Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00638

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00638

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

9,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 9,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 9,480,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,630 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.31-ний өдрийн 248 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШТХ-ийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хуулийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаана гэж хуулинд заасан байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг 2020.05.13-ны өдрийн 09:30 минут гэж утсаар мэдэгдсэн мөртлөө 09:00 минутад хийж бидний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтойгоор зөрчсөн. Нэхэмжлэгч ******* 200-гаад километрийн цаанаас Орхон сумаас, өмгөөлөгч би 25 километрийн цаанаас Алтанбулаг сумаас 2020.05.13-ны өглөө 08 цаг гэхэд ирж хэргийн талаар зөвлөлдөж байгаад 30 минутын өмнө очоод бэлэн байж байя гээд 90:02 минутад шүүх дээр ирэхэд дөнгөж сая 09:00 минутад шүүгч нар орчихлоо одоо оролцох боломжгүй гээд оруулаагүй. Шүүгч нар яагаад тов буруу мэдэгдэв яагаад хоцров гэж учрыг нь олоогүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч уул нь шүүхийнхээ зардлыг төлөөд төрөөс үйлчилгээгээ авах гэж байгаа шударга татвар төлөгч иргэн байхад шүүгч нар хурлын танхимд орсны дараа хурлын танхимд орох гэхэд оруулаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх талуудыг бүрэн оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Шүүх хурлын танхимд шүүгч нарын араас орж болохгүй гэдгээ хуулийн үндэслэлтэй нь тайлбарлаж оролцогч нарт хууль ёсны эрхэд хүндэтгэлтэй хандаж байхыг шүүхүүд анхаарч баймаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга олон нийтийн телевизээр шүүх бол үйлчилгээний байгууллага болсон гэдгийг саяхан зарлаж байсан билээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ******* нь итгэмжлэн хариуцсан ажилдаа хайнга хандаж хариулж байсан малаасаа 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонийг дутаасан энэ явдал нь цагдаагийн байгууллага жил гаран шалгаж тогтоогдсон. Гэвч уг хэрэг нь хохирлын хэмжээ хүрэхгүй байсан учраас гэмт хэргийн шинжгүй байна шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Уул нь анх цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргахад мал хулгайлах гэсэн хүнд зүйл ангитай зүйлчлэлээр шалгаж эхэлсэн. Гэтэл хариуцагч ******* нь би мал хулгайлаагүй би эдний хонийг хариулдаг байсан, би итгэмжлэн хариуцаж авсан хүн нь мөн, би бусдын эд хөрөнгийг хамгаалахдаа хайнга хандсан нь үнэн, өөрийнхөө үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хохирлыг нь барагдуулна гэж гэрчээр хууль сануулж мэдүүлэг авч байхад мэдүүлсэн мөртлөө шүүх хурал дээр ирээд би худлаа ярьсан юм би итгэмжлэн хариуцсан хүн биш гэж хариуцагч болон түүний өмгөөлөгч нар маргадаг. Дээрх зөрүүтэй мэдүүлгүүд нь хэргийн материалд хавсаргасан гэрчийн мэдүүлэг болон анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

Хариуцагч ******* шүүхэд өгсөн хариу тайлбартаа би энэ хэрэгт холбоогүй болохыг цагдаагийн байгууллага тогтоосон гэж маргасан. Энэ талаараа нэг ширхэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж хариу тайлбарыг нь үгүйсгэсэн нотлох баримтуудыг прокурорын байгууллагын архиваас хуулбарлан авч өгсөн. Гэтэл шүүх хурал дээр гэнэт ямар ч нотлох баримтгүй хариу тайлбарын үндэслэлээсээ тэс өөр юм ярьж би итгэмжлэн хариуцсан этгээд биш гэж маргасан. Эрүүгийн хэргээр шалгуулахаараа би итгэмжлэн хариуцсан хүн нь мөн, би ажилдаа хайнга хандсан гэж мэдүүлж байж зүйлчлэлээ хөнгөрүүлчихээд иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээрээ би итгэмжлэн хариуцсан этгээд биш гээд хоёр үзүүртэй зүү шиг хувирч шударга хөдөлмөрөөрөө амьдарч байгаа иргэнийг хохироож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Төрөөс....хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хүндэтгэн үзнэ гэж найдаж байна. Цагдаагийн газрын жил гаруй хугацаанд шалгаж цуглуулсан баримт нь хөдөлшгүй нотлох баримт мөн. Прокурор гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж тогтоолдоо бичсэн учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч ******* нь итгэмжлэн хариуцсан этгээд мөн эсэхийг шүүхийн шийдвэрээрээ тогтоож өгөхийг хүсье. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ёстой байтал хуулийг буруу хэрэглэж мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй, тов буруу мэдэгдэж оролцуулахгүй шийдвэрлэсэн учир Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.31-ний өдрийн 248 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 39 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 9,480,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, хэрэв нэхэмжлэлийг энэ удаа хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 19 тооны эр ямаа, 39 тооны эр хонийг дутаасны улмаас нийт 9,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...бидний хооронд эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, би ганцаараа биш *******тай хамт хаваржаандаа очиход дутсан, уг малыг яг хэзээ дутаасан нь мэдэгдэхгүй, надад тодорхой тооны мал хүлээлгэн өгсөн зүйл байхгүй тул дээрх хохирлыг хариуцахгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ёстой байтал хуулийг буруу хэрэглэж мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй, тов буруу мэдэгдэж оролцуулахгүй шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 9,480,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах агуулга бүхий гомдлыг хяналтын журмаар гаргажээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******, ******* нарын хооронд аман хэлцлээр 2017.11.01-нээс эхлэн туслах малчнаар ажиллах, ажиллуулахаар, улмаар ажлын хөлсөнд *******т сарын 300,000 төгрөгийн цалин тогтмол өгөх, мөн дээрээс нь гарсан төлийн 10 хувийг жил бүр өгч, авч байхаар тохиролцсоны дагуу ******* нь *******ынд байж, мал хариулах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх үзсэн нь зөв болжээ.

 

9. Хариуцагч *******ыг мал хариулж байх хугацаанд нэхэмжлэгчийн малнаас 59 толгой бог мал дутсанаар зохигчдын хооронд маргаан үүсч улмаар нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, Сэлэнгэ аймгийн Прокурорын 2019.07.10-ны өдрийн 143 тугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаажээ. Хариуцагч *******ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийн буруугаас өөрт нь хохирол учирсан талаар нэхэмжлэгч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

11. Хэрэгт авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаас үзэхэд *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох хэргийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09.00 минутанд болохыг зохигчдод мэдэгдсэн, нэхэмжлэгч тов буруу мэдэгдэж оролцуулахгүй шийдвэрлэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

 

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 166,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД