Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01045

 

Ш.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00550 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Б-ы нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Ц.Г-т холбогдох

 

Төмөр гарааш гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн төмөр гарааштай байсан. Гэтэл  2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албаны газар чөлөөлөх захирамжийн дагуу тухайн газар байрлах гарааш, контейнерүүдийг нүүлгэх ажиллагаа явагдах үеэр газрын албаны ажилтан Ж.А  45 дугаар байрны 48 тоотын иргэн Ш.Б гэдэг хүний дүү гэж танилцуулсан өндөр залуу төмөр гараашийг нүүлгэж авсан гэж хэлсэн. Фото зурагт цагаан малгайтай гарааш руу хараад зогсож байгаа хүн бол СӨХ-ийн ажилтан н.Р, цагаан цамцтай нь Ц.Г зогсож байна. н.Р мөн адил “өндөр нуруутай залуу гараашийн тооцоог хийгээд аваад явсан” гэж мэдүүлсэн. Цагдаад маргаан болж очиход Ц.Г “би Болдоо гэх хүнд зуучилсан” гэж мэдүүлсэн. Хариуцагч Ц.Г тэр хүнийг нас барсан гэж байгаа боловч өмнө надтай маргалдаж байх үед Болдоотой холбоотой байсан. Гарааш дээр Шүүхийн маргаантай гэх цаас наасан болох нь зурагаас  харагдана. Цагаан цамцтай хамгийн зүүн захад байгаа хүнийг Ц.Г мөн байх гэж бодож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Г авсан болох нь тогтоогдож байна. Иймд төмөр гараашийг Ц.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гараашийг ачих үед би байгаагүй. Намайг орой ирэхэд гарааш байхгүй дотор нь байгаа эд зүйлсийг Ш.Быг ирэх хүртэл сахиад хараад сууж байсан юм. Би тэр гараашийг ачихад байгаагүй. Фото зурагт байгаа өндөр хүн Ц.Г гэдгийг хэн ч тогтоогоогүй байна. Ж.А гэдэг хүнийг би танихгүй. Харин Ж.А гэдэг хүн тэр өндөр залуу намайг гэдгийг ямар баримтаар нотолж байгааг би ойлгохгүй байна. “н.Болдоо ахад н.Б ах гараашаа зарна” гэж байсан талаар би хэлсэн. Үүнийгээ би зуучилсан гэж боддог. Би энэ гараашийг зараагүй Ш.Б өөрөө гараашийг худалдсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Ц.Гт холбогдох төмөр гарааш гаргуулах тухай Ш.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гараашийг худалдан борлуулаагүй. Гараашийг худалдсан болохыг хариуцагч нотлоогүй. Хариуцагч гараашийг ачуулсан болохыг гэрч нар шүүхийн өмнө нотолж тайлбарласан. Хариуцагчийг гэрч нартай нүүрэлдүүлэх ажиллагааг шүүх дутуу хийсэн. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээж авалгүй хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй эргэлзээтэй шийдвэр гаргасан. Шүүх хэргийг бүрэн эргэлзээгүй шийдвэрлэх үүднээс н.А, н.Р нарыг гэрчээр асуулгаж Ц.Г гараашийг ачуулсан эсэхийг тодруулах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ц.Гт холбогдуулан төмөр гарааш гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь уг төмөр гараашийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан тул буцаан гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан. / хх-ийн 01 дүгээр хуудас/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй. Нэхэмжлэгч нь уг төмөр гараашийг хариуцагч бусдад худалдан борлуулах замаар өмчлөх эрхэд нь халдаж гэм хор учруулсан, эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаагийн аль нь болох нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль болон гэрээнд заасны алинд үндэслэж байгаа, хөөн хэлэлцэх хугацааны асуудал, уг төмөр гарааш нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн зүйл мөн эсэх, төмөр гарааш биет байдлаар байхгүй байхад ямар үндэслэлээр гараашийг гаргуулахаар шаардсан зэрэг асуудлыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гараашийн өмчлөх, эзэмших эрхээ нотлохоор “Т” ХХК-иас нийтийн эзэмшлийн талбайд гарааш байрлуулсны төлбөрийг төлж байсантай холбоотой баримтыг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар захирамж гарган уг баримтуудыг шаардсан боловч захирамж зорилгодоо хүрээгүй, захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэжээ. Хэрэв уг баримтууд “Т” ХХК-нд байхгүй бол өөр хаана хадгалагдаж буйг тодруулах ажиллагаа хийснээр захирамжийн биелэлт хангагдах юм. / хх 48, 49, 50-53 дугаар хуудас/

 

Мөн нэхэмжлэгч нь гэрчээр Л.Бг асуулгахаар хүсэлт гаргасны дагуу гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг анхан шатны шүүхээс хийсэн байна. Гэрч “1 гараашийн дотор байсан зүйлийг үлдээгээд Ц.Г авсан гэж Р надад хэлсэн” гэж мэдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч Л.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заагаагүй иш татаж “..,Р хэлсэн” гэж тайлбарлажээ. / хх 81-82 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч нь  анхан шатны шүүх хуралдаанд “..,гараашийг ачуулахад байлцсан гэх н.Р, н.А нарыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасныг “анхан шатны шүүхээс шийдвэрлэхгүй орхигдуулжээ. Түүнчлэн хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан хуулбарласан фото зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан фото зураг гэх ойлголтод хамаарах хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Уг баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчжээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөж гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД