Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00432

 

 

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00432

 

 

 

Гялс төгрөг ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00487 дугаар шийдвэр,

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 218/МА2020/00021 дүгээр магадлалтай,

Гялс төгрөг ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Т.Амгаланд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн, хариуцагч Т.Амгалан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь хариуцагч Т.Амгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Амгалангаас зээлийн гэрээний үүрэгт 6,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Амгалангаас 115,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 218/МА2020/00021 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00487 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.02-ны өдрийн 218/МА2020/00021 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Магадлалын хянавал хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хариуцагч хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргадаггүй боловч гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тухайн гэрээний үндсэн зорилго зөрчигдсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн татгалзлын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахыг хүсчээ. Шүүх маргааны үндэслэл тодруулах зорилгоор хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримт гаргуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдал нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хоёр. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульчилсан. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг хэрэглэсэн атлаа барьцаагаар хангагдах шаардлагын талаар огт дурдалгүй, энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байдал нь маргааны үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна гэх дүгнэлт хийсэн. 2018.01.17-ны өдөр ЗГ/4030 тоот зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу 4,950,000 төгрөгийг хариуцагч Т.Амгалангийн Хаан банкан дахь 5450579280 тоот дансаар хүлээн авсан болохыг Хаан банкны интернэт банкны шилжүүлэг, зээлийн гэрээ болон Гялс төгрөг ХЗХ-ноос Т.Амгаланд зээл олгосон баримт, зохигчдын тайлбаруудаар нотлогддог. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ба уг хэлцэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.02-ны өдрийн 218/МА2020/00021 тоот магадлал нь хэт нэг талыг барьсан, зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрййг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь хариуцагч Т.Амгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,361,942 төгрөг гаргуулах шаардлагаа 6,300,000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, Гялс төгрөг ХЗХ-ны захирал Б.Цэрэнчунт миний нэр дээр энэ зээлийг авсан, би зээлийг авсан даруйдаа шимтгэлийг хасаад Б.Цэрэнчунт руу 4,945,000 төгрөг шилжүүлсэн, ... гэрээ нь Гялс төгрөг ХЗХ-ны зээлийн дүрэм, журмыг зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Т.Амгалангаас зээлийн гэрээний үүрэгт 6,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Анхан шатны шүүх ... зээлийн гэрээ нь иргэн Т.Амгалан, Гялс төгрөг ХЗХ нарын хооронд байгуулагдсан, зээлдүүлэгч нь гэрээний дагуу 4,950,000 төгрөгийг Т.Амгаланд дансаар шилжүүлэн өгсөн байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

 

9. Давж заалдах шатны шүүхээс ...маргааны үндэслэлийг тодруулах зорилгоор хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримт гаргуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдал нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна. Зээлдэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоог төлөөлж зээл олгосон Б.Цэрэнчунт нь Б.Амгалантай зээлийн гэрээг байгуулж, олгосон зээлээ өөрөө авч ашигласан байдалд хариуцагч талаас хадгаламж зээлийн хоршооны дүрэмд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгосон тохиолдолд зөрчил гаргасан этгээдээр нь хариуцуулан төлүүлдэг журамтай гэж тайлбарлах бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нотлох баримт гаргуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтүүд биелэгдээгүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж анхан шатны шүүхийг буруутгасныг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байдал, маргааны үндэслэл тодорхой болоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхээр нотлох баримт бүрдүүлэх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжих суурь нөхцөл нь талууд нотлох баримтад тулгуурлан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

 

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 218/МА2020/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 115,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН