Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01204

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2019/01204

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Вьетнам улсын Ханой хот, Тай хо дүүрэг, ............ давхарт оршин суух, Франц улсын иргэн Дын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоот хаягт оршин суух, М /РД:ЕЭ81102364/-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 405 596 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагч С.М, түүний өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.

                                                        

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... тоот 179 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн 000000000000000 дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцыг       322 200 ам.доллараар худалдан борлуулахаар С.Мтай харилцан тохиролцож, 2012/09/45Б-1 тоот худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд байрны төлбөрийг 100 хувь төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж түрхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхэлнэ гэж заасны дагуу С.М орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг ашиглах эрх үүсэх байсан боловч, хариуцагч байрны мөнгөө удахгүй өгнө байрандаа орж байя хэмээн удаа дараа гуйсан тул итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй, гэрээ болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд ямар ч үнэ төлбөргүй амьдарч байна. Иймд Дын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн 000000000000000 дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцнаас С.Мыг албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие   Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо...................тоот 179 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000000000 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоот 179 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000000000 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Нэгэнт нэхэмжлэгч нь байрнаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа, уг байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь байр мөөгөнцөртэй, хариуцах эзэнгүй нь улмаас доголдлыг арилгуулах боломжгүй зэрэг шалтгаантай байсан одоо ч энэ шалтгаан арилаагүй байгаа тул миний бие дээрх гэрээнээс татгалзаж, байранд ороход төлсөн 166 160 ам.долларын сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 441 төгрөгөөр тооцож нийт 405 596 560 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.М нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234 000 ам.доллар нэхэмжилснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр С.Маас 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөгийг гаргуулан Алексис луис роландад олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Монгол улсын дээд шүүх өөрчлөлт оруулан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2017/00199 дугаар тогтоолоор 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч мөн л хариуцагч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн өмчлөлийн байрнаас албадан гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч худалдан авсан байрныхаа үнийг бүрэн төлж дуусаагүй байж нэхэмжлэгчээс 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь хариуцагч С.Мд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ орон сууцнаас албадан гаргуулах, хариуцагч С.М нь орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...худалдах-худалдан авах гэрээний үүрэг, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байгаа тул байрны үлдэгдэл төлбөрийг төлөх хүртэл орон сууцнаас албадан гаргуулна.” гэж тодорхойлж байна.

 

Хариуцагч С.М орон сууцны төлбөрт төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг буцаан төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй, төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хэргийн үйл баримт, зохигчдын хооронд 2013 оны 07 сарын 10-ны өдрийн 2012/09/46Б-1 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч            Дэ Макунем Алексис Луис Роланд нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .................. тоот, 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 322 000 ам.доллараар худалдахаар тохиролцож, хариуцагч С.М орон сууцны төлбөрт 166 160 ам.доллар төлсөн, нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр орон сууцыг 2013 оны 07 сараар хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг дүгнэсэн, гэрээний үүргийн биелэлтийг буюу хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг анзын хамт тооцон гаргуулсан шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэр байна.       /хх-25-33/

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах хүсэл зориг агуулаагүй, эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд шаардлага гаргаж байна гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ............. тоот, 179 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 163482 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-7/

 

Нэхэмжлэгч Д нь тухайн орон сууцны өмчлөгчөөр  бүртгэлтэй хэдий ч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор шаардах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд маргааны зүйл болох орон сууцыг талууд хооронд байгуулсан 2013 оны 07 сарын 10-ны өдрийн 2012/09/46Б-1 тоот худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр, нэхэмжлэгч буюу худалдагч талын зөвшөөрснөөр хариуцагч С.М нь 2013 оны 07 сараас хойш эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул түүнийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хариуцагчийг орон сууцнаас түр албадан гаргуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэнэ...” гэж тайлбарлаж байгаа хуулийн үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоох бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх зарчимд хамаарах тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Хариуцагч С.М маргааны зүйл болох орон сууц доголдолтой тул гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 166 160 ам.доллар буюу               405 596 560 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл  орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэх үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд тус шийдвэрээр хариуцагч С.Мыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэж, гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг анзын хамт тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-25-33/

 

Зохигч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны гол үр дагавар юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 185 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д хариуцагч С.Мыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........... орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Мын орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгч Д-оос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 185 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ