Улсын дээд шүүхийн

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар  001/ХТ2022/00684            

 

 

                            “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01471 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1327 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдох,

22,912,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямбын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 22,912,977 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01471 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас 17,725,394 төгрөгийг гаргуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,187,583 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас 246,577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1327 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/01471 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас 15,759,288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,153,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...246,577...” гэснийг “...236,744...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 38,140 төгрөг, хариуцагч талаас төлсөн 246,577 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,153,683 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 15,759,288 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулалтын орлого буюу бэлэн мөнгөний дутагдал: Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулалтын орлогын дутагдалд 16,313,805 төгрөгөөс түгээгч М.Золбоогийн анхан шатны шүүхэд гаргасан мэдүүлэгт “1,900,000 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т тушаагаагүйгээ” хүлээн зөвшөөрснийг давж заалдах шатны шүүх хассан. Гэвч хариуцагч Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч албан тушаалыг гүйцэтгэж байх хугацаандаа уг өр төлбөрийн талаар огт мэдэгдээгүй, мөн өөрийн бичсэн өргөдөлд энэ тухай дурдаагүйгээс үүдэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Санхүүгийн алба Дархан-Уул аймаг дахь салбарын түгээгч М.Золбоотой 2019.08.21-ний өдөр тооцоо нийлж, акт үйлдсэн байдаг. Уг актаар М.Золбоо нь нэхэмжлэгчид өр төлбөргүй болсон. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа уг өр төлбөрийг мэдэгдэх, мэдээлэх үүргээ биелүүлээгүй, өөрөө нуун дарагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх М.Золбоогийн өгөх 1,900,000 төгрөгийг хариуцагчийн төлбөр тооцооноос хасаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг хохироосон.

4.2. Дархан-Уул аймаг дахь салбарын агуулах дахь бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа хэтрүүлсний үүрэгт 3,152,934 төгрөг: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн ажил олгогч талд өгсөн уг барааны талаарх нийт 63 нэр төрлийн барааны мэдээллийг 2019.02.14-ний өдөр ирүүлсэн ба хариуцагч нь 2019.04.15-ны өдрийн тооллогоор хугацааны асуудалтай байгаа нийт 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж өгсөн. Хариуцагчийн гаргаж өгсөн хугацааны асуудалтай бараа бүтээгдэхүүнд 2019.02.14-ний өдөр ирүүлсэн 63 ширхэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 15 ширхэг нэр төрөл буюу 1,696,888 төгрөгийн бараа бүтээгдэхүүн давхацсан. Энэ нь хариуцагчийн ирүүлсэн 63 ширхэг нэр төрлийн барааны үлдэх хэсэг буюу 48 ширхэг нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хугацааны асуудлыг ажил олгогч шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн байтал бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийг хохироосон.

4.3. Давж заалдах шатны шүүх төлбөр тооцоог буруу тооцоолж хасаж, нэхэмжлэгчийг хохироосон: Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь нэхэмжлэгчид нийт 24,362,322 төгрөгийн өр төлбөртэй. Уг өр төлбөрөөс хариуцагчийн эрсдэлийн сан 2019 оны 05 дугаар сарын цалин, борлуулалтын урамшуулалт цалин, харилцагчаас нэхэмжлэгчийн Хаан банкны харилцах дансанд тушаасан 3,500,000 төгрөгийн зөрүү 59,405 төгрөг, нийт 1,449,345 төгрөгийг суутгаж, 22,912,977 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах дансанд хариуцагчаас тушаасан 3,500,000 төгрөгийн зөрүү болох 59,405 төгрөгийг мөн тооцоонд оруулаагүй буюу 3,500,000 төгрөгөөр бүхэлд нь тооцож хассан. Иймд 3,415,451 төгрөгийг үндэслэлгүйгээр буруу суутгаж авсныг хариуцагчаас нэмж гаргуулан, нийт 19,174,739 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 22,912,977 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 17,725,394 төгрөгийг гаргуулж, үлдэх 5,187,583 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 15,759,288 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,153,683 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Талууд 2018.08.27-ны өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа харилцагчдад их хэмжээний бараа зээлээр өгч компанийг хохироосон... 2019.05.29-ний өдрийн А19-184 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ба уг өдрийн байдлаар салбарын борлуулалтын орлогын бодит дутагдал 16,313,805 төгрөг байсан. Мөн хариуцагч 2018.09.16-2018.10.09-ний өдрийг хүртэл, 2019.02.10-2019.04.15-ны өдрийг хүртэл 2 удаа нярвын ажлыг хавсран гүйцэтгэхдээ 3,152,934 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Түүнчлэн ээлжит тооллогоор агуулахаас 4,895,583 төгрөгийн бараа дутсан. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь дээрх байдлыг хүлээн зөвшөөрч 2019.06.12-ны өдөр тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Иймд хариуцагчаас нийт 22,912,977 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь ажиллаж байх хугацаандаа өөрөөсөө гаргасан 50,100 төгрөгийн зардал, түүний 05 сарын цалин, урамшууллаар бодогдсон 1,389,940 төгрөг, хугацаа хэтрүүлсэн гэх бараанаас нэр бүхий 12 барааны асуудлыг байгууллагын зүгээс шийдсэн тул тус үнийн дүнг хассан...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Салбарын эрхлэгчийн ажил нь тухайн өдрийн борлуулалтын орлогыг түгээгч нараас хүлээн авч дараа өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тушаах үүрэгтэй байдаг. Гэтэл түгээгч Ж.Отгонбаяр нь нийт 7,714,430 төгрөг, түгээгч М.Золбоо нь 1,900,000 төгрөг, түгээгч Ж.Түвшинтөр нь 503,110 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус тушаагаагүй тул эдгээр төлбөрийг би хариуцахгүй. Мөн тус салбарт хийгдсэн автомашины засварын зардал болон бусад зардалд 344,100 төгрөгийн зардал гарсныг тооцооноос хасаагүй. Ажилд орсон хугацаанаас цалингийн 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлдэг байсан тул энэ зардлыг хасаж тооцох ёстой. Барааны хадгалалтын хугацаа хэтэрсэнд би буруугүй. Учир нь нярвын ажил хавсран гүйцэтгэх хугацаанд өмнөх нярвуудаас хугацаа нь дууссан барааг их хэмжээгээр хүлээлцүүлсэн, эргүүлэн төв рүү татна гэсэн боловч татаагүй, мөн 2019.01.18-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад хугацаа дуусах дөхсөн барааны талаар и-мэйлээр мэдэгдсэн тул 3,152,934 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Ажил хавсран гүйцэтгэх хугацаанд төв агуулахаас ирсэн бараа нь дагалдах хуудастай огт таардаггүй, тухайн тооноос зөрүүтэй, дутаж ирэх тохиолдол маш их гарсан тул 4,895,583 төгрөгийн барааны дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019.06.12-ны өдөр компанийн дансанд 3,500,000 төгрөг төлсөн боловч үүнийг тооцооноос хасаагүй... Иймд дээрх ажилчдын үүсгэсэн дутагдал, төлсөн 3,500,000 төгрөг, 05 сарын цалин, урамшуулал, автомашинд гаргасан зардал, эрсдэлийн сангийн хуримтлал зэргийг хасаж тооцож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар өөрт хариуцуулсан эд хөрөнгийн дутагдлыг арилгах үүрэгтэй, агуулахаас дутагдсан барааны төлбөр 4,895,583 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч байх боловч татгалзлаа баримтаар нотлоогүй тул гаргуулах нь зүйтэй, нярвын үүрэг гүйцэтгэж байхдаа барааны хадгалалтын хугацааг мэдэгдэх үүргээ зарим талаар гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн өөрийнх нь баримтыг үндэслэн 20 нэр төрлийн барааны үнэ 1,696,888 төгрөгийг 3,152,934 төгрөгийн шаардлагаас хасах нь зүйтэй, хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын цалин, урамшуулалд нийт бодогдсон 1,389,940 төгрөгийг, нэхэмжлэгч 50,100 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрсөн тул уг дүнг хасаж тооцно. Мөн хариуцагч нь 2019.06.12-ны өдөр 3,500,000 төгрөгийг дансаар төлснийг нэхэмжлэгч хариуцагчтай тооцоо нийлэхдээ оруулаагүй, “2019.05.27-ны өдөр зарлагдсан гэх захиалагч нь тодорхойгүй 3,440,595 төгрөгийн барааны үнэд 3,500,000 төгрөгийг суутгаж авсан” хэмээн тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй, иймд уг 3,500,000 төгрөгийг нийт төлбөр тооцооноос хасах нь зүйтэй, харин хариуцагч автомашины засвар үйлчилгээ, төлбөр хураамжид 344,100 төгрөгийн зардал гаргасан, гражид ус алдаж норсны улмаас ашиглах боломжгүй болсон гэх 2 нэр төрлийн 48,216 төгрөгийн барааны үнийг хариуцахгүй гэх боловч энэ тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул тооцооноос хасах боломжгүй...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хэргийн зарим үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн.

10. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... хариуцагчийн дутаасан гэх 1,900,000 төгрөг болон хадгалалтын хугацаа хэтрүүлсэн бүтээгдэхүүний үнэ 3,152,934 төгрөг, зардал 50,100 төгрөг, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын төлсөн 3,500,000 төгрөг, нийт 8,603,034 төгрөгийг 24,362,322 төгрөгөөс хасаж 15,759,288 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, учир нь дутсан гэх 1,900,000 төгрөгийг түгээгч М.Золбоо нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ биелүүлж байх явцдаа тушаагаагүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд уг төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хариуцагч хугацааны асуудалтай барааны талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдсоноос гадна хадгалалтын хугацаа дууссанд хариуцагч гэм буруутай буюу хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, харин нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн цалин, хөлс 1,389,940 төгрөгийг хасаж, 22,912,977.60 төгрөгийг шаардсан байхад анхан шатны шүүх дахин хасаж тооцсон нь буруу байна...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.  Иймд, энэ талаарх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.2-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2019.06.12-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын дансанд тушаасан 3,500,000 төгрөгөөс зөрүү 59,405 төгрөгийг хасаж тооцолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь хассан анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч “уг 3,500,000 төгрөгийн 3,440,595 төгрөгийг нь талуудын тооцоо нийлсэн актад ороогүй зарлагдсан барааны үнэндээ суутган авсан, зөрүү 59,405 төгрөгийг хариуцагч илүү төлсөн” гэж тайлбарлан уг үнийн дүнг хасаж нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.3) хангах нь зүйтэй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1327 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...15,759,288...” гэснийг “...15,818,693...” гэж, “...7,153,683...” гэснийг “...7,100,278...” гэж, “...236,744...” гэснийг “...237,043...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 69,598 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД