Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00233

 

Ш.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1854 дүгээр магадлалтай,

Ш.Э-гийн нэхэмжлэлтэй,

Б.Эт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Эаас 23,870,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1854 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 277,203 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ш.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ш.Э- миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 1854 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалд “...Ш.Э-гийн дансны орлого, зарлагын гүйлгээний баримт зэрэг нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлснийг шууд нотлохгүй байна гэж мөн “...Б.Эаас нэхэмжлэгч Ш.Э-д 10,000,000 төгрөг болон автомашин шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж “...баримтуудыг харьцуулан дүгнэхэд Ш.Э-гээс Б.Эт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөнгийг шилжүүлсэн тухай “Их Монгол Кредит” ББСБ-н тодорхойлолт, мөнгө байсан тухай миний дансны хуулга, Р.Базараас авсан мөнгө гэснийг үгүйсгэсэн “Тайлбар мэдүүлэг”, хэсэгчлэн төлөлт буюу машин, мөнгө хүлээн авсан тухай гэрч нарын мэдүүлэг бүгд нотлох баримт. Нэхэмжлэгч талаас үүнээс өөр ямар нэгэн баримт гарган өгөх боломжгүй. Бүх баримтаа гарган өгсөн. Эдгээр баримтуудыг үндэслэл бүхий үнэлээгүй. Мөн хариуцагч талаас надаас биш харин Р.Базараас авсан мөнгө гэснийг үгүйсгэсэн Р.Базарын гаргасан “Тайлбар мэдүүлэг” гэсэн бичгийн нотлох баримтыг давж заалдах шатны шүүх бүр огт үнэлээгүй, магадлалд энэ бичгийн нотлох баримтын талаар огт дурдаагүй, заагаагүй, дүгнээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талаас гарган өгсөн бичгийн нотлох баримтыг шууд орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл энэ баримт бол Базартай биш надтай хариуцагч зээлийн гэрээ байгуулсан талаар нотолж байгаа баримт юм. Дараагийн дугаарт давж заалдах шатны шүүх хэсэгчлэн төлөлт хийсэн тухай гэрч нарын мэдүүлгийг ...мэдүүлгүүдээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл гэрчүүд намайг хариуцагчаас зээлдүүлсэн мөнгөө хэсэгчлэн хүлээн авч байсныг минь гэрчилж байгаа хүмүүс. Зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлж байхад тэд нар байгаагүй, хараагүй, мэдэхгүй хүмүүс. Миний бие энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн, давж заалдах гомдол гаргахдаа бичсэн, давж заалдах шүүхийн хуралдаанд ч бас хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Гэрчүүд нь хариуцагчаас надад зээлээс хэсэгчлэн төлөлт хийхэд нь надад тусалж мөнгө, машин авч өгсөн хүмүүс. Гэтэл үндэслэлгүй, буруу дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь ИХШХШТХуулийн 40, 116.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч 137,000 юань буюу 48,870,640 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо нотлох үүрэгтэй” гэж ...нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж дүгнэсэн. Гэтэл ИХШХШТХуулийн 40, 116.2 дахь хэсгийг зөрчиж нотлох баримтуудыг үнэлээгүй учраас ийм дүгнэлт гаргаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний бие өөрийн биеэр хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлж, түүнийгээ нотолсон баримтыг хэрэгт гарган өгсөн байгааг, хариуцагч өөрийн өмчлөлдөө 137,000 юань буюу 48,870,640 төгрөгийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч улмаар хариуцагч татгалзлаа нотлох ямар нэгэн баримт хэрэгт гаргаж өгөхгүй, гарган өгөх үндэслэл ч үгүй байгааг нь бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байгааг харуулж байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, үндэслэлгүй дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 1854 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч Б.Эт холбогдуулан “...2017.03.27-ны өдөр Д.Эрдэнэбаяртай амаар тохиролцон 137,000 юань буюу 48,870,640 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөнгийг “Их монгол кредит ББСБ” ХХК-аар дамжуулан шилжүүлсэн. ...хариуцагч 23,870,640 төгрөгийг төлөөгүй” гэж марган, зээлийн гэрээний үүрэгт 23,870,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй. ...Р.Базараас 2017 оны 3 дугаар сард 137,000 юанийг 1 жилийн хугацаатай, хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр тохиролцон зээлж, мөнгийг “Их монгол кредит ББСБ” ХХК-аар дамжуулж авсан гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

9. Нэхэмжлэгчийн “...Ш.Э-гээс Б.Эт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрээ гаргаагүй, ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн. ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг тус тус хуульчилсан.

11. Нэхэмжлэгч Ш.Э- нь ...хариуцагч зээлийн төлбөрт 2018 оны 4 дүгээр сард 10,000,000 төгрөг төлсөн, мөн оны 9 дүгээр сард 15,000,000 төгрөгт тооцон Приус-30 маркийн автомашиныг өгч, үлдэгдэл 23,870,640 төгрөгийг төлөөгүй гэж маргасныг хариуцагч үгүйсгэсэн ба хэргийн баримтаар хариуцагч нь зээлийн төлбөрт дээрх төлбөрийг төлсөн эсэх нь тодорхой бус, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Б.Лхасүрэн, М.Адъяахүү нарыг асууж мэдүүлэг авсан байх боловч тэдгээрийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Тодруулбал, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигч хэргийн үйл баримтын талаар нотлох баримтад үндэслэн хангалттай мэтгэлцэж чадаагүй байхад шүүх ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй гэж үзэхээр байна. 

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж маргааны үйл баримтыг тогтоон, талуудын маргаж буй үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1854 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.18-ны өдөр төлсөн 277,203 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

             П.ЗОЛЗАЯА

             Б.МӨНХТУЯА

              Х.ЭРДЭНЭСУВД