Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00560

 

 

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00560

 

 

 

Голомт банк ХХК-ийн Хөвсгөл салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/01488 дугаар шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

Голомт банк ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,343,216 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч *******гийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, Н.Оюун-Эрдэнэ, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,343,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/01488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөрт 33,343,216 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар *******гийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,666 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 324,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэжээ.

 

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1-т гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 31 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Ер нь арилжааны банкууд зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг хийж, бүтцийг шинэчлэх нэрийдлээр зээлийн үндсэн төлбөр дээр хүүгийн төлбөр, алдангийн төлбөрийг нэмж нийт зээлийн үнийн дүнг тооцож, ийнхүү нэмэгдүүлсэн үнийн дүнгээс зээлийн хүүг шинээр тооцож, зээл буцаан төлөх хуваарийг тооцож байгаа нь иргэдэд маш хохиролтой бөгөөд ийм байдлаар өндөр дүнтэй зээлтэй иргэд өрнөөс өрийн дарамтад амьдарсаар байна. Үүний нэг жишээ бол миний үйлчлүүлэгч *******гийн энэхүү зээлийн тохиолдол юм. ******* нь өөрийн төрсөн эгч Д.Ариунаатай хамтран 2011.03.10- ны өдөр Голомт банктай анх удаа ЗГ4905004987 дугаартай зээлийн гэрээ байгуулан сарын 1,3 хувийн хүүтэй 130,000,000 төгрөгийн зээлийг үйлчилгээний зориулалттай барилга барих зориулалтаар авсан байдаг. Дараа нь 2011.06.30-ны өдөр Голомт банктай ЗГ4905005518 дугаартай зээлийн гэрээг байгуулан сарын 1,4 хувийн хүүтэй 90,000,000 төгрөгийн зээлийг Үндсэн хөрөнгө гэх зориулалтаар бэлэн бус хэлбэрээр авсан. 2014.12.26-ны өдөр 2011.06.30-ны өдрийн ЗГ4905005518 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ4905004987- А дугаартай гэрээ байгуулагдаж, *******г зээлийн гэрээний талаас хасаж, зээлийн гэрээний хугацаа болон зээлийн хүүний хэмжээг өөрчилж, зээлийн гэрээний хугацааг 2017.03.10-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 22,8 хувь болгож өөрчилсөн. 2011.06.30-ны өдрийн ЗГ4905005518 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуулганаас харахад Д.Ариунаа, ******* нарын зээлийн үлдэгдэл /2011.06.30-ны өдрөөс 2014.07.16-ны өдөр хүртэл/ 515,851,478.69 төгрөгийн нэмэгдсэн төлбөрөөс 460,741,816.78 төгрөгийн төлбөрийг хасаж, 55,109,661.91 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байна. 2014.07.14-ний өдрөөс *******гийн 4905005518 дугаартай зээлийн дансанд 55,109,661.91 төгрөгийн төлбөр нэмэгдэж 2016.12.14-ний өдөр 17,596,927.66 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр дээр 17,309,107.70 төгрөгийн хүүгийн төлбөрийг нэмж ийнхүү нэмэгдүүлсэн дүнгээр буюу 35,027,524 төгрөгөөр зээл хаагдсан байна. Дээрх зээлийг хаасан эх үүсвэр нь тус өдөр буюу 2016.12.14-ний өдөр Голомт банк, *******, ******* нарын хооронд байгуулагдсан ЗГ4905103371 дугаартай жилийн 25,2 хувийн хүүтэй 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ юм. Энэхүү зээлийн гэрээний 2.1.3-т заасан зээлийн зориулалт гэдэгт ...ЗГ 4905995518 дугаарт зээлийн гэрээний дагуу авсан иргэн *******гийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг хийж, бүтцийг шинэчлэх зориулалтаар зээл олгосон шууд утга харагдаж байхад 2016.12.14-ний өдөр 17,596,927.66 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр дээр 17,309,107.70 төгрөгийн хүүгийн төлбөрийг нэмж ийнхүү нэмэгдүүлсэн дүнгээр буюу 35,027,524 төгрөгөөр зээлийг суутгасан нь гэрээний заалтыг зөрчсөн. Голомт банк 55,109,661.91 төгрөгийн төлбөрөөс эхлээд хүүгийн төлбөрүүдийг авсан болох нь энэ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Голомт банк ийнхүү суутгахдаа зээлдэгч *******д мэдэгдэлгүйгээр түүний ямар ч оролцоо, зөвшөөрөлгүйгээр өөрийн давуу байдлыг ашиглан 35,000,000 төгрөгийн зарцуулалтын гүйлгээг хийсэн нь зээлдэгчийг төөрөгдүүлсэн байдлаа нуун далдлахын зэрэгцээ зээлдэгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Түүнчлэн *******гийн хамтран зээлдэгч гэх *******ын гарын үсгийг Голомт банкны зүгээс дуурайлган гэрээ хэлцэл дээр зурсан, энэ нь ИХШХША-ны үед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэргээс ******* болон Голомт банкны хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрж байхад дээрх үйл баримтуудад аль ч шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Шүүхийн энэхүү ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ шүүх бүрэн биелүүлж чадаагүйг нотолж байгаа бөгөөд энэ утгаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Хуульд зааснаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн харилцаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүйг харуулж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: *******гийн 2016.12.14-ний өдрийн ЗГ 4905103371 дугаартай зээлийн гэрээ нь хуулийн шаардлагад нийцсэн гэрээ биш, хамтран зээлдэгч *******ын гарын үсгийг дуурайлган зурсан, гэрээний дагуу олгосон гэх зээлийн төлбөрийг банк зээлдэгчид мэдэгдэлгүйгээр, түүний оролцоогүйгээр давуу байдлаа ашиглан зээлдэгчийн өмнөх зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт суутгаж зээлдэгчийн эрх ашгийг хөндсөн. Түүнчлэн зээлийн зориулалтыг зээлдэгчийн зээлийн үндсэн төлбөрийг барагдуулах утгаар зээлдэгчтэй тохиролцон гарын үсэг зуруулсан боловч өмнө суутгасан хүүгээ үндсэн төлбөр дээр дахин нэмж тооцон, нэмэгдүүлсэн дүнгээр гэрээ байгуулсан зэргээс зээлдэгч хэлцлийн талаар төөрөгдсөн болохыг нотолж байна. Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 31 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 33,343,216 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч ******* нь хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, зохигчид хэн аль нь маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөрт 33,343,216 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгож, *******гийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд *******, ******* нарын  35,000,000 төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг үндэслэн Голомт банкны салбар нь 2016.12.14-ний өдөр ЗГ4905103371 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 36 сарын сарын хугацаатай, жилийн 25.2% хувийн хүүтэйгээр *******д зээлүүлсэн.

 

8. Хариуцагч ******* нь ... миний дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн харагддаг боловч энэ зээлээс надад нэг төгрөг ч орж ирээгүй, ... өмнө авсан зээлд суутгасан.... гэсэн тайлбарласан боловч 2011.06.30-ны өдрийн ЗГ-4905005518 дугаартай зээлийн гэрээний иргэн *******гийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг хийж, бүтцийг шинэчлэх талаар зээлийн гэрээний 2.1.3-т тодорхой зааж, 2016.12.14-ний өдөр ЗГ4905103371 тоот гэрээ байгуулан зээлдүүлэгч, зээлдэгч нар зээлийн гэрээний нөхцөл зориулалтаа харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хүсэлтүүд, зээлийн эргэн төлөлтөө хийж байсан дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байна.

 

9. Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээний 3.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хоёр шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймээс ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ шүүх бүрэн биелүүлж чадаагүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

10. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлон сайн дурын үндсэн дээр 2016.12.14-ний өдрийн ЗГ4905103371 дугаартай зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч *******гийн 2016.12.14-ний өдрийн ЗГ4905103371 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. ....хариуцагч ******* нь гэрээ, хэлцлийн хувьд төөрөгдсөн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн болох нь хангалттай нотлогдох боловч .... гэж гомдолд дурдсан ч Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэдгээ нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн ...******* нь ....тус зээлийн гэрээн дээрх хамтран зээлдэгчийн гарын үсэг нь миний гарын үсэг биш, шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан ч Голомт банкны Хөвсгөл салбарт хандсан *******ын хүсэлт зэрэг баримтыг үндэслэж зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураараа оролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж дүгнэн, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ.

 

12. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлдэгч нар нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн талаарх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулсан нь зөв тул магадлалыг хэвээр үлдээнэ.

 

13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул ...шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 324,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН