Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2020/01471

 

 

2020 04   29 

184/ШШ2020/01471

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-т холбогдох,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 22.912.977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.Этай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллуулсан юм. Б.Э нь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа харилцагчдад их хэмжээний бараа зээлээр өгч, компанид их хэмжээний мөнгөн болон бараа бүтээгдэхүүний дутагдал үүсгэсэн тул гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Б.Э нь компанийн борлуулалтын орлогоос 14.859.175 төгрөгийн дутагдал үүсгэсэн байсан. Тогтоосон хугацаанд дутагдлыг арилгаагүй, үр дүн гараагүй тул гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А19-184 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ба уг өдрийн байдлаар салбарын борлуулалтын орлогын бодит дутагдал 16.313.805 төгрөг байсан. Мөн Б.Э нь ажиллаж байх хугацаандаа 2018 оны 09 сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаа нярвын ажлыг хавсран гүйцэтгэсэн. Нярвын ажлыг хавсран гүйцэтгэх хугацаандаа 3.152.934 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс манай компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Түүнчлэн орон нутгийн салбарын ээлжит тооллогоор Дархан-Уул аймаг дахь салбарын агуулахаас 4.895.583 төгрөгийн бараа дутсан байсан. Хариуцагч Б.Э нь энэ дутагдлаа хүлээн зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр компанийн төв байранд ирж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Иймд хариуцагч Б.Эаас 22.912.977 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Э нь ажиллаж байх хугацаандаа өөрөөсөө 50.100 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар тогтоогдсон, 5 сарын цалинд 1.389.940 төгрөгийн цалин , урамшуулал бодогдсон тул энэ дүнг хасах боломжтой. Мөн Б.Эын хугацаа хэтрүүлсэн гэх бараанаас нэр бүхий 12 барааны асуудлыг байгууллагын зүгээс шийдсэн тул үнийг хасах боломжтой гэв.

Хариуцагч Б.Эын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ж ХХК-тай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа их хэмжээний өр төлбөр үүсгэсэн гэх үндэслэлээр захирлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний ажил нь тухайн өдрийн борлуулалтын орлогыг түгээгч нараас хүлээн авч дараа өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тушаах үүрэгтэй байдаг. Гэтэл түгээгч Ж.Онь нийт 7.714.430 төгрөгийн борлуулалтын орлогыг, түгээгч М.Знь 1.900.000 төгрөгийн борлуулалтын орлогыг, түгээгч Ж.Тнь 503.110 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус тушаагаагүй тул эдгээр төлбөрийг би хариуцахгүй. Мөн тус салбарт хийгдсэн автомашины засварын зардал болон бусад зардалд 344.100 төгрөгийн зардал гарсныг миний тооцооноос хасаагүй. Намайг ажиллуулж байхдаа 2 удаа нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн боловч тушаал, шийдвэр гаргаагүй, нэмэгдлийг зөвхөн 1 удаа олгосон. Ажилд орсон хугацаанаас цалингийн 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлдэг байсан тул энэ зардлыг хасаж тооцох ёстой. Барааны хадгалалтын хугацаа хэтэрсэнд би буруугүй. Учир нь би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаа нярвын ажил хавсран гүйцэтгэсэн. Энэ хугацаанд өмнөх нярвуудаас хугацаа нь дууссан барааг их хэмжээгээр хүлээлцүүлсэн, эргүүлэн төв рүү татна гэсэн боловч татаагүй, мөн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ж ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд руу имэйл бичиж хугацаа дуусах дөхсөн барааны талаар мэдэгдсэн тул 3.152.934 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Ажил хавсран гүйцэтгэх хугацаанд төв агуулахаас ирсэн бараа нь дагалдах хуудастай огт таардаггүй, тухайн тооноос зөрүүтэй, дутаж ирэх тохиолдол маш их гарсан тул 4.895.583 төгрөгийн барааны дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ж ХХК-ийн хуулийн зөвлөх болон санхүүчтэй уулзахад тооцоо нийлсэн акт үйлдэлгүйгээр өргөдөл бичүүлж, гарын үсэг зуруулсан ба тэр өдөртөө би компанийн дансанд 3.500.000 төгрөг төлсөн боловч үүнийг тооцооноос хасаагүй байна. Түгээгч нар бүгд тусдаа гэрээтэй тул дутсан орлогыг түгээгч нараас авах ёстой. Иймд миний тооцооноос дээрх ажилчдын үүсгэсэн дутагдал, төлсөн 3.500.000 төгрөг, 5 дугаар сарын цалин, урамшуулал, автомашинд гаргасан зардал, эрсдэлийн сангийн хуримтлал зэргийг хасаж тооцож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь, хариуцагч Б.Эыг тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 16.313.805 төгрөгийн бэлэн мөнгө, 4.895.583 төгрөгийн агуулахын барааг тус тус дутаасан, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3.152.934 төгрөгийн барааны гологдол үүсгэсэн гэж үзэж, энэ үнийн дүнгээс холбогдох хасалтыг хийж, нийт 22.912.977 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Э нь, тооллогоор 16.313.805 төгрөгийн бэлэн мөнгө, 4.895.583 төгрөгийн агуулахын бараа тус тус дутагдсан, 3.152.934 төгрөгийн барааны гологдол үүссэн талаар маргаагүй боловч эдгээр дутагдал болон гологдол үүссэн явдалд буруугүй гэж үзсэнээр талууд маргажээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Ж ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, мөн ажиллаж байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаа нярвын ажлыг хавсран гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 40-48 дугаар тал/

1.    Бэлэн мөнгөний дутагдал /16.313.805 төгрөг/

Хариуцагч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 16.313.805 төгрөгийн бэлэн мөнгө дутагдуулсан болохоо хүлээн зөвшөөрч, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн уг өр төлбөрийг хариуцан төлөх тухай бичгээр илэрхийлсэн байна. /хх 6, 8-18, 21-36, 49-50 дугаар тал/

Хариуцагч Б.Эын гарын үсэг зурж баталгаажуулсан Ажлын байрны тодорхойлолт-д: ...Бараа бүтээгдэхүүний орлого, зарлагын тооцоог холбогдох нягтлан бодогчтой болон түгээгчтэй хийж, тооцоо нийлэн, өр авлага үүсгэхгүй, мөнгөний тушаалт, өмч хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж ажиллах үүрэгтэй... гэж заажээ. Хариуцагч Б.Э нь ажлын байрны энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхдээ, түгээгч нараас хүлээн авсан бэлэн мөнгийг дараа өдрийн 14.00 цагаас өмнө байгууллагын данс руу шилжүүлэх, хэрэв түгээгч нар тооцоо хийлгүй авлага үүсгэсэн бол үүссэн авлагын талаар энэ хугацаанд багтаан байгууллагад мэдэгдэх горимоор ажилладаг байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зүгээс, түгээгч М.З1.900.000 төгрөг, түгээгч Ж.О7.714.430 төгрөг, түгээгч Ж.Т503.110 төгрөг тус тус хүлээлгэж өгөөгүй гэх боловч эдгээр авлагын талаар ажил олгогчид тухай бүр мэдэгдээгүй, нягтлан бодох бүртгэлд тусгуулаагүй байх тул үүссэн бэлэн мөнгөний төлбөр тооцоог өөрийн нэр дээр бүртгүүлэх, хариуцахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.

2.    Агуулахын барааны дутагдал /4.895.583 төгрөг/

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Эаас түүний хавсран гүйцэтгэж байсан нярвын ажлыг нь хүлээж авахдаа эд хөрөнгийн тооллого хийсэн байна. Агуулахад тооллого хийхэд 4.895.583 төгрөгийн бараа дутсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Агуулахын тооллого Дархан салбар 04/15 баримтаар тогтоогдож байхаас гадна 4.895.583 төгрөгийн бараа дутсан үйл баримтыг хариуцагч зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч Ж ХХК нь нярвын ажлыг хариуцагч Б.Эаар хавсран гүйцэтгүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан бичгээр гэрээ байгуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр талууд бичгээр харилцан тохиролцоогүй боловч хариуцагч Б.Э нь нярвын ажлыг хүлээн авч, хийж гүйцэтгэж байсан, цалингийн нэмэгдэл авсан байх тул бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээний нөхцөлд талууд өөрчлөлт оруулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар өөрт хариуцуулсан эд хөрөнгийн дутагдлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ж ХХК-иас хүлээлгэн өгч буй бараа нь зарим үед дагалдах бичиг баримттайгаа зөрдөг байснаас дээрх хэмжээний дутагдал үүссэн хэмээн хариуцагч уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Нөгөө талаас, хариуцагч бараа бүтээгдэхүүнийг дагалдах бичиг баримттай нь тулгаж хүлээж аваагүй гэх нөхцөл байдал нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэггүй.

Иймд агуулахаас дутагдсан барааны төлбөр 4.895.583 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

3.    Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу хадгалалтын хугацаа хэтрүүлсэн 3.152.934 төгрөгийн барааны талаар

Агуулахад хадгалагдаж буй бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг хянах, хугацаа дуусаж байгаа бараа бүтээгдэхүүний талаар байгууллагын удирдлагад мэдэгдэх чиг үүргийг нярав хийж гүйцэтгэдэг талаар Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд бичигдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Эаар нярвын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу бичгээр гэрээ байгуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй болохыг дээр дурдсан. Гэвч хариуцагч Б.Э нь бодит үйлдэл-ээр харилцан тохиролцож нярвын ажлыг хийж гүйцэтгэж байсан, нярвын үүрэг болох барааны хадгалалтын хугацааг мэдэгдэх үүргээ зарим талаар гүйцэтгэж байсан болох нь 13 нэр төрлийн барааны талаар компанид хандаж бичгээр тайлбар гаргаж байсан, эрх бүхий албан тушаалтнуудад цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн байдлаар тогтоогдож байна. Иймд ажилтан мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг ажил олгогч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс, хадгалалтын хугацааг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх 3.152.934 төгрөгийн барааны жагсаалтыг хариуцагчид гаргаж өгөхөд хариуцагч 15 нэр төрлийн бараатай холбоотой дутагдлын талаар бичгээр тайлбар гаргаж, бусад барааны талаар тайлбар гаргаагүй байна. Энэ нь хариуцагч 15 нэр төрлийн барааны дутагдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үлдэх барааны дутагдлыг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэл болж байна. /хх 139 дүгээр тал/

Дээрх 15 нэр төрлийн бараанаас, 13 нэр төрлийн барааны хадгалалтын хугацааны талаар мэдэгдсэн, 2 нэр төрлийн бараа нь усанд норсон гэх агуулгатай тайлбарыг хариуцагч гаргажээ.

Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд хугацаа дуусаж байгаа 63 нэр төрлийн барааны мэдээллийг компанийн эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн болох нь шүүхээс хийж гүйцэтгэсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба энэ 63 нэр төрлийн барааны жагсаалтад хариуцагчийн тооцоо нийлэх үедээ татгалзсан тайлбар өгсөн 13 нэр төрлийн бараа багтаж байна. /хх 139, 163-177 дугаар тал/

Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 13 нэр төрлийн барааны хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарласан тул нийт 20 нэр төрөл /давхацсан 6 нэр төрөл/-ийн бараанаас бусад барааны хохирлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хавтаст хэргийн 37, 38, 139 дүгээр талуудад хугацаа дууссан барааны талаар хариуцагч Б.Э бичгээр тайлбар гаргасан гэх 3 өөр баримт авагдсанаас 38 дугаар талд авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч нь гологдол барааны үнэд 3.152.934 төгрөг нэхэмжилсэн байх тул хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн өөрийн тооцоолол бүхий баримтыг үндэслэл болгож, үүнээс дээр дурдсан 20 нэр төрлийн барааны үнэ 1.696.888 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн төлөхөөс татгалзсан барааны үнэ болон нэхэмжлэгчийн шаардан авахаас татгалзсан барааны үнэ 1.696.888 төгрөгийг 3.152.934 төгрөгөөс хасаж, үлдэх 1.456.046 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

4.    Төлөх төлбөрөөс хийх суутгал

Хариуцагч Б.Эын 2019 оны 05 дугаар сарын цалин, урамшуулалд нийт 1.389.940 төгрөг бодогджээ. Бодогдсон цалин, урамшууллын талаар хариуцагч маргаагүй тул уг үнийг дүнг нийт төлөх төлбөрөөс суутгах нь зүйтэй. /хх 75 дугаар тал/

Хариуцагч Б.Э нь автомашины засвар үйлчилгээ, төлбөр хураамжид 344.100 төгрөгийн зардал гарсныг хасаж тооцох ёстой гэх боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна. Харин нэхэмжлэгч 50.100 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтыг хэрэгт өгсөн тул 50.100 төгрөгийн зардлыг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцно. /хх 72-74 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цуцалсан байна. Үүнээс хойш хариуцагч Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад дансаар төлсөн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 112 дугаар тал/

Нэхэмжлэгчийн зүгээс энэ төлбөрийг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр агуулахаас гарсан Ижий трэйдинг ХХК-ийн захиалсан барааны үнэ 3.440.595 төгрөгийн төлөлт гэх үндэслэлээр, нийт хохиролд оруулж тооцохгүй хэмээн тайлбарласан.

Ижий трэйдинг ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/53 дугаартай бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаас үзвэл тус компани нь 3.440.595 төгрөгийн бараа захиалаагүй байна. Түүнчлэн, хэрэв уг бараа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр агуулахаас гарч, төлөлт нь хийгдээгүй бол нэхэмжлэгч Ж ХХК-д бэлэн мөнгөний авлага нэмж үүссэн байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А19-184 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ба уг өдрийн байдлаар салбар борлуулалтын орлогын бодит дутагдал 16.313.805 төгрөг байсан ... гэжээ.

Мөн хариуцагч Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 16.313.805 төгрөгийн борлуулалтын орлогын дутагдлыг хүлээн зөвшөөрч, төлөх талаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч Ж ХХК хүлээн авч, тооцоо нийлсэн байна. /хх 49 дүгээр тал/

Ийнхүү нэхэмжлэгч Ж ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа төлөгдөөгүй орлогын хэмжээг 16.313.805 төгрөгөөр тогтоосон, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Этай тооцоо нийлэх-дээ орлогын дутагдлыг 16.313.805 төгрөгөөр тооцсон атлаа уг тооцоонд ороогүй, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарлагадаж гарсан гэх, захиалагч нь тодорхойгүй 3.440.595 төгрөгийн барааны үнэд 3.500.000 төгрөгийг суутгаж авсан хэмээн тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Эаас төлсөн 3.500.000 төгрөгийг нийт төлбөр тооцооноос хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Э нь Наран гараашт ус алдаж норсны улмаас ашиглах боломжгүй болсон гэх 2 нэр төрлийн 48.216 төгрөгийн барааны үнийг хариуцахгүй гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй тул уг зардлыг түүний тооцооноос хасах боломжгүй байна.

Хариуцагч Б.Э нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөр эрхэлж байхдаа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр дараа тайлан гаргахаар нэхэмжлэгч байгууллагаас хүлээж авсан эд хөрөнгийг дутагдуулсан байх тул нэхэмжлэгч Ж ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу өөрт учирсан эд хөрөнгийг хохирлыг арилгахыг шаардах эрхтэй ба шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд хариуцагч Б.Эаас 17.725.394 төгрөг /бэлэн мөнгөний дутагдал 16.313.805 төгрөг+барааны дутагдал 4.895.583 төгрөг+хугацаа дууссан барааны хохирол 1.456.046 төгрөг-50.100 зардал-1.389.940 төгрөгийн цалин, урамшуулал-2019 оны 06 дугаар сарын 12-нд Б.Эаас төлсөн 3.500.000 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ГС/18.10-02 дугаартай Барьцааны гэрээ-г шүүхэд гаргаж өгсөн боловч энэ талаар шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан Б.Эаас 17.725.394 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.187.583 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272.515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 246.577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР