Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 58

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,   

улсын яллагч Э.Гэрэлмаа,

иргэдийн төлөөлөгч С.Бямбажав,

хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

шүүгдэгч Б.Дашбал, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, Боржигон овогт Бүжингийн Дашбал, Боржигон овогт Бямбын Наранбат нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010912 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, 1976 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн  40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, НШ76011875 тоот регистрийн дугаартай,

Урьд 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 786 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 413 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 2 дугаар зүйлд зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 400 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зуйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүпж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж сулласан,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Бүжингийн Дашбал, 1982 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ХК82090917 тоот регистрийн дугаартай,

-2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 619 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр "2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 391 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

-2013 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж 2013 ны 3 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

-2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 900 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржгин овогт Бямбын Наранбат, 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Б-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, МЮ80062311 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж иргэн Ц.Эрхэсийн I phone-5 маркийн гар утас, бэлнээр 80.000 төгрөгийг дээрэдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

Шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дашбал хохирогч Эрхэстэй дэлгүүрээс архи бариад гарч ирсэн. Машинд суугаад уух гэсэн чинь жолооч нь машинд уулгахгүй гадаа уу, би хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд бүгд цагаан байрны ойролцоох орц руу ороход бид дөрвөөс гадна таньдаг дөрвөн залуу архи ууж байсан. Шөнийн 12 цагийн үед орцонд байхад архи ууж байсан 2 залуу манай гэрээр орж гардаг манай найз хүүхнийг таньдаг байсан. Та хоёр хэрэлдээд хоёр тийш болсон юм уу, танайд хоноё гэж хэлэхэд нь мууудалцсан. Тэр үед Эрхэс гэх залуу үг нэмэхээр нь заамдалцаж авахад тэнд байсан хүмүүс салгаж холдуулсан. Наранбат боль гэхээр нь Дашбалаас унааны мөнгө аваад орцноос гартал бид нарыг хүлээж байсан жолооч уурлаад машин хөлсөлсөн залуу хаана байна, мөнгөө авна гээд орц руу орсон. Би хоорондоо маргалдаад болохгүй юм байна гэж бодоод түрүүлээд орцноос гараад явсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй. Би орцноос шөнийн 12 цагийн үед явсан. Би тэндээс такси бариад гэртээ харьсан. Гэрт ороход 12 цаг 30 минут болж байсан. Би дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж байгааг зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.Дашбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Эрхэсийг танихгүй. Хохирогч Эрхэс Наранбат, Наранбаатар нартай хамт “онгорхой дэлгүүр байна уу” гэж орж ирсэн. Дэлгүүр орж яах юм бэ гэхэд архи авна гэсэн. Бид нарт ууж байсан архи байгаа уух уу гэхэд тэгье гэсэн. Бид нар машинаас гараад Жулиа төвийн хажуу талын байрны эхний орцонд уусан. Тэгээд хохирогч Эрхэс өөрөө дэлгүүр орохоор явсан. Би Эрхэстэй хамт дэлгүүр ороход Жулиа төвийн үүдэнд байрладаг АТМ орж байгаа харагдсан. Эрхэс 1 шил архи, цэвэр усыг авч гарч ирсэн. Би тамхи авахаар хохирогчоос салж явсан. Замын эсрэг талын шар түц орж тамхи галтай аваад орцонд очиход зодоон болсон байсан. Таксины жолооч яараад байна гээд таксины мөнгөө авах гэж орж ирсэн. Би таксины жолоочтой зогсож байхад Отгонбаяр араас тортой махаа аваад харьлаа гээд явсан. Би жолоочтойгоо цаашаа явсан. Тэр үед Уянгасайхантай таарсан. Би гэрээсээ очиж мөнгө аваад явсан. Уянгасайхан, Хандаа нар намайг гэр рүү явсныг нотолно. Миний ээж худлаа хэлэхгүй. Би энэ хэрэгт өөрийгөө хэлмэгдэж байна гэж бодож байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Наранбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Эрхэст тусалж чадаагүйдээ харамсаж байна. 2015 оны 8 сарын 17-ны өдөр хүүхэдтэй болсон. Дашбалтай нийлж машинтай гоо сайхны бараа зарах болсон. 2016 оны 3 сарын 13-ны өдөр Дашбал бид хоёр 140.000 төгрөгийн ашиг хуваах ёстой байсан. Би эхнэртэйгээ маргалдаж уурлаад архи уусан. Дашбал бид хоёр такси барин 5 буудалд байдаг Түвшээгийн гэр рүү явах замд Отгонбаяртай тааран хамт очиход Түвшээ эзгүй байсан. Тэгээд буцах замдаа архи авах гэтэл дэлгүүр хаасан байсан тул 13 дугаар хороололд байрлах дэлгүүр рүү явж байхад Дашбал түр зогсоодох, биеэ үнэлэгч нарт бараа зарсан мөнгөө авъя гэж хэлсэн. Тэнд 2 охинтой юм ярьж байхад халамцуу залуу яриа өдөн та нар энэ охидуудыг таньдаг юм уу, арай үнэтэй юм байна гээд өөрийгөө Эрхэс гэж танилцуулж байсан. Эрхэс Дашбалтай хамт дэлгүүр явсан. Тэгээд архи аваад ойролцоох орцонд ууж байхад Эрхэс Отгонбаяраас 20.000-30.000 төгрөгийн хүүхэн олоод өгчих гэж хэлэхэд Отгонбаяр уурлаад хоорондоо муудалцсан. Тэр үед салгах гэхэд Наранбаатар над руу дайраад бид хоёр доод давхарт ноцолдож байхад архины шил барин дайрсан. Тэгээд зугтаад гадаа унааны мөнгөгүй зогсож байхад Дашбал машинд байсан. Дашбал манайд очиж хоноё гээд Багшийн дээд дээр зогсоход Сэвжидбаяр гэх залуу орж ирсэн. Дашбал Сэвжидбаярт нэг андройд утас үзүүлж байгаа харагдсан. Тэгээд буцаад Жулиа орж нэг шил архи аваад шорлогны хажууд ууж байхад цагдаа нар баривчлан Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст хүргэгдсэн. Хохирогч Эрхэс 461-р ангид эргэлтээр ирэхдээ “Наранбатаа чи тэр хоёрт чирэгдээд байна, тэрийгээ нотлох хэрэгтэй байна. Би чамайг болиулж байсан гэж хэлсэн шүү дээ гэсэн. Би Эрхэст намайг яагаад гарнаас барьсан гэж хэлсэн юм бэ, тэрнээс чинь болоод хоригдоод байна гэж хэлсэн. Эрхэс чи тэр хоёрыгоо гүжирдээд ч болтугай гар, би чамайг гаргах талаар асууя гэж хэлсэн. Би худал хэлж чаддаггүй гэдгээ хэлсэн. Би худал, үнэний төхөөрөмжинд шалгуулах хүсэлтэй байна. Хэргийг үнэн зөвшөөр шийдэж, миний гэм буруугүйг тогтооно гэж найдаж байна. Мөрдөн байцаагч хэт тулган байцаалт авсан. 461-р ангид хоригдож байхад Отгонбаяр, Дашбал нараас зурвас ирж байсан” гэв.

Хохирогч Ц.Эрхэс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Эрдэнэжаргалын гэрээс гараад такси барьж харих гэж явж байгаад тамхи авахаар хөдөө аж ахуйн хуучин автобусны буудал дээр зогссон. Дэлгүүр хайгаад явж байсан чинь гэнэт 2 залуу гарч ирээд дэлгүүр зааж өгий гээд цагаан өнгийн машинд суулгасан. Надаас гадна жолоочтойгоо нийлээд 5 хүн байсан. Баянзүрх зах руу эргээд нэг дэлгүүрийн өмнө зогсоод бид бүгд буусан. Дэлгүүр рүү ороод би 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи, ундаа авсан. Бид дэлгүүрээс гараад тэнд байдаг байрны хамгийн зүүн талын орц руу орж 3 давхарт авсан архи хувааж уусан. Би уг архинаас 1 л удаа татсан. Уг орцонд надаас гадна 6 хүн байсан. Тэгсэн гэнэт тэд нар хоорондоо маргалдаад унасан бөгөөд шар царайтай мурий хамартай залуу нь миний зүүн талын шанаа руу мөргөсөн. Тэгсэн эхэлж дэлгүүр зааж өгье гээд автомашинд суулгасан залуу боль боль гэсэн. Тэр 6 хүнээс 3 хүн нь түрүүлээд гараад явчихсан. Үлдсэн гуравын хоёр нь надтай зууралдаад унахаар нь би салаад дээшээ 4 давхар руу гараад айлын хаалга цохьсон. Нөгөө 3 залуу миний ардаас гарч ирээд надтай зууралдаад унахаар нь би зугтаад 5 давхар руу гарсан. Тэгээд энд хүн дээрэмдүүлээд байна туслаарай гэж хашгирсан. Улмаар 4 болон 5 давхрын голын шатан дээр уг 3 залуу нь миний гар утас болон бэлэн 80,000 төгрөгийг дээрэмдэж аваад зугтсан. Намайг дээрэмдсэн 3 залуугийн нэг нь савхин куртиктай нөгөө нь мурий хамартай шар царайтай насаар арай ахимаг байсан. Нөгөө залуу нь хар цагаан өнгө хосолсон куртиктай байсан. Би уг 3 залууг харвал танина. Уг 3 залуугаас мурий хамартай шар царайтай залуу нь голлож миний халаасыг ухсан. Уг залууг Отгоо гэдэг болохыг цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдсэн. Дээр нь нэмээд савхин куртиктай залуу нь бас миний халаасыг ухаад байсан. Харин нөгөө хар цагаан өнгийн куртиктай залуу нь болохоор миний гарыг бариад байсан. Ноцолдож байхдаа миний толгой руу гараараа цохиод байсан. Гэхдээ би хэн цохьсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх30-32/,

Гэрч Э.Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...62 дугаар байрны нэг орцонд ороод долуулаа нөгөө залуугийн авсан архийг хувааж уусан. Тэр архи авсан залуу аягалж өгч байсан. Би Дарь-Эхэд 2 найзтайгаа нийлээд 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи уучихсан тэгээд тэд нартай уугаад бүр тасарчихсан байсан юм. Юу болсоныг сан санахгүй байна. Миний санаж байгаагаар Наранбаттай муудалцаж байсан, мөн үлдсэн хүмүүс дээд талын давхарт бужигналдаж байгаад бүгд гараад гүйснийг санаж байна...” гэсэн мэдүүлэг. /хх38-39/,

Гэрч А.Лхагвагарав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 3 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 55 тоотод байх гэртээ гэр бүлийнхний хамт амарч байсан. Шөнийн 1 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг эрэгтэй цохиод туслаарай цагдаа дуудаад өгөөч намайг дээрэмдээд байна гээд аймар хүчтэй балбаад байсан. Би өөрийнхөө гэрийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэр эрэгтэй манай гэрийг хаалгыг хэд хүчтэй балбаж туслаарай цагдаа дуудаад өгөөч гэж хэлчихээд алга болчихсон...” гэсэн мэдүүлэг. /хх46-47/,

Гэрч О.Наранцацрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Эрхэс 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гадуур ажил хөөцөлдөхөөр гарч 2016 оны 3 дугаар сарын 13-ны үүрээр танихгүй хүмүүст гар утас мөнгөө дээрэмдүүлчихлээ гээд орж ирсэн. Хүзүүний 2 талаар хумсны майжсан сорив, баруун талынх нь хөлний гуяны гадна хэсэгт нилээн том хөхөрсөн байдалтай. Хамар нь үл ялих хавдсан байсан. Нөхөр гэрээсээ гарахдаа хөх өнгийн куртик цэнхэр өнгийн жинсэн өмд, хөндлөн судалтай цамцтай гарсан. 80.000 төгрөг гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Мөн нэг залууг нь барих гэж байгаад гартаа зүүж явсан цагаа хаячихсан гэж хэлсэн. Манай нөхрийн өмсөж явсан куртикны цахилгаан, өмдний халаасны хэсэг урагдсан байдалтай, өмднийх нь халаасанд байсан банкны карт нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх48-49/,

Гэрч Б.Сэргэлэнбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...архи хувааж уухаар бид 62 дугаар байрны орцонд орсон аль орцонд орсоноо санахгүй байна. Барагцаагаар 7-8 хүн бол байсан. Миний мэдэж байгаагаар мурий Отгоо, Даашка, дүлий Нараа байсан. Орцонд архи ууж байхдаа мурий отгоо хүн болгон руу дайраад агсараад байсан. Тэгэхээр нь би түрүүлээд гараад явчихсан. Дүлий нараа, мурий отгоо, даашка л гэж дууддаг хочыг нь мэднэ. Намайг хүмүүс тоодон сээгий гэж дууддаг юм...” гэсэн мэдүүлэг. /хх53-54/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн №435 тоот дүгнэлт:

           1. Б.Наранбат нь архины хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна Уг эмгэг нь олдмол эмгэг юм.

2. Б.Наранбатын дэрх сэтгэцийн эмгэг нь 20-22 насны орчим үүссэн байх боломжтой байна.

3. Б.Наранбат нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Наранбат нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Наранбат нь гэмт хэрэг үйлдэх үедэ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Б.Наранбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт. /хх60-64/,

Хохирогч Ц.Эрхэсийн тайлбар /1-р хавтас хх-ийн 6/, хохирогчийн гаргасан өргөдөл /1 хавтас, хх-5/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хавтас, хх8-28/, гэрэл зураг /1 хавтас, хх29-30/, гэрч Н.Шинэцэцэгийн мэдүүлэг /1 хавтас хх55-56/, гэрч Э.Уянгасайханы мэдүүлэг /1 хавтас, хх59-60/, Б.Дашбалын мэдүүлэг /1 хавтас, хх123-124/, өлсгөлөн зарласан тухай баримтууд /1 хавтас, хх-130/, Э.Уянгасайханыг дахин байцаасан байцаалт /2 хавтас, хх181-182/, гэрч Эрдэнэсувдын мэдүүлэг /1 хавтас, хх-183/, гэрч Сэргэлэнбатын мэдүүлэг, гар утасны үнэлгээ /1 хавтас, хх-140/, яллагдагч Б.Наранбатын өгсөн мэдүүлэг /2 хавтас хх206-208/, Хаан банкны албан бичиг /3 хавтас, хх-12/, хохирогч Ц.Эрхэсийн мэдүүлэг /1 хавтас хх-30-32/, эмчийн үзлэг хийсэн бичиг /2 хавтас хх-9/, гэрч Наранбаатарын мэдүүлэг /1 хавтас, хх-39/, сэжигтэн Б.Наранбатын сэтгэцийн дүгнэлт /1 хавтас хх66-70/, эд зүйлийн үнэлгээ /1 хавтас, хх-140/, Б.Наранбатын ял шалгах хуудас /1 хавтас, хх-205/, төрсний гэрчилгээний хуулбарууд, хувийн байдлын баримтууд /1 хавтас, хх207-215/, гэрч Э.Наранбаатарын ял шалгах хуудас /1 хавтас, хх-225/, /, хохирол төлсөн баримт /2 хавтас, хх-149/, гэрч Сэвжидбаярын мэдүүлэг /2 хавтас хх-185/, яллагдагч Б.Наранбатын мэдүүлэг /2 хавтас, хх209-211/, Хаан банкны дансны хуулга /2 хавтас, хх-222/, хохирол төлсөн баримт /2 хавтас, хх-149/, хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж иргэн Ц.Эрхэсийн I phone-5 маркийн гар утас, бэлнээр 80.000 төгрөгийг дээрэмдсэн болох нь

Хохирогч Ц.Эрхэсийн: “тэр 6 хүнээс 3 нь түрүүлээд гараад явчихсан. Харин үлдсэн 3-ын 2 нь надтай зууралдаад унахаар нь би салаад дээшээ 4 давхар руу гараад алын хаалга цохьсон. Нөгөө гурван залуу миний араас гарч ирээд дахиад надтай зууралдаад унасан. Тэр үед би дахиад унаад зугтаагаад дээшээ 5 давхар руу гарсан. “...Ноцолдож байхад нэг залуу нь манай найз агсам тавиад байна, зүгээр зүгээр гэж хэлсэн. “...уг 3 залуу миний гар утас болон бэлэн 80.000 төгрөгийг дээрэмдэж аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг. /хх33-36/

Гэрч Э.Наранбаатарын: “...бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбал хоёр нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд нэг юм болоод байсан..” гэсэн мэдүүлэг. /хх-59/,

Гэрч А.Лхагвагарав: “Тэр эрэгтэй манай гэрийн хаалгыг хэд хэд хүчтэй балбаж, туслаарай, цагдаа дуудаад өгөөч гэж хэлчихээд алга болчихсон...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж бүлэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Эрхэс нь “шүүгдэгч нарт дээрэмдүүлсэн бөгөөд энэ хүмүүс нь уучлал гуйж хохирол гомдолгүй болгосон тул миний бие энэ хүмүүст гомдол санал байхгүй бөгөөд хэргийг нь хөнгөвчилж шийдвэрлэж өгнө үү. Удаан хугацааны турш гадагшаа явах болсон тул цаашид болох шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Наранбаатар төлөөлж оролцох болно” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялтай байх хугацааг өршөөлийн хуульд хамруулж шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан  хорих ял оногдуулсан бөгөөд шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, Боржигон овогт Бүжингийн Дашбал, Боржигон овогт Бямбын Наранбат нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нараас эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт оногдуулсан хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарын урьд цагдан хоригдсон 311 /гурван зуун арван нэг/ хоногийг тус бүр хорих эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. . Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

                                             ШҮҮГЧИД                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ 

                                                                                                   С.ӨСӨХБАЯР