Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00946

 

И.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И.Х-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “М” ХХК, “Х” ХХК нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 57 274 621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ж нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Х нь М ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гагнуурчнаар ажилд орсон. Тэрээр 2013 оны 07 сарын 21-ний өдөр Х ХХК-ийн захиалгаар баригдаж байсан Хүннү-2222 хорооллын барилгын талбайд ажиллаж байхдаа кранаар өргөгдөн зөөгдөж байсан арматурын төмөр бүхий ачаанд толгойн хэсэгтээ цохиулан 3,6 метрийн өндрөөс унаж, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан. Цагдаагаас М ХХК-ийн захирал Б.Б, хөдөлмөр хамгааллын инженер Т.БатБ, бригадын дарга Б.Э нарт Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн138.1-д заасан гэмт хэрэгт, кранчин Ө.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн боловч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4063 дугаартай тогтоол гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нийт 29 979 171 төгрөг нэхэмжилснээс М ХХК нь 15 180 000 төгрөгийг төлсөн. Үүнээс үлдэх 14.799.171 төгрөг, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад төлсөн өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 17 799 171 төгрөгийг төлөөгүй. И.Х нь М ХХК-д ажилладаг байсан тул тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 7 сарын цалин болох 4 410 000 төгрөгийг төлөх ёстой. Иймд хариуцагч М ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үндэслэлээр 4 410 000 төгрөгийг, хариуцагч М ХХК, Х ХХК-иас Иргэний хуулийн 497.1, 498.1-д заасан үндэслэлээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нэхэмжилсэн 17 799 171 төгрөг, өмгөөлөгч болон нотариат, бичиг баримтын зардалд 3 143 300 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш гарсан эмчилгээний зардалд 932 150 төгрөгийг, 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хүртэлх хугацааны цалин 30 990 000 төгрөг, нийт 57 274 621 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү. Хариуцагч М ХХК нь И.Хийн болон гэм буруутай бусад хүмүүсийн ажил олгогчийн хувиар гэм хорын хохирлыг хариуцахаас гадна мөн хөдөлмөр хамгааллын дүрмийг сахин биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай, Х ХХК нь гүйцэтгэгч М ХХК-тай бичгээр гэрээ хийгээгүй,Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам-ын 9.1.2-т: тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж, М ХХК-тай гэрээ байгуулсан гэм буруутай,Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д зааснаар хохирлыг хариуцах үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн захирал Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Х нь 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн барилга дээр ажиллаж байгаад краны суманд цохиулж, өндрөөс унаж гэмтэл авч байсан. Энэ хэргийг хуулийн байгууллага зохих ёсоор шалгаж, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгосон.  Хид хөдөлмөрийн чадвараа алдсаны болон эмчилгээ, ажилгүй байсны цалинд нийт 15 180 000 төгрөгийг төлсөн. гэвч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба нэхэмжлэгч И.Х нь тус компанийн туслан гүйцэтгэгч н.Э гэгчийн компанийн ажилтан юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 7 сарын цалин 4 410 000 төгрөгийг төлөх боломжгүй. Ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж 15 180 000 төгрөг төлсөн ба үүнээс 5 180 000 төгрөгийг мэс заслын төлбөрт төлсөн, үлдэх 10 000 000 төгрөгийг эмчилгээний болон бусад зардалд төлсөн. Тус компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа,үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Х ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.20-д заасны дагуу гүйцэтгэгч хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг сахиулах үүрэгтэй, түүнчлэн уг заалтын дагуу хохирлыг хариуцах ёстой юм. Тус компанийн үйлдэл,И.Х-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М ХХК-иас 24 319 195 төгрөгийг гаргуулан И.Хид олгож, нэхэмжлэлээс 32 955 426 төгрөгийн шаардлага болон Х ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас 279 546 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байхад М ХХК нь Х ХХК-ний хөрөнгө оруулалтаар батлагдаагүй гэрээнд тусгагдсан Карказ угсралтын ажлыг эхлүүлж,  Х үйлдвэрлэлийн осолд өртсөн. Х ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа М ХХК-д гэрээнд заасан санхүүжилтийн төлбөрийг шилжүүлсэн тохиолдолд 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үйлдвэрлэлийн осол болохгүй байсан нь тодорхой.  Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт барилгын ажил гүйцэтгэх, холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглосон.  Х ХХК нь нэхэмжлэгчид  учирсан гэм хорын хохирлын өөрт ноогдох хэсгийт хариуцах  үүрэгтэй. Хохирлын төлөгдөөгүй үлдэгдэл 14 799 171 төгрөг, нэн шаардлагатай эмчилгээнд зарцуулсан 932150 төгрөг,өмгөөлөгчид гүйцээн төлсөн ажлын хөлс 3 000 000 төгрөг,  3 143 300 төгрөгийн өмгөөлөгчийн зардал, олох ёстой байсан орлого 30 990 000 нийт 52 864 621 төгрөгийг тэнцүү хэмжээтэйгээр хуваан арилгах үүрэгтэй. М ХХК нь ажил олгогчийн хариуцах 1 удаагийн нөхөн төлбөр 4 410 000 төгрөгийг И.Хид төлөх ёстой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 52 864 621 төгрөгийн гэм хорын хохирлыг арилгуулна уу. Нөхөн төлбөрт 4 410 000 төгрөгийг гаргуулж олгуулна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Х нь хариуцагч М ХХК , Х ХХК-нд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд нийт 57 274 621 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч  нар эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч И.Х нь Х ХХК-ийн захиалгаар, М ХХК-ийн барьж байсан барилга дээр ажиллаж байгаад 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өргөгч механизмын өргөж явсан ачаанд толгойн хэсэгтээ цохиулж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан үйл баримт тогтогджээ./ 1-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/ Хариуцагч М ХХК нь гэм буруугийн хувьд маргаагүй боловч хэрэг бүртгэлийн шатанд 15 180 000 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн арилгасан гэж тайлбарласан./ 1-р хх-ийн 111 дүгээр хуудас/ Хариуцагч Х ХХК “.., хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг тухайн үед гүйцэтгэгч хариуцах ёстой байсан” өөрийгөө гэм буруугүй гэж тайлбарласан. / 1-р хх-ийн 112 дугаар хуудас/

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйг зөвтгөн, нэхэмжлэгчийн шаардсан зарим хохирлыг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрт учирсан гэмтэл, хохирлын асуудлаар цагдаа, шүүхэд хандан эрхээ хамгаалуулах, нотлох баримт бүрдүүлэх, уг баримтуудыг хуулиар тогтоосон нотлох баримтын хэлбэрт оруулах шаардлагатай болсон. Энэ ажиллагааны явцад түүнд 6 143 000 төгрөгийн хохирол учирсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 57, 58, 59,60,61,62, 78-87/

 

Иймд эдгээр зардлыг эд хөрөнгийн хохиролд тооцон нэмж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн ажлын байран дээр осолд орж хөдөлмөрийн чадвар алдсан нь эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотойгоор дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагч “М” ХХК-аас шаардах эрхтэй, 30 462 195 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулсан нь үндэслэлтэй. Хариуцагч “М” ХХК-ийн хувьд тухайн компани гэм буруутай эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар өөрийн ажилтны учруулсан хохирлыг өмнөөс нь хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин эмчилгээний зардал, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд шаардсан 14 799 171 төгрөгөөс баримтаар 6 633 305 төгрөгийн хохирол нотлогдож байна. Харин бусад нотлох баримтын хувьд хамаарал нь тодорхойгүй, давхардсан баримтууд байгаа тул гаргуулах үндэслэлгүй байна./1-р хх 151,152, 157,158, 160, 162, 173, 174, 176-178, 180, 193,/ Харин нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой нөхөн төлбөрт 4 410 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа үйлдвэрлэлийн ослын акт магадлагааг нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан үүрэг нь үйлдвэрлэлийн осол болсон тохиолдолд үүсэх бөгөөд хэрэгт үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хариуцагч М ХХК-д хүлээлгэх боломжгүй юм.

 

Хариуцагч “Х” ХХК–ийн хувьд гэм хорыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хариуцагч “М” ХХК-ийн кранын жолоочийн шууд буруутай үйлдэлд “Х ХХК-ийг хамаатуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Уг өргөх механизм нь Х ХХК-ийн эзэмшлийн техник хэрэгсэл биш, жолооч нь тус компанийн ажилтан биш байгаа тохиолдолд баригдаж байсан барилгаас эд зүйл унасан, асгарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, орчин тойрондоо аюултай эд зүйлээс гэм хор учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч “Х” ХХК-д хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 43 238 500 төгрөгийг хангаж, 14 036 121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “24 319 195” гэснийг “43 238 500” гэж, “32 955 426” гэснийг “14 036 121” гэж, 3 дах заалтын “279 546” гэснийг “374 142” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

                                                        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэл буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД