| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2019/02138/И |
| Дугаар | 001/ХТ2022/00679 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2022/00679
| 2022 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 001/ХТ2022/00679 |
Х.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01056 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1367 дугаар магадлалтай,
Х.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Могул скай ХХК, Хас банк ХХК-д холбогдох
Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч нь Х.Пүрэвсүрэн болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Могул скай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Д.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн нь хариуцагч Могул скай ХХК, Хас банк ХХК-д холбогдуулан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч нь Х.Пүрэвсүрэн болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01056 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1.-т заасныг баримтлан хариуцагч Могул скай ХХК болон Хас банк ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай Х.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1367 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 240 дүгээр зүйлийн 240.1.5, 221 дүгээр зүйлийн 221.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 181/ШШ2020/01056 дугаар шийдвэр, 2020.06.26-ны өдрийн 1367 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Х.Пүрэвсүрэн, Могул скай ХХК нарын хооронд 2013.10.14-ний өдөр байгуулагдсан 2А/25 дугаар захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээг Худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн, хариуцагч Могул скай ХХК-ийн хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ хэмээн дүгнэжээ. Шүүх ийнхүү үзэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч Могул скай ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч Х.Пүрэвсүрэн нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэтэл Х.Пүрэвсүрэн нь дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөө бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232,82 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоох үндэсгүй байна гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн нь хариуцагчид төлбөл зохих төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Учир нь тус 2А/25 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч 390,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэх 192,050,000 төгрөгийг Могул скай ХХК 2016.11.07-ны өдрийн 16/58 дугаартай мэдэгдлээр 2013.10.14-ний өдөр 2А/25 дугаартай гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 192,000,000 төгрөгийг манай компани авахгүйгээр тохиролцов гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг харахад 2 тал харилцан тохиролцож, төлбөрийн асуудлыг дуусган, шийдсэн болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шүүх нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн буруу байна.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00455 дугаар шийдвэр 2016.06.09-ний өдөр гарч, хэргийг шийдсэний дараа буюу Х.Пүрэвсүрэн, Могул скай ХХК нар нь 2016.11.07-ны өдрийн 16/58 дугаартай мэдэгдлээр тус 192,000,000 төгрөгийг авахгүйгээр тохиролцож, гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг. Ингээд бид тус гэрээний төлбөр тооцооны асуудлыг дуусгаж, үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж чадаагүй, улмаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа шинэ нотлох баримтыг гаргаж болохгүй хуулийн зохицуулалттай тул бид 00455 дугаартай шийдвэрт гомдол гаргахдаа мөн дээрх нотлох баримтаа гаргаж өгөх боломжгүй байсан билээ. Иймд бид төлбөрийн үлдэгдэлгүй байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноо болоод дээрх нотлох баримт, түүний үндэслэл зэргийг анзааралгүй, түүнд буруу дүгнэлт хийж төлбөрийг төлөөгүй хэмээн буруу дүгнэсэн гэж үзэж байна. Мөн тус мэдэгдэлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016.12.10-ны өдөр багтаан гаргаж өгнө, хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний төлбөрт төлсөн 390,000,000 төгрөгийг 2016.12.15-ны өдөр багтаан буцаан өгнө гэсэн байдаг. Энэ нь төлбөрийн асуудал шийдэгдэж дууссан болохыг тодорхой илтгэж байна. Талуудын хооронд хийсэн хэлцлийн үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан тухайн үйлчилгээний талбайг ашиглаж, эзэмшиж байгаа тул нэхэмжлэгч X.Пүрэвсүрэн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д ... хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.. гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ... гэж зааснаар шударга эзэмшигч гэж үзэх ба мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Гэтэл энэ бүхнийг анхан шатны шүүх үнэлээгүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна. Худалдагч Могул скай ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэжээ. Могул скай ХХК нь Хас банк ХХК-тай 2011.03.07-ны өдөр 1,100,000 ам долларын зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна, ингээд Могул скай ХХК нь зээлээ төлж чадахгүйн улмаас 2014.03.13-ны өдөр Хас банк ХХК-ийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн байна гэжээ. Могул скай ХХК нь анхнаасаа 2013.10.14-ний өдрийн 2А/25 гэрээг нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнтэй байгуулахдаа эрхийн зөрчилтэй хөрөнгөө нуун дарагдуулж худалдсан, зээлээ төлж чадахгүйн улмаас Хас банк ХХК-д 2014.03.13-ны өдөр буюу аль хэдийн өмчлөлийг шилжүүлсэн байсан атлаа 2016.11.07-ны өдрийн 16/58 мэдэгдлээр хуурамч тохиролцоог хийж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хохироосон байхад шүүх түүнд огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн 2013.10.14-ний өдөр 2А/25 дугаар захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан /шүүх дүгнэснээр ХХАГ/ атлаа уг үйлчилгээний сууцыг бусдад барьцаалсныг мэдээгүй нь Х.Пүрэвсүрэнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Тус нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт тогтоогдсон үйл баримт биш юм. Учир нь Хас банк ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөс нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг 2017.02.23-ны өдөр Улсын дээд шүүх шийдвэрлэсэн байдаг. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнгийн 2019.04.08-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улмаар өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Өмчлөгч тогтоолгох тухай, өмчийн эрхийн асуудлыг шийдүүлэх талаар энэхүү нэхэмжлэлээр шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хоёр өөр нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг адил мэт үзэн, нэгэнт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгэх нь хариуцагчийн үүрэг биш, Улсын бүртгэлийн газрын үүрэг тул маргаан бүхий талбайг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ. Нэхэмжлэгч миний бие тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид даалгаагүй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах шаардлага гаргасан байдаг. Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөнийг огт хайхралгүй тус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарт эрх үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулаагүй. Үүнийг давж заалдах шатны шүүх хурлаараа болон магадлалдаа огт авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Мөн Давж заалдах шатны шүүхийн магадлалд ... Хариуцагч байгууллага 2016.11.07-ны өдрийн Х.Пүрэвсүрэнд хийж өгсөн тодорхойлолтоо түүний хүсэлтээр хийсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн үгүйсгээгүйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дутуу 192,000,000 төгрөг авахгүйгээр тохиролцсон болохыг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна... гэжээ. Моул Скай ХХК-аас 2016.11.07-ны өдрийн Х.Пүрэвсүрэнд хийж өгсөн тодорхойлолтыг хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтээр хийж өгөөгүй, хариуцагч гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх талаар нэхэмжлэгчид санал тавьж, харилцан тохиролцож хийсэн байдаг. Ийнхүү харилцан тохиролцсон нь тус өдөр хийсэн 16/58 дугаартай мэдэгдлээр тодорхой харагддаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн 16/58 дугаартай мэдэгдэлд үлдэгдэл 192,000,000 төгрөгийг авахгүй тохиролцож, төлбөрийн асуудал шийдэгдсэн байхад нэхэмжлэгчийг баримтаа гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн магадлалд ... худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан нөхцөл байдал үүссэн байгаа нь Иргэний хуулийн 240.1.5-д заасан хуульд заасан гэрээний үүрэг дуусгавар болох буюу үндсэн үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй... гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн нөхцөлд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт .. хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд ... гэрээнээс татгалзаж болно..." гэж заасан хуулийн үндэслэл бүрдээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, мөн талуудын хооронд байгуулсан 2013.10.14-ний өдрийн 2А/25 тоот гэрээ нь урт хугацааны гэрээ биш юм. Харин хариуцагч Могул Скай ХХК нь гэрээний үүргээ санаатайгаар зөрчсөн. Иймээс давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 181/ШШ2020/01056 дугаар шийдвэр, 2020.06.26-ны өдрийн 1367 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт байрлах, Могул таун хотхоны 2а байрны 232.82 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Могул скай ХХК болон Хас банк ХХК эс зөвшөөрч, маргасан.
6. Анхан шатны шүүх Х.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
7. Х.Пүрэвсүрэн нь Могул скай ХХК-тай 2013.10.14-ний өдөр №2А/25 дугаартай Захиалгаар үйлчилгээний зориулалттай талбайн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Могул скай ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2А байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 232.82 м.кв талбайг захиалгаар барих, Х.Пүрэвсүрэн нь талбайн үнэ 582,050,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Могул скай ХХК-ийн 2016.11.07-ны өдрийн мэдэгдлээр Могул скай ХХК нь Х.Пүрэвсүрэнгийн эзэмшиж байгаа 203 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2016.12.10-ны дотор багтаан гаргаж өгнө. 2013.10.14-ний өдөр хийсэн гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөр болох 192,000,000 төгрөгийг авахгүйгээр тохиролцсон гэсэн агуулгаар тодорхойлсон.
Хариуцагч Могул скай ХХК-аас 2016.11.07-ны өдөр Х.Пүрэвсүрэнд хийж өгсөн тодорхойлолтыг түүний хүсэлтээр хийсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн үгүйсгээгүйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дутуу 192,000,000 төгрөг авахгүйгээр тохиролцсон болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
9. Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн, нэхэмжлэгч гэрээний дагуу 2013.10.16-ны өдөр 280,000,000 төгрөг, 2013.10.23-ны өдөр 30,000,000 төгрөгийг Могул скай ХХК-ийн данс руу, 2013.10.16-ны өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг тус тус төлбөрт тооцон өгч, нийт 390,000,000 төгрөгийг Могул скай ХХК-д шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон байна.
10. Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн бөгөөд нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
11. Нэхэмжлэгчийн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгахаар заасан боловч хариуцагчаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг бус харин Могул скай ХХК, Хас банк ХХК-ийг тодорхойлсон байна. Хас банк ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл үүсээгүй учраас өмчлөгчөөр бүртгэх, өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагыг хариуцах ёсгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
12. Могул скай ХХК нь худалдан авагч Х.Пүрэвсүрэнтэй 2013.10.14-ний өдөр №2А/25 дугаартай гэрээ байгуулж байх үед маргаан бүхий 232.82 м.кв талбай нь 2011.03.07-ны өдөр Хас банк ХХК-д 1,100,000 ам.долларын зээлийн барьцаанд тавигдсан байсан, түүнчлэн 2016.11.07-ны өдөр №16/58 дугаартай мэдэгдэл өгөх үед маргаан бүхий талбайг багтаасан 356.18 м.кв талбайд Хас банк ХХК нь 2014.03.13-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
13. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнгийн Могул таун хотхоны 2а байрны 232.82 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан нөхцөл байдал үүссэн байгаа нь Иргэний хуулийн 240.1.5-д заасан хуульд заасан гэрээний үүрэг дуусгавар болох буюу үндсэн үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
14. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулах болон гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахтай холбоотой шаардлага гаргах эрхтэй юм.
15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан ... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1367 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД