| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2020/01417/И |
| Дугаар | 001/ХТ2022/00517 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2022/00517
| 2022 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 001/ХТ2022/00517 |
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2111 дүгээр магадлалтай,
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 104,430,310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 104,430,310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нараас 31,096,976 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73,333,334 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нараас улсын тэмдэгтийн хураамжид 313,434 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2111 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2111 дугаартай магадлалд дор дурдсан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх 2111 дугаартай магадлал гаргахдаа хэргийн үйл баримтад нийцээгүй дүгнэлт хийж, зээлийн гэрээнээс татгалзах, цуцлах талаарх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нар нь 100,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнест хөрөнгө оруулах зориулалтаар Хас банктай 2019.04.22-ны өдөр 1520021906 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулжээ. Зээлдэгч нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалж, 2019.04.22-ноос 11 сарын 19-ний өдөр хүртэл үндсэн зээлд 9,999,999 төгрөг, зээлийн хүүд 11,734,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7613 төгрөг нийт ... төгрөгийн төлөлт хийсэн боловч Дэлхийн улс орнуудын хэмжээнд болон Монгол Улсын хэмжээнд эдийн засаг, санхүүгийн хямралд орж эхэлсэнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөд бодит хүндрэл гарч ирснээс зээлдэгч нарын төлбөрийн чадвар муугаар нөлөөлж, улмаар 2020 оны 01 сараас дэлхийг хамарсан шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх хөл хорионы дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээний нөхцөл өөрчлөхтэй холбогдуулан зээлийн эргэн төлөлтийн хугацааг 12 сараар буюу 1 жилээр хойшлуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг банк хүлээж аваагүй бөгөөд улмаар гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх зээлдэгчийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай зээлдэгчийн хүсэлтийг банк хүлээж аваагүйгээс зээлдэгчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, Монгол Улсын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоосон үйл баримтыг нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн, зээлдэгчид банк гэрээг өөрчлөх боломжтой эсэх талаар тодорхой хариу өгөөгүй, шийдвэрлээгүйгээр гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардсан Хас банк" ХХК-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн билээ. Харин нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 104,430,310 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн дүнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 16,666,666 төгрөг, зээлийн хүү 14,258,474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,836 төгрөг, нийт 31,096,976 төгрөгийг төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зээлдэгч Хас банктай байгуулсан 2019.04.22-ны өдрийн 1520021906 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний нөхцөлүүдэд заасан зээлдэгчийн эрхээ бүрэн эдлэх, 1520021906 дугаартай зээлийн гэрээний хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах талаар банканд гаргасан хүсэлтийг банкаар хангуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан болно. Хариуцагч тал Хас банк ХХК-тай 2019.04.22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний нөхцөлийг өөрийн буруугаас шалтгаалан зөрчөөгүй, энэхүү Зээлийн гэрээ-нээс татгалзах, цуцлах хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, талууд гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ хуулийн дагуу тэгш эдлэх, хэн алиныг нь хохироохгүй байх эрхэм үүргээ биелүүлэх зорилготой байсан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүйг нотлон мэтгэлцсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нийт 31,096,976 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй буюу гэрээний үүргээ зөрчсөн. Энэ талаар зээлдүүлэгч нэмэлт хугацаа олгосон нь тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагч нараас шүүхийн журмаар гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж хэргийн үйл баримтад нийцээгүй дүгнэлт хийж, зээлийн гэрээнээс татгалзах, цуцлах талаарх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 2111 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
6. Хас банк ХХК нь хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нараас зээлийн гэрээний үүрэгт 104,430,310 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, дэлхий нийтийг хамарсан цар тахалт короновирусын нөлөөллөөр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах явц удааширч, бетон зуурмаг борлуулах ажилд шууд нөлөөлөхүйц саад учирсан. Бидний зүгээс зээлийн төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй. Нэг жилийн хугацаатай хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч банкны зүгээс ямар ч хариу өгөөгүй. Зээлийн төлбөр барагдуулах талаар өөрсдийн байр сав, барьцаа хөрөнгийг зарж борлуулах ажлыг ч банканд тавьсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож байгаа бодит байдалд төр засаг болон Монгол банкны зүгээс гаргасан шийдвэр, тушаалуудыг үндэслэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа журам, дүрмийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх ажиллагааг тодорхой хугацаагаар царцаах, боломжит хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Хас банканд хандаж гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нараас 31,096,976 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73,333,334 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
7. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Зохигч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нар нь 100,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073191 тоот дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 722 дугаар байрны 47 тоот хаягт байрлах 110 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ.
Хариуцагч Ч.Алтан-Очир, Ж.Чулуунбаатар нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүйг нотлон мэтгэлцсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байхад анхан болон давж заалдах шатны шүүх ... хэргийн үйл баримтад нийцээгүй дүгнэлт хийж, зээлийн гэрээнээс татгалзах, цуцлах талаарх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн ... гэжээ.
10. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, зээлийн тооцооллыг зөв тооцон тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн зарим хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
12. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02023 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2111 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 313,434.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН