Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/01261

 

 

 

 

 

 

 

 

  2020       05          12                                     181/ШШ2020/01261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3-р сарын 07-ны өдрийн 2111 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2016 оны 1-р сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Б  надаас 98 361 514 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар миний өмч болох СБД-ийн 9-р хороо Нуурын 7-р гудамж 68 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Г-2203004165 дугаартай 337 мкв газар, Ү-2203017196 дугаартай 338 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 153/10/06 дугаар бүхий битүүмжилсэн акт дээр үндэслэж 2020 оны 01 сарын 22-ны өдөр 225/16 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч Шинжээч томилон 245.067.800 төгрөгөөр үнэлсэн байна. Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Иргэний Хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасан үндэслэл журмыг зөрчиж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал болох Д.Б  надаас үнийн санал аваагүй байна. Иймд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас тогтоосон 2020 оны 02 сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.Б д холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2016 оны 6 сарын 20-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэртэй

төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч Д.Б  нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Нуурын 7 дугаар гудамж 68 тоот хаягт байршилтай, 338 м.кв талбайтай хувийн сууц, Г-2203004165 дугаарт бүртгэлтэй 337 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 153/10/06 дугаар бүхий битүүмжилсэн актаар битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын  22-ны өдөр 225/16 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3223, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/4315 тоот албан мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр Д.Б-г дуудахад утсаа дуудаад аваагүй.

Мөн оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-68 тоот хаягаар очиход эзэнгүй байсан тул уг хаягаар баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Капитрон банкнаас барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул тус газраас хөндлөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-г  шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 245.067.800 төгрөгөөр үнэлж, үнэлгээг ШШГТХ-н 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Д.Б  нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2016 оноос хойш нэг төгрөг ч төлөөгүй бөгөөд оршин суух хаягтаа байдаггүй, оршин суугаа хаягаа үнэн зөв мэдүүлдэггүй, шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирдэггүй атлаа төлбөрт барьцаалсан барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай бүрт гарч ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа гомдол гаргаж зориудаар саад учруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хугацаа хожих зэргээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Иймд төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш олон жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Д.Б д 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 4/5992, 4/5993 тоот мэдэгдэл /хх-188-189х/-ээр баталгаат шуудангаар хүргүүлж, 2020.02.27-ны өдөр эхнэрийнх нь дүү болох М.Мөнхзулд “Мэдэгдэл” болон хөрөнгийн үнэлгээний тайлан /13хуудас/-г гардуулан өгсөн байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь 2020.03.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрхи хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Д.Б аас 54 811 922 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, мөн тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2111 дүгээр шийдвэрээр Д.Б ас 43 549 592 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, төлбөрийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2203004165 дугаартай гэр бүлийн зориулалттай 337 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-32-39, 42-48х/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Баттулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196, Ү-2203004165 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 153/10/06 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжилжээ. /хх-53-55х/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2020 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасны дагуу эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Д.Б ас 98 397 514 төгрөг гаргуулан төлбөр авагч Капитрон банкинд олгохоор заасан гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Баттулгын өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Уг битүүмжилсэн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг үндэслэн 2020.01.22-ны өдрийн 225/16 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураасан байна. /хх-156-158х/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Б д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3223 тоот албан бичгээр, мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/4315 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлж /хх-161, 163х/, түүний утсанд мессеж бичиж /хх-165-166х/ тус тус мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Д.Б  нь үнийн санал өгөөгүй байна. Төлбөр авагч Капитрон банк нь 2020.02.07-ны өдрийн ГЗ/107 дугаар албан бичиг /хх-164х/-ээр эд хөрөнгүүдийн үнэлгээг шинжээч томилж тогтоолгох хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул төлбөр төлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.

 Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 117 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б  нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019.10.10-ны өдөр гаргасан гомдолдоо оршин суух хаягаа Сүхбаатар дүүргийн 9 хороо, Нуурын 7-р гудамж 68 тоот гэж бичсэн /хх-150х/ байх бөгөөд уг оршин суугаа хаягаа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг нь төлбөр төлөгч Д.Б ас үнийн санал авахаар түүний оршин суугаа хаягаар очиход “эзэнгүй байсан”, утас руу нь залгахад “утас нь дуудаад аваагүй”, түүний утсанд “мессеж бичсэн” боловч Д.Б  нь эргэж холбоо бариагүй тул үнийн санал ирүүлэх мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын төлбөр төлөгч Д.Б ас “үнийн санал аваагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний Олон улсын стандартын дагуу үндсэн 3 аргыг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд 100% ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Баттулгын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Баттулгын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод байрлах, 338 м.кв талбай бүхий хувийн сууц, 337 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 245 067 800 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА