Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/01486

 

 

 

 

 

 

 

 

 

   2020 о      04 с       30 ө

Дугаар          101/ШШ2020/01486

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. “Э” ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 115-д байрлах, “О” ХХК /РД:...../-д холбогдох, 

“164,441,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М түүний өмгөөлөгч У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Ч нарийн бичгийн дарга Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 11 сарын 27-ны өдөр “О” ХХК-тай “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах гэрээ” байгуулсан ба гэрээний 3.2-т “талууд сар бүрийн 15,30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор Хас банкан дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө” гэж заасан, Энэхүү тохиролцооны хүрээнд 2018 оны 11-р сард нийт 29,000 литр 72,880,000 төгрөг, 2018 оны 12-р сард нийт 9,000 литр 23,850,000 төгрөг, нийт 38,000 литр, 96,730,000 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн билээ. Дээрх нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний тооцоо нь 2019 оны 5 дугаар сарын 21-ий өдрийн 2/001 тоот “О” ХХК-иас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа болно. Мөн тухайн сарын 15,30-аар тасалбар болгон тооцоо нийлж, тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Манай компанийн зүгээс хугацаа өгч төлбөрийг барагдуулах албан бичгүүдийг хүргүүлж, утсаар байнга холбогдож байсан боловч “О” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тул гэрээг цуцалж, шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бидний хооронд байгуулсан ХО2018/20 тоот гэрээний 3.3-т төлбөрийг хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги, 10.2-т гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачлагчаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагчид төлөхөөр тохирсон. Иймд гэрээний үндсэн төлбөрт 96,730,000 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн алдангид 48,365,000 төгрөг, гэрээний торгуульд 19,346,000 төгрөг, нийт 164,441,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түлш шатахууныг тухайн зах зээлийн үнээр худалдахаар тохирсон. 2620 төгрөг гэж баримт дээр бичсэн байна. Талын харгуй ХХК нь нэрээ Э ХХК болгон өөрчилсөн. Манай компани Алтайн зам ХК-тай түлш нийлүүлэх гэрээ байгуулаагүй, түлш өгөөгүй. Алтайн зам ХК болон О компанийн хоорондын тооцоо манай компанид хамааралгүй, энэ нь Алтайн зам ХК-ийн албан бичгээр нотлогдоно. Алтайн зам ХК-д манай компани хүсэлт өгсний дагуу захирал Энхбат нь албан бичиг хийж өгсөн, захирал нь Энхбат мөн, маргаан байхгүй...” гэв.

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х02018/20 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч түлш аваагүй, түлш шатахуун авсан гэх ямар ч санхүүгийн баримт баихгүи, дээрх гэрээний дагуу иргэний эрхзүйн ямар ч харилцаа үүсээгүй тул “Э" ХХК-тай манай компани өр авлага үүсээгүй болно.

Манай “О” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Алтайн зам” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажилласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т Туслан гүйцэтгэгч нь хөрс хуулгын ажилд шаардагдах түлш, шатахууныг ерөнхий гүйцэтгэгчээс хангуулах бөгөөд шатахууны үнийг бодитоор буюу ямар нэгэн ашиг ороогүй үнээр ерөнхий гүйцэтгэгчээс авч ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс өгсөн шатахууны төлбөрийг хасаж тооцно... гэж харилцан тохиролцсоны дагуу ерөнхий гүйцэтгэгч буюу “Алтайн зам” ХХК нь хөрс хуулалтын ажилд шаардагдах түлш шатахуунаар бүрэн хангаж байсан.  Энэхүү хөрс хуулалтын ажил нь 2018 оны 11 дугаар сарын 09-ний өдрөөс хэлсэн бөгөөд энэ өдрөөс “Алтайн зам” ХХК нь хөрс хуулалтын ажилд шаардагдах түлшийг Хөшөөтийн шатахуун түгээх станцаас авч байгаарай гэсний дагуу түлшийг авч гэрээний дагуу манайд өгөх ажлын хөлснөөс түлшний төлбөр тооцоог хасаж шилжүүлдэг байсан. “Алтайн зам” ХХК нь гэрээний дагуу манайд нийлүүлсэн түлшний төлбөр тооцоог “Э” ХХК нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Хавтаст хэрэгт авагдсан Талын харгуй нэртэй Газрын тосны бүтээгдэхүүний (зарлагын падаанаас харахад хүлээн авсан байгууллага нэр “Алтайн зам” ХХК тэгээд доор нь юм уу дээр нь О гэсэн бичилтийг нэмж бичсэн байгаагаас харахад Алтайн зам” ХХК болон “Талын харгуй” “Э” ХХК нарын хооронд түлш зээлээр худалдах худалдан авах талаар тохиролцоо байгаа болно. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч байгууллагатай түлш зээлээр худалдах авах Э-таар тохиролцож байгаа болно. Мөн манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй зээлээр түлш худалдаж авах талаар тохиролцоогүй “Алтайн зам” ХХК нь хоосон гэрээн дээр тухайн үед гарын үсэглүүлж тамга даруулж авч байсан. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй хэдэн литр түлш литр тутам нь хэдэн төгрөгийн үнэтэй хэзээ эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги хариуцлага тооцох эсэх зэрэг гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй харин нэхэмжлэгч нь энэ талаар “Алтайн зам” ХХК-тай тохиролцсон. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн шаардлага мэдэгдлүүдийг манай байгууллага нэг ч удаа хүлээж авч байгаагүй болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө. Дээрх түлшний төлбөр тооцоог “Алтайн зам” ХК нь хариуцах бөгөөд хариуцагч талаас шүүхэд нэмж хариуцагч оролцуулах эрхгүй болно...” гэв.

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ” ...“Алтайн зам” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажилласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т “туслан гүйцэтгэгч нь хөрс хуулалтын шаардагдах түлш, шатахууныг ерөнхий гүйцэтгэгчээс хангуулах бөгөөд шатахууны үнийг бодитоор буюу ямар нэгэн ашиг ороогүй үнээр ерөнхий гүйцэтгэгчээс авч ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс өгсөн шатахууны төлбөрийг хасаж тооцно” гэж харилцан тохиролцсоны дагуу “Алтайн зам” ХХК нь хөрс хуулалтын ажилд шаардагдах түлш шатахуунаар бүрэн хангаж байсан. Дээрх ажлыг хийх явцад “Алтайн зам” ХХК-иас хүлээн авсан түлшний төлбөр тооцоог “Э” ХХК нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдах авах гэрээний дагуу 1 литр ч түлш хүлээж аваагүй болно. Мөн манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй зээлээр түлш худалдаж авах талаар тохиролцолгүй “Алтайн зам” ХХК нь хоосон гэрээн дээр тухайн үед гарын үсэг зуруулж тамга даруулж авч байсан. Мөн “Алтайн зам” ХХК нь бидэнтэй байгуулсан гэрээний дагуу түлшээр хангаж, сарын эцэст тооцоо нийлэхэд түлшний төлбөр тооцоог суутгасан болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хэлбэрийн төдий хийгдсэн бөгөөд энэхүү гэрээний дагуу ямар нэгэн түлш хүлээн авч төлбөр тооцоо өр авлага үүсгээгүй болно. Иймд дээрх үндэслэлээр “Э" ХХК болон “О” ХХК нарын хооронд 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах ХО2018/20 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...гэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа... Хариуцагчийн “Алтайн зам” ХК-с шатахуун авч байсан гэх тайлбарыг нотлох баримт огтхон ч байхгүй. Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээний холбогдох заалт байсан гэх хоосон тайлбар л гаргаж байна. “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ” нь хариуцагч болох “О” ХХК болон “Алтайн зам” ХК нарын хооронд үүссэн тусдаа харилцаа байгааг анзаарах нь зүйтэй. Харин нэхэмжлэгч “Э” ХХК-с хариуцагч “О” ХХК нь 38,000 литр түлш авч байсан нь “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон зарлагын баримтуудаар тогтоогддог. Хариуцагч нь манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй зээлээр түлш худалдаж авах талаар тохиролцоогүй “Алтайн зам” ХХК хоосон гэрээн дээр тухайн үед гарын үсэг зуруулж авч байсан гэх ор үндэсгүй тайлбарыг мөн өгсөн байна. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан ХО2018/20 тоот гэрээг үгүйсгэхээр оролдсон мөн л нотлох баримтын тайлбар байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Хариуцагчийн тайлбараас үзвэл гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гол нь өр авлага үүсээгүй буюу газрын тосны бүтээгдэхүүн аваагүй гэдэг боловч 2019 оны 5-р сарын 21-ний өдөр 38,000 литр түлшийг авснаа хүлээн зөвшөөрч санхүүгийн хүндрэлийн улмаас танай байгууллагад учраад байгаа хохирол болох 96,730,000 төгрөгийг 2019 оны 8-р сараас эхлэн төлж барагдуулах болно гэдгээ илэрхийлсэн байдаг. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ нотлох баримтад тулгуурлаагүй, ор үндэсгүй тайлбар байх бөгөөд иргэний хуулийн 56-р зүйлийн аль заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаагаа ч тодорхой илэрхийлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “О” ХХК-д холбогдуулан “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,730,000 төгрөг, алдангид 48,365,000 төгрөг, гэрээний торгуульд 19,346,000 төгрөг, нийт 164,441,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна.

Хариуцагч тал “Алтайн зам” ХК түлшний мөнгийг хариуцахаар гэрээтэй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“Талын харгуй” ХХК 2014 оны 7 сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, бүх төрлийн шатахуун импортлох, бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхэлдэг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оноосон нэрээ “Э” болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд худалдагч тал газрын тосны бүтээгдэхүүн зээлээр өгөх, худалдан авагч тал үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

Талууд “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т нийцүүлж байгуулаагүй байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Худалдагч “Э” ХХК 2018.11.9-нд 6,000 литр, 2018.11.14-нд 5,000 литр, 2018.11.18-нд 5,000 литр, 2018.11.23-нд 3,000 литр, 2018.11.25-нд 5,000 литр, 2018.11.30-нд 5,000 литр, 2018.12.03-нд 3,000 литр, 2018.12.04-нд 6,000 литр, нийт 38,000 литр түлшийг худалдан авагч “О” ХХК-д хүлээлгэн өгсөн, “О” ХХК үнийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, “Талын харгуй” ХХК-ийн 1306, 1911, 186, 1346, 1333, 1690, 1800, 1845 тоот зарлагын падаан, гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож тогтоогдож байна.

Хариуцагч “О” ХХК худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй байна.

“Алтайн зам” ХК болон “О” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, “О” ХХК Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил болон үүнтэй холбоотой ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 29-ний өдөр “Алтайн зам” ХК болон “О” ХХК-ийн хооронд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна. Уг гэрээний ажлыг гүйцэтгэхдээ “О” ХХК нь “Э” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, улмаар 38,000 литр түлш авсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... хэрэгт авагдсан зарлагын падаанууд дээр хүлээн авсан байгууллагын нэр дээр “Алтайн зам” ХК, “О” ХХК гэж бичигдсэн, “Алтайн зам” ХК манайтай байгуулсан гэрээний 3.4-т заасан үүргээ биелүүлж манайд шатахууныг өгсөн... гэж тайлбарлаж байх боловч “Э” ХХК-иас авсан 38,000 литр түлшийг “Алтайн зам” ХК хариуцахыг нотолсон баримт болон “Алтайн зам” ХК-иас авах төлбөртөө уг 38,000 литр түлшний үнийг хасаж тооцуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй, уг тайлбар нь “Алтайн зам” ХК-ийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 04/20-130 дугаартай албан бичгээр няцаагдаж байна.

Нэхэмжлэгч талын ...“Алтайн зам” ХК-ийн туслан гүйцэтгэгч нь “О” ХХК байсан учир зарлагын падаанууд дээр нэр нь хамт бичигдсэн ... гэх тайлбар үндэслэлтэй, хэргийн үйл баримттай нийцэж байна.

“Алтайн зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбат мөн гэдэгтэй зохигч хэн аль маргаагүй, “Алтайн зам” ХК-ийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 04/20-130 дугаартай албан бичиг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг бичмэл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэн, ач холбогдолтойд үнэлсэн болно.

Хариуцагч тал ...2018.11.9-нд 6,000 литр, 2018.11.14-нд 5,000 литр, 2018.11.18-нд 5,000 литр, 2018.11.25-нд 5,000 литр, нийт 21,000 литр түлшний үнэ тодорхойгүй... гэж маргаж байх боловч үнэ ханшийн талаарх баримтыг өгөөгүй, нэхэмжлэгч тал зах зээлийн ханшаар тооцсон гэх боловч тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. 8 ширхэг зарлагын падааны 4 ширхэг дээр 1 литрийн үнийг 2,620 төгрөг гэж бичсэн байх тул үнэ бичигдээгүй 4 зарлагын падаан дээрх түлшийг 2,620 төгрөгөөр тооцоход 21,000*2,620=55,020,000 төгрөг болж байна.

2019.05.21-ний өдөр талуудын тооцоо нийлсэн 96,730,000 төгрөгөөс үнэ бичсэн 17,000 литр түлшний үнэ 44,540,000 төгрөг /17,000*2,620төгрөг/-ийг хасвал үлдэх 21,000 литр түлшний үнийг 52,190,000 төгрөгөөр талууд тооцсон байна.

Уг тооцоо нийлсэн байдлаас 21,000 литр түлшний дундаж үнийг 2,485.24 төгрөгөөр тооцож, 52,190,000 төгрөгөөр тооцсон нь 2,620 төгрөгөөс хэтрээгүй, үндэслэлтэй тооцоолол гэж үзэхээр байна.

Дээр дурдсанаас хариуцагч “О” ХХК-иас гэрээ, зарлагын падаан, гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдсон 38,000 литр түлшний үнэ 96,730,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Талуудын гэрээний 3.3-т “тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөх”-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “О” ХХК-ийн захирал Д.Чулуунбаттай амаар ярилцаж тооцоо нийлж, гэрч Л.Алтанцэцэг уг тооцооны талаарх албан бичгийг “Эн Пи петролиус” ХХК-ийн ажилтанд хүлээлгэн өгсөн болох нь “О” ХХК-ийн 2019.05.21-ний 2/001 тоот албан бичгийн талаар өгсөн гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул талуудыг 2019.05.21-ний өдөр тооцоо нийлсэн гэж үзэхээр байна. Тооцоо нийлсэн 2019.05.21-ний өдрөөс хойш хариуцагч “О” ХХК 96,730,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул алдангийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл бодоход 52,814,580 төгрөг /96,730,000*0.3%х182 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагч “О” ХХК-иас 48,365,000 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 27-ны өдөр дууссан байх ба гэрээний хугацаанд худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас шалтгаалж цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээний 10.2-т заасны дагуу торгууль шаардах эрхгүй, 19,346,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “О” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,730,000 төгрөг, алдангид 48,365,000 төгрөг, нийт 145,095,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс торгууль 19,346,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тооцоо нийлэх тухай баримт “Алтайн зам” ХК-иас мэйлээр ирсэн боловч мэйл хаяг төлбөр төлөөгүй учраас хаагдсан учраас үзлэг хийлгэх боломжгүй байна” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг хүсэлт гэж үзэхгүй ба тооцоо нийлсэн баримт нь 2 байгууллагын санхүүгийн тооцоололд үндэслэн хийгдэж, тамга тэмдгээр баталгааждаг, мэйлээр ирсэн саналыг тооцоо нийлсэн акт гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Э” ХХК болон “О” ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ХО2018/20 тоот гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, бодитоор түлш хүлээн аваагүй, дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал “гэрээ байгуулагдсан, түлш өгсөн, Алтайн зам” ХК болон “О” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа тусдаа асуудал, “Алтайн зам” ХК-иас түлш авснаа нотлоогүй гэж маргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, түлш хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, тооцоо нийлсэн зэрэг тогтоогдсон гэж дүгнэсэн ба дүр үзүүлж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хариуцагч талын тайлбар болон баримтаар тогтоогдсонгүй.

“О” ХХК-д “Алтайн зам” ХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхэд түлш худалдан авах хэрэгцээ шаардлага байсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Д.Чулуунбат захирал хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хариуцагч тал гарын үсэг биш гэж маргаагүй, гэрээний хуудас бүрд “О” ХХК-ийн тамга дарагдсан, гэрээнд “Оюун-Байгаль” гэж бичигдсэн нь техникийн шинжтэй үсгийн алдаа байна.

Иймд “Э” ХХК-д холбогдуулан гаргасан “Э” ХХК болон “О” ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ХО2018/20 тоот гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “О” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 145,095,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19,346,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “Э” ХХК-д холбогдуулан гаргасан “Э” ХХК болон “О” ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ХО2018/20 тоот гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “О” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 980,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 883,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, хариуцагч “О” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ