Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00769

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 103/ШШ2018/00034 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ОНӨААТҮГ-т холбогдох

 

Үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн эрчим хүчний төлбөр 790 961 төгрөг, алдангид төлүүлсэн 508 814 төгрөг нийт 1 299 775 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй Л ХХК, Б ОНӨААТҮГ-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Гэрээ байгуулахдаа барилга байгууламжын төрлөөр, авто угаалга, авто сэлбэгийн дэлгүүр, айл өрх гэсэн гурван хэсэгт хуваан тус тусад нь нэхэмжлэхээр тооцоог бодохоор хийгдсэн бөгөөд ийнхүү төлбөрийг хийдэг байсан. Гэтэл Б ОНӨААТҮГ нь гэрээнд заасан айл өрхийн нэхэмжлэлийг нэхэмжлэгчид нэг ч удаа гаргаж өгөхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сард 1 547 781төгрөгийн торгуулийн хамт нэхэмжлэх өгсөн. Авто угаалга болон сэлбэгийн дэлгүүрийн нэхэмжлэхээр ирсэн тооцоог сар сард нь өгч барагдуулж байсан. Айл өрхийн нэхэмжлэхийг нэг ч удаа өгөхгүй байгаа шалтгааныг лавлахад хариуцсан нягтлантай холбоотой гэсэн. Дулааны эрчим хүчээр хангах гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байтал Б ОНӨААТҮГ нь хүү, алданги тооцсон. Л ХХК-ийн зайрмагны цех нь 2017 оны 5 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, гэтэл 2016 оны 8 дугаар сараас эхлэн айл өрхөөр биш аж ахуй нэгжээр тооцож төлбөр гаргасан. Энэ тухай амаар болон бичгээр нэг ч удаа мэдэгдэж байгаагүйд гомдолтой.Иймд алданги 508 814 төгрөг, зөрүү 790 961 төгрөг нийт 1 299 775 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулж дулааны үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 сараас 2017 оны 8 сар хүртэл дулаан авч хэрэглэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Л ХХК-тай байгуулсан гэрээний 4.2-т зааснаар алданги тооцох үндэслэл болсон. Иймд алданги 508.814 төгрөгийг буцаан гаргуулах боломжгүй. Айл өрхөөр биш аж ахуй нэгжээр бодож дулааны мөнгө илүү авсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолд үндэслээд 2016 оны 11 дүгээр сараас Л ХХК-ийн зайрмагны цехийг м2тооцож эхэлсэн нь хууль зөрчөөгүй, хэрэглэгч байгууллагад хохирол учруулаагүй,нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар хариуцагч Б ОНӨААТҮГ-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн зөрүү 759 654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540 121 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ОНӨААТҮГ-аас 759 654 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 22 782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, хууль бус шийдвэр гаргасан. Талуудын гэрээ 2016 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэл сунгагдсан гэж дүгнэсэн нь бүрэн үгүйсгэгдэж байна. Дулааны эрчим хүчний төлбөрийг илүү бодсон гэх дүгнэлтээ хийхдээ ямар баримтыг үндэслэсэн нь эргэлзээтэй. Шүүх дулааны төлбөрийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан хэрэглэгчийн дулааны тарифд үндэслэж дүгнээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 759 654 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байгааг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Б ОНӨААТҮГ-т холбогдуулан эрчим хүчний төлбөрт үндэслэлгүйгээр илүү суутган авсан төлбөр, алданги нийт 1 299 775 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчид 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний харилцаатай байсан, гэрээндээ дулааны төлбөрийг аж ахуйн нэгж, айл өрх гэсэн байдлаар хувааж төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. / хх-ийн 4-7 дугаар хуудас/ Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүрэг үүссэн байна. Гэрээний 2.11-д хэрэглэгчийн буюу худалдан авагчид үзүүлсэн гэх дулааны эрчим хүчний хэмжээг хангагч сар бүрийн 20-нд хэрэглэгчийн эрх бүхий хүнийг байлцуулан тоолуурын заалт баталгаажуулан бусад холбогдох баримтыг үндэслэн тооцоог хийхээр заажээ. /хх-ийн 4 дүгээр хуудас/

 

Талууд хэрэглэсэн эрчим хүчний хэмжээ, айл өрхийн эсхүл аж ахуйн нэгжийн тарифын алинаар бодох, хичнээн м.кв талбайд, ямар хэмжээний эрчим хүч хэрэглэсэн зэрэг төлбөр тооцооны асуудлаар маргаж байна.

 

Гэрээний 5.4-д хангагч,хэрэглэгчийн хооронд гэрээний үүргийн биелэлт, төлбөр тооцооны талаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч, төлөөлөгчийг урьж хамтарсан магадлан шалгалт явуулах ба дүнг үндэслэн тохиролцон шийдвэрлэх бөгөөд тохиролцоогүй тохиолдолд шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх-ээр зааснаас гадна Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм,эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэжээ.

 

Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д зааснаар Засгийн газар нь эрчим хүч хэрэглэх болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг тогтоохоор байна. Засгийн газраас тогтоосон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7.9 дэх хэсэгт цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. Тооцооны хэмжих хэрэгсэл ба тооцоо үйлдэгч хүмүүсийн буруугаар болон дээрх маргааны эцсийн шийдвэрээр гарсан тооцооны үнийн зөрүүг дараа сарын тооцоонд хоёр талын хамтран үйлдсэн актын үндсэн дээр тусгаж тооцоолно гэж мөн урьдчилан шийдвэрлэх журмыг тогтоожээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсэгт зааснаар хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг шүүх хэрэглэж болох юм.

 

Хэрэгт талууд дээрх хууль, дүрмээр тогтоосон урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэх байдал, тооцооны баримт, нотлох баримтаар авагдаагүй, энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 103/ШШ2018/00034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ОНӨААТҮГ-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 299 775 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ОНӨААТҮГ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ТУЯА

 

Ш.ОЮУНХАНД