Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 323

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.О нарыг оролцуулан хийж, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0461 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4, 23 дугаар зүйлийн 23.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.О-г урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.О-д 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 12 сар, 5 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 8.000.224 /найман сая, хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0461 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн

Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хорооны Хурлын хувьд иргэдээс сонгогдсон төлөөлөгч гэж байдаггүй, сонгуулийн насны иргэн бүр оролцох боломжтой байдаг тул уг хуулийн заалтад хуралдааны ирцийг 20-30 өрх тутмаас нэг иргэн төлөөлж оролцсоноор хүчинтэйд тооцохоор заасан бөгөөд тус 4 дүгээр хорооны 4469 өрхийн 14691 иргэнийг 148 буюу 10 хувь нь төлөөлж тухайн хорооны нийгэм, эдийн засгийн болон Засаг даргыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр хуульд заагаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэсэн заалт нь хорооны хуралд сонгуулийн насны иргэн бүр оролцож болох болон хурлын хүчинтэйд тооцох тухай зохицуулалт байна. Нэг өрхөөс хэдэн ч хүн хуралдаанд оролцож болохыг хуулиар зөвшөөрсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Хурал болсон 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 4 дүгээр хороо нь 4469 өрх бүртгэлтэй байсан бөгөөд хуулийн дээрх заалтаар тооцоход 148 хүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох боломжтой байна. Анхан шатны шүүх нэр бүхий 13 иргэн өөр хаягт албан ёсны бүртгэлтэй, нэр бүхий 5 иргэн хуралдаанд суугаагүй гэж мэдүүлэг өгсөн, 1 өрхөөс тус хуралд 2 буюу түүнээс дээш иргэн оролцсон, дүрс бичлэгээр 165 иргэн оролцсон нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, хурал болох үед иргэдийн иргэний үнэмлэх, хаягийг шалгаад хуралд оролцох боломжтой гэж үзсэн учраас хурлыг хуралдуулсан байх ба иргэн бүрийг нэг өрхөөс ирсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд тийм үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх хурлын зарыг албан ёсоор боломжит хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдээгүй Засаг даргад тайлангаа тавих боломж олголгүй, хуралдаж, шууд огцруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн үндэслэлгүй. Учир нь, хэрэгт нэхэмжлэгчид зар хүргүүлсэн тухай баримтыг үнэлж үзсэнгүй. Уг асуудлаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хариуцагч 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын “...хэсгийн ахлагч нар зар тараасан, олон нийтийн гудамж талбайд зар тавьсан. Д.О-д зарыг утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, мессэж үлдээсэн... Засаг дарга тайлангаа тавих үүрэгтэй гэдгээ мэдэж байх ёстой. Өмнөх 3 жилд тайлангаа тавьж байсан” гэх тайлбар, тухайн хуралдаанд 165 иргэн оролцсон зэргээс үзвэл Д.О-г хуралдааны зар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн.

Хурлын зарыг нэхэмжлэгчид мэдэгдсээр байхад нэхэмжлэгч хуралд ирж, өөрийнхөө хийсэн ажлыг иргэддээ тайлагнаагүй учраас иргэдээс сонгогддог албан тушаалтны хувьд иргэдийн саналын дагуу шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй. Мөн тухайн хэргийг анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байхад шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хариуцагч талын буруутай үйлдэл биш байхад маргаан бүхий акт гарсан хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл огноогоор ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож олгосон нь үндэслэлгүй байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22/МА2017/0461 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г 4 дүгээр хорооны Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байна.

Нэхэмжлэгч Д.О нь дээрх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаагүй байж тогтоол гарган “Д.О чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж дүгнэсэн, ...хурлын ирц хуульд заасан шаардлагыг хангаагүй, хурлын зарыг надад мэдэгдээгүй, миний ажлын тайланг хэлэлцэж дүгнээгүй байж огцруулах шийдвэр гаргасан” гэж тодорхойлон маргажээ.    

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захиргааны актууд хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид  2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, 03 дугаар тогтоолоор “...Засаг дарга Д.О-г чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж дүгнэн, хорооны иргэдийн нийтийн Хурлыг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар тогтоожээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтаар хорооны нийтийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн хорооны сонгуулийн насны иргэн  оролцохоор,  хорооны  20-30  өрх  тутмаас  тус  бүр  нэг  хүн  хүрэлцэн  ирсэн тохиолдолд уг хурал хүчинтэйд тооцогдохоор хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаас үзэхэд тус 4 дүгээр хороонд 4469 өрх бүртгэлтэй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд 165 иргэн оролцсон гэж бүртгэл хийгдсэн байх боловч тэдгээрээс 13 иргэн тус хорооны иргэн биш /өөр хаягт албан ёсны бүртгэлтэй/, 5 иргэн хуралдаанд суугаагүй гэж мэдүүлсэн, 14 өрхөөс 39 иргэн ирсэн гэж бүртгэгдсэн зэргээс дүгнэхэд хурлын ирц бүрдээгүй, тухайн Хурлыг ирцийн хувьд хүчинтэйд тооцох боломжгүй болжээ. 

Түүнчлэн тус Хурал энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4-т зааснаар хорооны Засаг даргын тайланг Хурлын хуралдаанаар хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Засаг дарга Д.О-д хуралдааны зарыг албан ёсоор мэдэгдэж хуралд оролцуулаагүй, түүний ажлын тайланг хэлэлцэж дүгнэлт өгөөгүй байж, санал хураалт явуулж “чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн Засаг дарга Д.О-г огцруулах саналыг дүүргийн Засаг даргад уламжлах тухай” шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй байна.

Мөн хариуцагч дүүргийн Засаг дарга нь хорооны Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлэх тухай тогтоолын үндэслэлийг хянаж шалгалгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж шийдвэрлэн мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг зөрчжээ.

 Ийнхүү нэхэмжлэгч Д.О-г үүрэгт ажлаас нь огцруулах үндэслэл болсон захиргааны актууд хууль зөрчсөн нь тогтоогдсон, шүүхүүд маргаан бүхий  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын 03 дугаар тогтоол болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Б/11 дүгээр захирамжуудийг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан 4 дүгээр хорооны Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож зөв шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцагч дүүргийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчид зар хүргүүлсэн тухай баримтыг шүүх үнэлж үзсэнгүй, хурлын зарыг нэхэмжлэгчид мэдэгдсээр байхад нэхэмжлэгч хуралд ирж хийсэн ажлыг тайлагнаагүй, ...Засаг даргыг огцруулах асуудлыг иргэдийн саналын дагуу шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.