Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00202

 

Т.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалтай,

Т.Ж-гийн нэхэмжлэлтэй,

С.М-ад холбогдох,

Хохирол 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагч С.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ж- нь хариуцагч С.М-ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан С.М-аас 25,000,000 төгрөг гаргуулах Т.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282,950 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.02-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийн зарим хэсэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. 2019.08.09-ний өдөр Л.Ц С.М-ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.08.16-ны өдрийн 4025 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч С.М-ад нэхэмжлэлийг гардуулж, хариуцагч эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч талд танилцуулсан. Шүүх хуралдаан товлогдоход нэхэмжлэгч Л.Ц Ц.Энхтуяад 2019.09.13-ны өдрийн 458 дугаар бүртгэлтэй итгэмжлэл олгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан. 2019.09.23-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Л.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа /Жавзан-Т.Түмэнгээс Л.Цт 2019.09.13-ны өдрийн итгэмжлэл, Л.Цаас Ц.Энхтуяад 2019.09.13-ны өдрийн 458 дугаартай/ итгэмжлэлийн эх хувийг шүүхэд өгсөн. 2019.12.13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу жинхэнэ нэхэмжлэгчээр Түмэн овогтой Жавзангаар солиулах хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч, 2019.12.13-ны өдөр 6198 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Цыг Т.Ж-гаар сольсон. /хх-ийн 96, 97-р хуудас/ 2019.12.28-ны өдөр Т.Ж- Ц.Энхтуяад итгэмжлэл олгосон. Анх Л.Ц өөрөө нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч этгээд Л.Ц л байна гэж үзнэ. Хэргийн явцад Т.Ж- нэхэмжлэгч гэж өөрөө нэхэмжлэл гаргасан гэх боловч Л.Цын гаргасан шаардлагыг дэмждэг. Нэхэмжлэгч гэгдэх Т.Ж-, Л.Ц нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд юм. Учир нь С.М-ынд Л.Болдбаатар 2013 онд 18 тооны адуу авчирсныг маллаж байгаад 2016 онд бүгдийг нь буцаагаад өгчихсөн. Энэ нь С.М- Л.Болдбаатар хоёрын хооронд болсон асуудал. Л.Болдбаатарыг нас барсны дараа Т.Ж-, Л.Ц нарт хамааралтай мэтээр нэхэмжлэл гаргаж байсан нь үндэслэлгүй. Энэ нь дараах баримтаар нотлогдоно. Л.Ц С.М-ад холбогдуулан цагдаагийн газарт хандсан боловч 108 дугаар хуудаст байх Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2019.12.30-ны өдрийн 37/08-6099 албан тоотод иргэн Лувсандоржийн Болдбаатар нь 2016.09.12-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум С.М-ынд тавьсан мал дутсан байна гэсэн утгатай гомдол, мэдээлэл гаргасныг Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ шалгаж, 2016.09.23-ны өдөр иргэн Л.Болдбаатарт зөвлөгөө өгч хаасан талаар шийдвэрлэлтийг цагдаагийн байгууллагын цахим сангаас гарган хүргүүлэв /хх-ийн 109, 110-р хуудас/ гэснээр Л.Ц биш Л.Болдбаатар гомдол гаргасан байна. Л.Ц, Т.Ж- нар ямар ч мал авчирч тавьж байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн 102, 103-р хуудаст байх нэхэмжлэл гэх зүйлд ач холбогдол өгсөн. Шүүхэд хэзээ хэн өгсөн нь тодорхойгүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, Л.Цын анх гаргасан нэхэмжлэлийн утга агуулга, бичгийн хэвтэй яг таарч байгаа нэхэмжлэл гэх 2 хуудас баримтанд тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Маргааны зүйл буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. С.М-, Л.Болдбаатар нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа юм бол Л.Болдбаатар өөрийн адууг С.М-ынд тавьсан. Энэ харилцааг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ гэж үзнэ. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байгаа тул Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.02-ны өдрийн 33 дугаартай шийдвэрт хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулан хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч С.М-ад холбогдуулан ...2011 оны 8 дугаар сард С.М-ад 19 тооны адуугаа маллуулахаар өгсөн. ...2016.9.23-ны өдөр Цагдаагийн байгууллагад малаа төлүүлэхээр гомдол гаргахад, тэрээр адууны төлбөрт 90 ямаа өгч, хохирлыг барагдуулахаар болсон... гэж марган,  хариуцагчаас дутагдуулсан 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрт 20,000,000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

7. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Цын хүсэлтээр нэхэмжлэгчийг Т.Ж-гаар сольсон байх боловч түүний гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь тодорхойгүй, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Нэхэмжлэгч нь ...С.М-ын 2016.09.23-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан  гэх бичиг /хх-12 тал/-т үндэслэн, хариуцагч С.М-аас 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрт 20,000,000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малын төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ...Т.Ж-гийн хүү Л.Болдбаатар 2013 оны зун 18 тооны адуу авчирч маллуулсан, ...Л.Болдбаатар нь ажлын хөлсөнд сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч нэг ч төгрөг өгөөгүй, ...2014, 2015 онуудад зун, өвөл ирж адуунаасаа идшинд болон амьдаар нь авч явсаар 6 тооны адуу үлдсэнийг, 2016 оны зун манай 7 тооны адуутай хамт авч яваад буцааж авчирч өгөөгүй... гэсэн тайлбар гаргасан байна. 

10. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийлгүй, ...С.М-ынд аваачиж тавьсан адууны тоо, нас, хүйс, авч очсон гэх он тодорхойгүй, адуу болон төл малыг хэдэн төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байгаа нь нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй гэж үзлээ.

11. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлон, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.  

12. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.27-ны өдөр төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             Д.ЦОЛМОН