд мэдэгдсэн буюу хүсэл зоригоо илэрхийлсэн, хуулийн шаардлагыг биелүүлсэн байх тул ажилтны тайланг хэлэлцэж, 2021.02.19-ний өдөр тушаал гаргасан нь хөдөлмөрийн харилцааг цаашид үргэлжилсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт нь ажил олгогч нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах тохиолдлыг зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх ...ажил олгогч нь ажилтан О.Буянтогтохыг ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үндэслэл бий болсон тул хариуцагчийг хууль зөрчиж, О.Буянтогтохыг ажлаас халсан гэж үзэх боломжгүй тухай дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1246 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН